Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 13

 

Б.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 139/ШШ2017/00206 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Б.Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ган-Эрдэнэд холбогдох зээл, алданги 50000000 /тавин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Туул, хариуцагч Д.Ган-Эрдэнэ, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Ган-Эрдэнэ нь 2015 оны 11 сарын 13-ны өдөр 14 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай аман байдлаар тохиролцож авсан. Гэвч хугацаандаа төлөөгүй. Анх амаар хүүгээс хүү бодохоор харилцан тохиролцсон. Дараа нь 2016 оны 07 сарын 28-ны өдөр төлбөр барагдуулахаар болсон. Гэвч өнөөдрийн байдлаар үндсэн зээл болон хүүг өгөөгүй байна. Иргэн Д.Ган-Эрдэнэд мөнгө зээлүүлэхдээ ХААН банкнаас 9 сая төгрөгийн цалингийн зээл авч өгсөн бөгөөд одоогийн байдлаар 17 сар буюу 1,5 жилд 5,1 сая төгрөгийг банкинд төлөөд байна. Мөн энэ хүнд мөнгө зээлүүлснээс болж орон сууц барих ажлаа алдаж одоо амьдарч байгаа байраа зарж чадаагүй байгаагаас ХАС банкны орон сууцны зээлээ хааж чадалгүй мөн 5270000 төгрөг төлж нийт 10370000 төгрөгийг банкны зээл төлж хохирсон. Үүнээс гадна 2 банкинд зээл төлснөөр өрхийн хэрэглээнд мөнгө хүрэлцэхгүй хүнээс зээлсэн мөнгө одоогоор 5,3 сая төгрөг болсон. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр хоёулаа нотариат дээр ярилцаад ‘’ямар нэгэн гэрээ байх хэрэгтэй, эхний зээлийн гэрээг нөхөж хийж байгаа, харин төлбөр барагдуулах хэлцэл бол энэ нөхөж хийсэн гэрээ, зээлсэн мөнгөө тэдий хугацаанд барагдуулна, хэдэн төгрөг болсон гэдгийг харуулж дараагийнх нь хийж байгаа гэрээ’’ гэж хэлээд хийсэн гэрээ байгаа. Д.Ган-Эрдэнэ он сарыг нөхөж хийж байгаа гэдгийг мэдэж байсан. Иймд миний бие нэгэнт амаар тохиролцсон гэрээ учир хүү авах боломжгүй гэж үзээд харин 2015 оны 11  сарын 13-ны өдөр зээлүүлсэн 14000000 /арван дөрвөн сая/ төгрөг, түүнд бодсон 0,5 хувийн алданги болох 36000000 /гучин зургаан  сая/ төгрөг, нийт 50000000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагч Д.Ган-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Туулаас 2015 оны 11 сарын 13-ны өдөр 14 сая төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай аман гэрээ хийж бусдад зуучлан авч өгсөн нь үнэн. Гэтэл надаар дамжуулж мөнгө зээлсэн 2 хүн маань Солонгос явах ажил нь бүтэхгүй, тэр мөнгөө виз хөөцөлдөж бүтээж өгнө гэсэн хүнд өгөөд авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Б.Туулын нэхэмжилсэн 50000000 төгрөгийг төлөх боломжгүй. Анх гэрээг амаар хийхдээ 8 хувийн хүүтэй гэж тохирсон болохоос биш алданги гэж яригдаагүй. Энэ гэрээг нөхөж хийхдээ хууль зөрчиж хийсэн учраас хүчингүй гэрээнүүд гэж үзэж байна. Нотариатч тухайн он сараар нь гэрээг хийх ёстой. Гэтэл он сарыг нь нөхөн хийсэн нь хүчингүй, ойлгомжгүй гэрээ хийсэн. Яг зээл өгч, авч байхдаа л зээлийн гэрээ хийгээгүй бол Иргэний хуулийн 282.3-т зааснаар алданги авах эрхээ алдахаар заасан байна. Тухайн үед бид хоёр нотариат дээр очиход бэлдсэн гэрээ байсан. Би авсан нь үнэн юм чинь гэж бодоод гарын үсэг зурсан. Он сарыг Б.Туул надад хэлээгүй, би ч анзаараагүй зурсан. Нөхөж хийсэн гэрээнд зээл хүү, алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Харин би авсан 14 сая төгрөгийг төлнө гэв.

Анхан шатны шүүх:

                  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ган-Эрдэнээс 14000000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Туулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412345 /дөрвөн зуун арван хоёр мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227950 /хоёр зуун хорин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Туул давж заалдах гомдолдоо: Балжинням овогтой Туул миний бие нь Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 сарын14-ний өдөр Д.Ган- Эрдэнэд холбогдох иргэний хэргээр нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу гарсан Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19 өдрийн 139/ШШ2017/00206 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд: Иргэний хуулийн 56 дугаар зүйпийн хэд дэх хэсгээр хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцсон нь тодорхойгүй иймээс гэрээг нотлох баримтаар үнэлээгүй нь шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19 өдрийн 139/ШШ2017/00206 дугаар шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.

Иргэн Д.Ган-Эрдэнэ нь надаас өөрөө хүсч зээл авсан, миний бие нь энэ хүнд өргүй Д.Ган-Эрдэнэ нь өөрийн хариуцлагаа хүлээх үүрэгтэй, шүүгч бидний гэрээний чөлөөт байдалд халдаж гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь мөн ямар учраас иргэн хоорондын харилцан тохиролцож хийсэн зээлийн гэрээ, төлбөр барагдуулах хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Шүүгч Л.Хишигдэлгэр нь Иргэн Д.Ган-Эрдэнийн хүлээн зөвшөөрч мөнгө авсанаас хойшхи хүүг тооцож 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хийсэн төлбөр барагдуулах хэлцэлийг тооцоогүй мөн Д.Ган-Эрдэнэд 8 сая төгрөгний зээл хийж өгсөн банкны төлөлт болон хүүг тооцоогүй ямарч хүн банкнаас зээл хийж зүгээр хүнд мөнгө өгөхгүй биз дээ миний бие нь төрийн албан хаагч хүн цалингаас цалингийн хооронд явдаг, байраа томсгох санаатай мөнгөө өсгөх гэж зээл хийж мөнгө зээлдүүлсэн.

Иргэн Д.Ган-Эрдэнэ нь өөрөө ломбард ажиллуулж 10%-ийн хүүтэй мөнгө зээлдэг учир 2 жилийн хугацаанд 14 сая төгрөгнөөс хэдэн төгрөгний хүү авахаа сайн мэдэж байгаа Хэрвээ миний бие нь иргэн Д.Ган-Эрдэнэд итгэж мөнгө зээлүүлээгүй байсан бол одоо амьдарч байгаа орон сууцаа зарж, Хас банкны зээлээ хааж, сэтгэл санаагаар хохирохгүй байлаа. Гэвч бүр орон сууц барих хугацаагаа алдаж, цалин өрхийн амжиргаанд хүрэлцэхгүй 2 банкны зээлэнд 9.577.700 төгрөгийг төлж хохирсон.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж иргэн Д.Ган-Эрдэнэтэй байгуулсан төлбөр барагдуулах тухай хэлцэлийн 27 832 505 төгрөг мөн алданги 6.679.800 төгрөг нийт 34.512.305 төгрөгийг Д.Ган-Эрдэнээс нэн яаралтай гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантэй эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нэг бүрийг оновчтой зөв тодорхойлж, шийдвэрлээгүй, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэлгүйгээр үнэлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөж залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Туул Д.Ган-Эрдэнээс 2015.11.13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хэргийн 3-р хуудас/, түүнээс хойш буюу 2016 оны 07 сарын 28-ны өдөр харилцан тохиролцож уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцлээр / хэргийн 5-р хуудас/ хийсэн тохиролцооны дагуу үндсэн зээл, алдангид нийт 5000000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд байгуулсан  2015.11.13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2016 оны 07 сарын 28-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах тухай хэлцэл, ХААн болон Хас банкны зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудыг тус тус үндэслэл болгосон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас авсан 14000000 төгрөгийг төлнө бусдыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь би өөрөө хэрэглээгүй хүнд авч өгсөн, 2015 оны 11 сарын 13-ны өдөр 14000000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай авсан нь үнэн гэхдээ зээлийн гэрээг сүүлд нөхөж хийсэн учир хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч 14000000 төгрөгийн зээлийн гэрээг сүүлд нөхөж байгуулсан гэх боловч  тэрээр өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэрээнд тусаагүй тухай маргаагүй, тэрээр өөрөө тайлбараа нотлоогүй байна.

Хариуцагч нотариатчийн үйл ажиллагааны талаар гомдол гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар хүсэлт гаргах эрхүүдээ хэрэгжүүлээгүй байдалд шүүх буруугүй бөгөөд хариуцагчийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хууль, Нотариатын тухай хууль зөрчиж хийсэн гэх үндэслэлээр үнэлэхгүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзнэ.

Зохигчийн хооронд  2015.11.13-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талууд тохиролцсоноор байгуулагдсан зээлийн гэрээ нь мөнгө өгч авалцсанаар хэрэгжсэн байна.

Тус зээлийн гэрээгээр талууд 14000000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 0,5 хувийн алданги төлүүлэхээр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн шаардлагад  үндсэн зээл, алданги нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нийт үнийн дүнд өөрчлөлт ороогүй боловч хохирол нэмж дурдсан байна. Энэ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-63 дугаар зүйлийн нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, нэхэмжлэлийн үнэ тодорхойлох журамд нийцээгүй, мөн хохирлоо нотлоогүй байна.

 Нэхэмжлэгч хүү нэхэмжлээгүй тул шаардлагын хүрээнд зээлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээсэн үүргийн дагуу үндсэн зээл 14000000 төгрөг, алданги 7000000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хууль болон  зээлдүүлэгчийн эрх ашигт нийцнэ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281.2 гэсэн хуульд байхгүй зүйл ангийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн байх тул хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нийт шаардлагын хэмжээ 50000000 төгрөг байх бөгөөд үүнд ногдох 407950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх байсан боловч 412345 төгрөг төлсөн байна. Иймд илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний  өдрийн 139/ШШ2017/00206 дугаар  шийдвэрийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Ган-Эрдэнээс 21000000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Туулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “... 227950...” гэснийг “...262950...” гэж, “...олгосугай.” гэснийг “олгож,” гэж “олгож,”гэсний дараа “улсын орлогоос 4395 төгрөгийг гаргуулж, Б.Туулд олгосугай.” гэсэн нэмэлт оруулж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Б.Туулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330513 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Б.Туулд буцааж олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                     ШҮҮГЧИД                           Ш.ТӨМӨРБААТАР

                                                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ