Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 12

 

Ц.Өлзийсайханы  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны  өдрийн 139/ШШ2017/00181 дүгээр  шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Бүрэн дунд сургуульд хариуцагдах, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг, амь насны нөхөн төлбөр 50000000 төгрөг, нийт 60000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал оролцов.

Нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн төрсөн дүү Х.Өлзиймаагийн төрсөн охин талийгаач Ө.Гантуяаг бага наснаас нь харж хандан өсгөж 11 нас хүргэсэн. Ө.Гантуяа нь 2015.03.06-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас тус сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш Г.Мөнхбатын удирдлага, хариуцлагын дор Дундговь аймгийн төвд болох Жудо бөхийн өсвөрийн тамирчдын тэмцээнд оролцохоор очсон үедээ бэлтгэл хийх нэрийн дор, багш Г.Мөнхбатын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас үе тэнгийн 3 охины гарт амь насаа харамсалтайгаар алдсан юм. Энэ асуудлаар Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.14-ний №87 тоот шийтгэх тогтоол гарсан юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, өмгөөлөгч С.Цэмбэлмаа бид уг шийтгэх тогтоолын холбогдох зарим заалтыг үл зөвшөөрөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд Өмнөговь, Дундговь, Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.01.27-ны өдрийн №09 тоот магадлалыг гаргасан. Тус магадлалын тогтоох хэсгийн “б” заалтад: “... 4 дүгээр заалтын “орхисугай” гэснийг орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж өөрчилсүгэй” гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Энэ хэргийн улмаас Ө.Гантуяагийн төрүүлсэн ээж Х.Өлзиймаагийн сэтгэцийн эрүүл мэнд хуучин байснаасаа дордож, байнга уйлах, нойргүйдэх, бие нь байнга өвдөж царай зүс алдан турж эцэн, биднээс охиноо нэхэж, намайг буруутай гэж ойлгон надтай харилцаа холбоогоо таслаж удаан хугацаагаар алга болох, эсвэл Г.Мөнхбат багшийн 1 хүүхдийг би авна гэх мэт маш олон хэцүү асуудлыг ар гэр бидэнд үүсгэх болсон. Илтэд сэтгэлээр унан нүдэн дээр доройтож байгаад бид маш хэцүү байдалд орж байна. Би ч ялгаагүй охиноо алдсан цагаас эхлэн энэлэн шаналж, байнга харамсаж нойргүй болж улмаар хэрэг шалгуулах гэж олон сар үргэлжилсэн ажлын улмаас охиныхоо амь насаа аймшигтайгаар алдсан бодит байдлыг мартах нь бүү хэл улам лавширч, охины маань амь насыг үгүй хийсэн хир нь гэмгүй мэт царайлах багш хариуцсан сургуулийн захирал нарын хандлага ёс зүйд гомдон шаналсны улмаас сэтгэл санааны хямралд орж шүүх хуралд ч орж чадаагүй дундаас нь гарсан баримт эрүүгийн хэрэгт бий. Эдгээр хүмүүсийн хэл ам нь өнөө хүртэл тасрахгүй сум орон нутагт худал, үнэн яриа гаргах, хандлага харилцаа нь хүйтэн хөндий байдалтай байсаар байна. Гэмт хэргийн бодит хохирол болох миний охины амь настай зүйрлэвэл өчүүхэн хэдэн төгрөгний хохирлоо барагдуулах гэж чамгүй хэл ам болсон. Эдгээр олон сэтгэл санааны дарамт ачаалал шалтгааны улмаас миний эрүүл мэнд муудаж урьд болсон зүйлийг огт санахгүй болох, нүд бүрэлзэх, чих шуугих, толгой эргэх заримдаа дотор бачуурч ухаан санаа хачин болоод удаж байна. Нөгөө талаас миний бяцхан охины маань тэр жижигхэн биед баймгүй хэрсүү ухаан, зорилгодоо хүрэхийн тулд хичээж чармайж явсан оролдлого зүтгэл, өвчтэй ээжийгээ том болоод заавал эдгээнэ гэсэн хүсэл эрмэлзлэл гээд надад хэлж ярьж байсан олон зүйлийг би огт мартаж чадахгүй заримдаа зүүдлэн сэрж орондоо олон шөнө уйлсныг хэн ч мэдээгүй билээ. Ядаж л эмнэлэгийн байгууллага хүртэл миний охиныг аль хэдийн амьгүй болсон биеийг золиослон хариуцлагагүй багшийг хамгаалж байсан гэж бодохоор үнэхээр сэтгэл амар огт байж чадахгүй юм. Мөн миний охины амь насыг хохироосны адил цаашид хүний бяцхан үрсийг сургууль бусад байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагааны золиос битгий болгоосой, хүний алтан амийг ямар ч үнэ цэнэгүйгээр үхсэний хохь болгож бүү орхиж байгаасай гэсний үүднээс хариуцлага нэхэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. 1. Сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, 11 насандаа амь насаа бусдын гарт алдсан охин Ө.Гантуяагийн амь насны нөхөн төлбөрт 50 сая төгрөг, нийт 60 сая төгрөгийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Бүрэн дунд сургуулиас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэмбэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолын  тогтоох хэсгийн 4 дэх заалтад хохирлыг хэлэлцэхгүй орхичихоод тайлбар хийхдээ амь нас, сэтгэл санааны хохирлын хэмжээг нотолсон баримтгүй гэж үзсэн байгаа. Мөн одоо хэрэгжиж байгаа хуулийн заалтад энэ хохирлын хэмжээг хэрхэн тооцож зохицуулах зохицуулалт байхгүй учраас хэлэлцэхгүй орхилоо гэсэн байдаг. Үүнд хохирогчийн ар гэрийнхэн нь маш их гомдолтой байсан. Өнөөдөр нэхэмжлэгч ганцхан өөрийнхөө сэтгэл санааны хохирлыг нэхээгүй. Арван хоёрхон настай тэр их хүсэл эрмэлзэлтэй охины амь насыг Монголын өнөөгийн нөхцөлөөр 203000000 төгрөг гээд шинжээч нар дүгнээд шинжээчийн дүгнэлт гаргачихаад байна. Бид хариуцлага нэхэж энэ мөнгийг нэхээд байгаа юм. Магадгүй Гантуяаг дэлхийн олимпийн аварга болохыг ч үгүйсгэхгүй. Монгол улс үндсэн хуулиараа болон олон улсад нэгдэн орсон гэрээ конвенцоороо хамгаалчихсан, амьд явах эрхтэй тэр дундаа хүүхдийн эрх ашгийг хамгаална, Үндсэн хуулиараа бол бусдын хууль бусаар учруулсан хохирол, нөхөн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй гээд маш олон эрх зүйн баримт бичгүүдээр баримтжуулчихсан байдаг. Харамсалтай нь өнөөдөр Иргэний хуулийн ганцхан заалт болох эдийн бус хохирол дээр мөнгөөр үнэлдэггүй гэдэг ч юм уу эсхүл дээд шүүхийн тайлбараар үүнийг хязгаарлах гэж оролддог. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрх зүйн маш олон зохицуулалтууд байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д амь явах эрхтэй, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д  гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн заалтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөж үндэслэх нь тус заалт байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлж болно гэсэн байгаа. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан байгаа. Эдийн бус хохирлыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй. Тийм ч учраас Өлзийсайхан өнөөдөр энэ эрхээрээ шаардаж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 бусдын эрх, амь насанд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байгаа учраас иргэний хэрэг дээр сургуулийг татсан. Өнөөдөр захирал та энд сургуулиа төлөөлөөд сууж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байгаа. Би сургуулийг төрийн үйлчилгээний байгууллага гэж харна. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэсэн заалтыг дурдах нь зүйтэй гэж бодсон юм. Хэдийгээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байхгүй, хэмжих боломж байхгүй байна гэж хэлж байна. Гэтэл бид нар мэргэшсэн шинжээчээр дүгнэлт гаргуулаад өөрөөр хэлбэл хэмжээг нь тогтоож өгсөн гэж би нэхэмжлэгчийн хувьд үзэж байгаа. Хохирогчид нөхөх олговор олгох тухай 2009 оны 7 сарын 9-ний өдөр гарсан Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д 7 сарын 1-ний үйл явдлаас амь насаа алдсан иргэний ар гэрт тус бүр 50 сая төгрөгийн олгосон хууль гарсан. Анхнаасаа бид нар нэхэмжлэлээ гаргахдаа энэ хуулийг жишиг болгож нэхэмжлэл гаргасан. Хохирол үнэлэгчдийн холбоо гээд төрийн бус байгууллагын гишүүн байгууллага байдаг. Тус төрийн бус байгууллагаас гаргасан хохирлын үнэлгээний дүрэм, журам, стандартыг боловсруулж, хэрэгжүүлж энэ талаар саяхан Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран ажиллах гэрээ байгуулсан нөхцөл байдлууд тус хэрэгт байгаа. Тиймээс сэтгэл санааны хохирол, амь насны нөхөн төлбөрт 60 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Би анх Ө.Гантуяагийн эх болох Өлзиймаагийн хувьд шүүхэд хүсэлт гаргасан боловч хэргийн оролцогч биш гээд хэлэлцээгүй. Өлзийсайханы хохирлын асуудлыг шийдэхэд ганц Өлзийсайханы асуудал байгаа юм биш. Өлзиймаа 60 хувийн группэд байдаг болохоор ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй. Өлзиймаа хүүхдээ асрах чадваргүй. Өлзиймаатай 4 нас хүртлээ талийгаач охин амьдарч байгаад тэгээд 11 нас хүртлээ Өлзийсайханы асрамжид өссөн юм. Өлзийсайхан асрамжийг нь шилжүүлж авах гэсэн боловч шилжүүлж өгөөгүй. Тэгсэн хэрнээ Өлзийсайхан талийгаач охины ээжийнх нь оронд ээж болж байсан хүн. Өлзиймаа нь сэтгэцтэй холбоотой оноштой хүн. Мөнгө тоолж чадахгүй л хүн байдаг юм. Энэ талаар эрүүгийн хэрэгт нотлох баримтууд байгаа. Өлзиймаа хэргийн оролцогч биш гэсэн шүүхийн шийдвэр гарсан учраас би Өлзийсайханы асуудлаар явж байгаа юм. Харин хохиролд Өлзиймаагийн асуудал орох ёстой гэж үзэж Өлзиймааг оруулсан байсан. Тиймээс Өлзийсайхан шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.  

Хариуцагчийн төлөөлөгч Л.Буянтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Өлзийсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ямар нэг уралдаан тэмцээнд оролцоход эцэг, эх ч хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Бид сургуулийн төлөө та нар тэмцээнд ороод ир гэж тулган шаардаагүй. Эцэг, эхчүүд хүүхдээ хөгжүүлье, сайн хүн болгоё гэж иргэнийхээ үүргийг хүлээн тэмцээн уралдаанд явуулж байгаа. Өнгөрдөг охиныг ч гэсэн бид хүчээр тэмцээнд явуулаагүй. Юм болгон дээр байгууллагыг буруутгадаг зүйл байж болохгүй. Тус бүрэн дунд сургууль нь ашгийн төлөө бус төрийн байгууллага бөгөөд зөвхөн улсын төсвийн санхүүжилтээр сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Төсвийн хүрэлцээ санхүүжилт дутмаг байгаагийн улмаас багш ажилчдын үр дүнгийн урамшууллыг 1,2-р улиралд дутуу олгосон, гэрэл цахилгааны зардлаа төлж чадаагүйн улмаас 6-р сараас эхлэн тог авч чадахгүй гэрэл цахилгаанаа Дундговь аймгийн Цахилгаан түгээх газрын шийдвэрээр таслуулаад байна. Төсөвт тэтгэмж тусламжийн зардал суудаггүйгээс багш ажилчдын ар гэрт тохиолдсон уй гашуудал болон баяр баясгаланг хамт олны дэмжлэгээр туслалцаа үзүүлэн хуваалцдаг. Золгүй тохиолдлоор нас барсан талийгаач охины оршуулгын үеэр тусламж болгон олгосон 1200000 төгрөгийг багш, ажилтан, сурагчдаас цуглуулан ээж Өлзиймаад олгосон. Мөн ажил явдлын үеэр хүн хүч, сургуулийн пургон машин зэргээр эд материал бензин шатахууны туслалцаа үзүүлсэн. Өөрөөр сургуульд өөрийн гэсэн хөрөнгө мөнгө байхгүй тул ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж байхгүй болно. Харин нэхэмжлэгч Ц.Өлзийсайханыг ажлын байраар хангаж болно гэв.

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Ц.Өлзийсайханы нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Бүрэн дунд сургуульд холбогдох сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг, амь насны нөхөн төлбөр 50000000 төгрөг, нийт 60000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Өлзийсайхан давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 139/ШШ2017/00181 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1.Би анхан шатны шүүхэд 2016.06.06-ны өдөр буюу одоогоос жилийн өмнө анх нэхэмжлэл гаргаж, шүүх бараг жилийн хугацаанд энэ хэргийг шалгасан нэр зүүж, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч биднийг хангалттай чирэгдүүлж, цаг хугацаа, эдийн засаг, сэтгэл санаа гээд олон зүйлээр хохироосны эцэст шүүх хурал хийж, хохирогч намайг  “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна.

... Миний 11 настай бяцхан охиныг улаан цайм  дэргэд нь харсаар сууж байгаад  шавь гэх 3 охины гарт амь насыг нь үгүй хийсэн багш Мөнхбатын үйлдсэн, байж боломжгүй, хариуцлагагүй гэмт хэргийг шалгах явцад  анхнаасаа нөлөөлж байсан түүний хамаатнуудын хууль бус нөлөөлөл одоо ч иргэний хэрэгт хэвээр үргэлжилж байгаад маш их гомдолтой байна.  Учир нь би жилийн өмнө нэхэмжлэл гаргахад шүүх, шүүгч үнэхээр намайг төлөөлөх эрхгүй гэж үзээд шалгаад авсан бол анхнаасаа хүлээн авахгүй, би бүтэн жил чирэгдэхгүй байх ёстой байжээ. Гэтэл анхан шатны шүүх хүлээн авсан, иргэний хэрэг үүсгэсэн, миний болон өмгөөлөгчийн хүсэлтээр Ц.Өлзийсайхан надад сэтгэцийн асуудлаар шинжээч томилсон, би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас өвлийн хүйтэнд хот орж шинжилгээ өгөх гэтэл шүүхийн үйл ажиллагаанаас болоод хэрэг ирэхгүй тул үзэхгүй хэмээн намайг хүлээлгэж, би аргагүй эрхэнд сум руугаа буцаж чирэгдсэн. Сая гэмт хэргийн улмаас учирсан амь нас, сэтгэл санааны хохирлын үнэлгээн дээр шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Би бас зохих төлбөрийг төлж, хоёр ч удаа Улаанбаатар орж чирэгдсэн. Гэтэл би гэдэг хүн үнэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм бол шүүх яах гэж хохирсон надаар ийнхүү тоглох болов ...

Үүнийг шалтгааныг намайг дахин энэ асуудлаар явахгүй болтол залхаах гэсэн оролдлого  гэж үзэж байна. Шүүх, шүүгч өндөр ёс зүй, мэдлэг чадвар, дотоод итгэлээрээ бол намайг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байсан бол иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж, жилийн өмнө энэ асуудлыг шийдэх боломжтой байсан.

2. Би өөрийгөө нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэж байна. Охины маань амь насыг хохироосон эрүүгийн хэрэгт Ц.Өлзийсайхан намайг албан ёсоор хохирогчоор тогтоож,  Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.14-ний өдрийн №87 тоот шийтгэх тогтоолоор баталгаажуулсан юм. Энэ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “хохирогч” Ц.Өлзийсайханд холбогдох  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын асуудлыг тодорхой шийдвэрлэсэн заалт байна. Мөн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.01.27-ны өдрийн дугаар 09 магадлалд Ц.Өлзийсайхан намайг хохирогч гэдгийг баталгаажуулж,  мөн тогтоох хэсгийн 1-ийн “б”-д  “... 4 дүгээр заалтыг “орхисугай” гэснийг “орхиж  хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг  дурьдсугай“ гэж өөрчилсөн.

Энэ заалтаар Дугаар 09 магадлал хохирогч Ц.Өлзийсайхан надад иргэний  журмаар  “нэхэмжлэл гаргах эрхийг” олгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж үзэж байна. Би иргэн хүний хувьд эрүү, иргэний шүүхийн 2 өөр шийдвэрийн  дунд гэмт хэргийн улмаас хэзээ ч нөхөж баршгүй хохирол амссан хохирогч бид хохирох ёсгүй гэж үзэж гомдол гаргаж байна.

            ... Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах  эрхийг ар гэр, хохирогч бид эдэлж, талийгаач охиныхоо “нас биед хүрч, жудо бөхийн алдартай тамирчин болж, өвчтэй ээжийнхээ өвчнийг эдгээж, хүний дайтай сайхан амьдаръя гэж бяцхан биедээ ахадсан хүсэлт мөрөөдөл, тэвчээр зориг нь амьтайгаа хамт буснигдах ёсгүй бөгөөд Мөнхбат багш, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Бүрэн дунд сургуулийн захирал нар шиг багш хэмээх сайхан алдрын цаана нуугдаж, хүнлэг бус этгээдийн гараар цөөхөн Монголын маань үрс 1, 2-оор амь нас нь , оргилуун хүсэлт мөрөөдөлтэйгээ  хамт “үгүй” болох ёсгүй хэмээн үзэж, “ хариуцлага” нэхсэн энэхүү нэхэмжлэлийг гаргасан төдийгүй, өөрийн сэтгэл зүрх, эрүүл мэндээ золиослон нулимс, хөлс, нойр хоол, бухимдал уур цухалбарыг шүүх, цагдаагаар тасралтгүй 2 жил гаран явж байна. Би маш их гомдолтой байна. Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан үндсэн эрх болох шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх боломж надад олдоно гэдэгт итгэж энэхүү гомдлыг гаргаж байна. 

            Иймд давж заалдах шатны шүүхэд: Анхан шатны шүүхийн 139/ШШ2017/00181 дугаар шийдвэрийг хянан үзэж, миний нэхэмжлэлийн 60 / жаран сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

 Нэхэмжлэгч 2017.5.9-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Дундговь аймгийн Прокурорын газар дахь Эрүүгийн хэргийн салбар архиваас Эрүүгийн 201512000057 дугаартай Г.Мөнхбат, Г.Мөнхзул нарт холбогдох хэргийг шүүхийн журмаар гаргуулж, нотлох баримтаар шинжлэн судлуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ. ...”

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан ажиллагааг “үзлэг явуулах” нэрээр гүйцэтгэсэн атлаа үзлэгийг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, үзлэгээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах, үзлэгээр хийгдсэн болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн дээр дурдсан хүсэлтэд үзлэг хийлгэх талаар огт дурдаагүй, харин нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлэх гэсэн агуулга бүхий хүсэлт байгааг шүүх анхаараагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Шүүх шийдвэрийн үндэслэх тогтоох хэсэг илт зөрүүтэй гарсан бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ц.Өлзийсайхан нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... гэж, мөн  “...Ө.Гантуяагийн амь нас хохирсон талаар хохирлыг эх Х.Өлзиймаа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. ...”гэж  дүгнэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, дүгнэлтээсээ зөрүүтэй шийдлийг гаргасан байна.

Нотлох баримт бүрдүүлж, цуглуулах талаар гаргасан нэхэмжлэгч талын хүсэлт хангагдаагүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг Давж заалдах шатны шүүхээс өөрчлөн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны  өдрийн 139/ШШ2017/00181 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Т.БЯМБАЖАВ

                         ШҮҮГЧИД                             Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ