Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-, Б.Т-, В.Б- ,

П.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Чимгээ,

          яллагдагч Б.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,  

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3082 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чимгээгийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт холбогдох 2014 2500 05233 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овгийн Б.О, 1984 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

2. Боржигин овгийн Б.Т, 1988 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, Амины орон сууцны ... дугаар гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны  өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

 

3. Болингийнхан овгийн В.Б, 1984 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

4. Их Монгол овгийн П.Б, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

1. Яллагдагч Б.О- нь:

- 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Монген” сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим, сиди, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Ч.О- 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2010 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” телевизийн захирлын өрөөнөөс “Sony” загварын зөөврийн компьютер, “Sony” загварын мэргэжлийн камер, бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.А-д 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2013 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ай Си Ти” группийн өрөөнөөс “IMAC i5” загварын иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин “IMAC i7” загварын 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, “MacBook pro core 2 duo” загварын зөөврийн компьютер /шинэ/, “МасВоок рго Retina i7” загварын 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, “Apple airport extrme” загварын роутэр, шинэ “speaker” 1, виски, “Iphone” зориулсан дуран, “wireless card”, “usb card”, “display card” тус бүр нэг ширхэг, бэлэн мөнгө 273.400 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.Баттамирт 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан,

- 2013 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэди” төвийн байрнаас “Асеr” загварын зөөврийн компьютер, “Canon” загварын зургийн аппарат, процессорын хард, интернетийн модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн З.Нэнбаярт 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б.Т-тай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйл хулгайлж, иргэн М.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч В.Б- тэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Д.Гантогтоход 38.275.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон дангаараа бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт,

2. Яллагдагч Б.Т- нь Б.О-тай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйл хулгайлж, иргэн М.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

3. Яллагдагч В.Б-  нь Б.О-тай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Д.Гантогтоход 38.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

 

4. Яллагдагч П.Б- нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: В.Б- , Б.Т-, Б.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, П.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзэв.

Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1350 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 892 дугаартай магадлал, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1171 дугаартай шүүгийн захирамжуудад заагдсан ажиллагааг нэг бүр бүрэн бодитойгоор биелүүлж ирүүлээгүй байх тул дээрх шүүгчийн захирамж, магадлалд заагдсан ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг доорх үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Шүүгч яг энэ заалтыг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хяналтын прокурор М.Хэрлэнчимэгийн үйлдсэн яллах дүгнэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхдээ 1171 дугаартай захирамжид ямар ч үг, үсгийн зөрүүгүйгээр бичжээ. Гэтэл тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1350 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 892 дугаартай магадлалд заасан хийвэл зохих ямар ажиллагаа хийгдээгүй, хийгдсэн ажиллагаа нь ямар шинжээрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, ямар ажиллагааг хэрхэн хийснээр яллах болон цагаатгах нотлох баримтын ач холбогдолтой болох талаар тодорхой дүгнэлт хийгээгүй болно.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжийн агуулгыг тайлбарлахдаа “зөвхөн гоо сайхны газраас алдагдсан хумсны лак нь аль улсад үйлдвэрлэсэн, ямар нэртэй лак байсан нь тодорхойгүй байхад дэлгүүр, зах, интернет дэлгүүр зэргийн үнэ ханшийг судалж, харьцуулсан үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй байна.” гэснээс өөр тодорхой зүйл тайлбарлаагүй бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдэж 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гарын мөрний шинжилгээгээр 8 жилийн дараа нөхөн илрүүлсэн хэргийн хувьд биетээр байхгүй хумсны лакийг Хөрөнгийн үнэлгээний компаний мэргэжлийн үнэлгээчнээр үнэлүүлэхээс өөрөөр хохирлыг хэрхэн тогтоох нь ойлгомжгүй байна.

Тэгээд ч хохирогч Ч.Одгэрэл нь уг үнэлгээнд гомдол гаргаагүй, түүний нэхэмжилсэн үнийн дүнгээс онцын зөрүүтэй зүйл байхгүй болно.

2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 892 дугаартай магадлалд зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрүүл ард сан” ТББ-ын 3 дугаар давхрын өрөөний модон хаалганы цоожийг эвдэн Австрали улсын иргэн Жон Кьюлэний 900 америк доллар, “Nokia” загварын гар утас, “Nikkon Coolpix” загварын зургийн аппарат, хар өнгийн зөөврийн “Toshiba” загварын компьютер, “Remington PA-400” загварын сахлын цахилгаан машин зэргийг хулгайлсан гэх хэргийн хувьд Жон Кьюлэн гэгчээс Санжаасүрэн овогтой Ганбатад эрхээ шилжүүлсэн цахим шуудан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдгийг нотлох баримт бичиг болохгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан итгэмжлэлийн шаардлага хангахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй гэж хэргийг тусгаарласан болно.

3. “NBS” телевиз, “Долоон болдог” ХХК, “Ай Си Ти” групп, “Лэди” төв, “UBT” ХХК-иас алдагдсан эд хөрөнгөнөөс аль нь иргэний эд зүйл, аль нь аж ахуйн нэгжийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө болох талаарх ажиллагаануудыг хийхэд “NBS” телевизийн өрөөнөөс алдагдсан эд зүйл нь иргэн Д.Майцэцэгийнх, бусад нь аж ахуйн нэгжийн эд хөрөнгө болох нь байгууллагын санхүүгийн баримт, үндсэн хөрөнгийн болон эд хөрөнгийн тооллогын бүртгэл, орлого зарлагын падаан, кассын орлого зарлагын ордер, кассын тайлан, хохирогч Д.Майцэцэг, З.Нэнбаяр нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 892 дугаартай магадлалд зааснаар “UBT” ХХК-иас алдагдсан эд хөрөнгөтэй холбоотой хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудын талаар Б.Ууганчимэгийг гэрчээр дэлгэрэнгүй байцаасан болно.

4. Гарын мөрний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийн зарим зүйл нь тодорхойгүй байгаа талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 892 дугаартай магадлалд заасан тул шинжээч Э.Сүхболдыг 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1113 дугаартай дүгнэлтийн талаар байцааж, Б.Т-, Б.О- нарын гарын хээг хэн хэзээ хаанаас хэрхэн бэхжүүлж ирснээр нэгдсэн санд орсон, аль хэргийн газрын яг хаанаас бэхжүүлж ирсэн мөр нь хаанаас бэхжүүлсэн хэний гарын мөртэй тохирч байгаа, бас тохирохгүй байгааг тодруулах зэрэг ажиллагаануудыг хийсэн байхад өмнөх шүүгчийн захирамж болон шүүхийн магадлалын заалт хангагдаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5. Нууц далд аргаар үйлдэгддэг хулгайн хэргийн онцлогтой холбоотой шууд нотлох баримтууд бага, яллагдагч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч хулгайлагдсан эд зүйлс нь Б.Т-, Б.О- нарт байсан, тэдгээр нь бусдад худалдах, өрөндөө өгөх, ломбарданд тавих зэргээр захиран зарцуулсан нь тогтоогдсон, яллагдагч нар бусдаас авсан гэж мэдүүлсэн ч эх сурвалжаа зааж чадаагүй тул гүйцэтгэх ажлын хэргийн танилцуулгыг нотлох баримтаар тооцуулахаар хэрэгт хавсаргасан болно.

6. Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэсэн ба яллагдагч нарын бусдын эд зүйлийг хулгайлснаас их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, эд хөрөнгийг хурааж, 5-аас 10 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэстэй гэж үзэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг үндэстэй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3082 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Б.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

 

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1350 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 892 дугаартай магадлал болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1171 дугаартай шүүгчийн захирамжид заасан:

- “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь “Лэди” төв болон “UBT” ХХК-ийн байрнаас алдагдсан эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацааны зах зээлийн үнээр үнэлсэн тухай тайлан,

- Мөрдөгчийн “эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай” тогтоолоор “UBT” ХХК, “Долоон болдог” ХХК, “Леди” төв, “Ай Си Ти” групп зэрэг газраас эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг авч хавтас хэрэгт хавсаргасан,

- Б.Ууганчимэгийг гэрчээр байцаасан,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “хурууны хээний дардас” 1113 дугаартай шинжээчийн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “бичлэгт үзлэг хийсэн” 4813 дугаартай шинжээчийн дүгнэлт,

- 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 180608645 дугаартай “яллагдагч Б.О-т холбогдох Австрали улсын иргэн Жон Кьюлэний биеэс эд зүйл хулгайлсан эрүүгийн хэргийг тусгаарласан прокурорын тогтоол” зэрэг ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагааны үед хийж гүйцэтгэсэн байна.

 

Шүүх, Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Иймд “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3082 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцэх хүртэл Б.О-, Б.Т-, В.Б- , П.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                                                                                               

                        ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ