Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ж.Энх-Амгалан,

          шүүгдэгч Я.Б-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, О.Цэрэнпунцаг,

          нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Б-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Я.Б-т холбогдох 1802 0041 80225 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Я.Бр, 1989 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... тоотод оршин суух,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Я.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 908.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт “каннабис” ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11-28 тоотод хадгалсан,

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0.8 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Я.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.Б-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Б-ийг 1 жил хорих ялаар шийтгэж, Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Я.Б- цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүний “хувийн баталгаа гаргуулах” таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьж, эд мөрийн баримтаар хураагдсан №01 гэж дугаарласан дотор талдаа шингэн зүйлтэй, хажуу хэсэгт нь нүх гаргасан ундааны сав, хуйлсан байдалтай А116326600 серийн дугаартай 50 төгрөг, мөнгөлөг өнгийн тугалган цаасаар хийсэн тогоо мэт зүйл, №2 гэж дугаарласан “гоё” гэсэн ундааны савтай хуванцар савны хамтаар 121.5 грамм өвс мэт зүйл, №3 гэж дугаарласан “Fanta” гэсэн ундааны савтай хуванцар савны хамтаар 145.8 грамм өвс мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай уутны хамтаар 246.7 грамм өвс мэт зүйл, №5 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй ундаа хуванцар савтай савны хамтаар 157,7 грамм өвс мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай уутны хамтаар 0.8 грамм шавар мэт зүйл зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар устгахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Я.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд ямар нэгэн саад учруулалгүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн бөгөөд урьд нь ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй.

Миний бие “Урт цагаан” дээр номын худалдаа эрхэлж эхнэр, бага насны 2 хүүхдээ авч явдаг. Эрүүл мэндийн хувьд баруун гарын 4 хуруу атгагддаггүй, сүрьеэ өвчтэй.

Иймд ар гэр, эрүүл мэндийн байдал болон өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байгаа зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Я.Б-ийн хууль бусаар ашигласан гэх “өвс”, “шавар” гэх нэршил бүхий мансууруулах бодисууд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан, агууламжийн хувьд дельта 9 тетрагидроканнабинол гэсэн бодис агуулсан, нэг төрлийн мансууруулах бодис болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9956 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Яллах дүгнэлтэд өөр өөр төрлийн мансууруулах бодис хууль бусаар ашигласан гэж дүгнэсэн боловч миний үйлчлүүлэгч зөвхөн нэг төрлийн бодисыг бэлтгэсэн, хадгалсан үйлдэлдээ гэм буруутай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

2. Я.Б- шүүхийн хэлэлцүүлэгт зөвхөн “өвс” гэх нэршилтэй бодисыг хууль бусаар ашигласан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөгөө “шавар” гэх бодисын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэхээр мэдүүлсэн боловч миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мансууруулах бодисыг хууль бусаар ашигласан гэх үйлдэлдээ анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзээгүй.

3. Шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийн гэр бүлийн байдлын талаар тусгаагүй, Я.Б- нь бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь бөөрний өвчтэй, өөрөө ном худалдаж амьдралаа авч явдаг байсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Я.Б-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч нарын эрхийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Я.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 908.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт “каннабис” ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11-28 тоотод хадгалсан,

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0.8 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... “Я.Б-ийн 2018.09.21” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. ...” гэсэн 9957 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 24-26/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... №2, №3, №4, №5 дугаартай өвс мэт зүйл, №6 дугаартай шавар мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж тус тус илрэв. ...” гэсэн 9956 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 28-34/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8, 9-11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12, 13-14/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15, 16/, эд мөрийн баримтаар тооцож, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17, 18/, эд мөрийн баримт /хх 19/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Я.Б-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Я.Б- нь тетрагидроканнабинолын агууламж бүхий 908.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт “каннабис” ургамлыг түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг болон 0.8 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Я.Б-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нар гаргасан давж заалдах гомдолдоо“... ар гэрийн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Я.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэн үзэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаарх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Я.Б-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Харин, анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1901 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Я.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагт хийхээр хойшлуулсан байх боловч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаан хийж, шийтгэх тогтоол гаргажээ.

 

Дээрх нөхцөл байдлын улмаас хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэвч анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна.” гэсэн заалтыг баримтлан, дахин дээрх зөрчлийг гаргахгүй байх талаар цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Б-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                                                        

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ