Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00392

 

Э.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/00781 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1241 дүгээр магадлалтай,

Э.Бгийн нэхэмжлэлтэй

“Э Т Т”ХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр анх зохион байгуулагч гэдэг албан тушаал дээр ажилд орж байсан. Ингээд 2014 онд мөн хууль бусаар ажлаас халагдаад шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгож байсан. Тус компанид тогтвортой ажиллаж, ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан. Тус компанийн анхны экспортын ачааг гаргах үйл ажиллагааг гардан зохион байгуулж байсан. 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр би хуваарийн дагуу ээлжээр ажиллаж байсан бөгөөд миний хувьд өдрийн цагаар буюу өглөө 7.00 цагаас орой 19.00 цаг хүртэл ажилладаг. Бусад үед шаардлагатай тохиолдолд уурхай дээр дуудагдаж ажилладаг. Тухайн өдөр талбайн мастерт ажил үүргийн наряд өгөөд ажлаасаа буугаад амарч байтал араас талбайн мастер С.Эрдэнэжаргал хэсэг ажилчид согтуу байна гэж хэлсний дагуу уурхайд очиход нэр бүхий 3 ажилтан амралтын цагаар кэмп дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн тайлбартай байсан. ХАБ-ын ажилтнууд анхны тайлбар авсан, драйгераар үлээлгэсэн гэж байсан. Намайг очиход 2 дахь удаагийн сорил авсан бөгөөд тэгэхэд эхнийхээсээ багассан байна гэсэн мэдээлэл өгсөн, би сорилын үр дүнтэй бүрэн танилцаагүй. Яг сүүлд бүрдүүлсэн материал дээр гарын үсэг зурсан. Тухайн 3 ажилтны материалыг бүрдүүлээд байхад сорил авсан н.Шинэбаяр гэдэг ХАБ-ын ажилтан дахин сорил авсны дараа уурхайд ажилтай боллоо гээд явсан ба ХАБ-ын ажилтан Г.Энхбаяр хамт байсан. Би бас ажилтнуудтай уулзаж яриа хийсэн, талбайн мастер С.Эрдэнэжаргал надаас энэ хүмүүсийг яах вэ, ажил их байгаа, машин ихтэй, 3 ажилтан буугаад явчихаар ачаалал ихэснэ гэж асуусан. Би тухайн үед нэгэнт ийм байдал үүссэн, тус хүмүүсийг уурхайгаас гаргасан гэж материал бүрдүүлсэн байна, өөр дуудах ажилтан байхгүй байна, ХАБ-ын ажилтнаас асуучих гэж хэлсэн.С.Эрдэнэжаргал талбайн мастер станцаар энэ хүмүүсийг яах вэ гэж асуухад н.Шинэбаяр нь өөрсдөө шийд гэдэг хариуг станцаар өгсөн. Тухайн үед ХАБ-ын ажилтан Г.Энхбаяр миний хажууд байсан бөгөөд н.Шинэбаяр ингэж хэлж байна, яах вэ гэхэд та шийд гэсэн. Би тухайн үед тодорхой чиглэл өгөөгүй, ХАБ-ын мэргэжилтнүүд зөвшөөрөөд ажилд гаргаж болно гэвэл энэ шөнө ажилд гаргачих, маргааш өглөө шуурхай дээр танилцуулъя гэдэг чиглэл өгсөн. Гаргахаар бол шөнийн хоолны дараа, ХАБ-ын ажилтнуудад дахиж үзүүлээд зөвшөөрлийг нь авч байж гаргаарай гэдэг чиглэлийг амаар өгсөн. Ингээд би явсан. Маргааш нь ажилдаа ирсэн боловч тэр өдөр ар гэрт гачигдал гараад чөлөө аваад явсан. Тухайн үед болж өнгөрсөн процесс бол энэ. Миний хувьд талбайн мастеруудад ажлын наряд өгдөг бөгөөд талбайн мастерууд нь ажилтнууд болон бусад талбай дээр ажилладаг ажилчдад наряд өгдөг. Гаалийн бүртгэлийн ажилтанд гаалийн хяналтын бүртгэлийн хэлтсийн эрхлэгч нь наряд өгдөг. Ийм ажил үүргийн хуваарийн дагуу явдаг. Би хэлтсийн даргыг орлож ажилласан ч миний өөрийн үндсэн чиг үүрэг өөрчлөгддөггүй, би талбайн мастерыг даваад бусад ажилчдад наряд өгөх ёстой үүрэг байхгүй, зөвхөн хэлтсийн даргын шийдвэрлэх шаардлагатай асуудал гарсан үед хэлтсийн даргыг төлөөлж ажилладаг. Уурхай дээр ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд тэр хүнийг уурхайгаас гаргах, эс гаргах гэдэг эрх нь ХАБ-ын ажилтанд олгосон эрх байдаг. Манай компанийн ХАБ-ын ажилтнууд гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор ажилладаг, аюулгүй байдал талаасаа төлөөлж ажилладаг хүмүүс юм. Тэгээд намайг амраад кэмп рүү явсны дараа тухайн хүмүүсийг ажилд гаргачхаад дараа нь миний буруу байсан мэтээр удирдлагууд шийдвэр гаргаж надад ийм арга хэмжээ авч байгаад би харамсаж байгаа юм. Би хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй тул урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. ХАБ-ын ажилтан хэзээ ч ахлах ажилтнуудад зөрчил гаргасан, ялангуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилчдыг ахлах ажилтан, хэлтсийн удирдлагуудад хүлээлгэж өгдөггүй, тийм журам ч байхгүй. Шууд уурхайн бүсээс гаргах эрх нь ХАБ-ын ажилтанд байдаг. Миний хувьд тухайн ажилтнуудыг надад хүлээлгэж өглөө гэдэг зүйлийг сонсоогүй, хэн нь ч надад хэлээгүй. Дараа нь энэ асуудал үүссэний дараа ахлах ажилтанд хүлээлгэж өгсөн гэж тайлбар бичсэн байсан. Би тухайн ажилтнуудыг ХАБ-ын ажилтан ажилд битгий гарга гэсэн байхад гаргах ёстой гэж зөрж байгаад гаргасан зүйл надад байхгүй. Тэгэхээр би эрх мэдлээ хэтрүүлсэн гэж бодохгүй байна. ХАБ-ын ажилтнууд өөрсдөө нөхцөл байдлаа мэдэж байсан бөгөөд миний оролцоогүйгээр тухайн ажилтнуудыг гаргаж явуулахад надад татгалзах зүйл байхгүй байсан гэжээ.

Хариуцагч “Э Т Т”ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Э Т Т”ХК-ийн ХАБ-ын мэргэжилтэн н.Энхбаяр 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тухай шөнийн ээлжид ажиллахаар ирсэн Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг Э.Бтай хамт шалгаж тогтоосон. Тэгээд тухайн ажилтнуудыг шууд хариуцах эрх бүхий албан тушаалтан болох ахлах мэргэжилтэн Э.Бд хүлээлгэн өгсөн гэдэг хариу тайлбар бичсэн байдаг. Э.Б нь талбайн мастер С.Эрдэнэжаргалд дээрх ажилчдыг ажилд нь гарга гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Ачилт хариуцсан ахлах ажилтан Э.Б нь дээрх 3 ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэдэг нь шалгалт сорилоор илэрчхээд байхад компанийн дүрэм журмын дагуу таслан зогсоож, ажлын байрнаас явуулах арга хэмжээ аваагүй. Ажилд гаргахгүй байх ёстой байтал ажилд гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн дүрэм журам болох компанийн дүрмийн 4.1 дүгээр зүйлийг зөрчсөн. Э.Бгийн энэхүү үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дараах дүрмийг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээний 3.3, 4.2.2, 5.2.1, 5.2.8, 8.3.16-д заалтуудыг зөрчсөн. Түүнчлэн манай компанийн согтууруулах ундаа мансууруулах бодисын журмын холбогдох заалтыг зөрчсөн. Дээрх заалтуудыг зөрчсөн тул гүйцэтгэх захирлын тушаалаар Э.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь Э.Бд өмнө нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б\434 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл авсан байдаг. Үүнийг уурхайн хүний нөөцийн ажилтнаас 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр утсаар болон мэйл хаягаар Э.Бд мэдэгдсэн байдаг. Э.Б нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтнуудыг ажилд гаргасан зөрчлийг давтан зөрчил гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан сахилгын зөрчил гаргасан, мөн түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 1.2-т заасан ажилтан албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөн бусад гүйцэтгэх захирлын тушаал дээр дурдсан заалтуудыг үндэслээд энэ хүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/539 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймээс Э.Бгийн ”Э Т Т”ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/00781 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бг урьд эрхэлж байсан ”Э Т Т”ХК-ийн Ачилт экспортын албаны ачилт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 387 669 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Э.Бгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239 888 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1241 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2019/00781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Э Т Т”ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 889 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. Давж заалдах шатны шүүх /7-р нүүрт/ “...дээрх 3 ажилтанд ажлын зааварчилгаа өгөх тэднийг шууд удирдан ажиллах ажилтан нь талбайн мастер гэж шүүх үзсэн нь буруу биш байна...” гэж хянасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй дутуу үнэлсэнтэй шууд холбоотой юм. Мөн шүүх С.Эрдэнэжаргалын 2018 оны 10 сарын 05-ны өдөр ажилтнуудад өгсөн наръяад нь С.Эрдэнэжаргал өгсөн эсэх нь тодорхойгүй С.Эрдэнэжаргал гарын үсэг зурж баталгаажуулаагүй баримтыг шүүх үнэлсэн. Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 сарын 29-ний өдрийн Б/539 дүгээр “Э.Бг ажлаас халах тухай” тушаалд Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмын 3.2, 7.2.1 дахь заалтыг үндэслэсэн. Тус журмын 3.2-д “...ажилтан бүр согтууруулах ундаа мансууруулах бодисын хэрэглээнд хяналт тавих үүрэгтэй ба...энэ журмын 3.1-д заасан албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй...”, 3.1-д “...ерөнхий хяналтыг уурхайн хэлтэс, нэгжийн удирдлага хэрэгжүүлнэ..” гэж заасан. Тухайн хугацаанд Э.Б ачилт экспортын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тул нэгжийн удирдлага гэж үзнэ. Мөн журмын 7.2.1-д “...ажил үүргийг шууд хариуцах албан тушаалтан эсхүл түүний итгэмжлэгдсэн албан тушаалтан ....гүйцэтгэнэ...” гэж сорил хийх эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон бөгөөд Э.Б нь энэхүү журмын дагуу 2018 оны 10 сарын 05-ны өдөр Согтуурлын зэрэг тогтоох сорилыг Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нарт ХАБ-ын мэргэжилтэн Г.Энхбаяр, мастер С.Эрдэнэжаргал нартай хамтран хийж энэ тухай бүртгэлд гарын үсэг зурсан байдаг. Хариуцагчийн зүгээс хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд болох Г.Энхбаярын 2018 оны 11 сарын 26-ны өдрийн өргөдөлд “....гурван ажилтны согтуурлын зэргийг тогтоон баримтжуулж авсан ба ажлаас буулгах гэдэг саналыг бичиж Ачилт экспортын ахлах Э.Бд хүлээлгэн өгч үндсэн ажилдаа явсан..., Г.Энхбаярын тайлбарт “...удирдах ажилтанд хүлээлгэж өгсөн...”, С.Эрдэнэжаргалын 2018 оны 10 сарын 24-ний өдрийн тайлбарт “...тухайн үед миний бие ажилтай байсан болохоор ажлаа хийж яваад 22 цагийн орчимд энэ 3 ийг яах уу гэж ахлах Э.Бгаас асуухад ажилд нь гаргачихдаа ачаалал ихтэй юм чинь гэсэн...” тухай дурьдагдсан байдаг. Мөн Э.Бгийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн тайлбарт “...ажилд гаргахыг талбайн мастерт чиглэл болгож зөвшөөрсөн...” гэсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хоёр. Давж заалдах шатны шүүх /8 нүүрт/ “...анхан шатны шүүх ажил олгогч байгууллага Э.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн, түүнийг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болно..” гэж хянасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Э.Б нь 2018 оны 10 сарын 05-ны өдөр Согтуурлын зэрэг тогтоох сорилыг Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нарт хийсэн тус ажилтнуудыг согтуу гэдгийг мэдсээр байж ажилд гаргасан зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 5.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй, 8.3.2-д зааснаар эрх мэдлээ хэтрүүлсэн, 8.3.16-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар журам горим зөрчсөн ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 3.3-д заасан Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул тус гэрээний 4.2.2-д зааснаар эрх мэдлээ хэтрүүлсэн, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ноцтой зөрчил гаргасан. Мөн ажлын байрны тодорхойлолтын 1.1-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гаргасан дүрэм, журмыг мөрдлөгө болгох, 1.5-д заасан бусдын амь нас эрүүл мэндийг хохироох үйлдэл, эс үйлдэл хийхийг хориглох, 2.2-д заасан тушаал, заавар, журмыг дагаж мөрдөх, 2.5-д заасан удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ нь доорх баримтаар нотлогддог. Г.Энхбаярын 2018 оны 11 сарын 26-ны өдрийн өргөдөлд “....гурван ажилтны согтуурлын зэргийг тогтоон баримтжуулж авсан ба ажлаас буулгах гэдэг саналыг бичиж Ачилт экспортын ахлах мэргэжилтэн Э.Бд хүлээлгэн өгч үндсэн ажилдаа явсан..., Г.Энхбаярын тайлбарт “... удирдах ажилтанд хүлээлгэж өгсөн...”, С.Эрдэнэжаргалын 2018 оны 10 сарын 24-ний өдрийн тайлбарт “...тухайн үед миний бие ажилтай байсан болохоор ажлаа хийж яваад 22 цагийн орчимд энэ 3 ийг яах уу гэж ахлах Э.Бгаас асуухад ажилд нь гаргачихдаа ачаалал ихтэй юм чинь гэсэн...” тухай дурьдагдсан байдаг. Мөн Э.Бгийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн тайлбарт “...ажилд гаргахыг талбайн мастерт чиглэл болгож зөвшөөрсөн...” гэсэн байдаг. Э.Б бол Ачилт экспортын албаны ахлах мэргэжилтэн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр батлагдсан дүрэм, журмыг хэрэгжүүлэх, тэр дундаа Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмыг хэрэгжүүлэн ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт шууд хамааралтай юм. Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримт болон нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс ажилтнуудад авсан сахилгын шийтгэлийг үнэлээгүй, үгүйсгэж байгаа нь Үндсэн хуулийн шударга ёсны зарчмыг алдагдуулсан үйлдэл болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үйл явдал болсон согтууруулах ундаа хэрэглэсэн 3 ажилтан, хөдөлмөр хамгааллын ажилтан, талбайн мастерт авсан сахилгын арга хэмжээ өнөөдөр хүчин төгөлдөр маргаан байхгүй атал тухайн 5 хүнийг сахилгын арга хэмжээ авахад гол нөлөөлсөн, ажилд гарахыг зөвшөөрсөн шууд удирдах албан тушаалтан болох Э.Бд оноосон сахилгын шийтгэлийг хүчингүй болгож байгаа нь бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гэж үзэхгүй байна. Э.Бгийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд хяналт тавих үүрэг ноогдоогүй гэж буруу дүгнэсэн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний 3.3 болон 3.7 дах хэсэгт тодорхой зааж өгсөн бөгөөд дээрх үүргээ зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тус гэрээний 4.2.2 болон 4.2.4 дэх хэсэгт зааж харилцан тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл Ачилт хариуцсан ахлах мэргэжилтний хөдөлмөрийн гэрээнд компанийн хөдөлмөрийн дотоод журам, Аюулгүй ажиллагааны журмаар хүлээсэн үүргээ чандлан биелүүлж ажиллахыг үүрэг болгосон бөгөөд Мансууруулах бодис, согтууруулах ундааны журам энэ заалтад шууд хамаардаг байтал шүүхээс хамааруулахгүй байгаад гомдолтой байна. Нөгөө талаар Э.Б нь тус албан тушаалд ажиллаж байх явцдаа олон удаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддог. Иймд Э.Б нь Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмын 3.2, 7.1.2-т заасныг болон Ачилт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.5, 2.2, 2.5-д заасан үүргээ зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан. Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 сарын 29-ний өдрийн “Э.Бг ажлаас халах тухай” Б/539 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд шүүхээс хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлэлгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн шийдвэр, магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Б нь “Э Т Т”ХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

“Э Т Т”ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/539 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.4, 4.2.9, хөдөлмөрийн дотоод журам, тухайн байгууллагын дотоод журам болох Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмын холбогдох заалтуудыг баримталж, Э.Б нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн 3 ажилтанд ажлын наряд өгч шөнийн ээлжийн ажилд гарган, сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан байна. / хх-5/

Э.Б нь “Э Т Т”ХК-ийн ачилт экспортын албаны ахлах мэргэжилтнээр ажилладаг байх ба 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/434 тоот тушаалаар ажлын хариуцлага алдсан, 2 ажилтнаар ажил үүрэгт нь хамаарахгүй ажлыг гүйцэтгүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл авагдсан байжээ. Үүнээс хойш үндсэн ажлын зэрэгцээ Ачилт экспортын албаны даргын орлон гүйцэтгэгчээр 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн орой тус албаны ажилчид болох Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нар согтууруулах ундаа хэрэглэн, драгер үлээлгэн согтуурлын зэрэг тогтоосон байхад ээлжийн ажилд гарахыг зөвшөөрсөн нь давтан зөрчил гэж ажил олгогч үзжээ.

Хоёр шатны шүүх Э.Бгийн албан тушаал болох ачилт хариуцсан ахлах мэргэжилтэн, орлон ажиллаж байсан Ачилт экспортын албаны даргын бүрэн эрх,  харьяалах албан тушаалтан, ажлын байрны тодорхойлолтын дагуу талбайн мастерын хүлээх үүрэг зэрэг асуудлаар хэрэгт байгаа баримтад тулгуурлан, Э.Бг давтан зөрчил гаргаагүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Э.Б нь байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчийн  сонгуульт ажлыг эрхэлдэг байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэж заасан зохицуулалт нь үндсэн ажил, үүргээ зөрчсөнөөс ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах ажил олгогчийн эрхийг хязгаарласан хэм хэмжээ биш тул хэрэглэвэл зохих хууль биш юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол “...ажилтны гаргасан зөрчил баримтаар хангалттай тогтоогдсон байхад шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй...” гэсэн агуулгатай байх ба хэргийн нөхцөл байдал, ажилтны үндсэн үүрэг, шууд хяналт тавих үүрэг бүхий талбайн мастер, хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнуудын үйл ажиллагааг харгалзан Э.Бг давтан зөрчил гаргаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзэв.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2019/00781 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1241 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Э Т Т”ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 889 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА