Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1186

 

 

 

 

 

 

 

                                                           

 

 

    А.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2970 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.М-д холбогдох эрүүгийн 1805039240898 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Лувсанчүлтэм овгийн А.М-, 19.. оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

А.М- нь Автотээврийн үндэсний төвийн харьяа Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “...хөдөө орон нутгийн хүн тээвэрт явах автобусны шугам авч өгнө...” гэж бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн хохирогч Б.Амарбаясгалангаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-131 тоотод оршин суух гэрээс нь 2.500.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хажууд 7.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 9.900.000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 2 дугаар сард иргэн С.Мэндбаяраас “...хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож өгнө...” гэж хуурч нийт 3.310.000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Ч.Очирсүрэнгээс “...Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлийн хот хооронд зорчигч тээвэрт явах сонгон шалгаруулалтад оруулж зөвшөөрөл авч өгнө...” гэж хуурч нийт 11.210.000 төгрөгийг,

2018 оны 4 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Азбилэгт “Солонгос улсаас автобус оруулж ирж өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 4.700.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр иргэн Ө.Батжаргалыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Алтан-Дорнод-7 байрны 29 тоот гэртээ амарч байхад нь “...Баянхонгор, Өвөрхангай аймагт хүн тээвэрлэх автобусаар хот хоорондын шугамд оруулж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаарын Хаан банкны дансаар 1.700.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаарын Хаан банкны дансаар 100.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаарын Хаан банкны дансаар 1.650.000 төгрөг, Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаарын Хаан банкны дансаар 30.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр тус тус шилжүүлэн авч бусдад 3.480.000 төгрөгийг,

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Энхбаярт “...хөдөө орон нутагт явуулах тендер авч өгнө...” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан хуурч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансрын колонкны Хаан банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, мөн тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22 дугаар товчооны хажуу талын Хаан банкны АТМ-ээс 550.000 төгрөгийг дансаараа удаа дараа шилжүүлэн нийт 3.150.000 төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мияасүрэнд “хот хоорондын зорчигч тээврийн шугам олж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банк-ны 5019723161 дугаарын дансаар 780.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхчимэгт “...Автотээврийн үндэсний төвд тоо бүртгэгчээр ажилд оруулж өгнө...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, А.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүслээ. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан "1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинжчанар, хэр хэмжээ, 1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл" зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь:

1.  А.М- нь Автотээврийн Үндэсний Төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 5 удаагийн үйлдлээр, харин 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр уг ажлаас халагдсанаас хойш 3 удаагийн үйлдлээр тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Гэтэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх ззалтад заасан гэмт хэрэгт А.М- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг орхигдуулан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох боловч хүндрүүлэх эрхгүй юм.

2.  Хавтаст хэрэгт авагдсан хохирогч нар болон зарим холбогдох гэрчийн тус тус өгсөн мэдүүлгээс үзэхэд хохирогч нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн эсэхийг тодруулж шалган тогтоох шаардлагатай байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. ...” гэжээ.

Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч А.М- 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр "...хөдөө орон нутгийн хүн тээвэрт явах автобусны шугам авч өгнө..." гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн хохирогч Б.Амарбаясгалангаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-131 тоотод оршин суух гэрээс нь 2.500.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хажууд 7.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 9.900.000 төгрөгийг,

-Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 02 дугаар сард иргэн С.Мэндбаяраас "...хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа явуулах эрхлэх зөвшөөрөл олгож өгнө..." гэж хуурч нийт 3.310.000 төгрөгийг,

-Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Ч.Очирсүрэнгээс "...Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлийн хот хооронд зорчигч тээвэрт явах сонгон шалгаруулалтад оруулж зөвшөөрөл /тендер/ авч өгнө..." гэж хуурч нийт 11.210.000 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Азбилэгт "Солонгос улсаас автобус оруулж ирж өгнө" гэж хуурч бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 4.700.000 төгрөгийг,

-2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ө.Батжаргалыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Алтан-Дорнод-7 байрны 29 тоотод гэртээ амарч байхад нь "...Баянхонгор, Өвөрхангай аймаг руу хүн тээвэрлэх автобусаар хот хоорондын шугамд оруулж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаарын Хаан банкны дансаар 1.700.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаарын Хаан банкны дансаар 100.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаарын Хаан банкны дансаар 1.650.000 төгрөг, Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаарын Хаан банкны дансаар 30.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр тус тус шилжүүлэн авч бусдад 3.480.000 төгрөгийг,

-2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Энхбаярт "...хөдөө орон нутагт явуулах тендер авч өгнө" гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан хуурч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкын Хаан банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22 дугаар товчооны хажуу талын Хаан банкны АТМ-ээс 550.000 төгрөгийг дансаар удаа дараа шилжүүлэн нийт 3.150.000 төгрөгийг,

-2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мияасүрэнд "...хот хоорондын зорчигч тээврийн шугам олж өгье..." гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5019723161 дугаарын дансаар 780.000 төгрөгийг,

-2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхчимэгт "Автотээврийн үндэсний төвд тоо бүртгэгчээр ажилд оруулж өгнө" гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийг тус тус залилсан үйлдэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж харьяалал тогтоолгон тус прокурорын газарт ирүүлсний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад яллагдагч А.М- нь Автотээврийн үндэсний төвийн харьяа Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 5 удаагийн үйлдлээр, ажлаас халагдснаас хойш 3 удаагийн үйлдлээр тус тус бусдаас бэлэн мөнгийг залилсан болох нь тогтоогдож, прокуророос яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно." гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, прокурорын яллах дүгнэлт үйлдсэн нь хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь А.М- албан тушаалын байдлаа ашиглаж залилсан 5 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, ажлаас халагдсанаас хойших 3 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөр зүйл, хэсэг, заалтаар ялгаж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэх нь илтэд түүний эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна." гэж, 5 дахь хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна." гэж заасан шударга ёсны зарчмын заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн А.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэн ял оногдуулах нь хуулийг буруу хэрэглэх нөхцөл байдалд хүргэхээр байна.

Хохирогч Б.Амарбаясгалан, С.Мэндбаяр, Ч.Очирсүрэн, Г.Азбилэг, Ц.Мияасүрэн нарын зүгээс яллагдагч А.М-д хандаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл Хахууль өгөх гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байна. Гэтэл хохирогч нар нь идэвхтэй үйлдлээр өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгогүйгээр А.М- "...автобусны шугам буюу тендерт оруулж өгнө..." гэж өөрийн бүрэн эрх хэмжээнд хамаарахгүй, биелэгдэх боломжгүй буюу хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэлд итгэж мөнгийг шилжүүлжээ.

А.Мөнх-Эрдэнийн эрхлэж буй албаны эрх, үүрэгт автобусны шугам буюу тендерт оруулдаг эрх, хэмжээ олгогдоогүй болох нь ажлын байрны тодорхойлолт, Автотээврийн үндэсний төвд ажилладаг холбогдох гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Хохирогч нарыг хээл хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж шалгах нь ойлгомжгүй байгаа нь шүүхийн тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2970 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, гэм буруугийн шүүх хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх А.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зарим зүйлийг тодруулаагүй”; “А.Мөнх-Эрдэнийн үйлдэлд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй”; “хэргийн хохирогч нар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн эсэхийг шалган тогтоох” зэрэг үндэслэлүүд заагаад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч “хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Учир нь, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “А.М- нь ... хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ. Гэтэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх ззалтад заасан гэмт хэрэгт А.М- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг орхигдуулан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна” гэжээ.

Энэ нь шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаас гадна мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэнэ гэж ойлгогдохоор байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн хэргийг хянаж, А.Мөнх-Эрдэнийн үйлдлийг “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож” гэх мэтээр гэмт хэргийн шинжийг нь тус тус тодорхойлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул энэ хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой.   

Түүнчлэн А.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирсон байж болох нэр бүхий хохирогч нар нь хахууль өгсөн үйлдлийг шалгуулахаар заасан нь үндэслэлгүй төдийгүй хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар хохирогчид өөр гэмт хэрэг үйлдсэн байж болох дүгнэлтэд хүрсэн талаар анхан шатны шүүх дүгнээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс тухайн хэргийг мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн шүүх хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарын хүрээнд уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/2970 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч А.М-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ