Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Сант сумын 3-р баг, Домбон гэх газар нутаглах, Хиад овогт Агваанжамбын Дуламсүрэн /ЗЛ65142808/-ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сосорбурам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн. 50 настай. 1984 онд Өвөрхангай аймгийн Сант сумаас Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд шилжин ирсэн. Ингээд 1984 оны 01 сарын 01-нээс эхлэн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад  1993 оныг дуустал малчнаар ажилласан юм. Энэ хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, цалингийн баримт зэргийг үндэслэн 1984 оны 01 сарын 01-нээс 1993 оныг дуустал улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ. 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сосорбурам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Дуламсүрэн нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэл, ‘’Оргил’’ хувьцаат компанид 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл мал маллаж байсан юм. Энэ хугацааных нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдээд, мөн архивт ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал нь байхгүй болоод тэтгэвэрт гарч болохгүй байгаа юм билээ.

Иймд А.Дуламсүрэнг 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Дуламсүрэн нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 276 дугаартай тодорхойлолтод: ‘’Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа туг А.Дуламсүрэнд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна’’ гэжээ.  /хэргийн 3-р хуудас/
  2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 08/606 дугаартай лавлагаагаар: ‘’Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэл нь 1959 оны 10 сарын 28-нд байгуулагдаж 1991 оны 04 сарын 28-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1992 оны 02 сарын 18-нд Оргил ХК болж өөрчлөгдөн 1994 оны 6 сарын 13-нд  Оргил ББХКомпани болж бүртгэгдсэн байна’’ гэжээ. /хэргийн 4-р хуудас/
  3. 1991, 1992, 1993 оны А.Дуламсүрэнгийн төллөлт, төл бойжилтын мэдээний хуулбар /хэргийн 17-19-р хуудас/
  4. 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сары, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 9-12 сарын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар  /хэргийн 8-16-р хуудас/
  5. Гэрч Д.Цогхийморь, З.Мандах, Ё.Санжаасүрэн нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч А.Дуламсүрэнгийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байсан боловч үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 276 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хүсэлт гаргагч А.Дуламсүрэнг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ‘’Оргил’’ ХК-д 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг хэргийн 8-19-р хуудсанд төллөлт, төл бойжуулалтын мэдээ, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 08/606 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн хүсэлт болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэл нь 1992 оны 2 сарын 18-нд Оргил ХК болж үйл ажиллагаагаа явуулж байсан нь ундговь аймгийн Татварын хэлтсийн 08/606 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул А.Дуламсүрэнг Социализмын зам нэгдэлд 1984.01.01-1992.02.18-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ‘’Оргил’’ ХК-д 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиад овогт Агваанжамбын Дуламсүрэнг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ‘’Оргил’’ ХК-д 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР