Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/269

 

 

 

 

 

 

                             

      

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Д.А-,

хохирогч Д.Ундрахмөрөн, Ч.Цэндхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос А-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805048290457 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ...... ХХК-нд бариач ажилтай, Баянгол дүүрэг ... дүгээр хороо ...... дугаар байрны ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэрэг/Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Ариунтуяа нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаагийн албан хаагч Д.Ундрахмөрөн, Ч.Цэндхүү нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн тус эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Ундрахмөрөнд албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх  үедээ эрүүлэн мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ариунтуяа мэдүүлэхдээ: “Би 2018 оны 10 дугаар 14-нөөс 15-нд шилжих шөнө эрүүлжүүлэхэд очсон бөгөөд драгерь үлээлгээд авч явсан. Цэндхүү наад хүн чинь угаасаа согтуу байна гээд үзэхгүй байсан. Шөнө орсон цагаас эхлээд бие биенээ дийлэх гээд хэрэлдэж маргалдсан. Би гэдэс өвдүүлэх эм уусан болохоор би “бие засмаар байна” гэхэд бие засах өрөө оруулахгүй байсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад намайг бие засах өрөө рүү оруулсан. Дахиад намайг 09 цаг өнгөрч байхад бие засах өрөө рүү оруулсан. Өглөө нь би бүтээлэг нөмрөөд гарч зугтсан нь үнэн. Энэ миний буруу. Гэхдээ Цэндхүү яагаад миний зургийг өөрийнхөө гар утсан дээр аваад манай хүргэнд үзүүлээд байсан юм, би үүнд маш их гомдолтой байгаа. Миний нөхөр биш. Харин манай дүүгийн нөхөрт миний хувцасгүй зургийг үзүүлсэнд би гомдолтой байгаа. Миний зургийг үнэндээ Цэндхүү хүчээр дараад байсан. Энэ тухай хяналтын камерт бичигдсэн байсан. Анх Сайнжаргал байцаагч бүх бичлэг байгаа гэж байсан ч дараа нь үзэхэд намайг цохиж зодож байгаа хэсэг нь байхгүй байсан. Яагаад ингэж байгаа талаар асуухад манай хоёр хасчих гэсэн гэж хэлж байсан. Тэр байцаагчийг цагдаад өгнө, дуу хураагуур байна уу гэхэд дуу бичиж болохгүй гэсэн. Зөвхөн миний буруутай үйлдэлтэй бичлэгийг хуулж авсан байгаа нь харамсалтай байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ундрахмөрөн мэдүүлэхдээ: “Тэр үед надад ямар ч хүч хэрэглээгүй. Цэндхүүгийн цээж рүү цохисон учраас би Ариунтуяагийн гарыг нь мушгих үед миний үснээс гараараа сул зулгаасан. Тэр үед миний үс бөөн бөөн тугаараа унасан учир үс ургахгүй байгаа маш удаан гэдийлгэж татсан. Хүзүүгээр өвдөөд аюултай байна. Филь гэдэг тарилга тариулах хэрэгтэй гэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Дээрх тариаг 7 хоногт 2 удаа хийлгэх шаардлагатай гэсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Цэндхүү мэдүүлэхдээ: “Сонгинохайрхан дүүргээс согтуурсан Ариунтуяа гэх эмэгтэйг Даваадорж хүргэж ирсэн. Та драгер үлээх үү гэхэд үгүй гэсэн. Би таныг журмаараа үзэх ёстой гэж хэлсэн.Тэгтэл Даваадоржийг паар мөргүүлсэн. Бид нар журмаараа таны даралт, зүрхний цохилт, согтуурлын байдал зэргийг үзэж шалгах ёстой гээд драгер үлээлгэж биед нь үзлэг хийх гэтэл эсэргүүцсэн. Хишигбүрэн Ариунтуяаг эргэж ирээд Ариунтуяагийн нүүрэн тус газарт нь шар өнгийн зүйл наалдсан байна гэсэн. Хүргэнд нь бол Ариунтуяагийн зургийг үзүүлээгүй. Харин камерын бичлэг шүүж байхад миний цээжин тус газарт цохиж хана руу шахсан. Тэр үед ямар үйл явдал болсон талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Ариунтуяа өөрөө ухаангүй согтуу байсан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ариунтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

   Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

   Хохирогч Д.Ундрахмөрөнгийн “Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Төмөр замын цагдаагийн эрүүлжүүлэх байранд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсээс ирсэн Ариунтуяа гэх эмэгтэй хаалгаар орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэр эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ганцэцэгийг зодсон гэх зөрчилтэй орж ирсэн. Эрүүлжүүлэх байранд орж ирэхдээ өмдөндөө хүндэрсэн бугуйндаа гавтай байсан. Гавыг нь тайлаад биед үзлэх хийх үед шаардлага эсэргүүцэж догшин хэрцгий авирлаж байсан тул тусгаарлах өрөөнд оруулж бугуйн гав 1 цаг хэрэглэж байхад бие засах өрөөнд оруулах гэхэд орохгүй эсэргүүцээд байсан. Өглөө 07 цагийн үед эрүүлжүүлэх байранд хоносон Ариунтуяа гэх эмэгтэйгийн бохир хувцсыг нь өөрөөр нь угаалгаж үүдний пааран дээр тавиулах үед эрүүлжүүлэх байрнаас ямар нэгэн хувцасгүй зугтаад гарсан. Ахлагч О.Хишигпүрэв, үйлчлэгч Б.Надмидцэрэн нар барьж орж ирээд тусгаарлах өрөөнд оруулсан. Тэгээд 09 цагийн үед бие засмаар байна гэж хэлэхээр нь тусгаарлах өрөөнөөс гаргаж эрүүлжүүлэх байрны үүдний хэсэгт алба хаагчдыг хэл амаар доромжилж эмч дэслэгч Ч.Цэндхүүг  цээж рүү нь нэг удаа цохисон. Тэр үед Ариунтуяагийн үйлдлийг зогсоох гэж би ахлагч О.Хишигпүрэвийн хамт Ариунтуяагийн гарнаас барьж бид гурав барьцалдсан. Тэр үед  Ариунтуяа миний үснээс бариад тавихгүй байсан. Бид гурав өчих мэх хийж камерын өрөөнд оруулсан. Ийм л зүйл болсон. Би шүүх эмнэлгийн №12387 дугаартай дүгнэлттэй танилцсан. Одоо миний толгой өвдөөд үс унаж байгаа. Миний биед учирсан гэмтлийг эрүүлжүүлэх байранд ирсэн Ариунтуяа гэх эмэгтэй учруулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

“Миний зүгээс гомдолтой байна. Энэ хүн нэг ч удаа болсон уучлалт гуйгаагүй хүн. Нэхэмжлэх зүйл гэвэл одоо би үс ургуулж төлжүүлэх эмчилгээнд орох шаардлагатай байгаа. Энэ эмчилгээ нь нэг удаагийн оролт нь 100.000-120.000 төгрөгний хооронд байдаг юм байна. Одоогоор би эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй. Одоо эмчилгээ хийлгэнээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 145 дугаар хуудас/

      

   Хохирогч Ч.Цэндхүүгийн “2018 оны 10 дугаарс арын 13-ны 13 цагаас цагдаа, цагдаагийн ахлагч О.Хишигпүрэв, дэд ахлагч Д.Ундрахмөрөн, үйлчлэгч Надмидцэрэн нарын хамт ээлж хүлээлцээд  24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 14-ний 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс бааранд хүн зодож, танхайрсан зөрчилтэй Ариунтуяа гэх эмэгтэй нь эрүүлжүүлэх байранд орж ирэхдээ гартаа бугуйн гавтай, өмдөндөө хүндэрсэн байдалтай, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж орж ирсэн.

   ... Тэгээд Ариунтуяагийн согтолтын зэргийг тодорхойлохоор согтолтын багажийг үлээлгэх гэхэд гар руу түлхээд шаардлага эсэргүүцээд байсан. Мөн биед нь үзлэг хийх гэтэл үзүүлэх албатай юм уу, хүний биед үзлэг хийдэг хэн бэ, битгий миний биед хүрээд бай гээд эсэргүүцээд үзүүлээгүй. Би 00-н өрөө рүү орж бие засах уу гэж асуухад орохгүй гээд байхаар нь Ариунтуяаг авчирсан 2 эрэгтэй цагдаатай нийлээд камерт оруулсан. Камер руу явах үед коридороор өмхий үнэртээд шар өнгийн шингэн зүйл гоожоод байсан.

   ... Өглөө 06 цаг 40 минутын үед Ариунтуяагийн хувцсыг нь угаалгахаар 00-н өрөөнд оруулсан. Угаасан хувцсыг нь хатаалгахаар үүдний пааран дээр тавиулах үед эрүүлжүүлэх байрнаас шалдан, чармай нүцгэн гарч зугтаахад нь ахлагч Хишигпүрэв гадаа хог цэвэрлэж байсан Надмидцэрэн нар барьж авч эрүүлжүүлэх байр руу оруулж ирээд камерт хийсэн.

   ... Яг тэр үед Ариунтуяа бие засна гэхэд дэд ахлагч Ундрахмөрөн  камераас гаргаж ирэхээр нь би та 00 орох юм уу, та шөнөжингөө агсам согтуу тавьлаа гарахын оронд битгий хэрүүл хийгээд ажилд саад учруулаад бай гэж хэлсэн чинь та нар шөнөжингөө намайг зодсон биздээ гээд над руу хуруугаа чичээд дайраад байхаар нь би  та битгий худлаа яриад бай, та ичихгүй бол камерын бичлэгээ хараач гээд камер руу заасан чинь чи битгий хуцаад бай гэж хэлэнгүүтээ миний цээжин тус газар гараа атгаж байгаад хүчтэй цохиход нь ханатай хавсарчихсан. Яг тэр үед дэд ахлагч Ундрахмөрөн, ахлагч Хишигпүрэв нар таслан зогсоох үед дэд ахлагч Ундрахмөрөнгийн үснээс ороож байгаад  татаад газар унасан. Тэгээд үсийг нь зуурчихаад ерөөсөө тавихгүй байсан. Би хүүхдийн үс тавиачээ туг үс уначихлаа гэхэд шууд тавьсан. Дэд ахлагч Ундрахмөрөн босч ирээд хүргэн дүү болон хүнээ авахаар ирсэн байсан 2 цагдаагийн албан хаагчид харуулаад байсан.

   ... Албан үүргээ гүйцэтгэж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Би эмнэлэгт хэвтэх болоод яаралтайгаар шинжилгээ өгөхөд 39500 төгрөгийн төлбөр төлсөн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг төлсөн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эм бичиж өгсөн, тэрийгээ өөрийнхөө зардлаар төлсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

       

Гэрч Д.Надмидцэрэнгийн “... 2018 оны 10 дугаар сарын 14-ний 05 цагийн үед Сонгинохйархан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэд даргын хувцсыг нь урсан мөн авчирсан хоёр цагдаагийнхаа нэгнийх нь нүүрийг урсан гэсэн зөрчилтэй хоёр эмэгтэйг оруулж ирсэн. Тэр хоёр эмэгтэйн эгч нь дээрх зөрчлийг гаргасан, дүү нь зөрчил гаргаагүй гээд эрүүлжүүлэхээс гаргаад гадна талын төмөр хаалгыг хаачихсан. Уг хоёр эмэгтэйн эгчийнх нь хувцсыг тайлах гэхэд хувцсаа тайлахгүй гээд эсэргүүцэл үзүүлэхэд нь гарыг нь өчсөн чинь эгч нь орилоод байсан. Уг хоёр эмэгтэйн эгчийнх нь хувцсыг тайлах гэхэд хувцсаа тайлахгүй гээд эсэргүүцэл үзүүлэхэд нь гарыг нь өчсөн чинь эгч нь орилоод байсан. Тухайн үед гадаа байсан дүү нь би ормоор байна гээд гадаах хаалгыг нүдээд өшиглөөд байхаар нь дүүг нь хамт эрүүлжүүлэхээр болсон.

Би 07 цаг өнгөрч байхад гадна талынхаа талбайг цэвэрлээд хойд талын грашийн үүдэнд явж байхад эрүүлжүүлэх байрнаас ор хөнжлийн даавуу хальт нөмөрчихсөн шалдан эмэгтэй гүйгээд гараад ирсэн. Араас нь Хишигпүрэв бариад аваарай гээд орилхоор нь би өмнөөс нь амдаж гүйгээд цагдаагийн газрын баруун хойд буланд барьж авсан. Тэгээд Хишигпүрэвийн хамт эрүүлжүүлэх байр руу оруулах гэхэд орохгүй гэж эсэргүүцээд газар суучихаад босохгүй байсан. Гарнаас бариад явах үед нөмөрчихсөн байсан даавуу газар уначихаад байхаар нь би газар суух болгонд нь даавууг намируулж байсан. Тэр эмэгтэй намайг тавьчих би өөрөө орно гээд байсан боловч зугтаах оролдлого хийгээд байсан. Тухайн үед Ундрахмөрөн гарч ирээд нэмэлт хүч аваад гурвуулаа нийлээд оруулсан. Би хаалгаар оруулчихаад цэвэрлэгээ хийх гээд гараад явсан. Би 10 цаг өнгөрөөгөөд эрүүлжүүлэх рүү яваад ороход гадаа нүцгэн гүйгээд байсан эмэгтэй Цэндхүүгийн цээж рүү гараараа цохисон. Ундрахмөрөнгийн үснээс зулгаасан байсан гэчихсэн байж байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

    

 Гэрч О.Хишигпүрэвийн “... 2018 оны 10 дугаар сарын 13-ны 13 цагаас эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Цэндхүү, цагдаа, дэд ахлагч Ундрахмөрөн, үйлчлэгч Надмидцэрэн нарын хамт ээлж хүлээлцэж 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. 2018 оны 10 дугаар сарын 14-ний 05 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс караокед бусдыг зодсон зөрчилтэй Ариунтуяа гэх эмэгтэйг эрүүлжүүлэхээр хүргэж ирсэн, нилээн ууртай хашхирсан байдалтай орж ирсэн. Яг юу гээд орилоод байсныг санахгүй байна.

... намайг орж ирэхэд авчирсан хоёр цагдаагийнхаа нүүрийг нь маажчихсан цус нь гоожчихсон зогсч байсан. Тэгээд эгч Ариунтуяагийн хамт 1 дүгээр камер буюу тусгаарлах өрөөнд оруулаад сандал дээр суулгаж бугуйн гав хэрэглэсэн. Би дүүд нь эгч чинь өмдөндөө хүндэрчихсэн ирсэн байна эгчийнхээ нүүрийг хардаа нүүрэндээ баасаа нялчихсан байна, чи харж аваарай гэж хэлээд бид нар гар утсаараа зургийг нь авсан дүү нь эгчийгээ хараад ярвайгаад суугаад байсан. Би Ариунтуяад 00-н өрөө ороод баасаа цэвэрлэчих үнэр танар чинь хүнд муу хажуугийн камерийн хүмүүс хордоод байна гэж хэлтэл “үгүй яадаг юм бэ, би ингээд сууж байя энэ камер чинь ажиллаж байгаа биздээ чи муу ямар сайндаа ийм ажил хийж байгаа юм, чи жаргаж үзэхгүй пизда, янхан” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэрнээс хойш арай гэж цэвэрлүүлсэн. Дотоож, тирко хоёроороо баасаа цэвэрлээд хаясан, бас плажаа угаагаад пааран дээр тавьчихаад миний араас гараад эрүүлжүүлэхийн даавуу хүзүүн дээрээ тохчихоод гараад зугтаачихсан. Тэгэхээр нь би араас нь хөөх үед үйлчлэгч  Надмидцэрэн талбай цэвэрлэж байгаад амдаж хашааны үүднээс барьж аваад эрүүлжүүлэх байр руу оруулах гэтэл орохгүй гэж эсэргүүцээд газар унаад хэвтчихээд чаргууцалдаад босохгүй байсан. Эрүүлжүүлэх байрны үүдэнд орохгүй хэвтчихсэн байхад нь дэд ахлагч Ундрахмөрөн гарч ирж хүч нэмэгдүүлж оруулж ирээд камерт хийж цоожилсон. Тэрнээс хойш 09 цаг өнгөрөөгөөд Ариунтуяа бие засъя гээд орилоод хаалга балбаад байхаар нь би эрэгтэй хоёр цагдааг байгаа дээр нь би засуулъя тэгэхгүй бол дийлэхгүй гэж хэлээд дэслэгч Цэндхүү, дэд ахлагч Ундрахмөрөн хоёр бие засуулахаар камераас гаргаж ирэх үед дүү Номин-Эрдэнийнх нь найз залуу нь эрүүлжүүлэхийн төлбөр төлөх гээд орж ирсэн. Ариунтуяа 00-н өрөө орчихоод камер руугаа орохгүй дэслэгч Цэндхүүтэй хэрэлдээд зогсоод байсан. Би тухайн үед камер харангаа өрөөний цонхоор ажиглаж байсан чинь дэслэгч Цэндхүү рүү хуруугаа чичлэн дайрч байгаад цээжин тус газар руу нь ханатай хавсарч цохиход би өрөөн дотроос гүйж гарч ирээд танхайн үйлдлийг нь таслан зогсоох гэхэд эсэргүүцэл үзүүлээд байхаар нь би хуульд заасны дагуу биеийн хүчний мэх хийж хавсарч унагаасан. Тэр үед дэд ахлагч Ундрахмөрөнгийн үснээс зулгаагаад тавихгүй байсан. Дэслэгч Цэндхүү үсдсэн гарыг нь тавиулах гээд дийлдэхгүй байж байгаад би хамжиж байж тавиулаад камерт оруулсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

    

Гэрч Н.Батзаяагийн “... Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүлжүүлэгдсэн эмэгтэй авахаар ирсэн. Би өрөөний үүдэнд зогсож байх үед гаднаас хар өнгийн куртиктэй залуу ороод ирсэн. Яг тэр үед эрүүлжүүлэгдэж байсан нэг эмэгтэй 00-н өрөө орж бие засмаар байна гээд камераас гарч ирээд 00-н өрөө рүү орчихоод гарч ирсэн. Тухайн үед хар өнгийн куртиктэй залууд эрүүлжүүлэхийн эмч камерийн бичлэг үзүүлсэн чинь 00-н өрөө орчихоод ирсэн эмэгтэй эрүүлжүүлэхийн эмч, цагдаа хоёр руугаа хуруугаараа чичээд дайраад байсан. Тэр эмэгтэй намайг хүндэрчихсэн байхад та нар мэдээгүй биз дээ гэхэд чи энүүгээр чацгаа савируулаад л явсан биз дээ гээд газар руу заагаад маргалдаад байсан. Тэгснээ эрүүлжүүлэгдсэн эмэгтэй гараа атгаж байгаад цээж рүү нь нэг удаа цохиход ханатай хавсарчихсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12484 дугаартай:

“1. Ч.Цэндхүүгийн биед цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 30 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12387 дугаартай:

“1. Д.Ундрахмөрөнгийн биед баруун зулай хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 33 дугаар хуудас/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... 07:10:15 цагт даавуу нөмөрсөн эмэгтэй 00-ын өрөөнөөс гарч ирээд буцаад 00-ын өрөө рүү орж 07:11:43 цагт ахлагч цолтой албан хаагч коридор руу заагаад өмнө нь ороод алхах үед 00-ын өрөөнөөс гарч ирсэн эрүүлжүүлэгдэж байсан эмэгтэй 07:11:59 цагт гарч гүйсэн. 07:12:12 цаг эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийг бие засуулахаар камераас гаргаж коридорт байж байх хооронд 07:17:06 цагт дэд ахлагч цолтой алба хаагч гарч яваад 07:18:40 цагт гарч зугтаасан эмэгтэйг үйлчлэгч болон цагдаагийн 2 алба хаагч оруулж ирэн камерт оруулав.

... 09:09:24 цагт уг эмэгтэй дэслэгч цолтой алба хаагч руу хуруугаараа 2 удаа чичихэд 2 удаа гарыг нь гараараа цохиж холдуулах үед 09:09:27 цагт шууд хэнхдэг цээж рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохиход нь хойшоо болоод хананд хавсрагдсан.

... газар унасныхаа дараа дэд ахлагч цолтой алба хаагчийн үснээс зулгаагаад тавихгүй байна. Дэд ахлагч цолтой алба хаагч үсээ тавиулаад зулгаалгасан үсээ үүдэнд зогсч байсан хар өнгийн куртик, дотуураа улаан цамцтай, доогуураа хөх өнгийн жинсэн өмд, пүүзтэй сахалтай залуу ахлагч цолтой алба хаагчтайгаа нийлээд гарыг нь гавлах гэсэн боловч дийлэхгүй байсан. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 82-84 дүгээр хуудас/

 

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл. /хэргийн 85-86 дугаар хуудас/

 

Д.Ариунтуяагийн яллагдагчаар өгсөн “ ... Эрүүлжүүлэх байранд би хэрүүл маргаан үүсгээд байсан асуудал байхгүй. Тухайн үед намайг бага зэргийн согтолттой биеэ авч явах чадвартай байхад эрүүлжүүлсэнд бухимдаж бага зэргийн хэл ам хийсэн нь үнэн. Харин уг эрүүлжүүлэхийн эмчийн биед хүрсэн асуудал нь гэвэл өглөө манай хүргэн дүү  ирж намайг авах гээд байж байхад нь миний нүцгэн эрүүлжүүлэхээс гарч гүйж байсан бичлэгийг үзүүлж байсан. Энэ үед нь миний уур хүрээд та нар энэ бичлэгээ яагаад энэ хүнд үзүүлж байгаа юм бэ, энэ хүн чинь миний нөхөр биш гэж хэлсэн ба үүнээсээ болж мөн маргалдаж би эмчийг нь нэг удаа цээж рүү нь түлхсэн ба уг эмэгтэй хана руу нуруугаараа  түлхэгдэж зогссон. Бид хоёр үүнээсээ болж мөн барьцалдаж үс гэзэгнээсээ  зулгаалцсан. Энэ үед бусад хүмүүс нь салгасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 152 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ариунтуяа Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаагийн албан хаагч Д.Ундрахмөрөн, Ч.Цэндхүү нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Д.Ундрахмөрөнд албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх  үедээ эрүүлэн мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Д.Ундрахмөрөн, Ч.Цэндхүү гэрч Д.Надмидцэрэн, О.Хишигпүрэв, Н.Батзаяа нарын мэдүүлэг, шинжээчийн  12484, 12384 дугаартай дүгнэлтүүд, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, Д.Ариунтуяагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байвал  хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Д.Ариунтуяагийн үйлдлийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч Д.Ариунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэгт нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан журмыг баримтлах үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Ундрахмөрөн, Ч.Цэндхүү нарт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч  Д.Ундрахмөрөн, Ч.Цэндхүү нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  Sundisk гэсэн улаан өнгийн бичигтэй 1 /нэг/ ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Ариунтуяа  баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тустооцсугай.

 

2.  Д.Ариунтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Ариунтуяад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Ариунтуяа нь торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.Ариунтуяа торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Д.Ариунтуяа баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Sundisk гэсэн улаан өнгийн бичигтэй 1 /нэг/ ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Хохирогч  Д.Ундрахмөрөн, Ч.Цэндхүү нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ариунтуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ