Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

           улсын яллагч Р.Очирсүрэн /томилолт/,

            шүүгдэгч Х.Баярсайхан, түүний өмгөөлөгч Т.Баярбат /ҮД-0717/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хуучааны Баярсайханд холбогдох 201626011237 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автобусны жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 61-2-40б тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Хуучааны Баярсайхан /РД:ШБ64060913/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Баярсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41-58 тоотод төрсөн эгч Х.Баярцэцэгтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас буюу “хамаатнуудад муулсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Х.Баярцэцэгийн хөлөн тус газар сандлаар 5-6 удаа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлав. Үүнд:

  1. Хохирогч Х.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би ээж дээрээ очтол манай дүү Баярсайхан, ээж Дэнсмаа, манай дүүгийн хүүхэд Чинзориг нар байсан. Ээж дүү хоёрыг салхилах гээд гарсны дараа би Баярсайханд “чи битгий мөнгөний хэрүүл хийгээд бай, аавын 49 хоног өнгөрөөгүй байна,  түүний дараа энэ асуудлыг яръя гэж хэлээд цаад өрөөнд ороод компьютер дээр суутал ардаас орж ирээд намайг босоод ирэхээр газар байсан хуванцар сандал аваад дээрээс маань цохиод байсан. Тэгээд би хойшоо ухраад ор руу гарсан. Тэгээд ор руу гараад баруун гар талаараа дараад хэвтсэн чинь зүүн талаас сандлаар цохиж зодож эхэлсэн. Тэгээд би толгой руу цохиж хэрэггүй гэж гуйсан. Сүүлдээ би гуйгаад “гэртээ харья” гэж хэлтэл “чамайг модон сандлаар зодоод мэдрэл муутай болгоод өгье” гээд байсан. Гэхдээ модон сандлаар зодоогүй. Тэгээд байж байтал манай ээж дүү хоёр орж ирэхэд намайг зодохоо больсон. Тэгээд би ээж дүү хоёртоо хэлэлгүй хувцсаа өмсөөд гараад явсан. Миний 2 хөл, 2 гарыг сандлаар цохьж зодсон. Тухайн үед 4 мөч маань хавдартай, хөхөрсөн байсан. Баруун хөлийн чигчий, ядам хуруу хугарсан, зүүн хөлийн ядам хуруу хугарсан. Би ээжийнхээс гараад автобусны буудал руу явж байхад хөл өвдөөд байхаар нь хүн гуйж буудал хүргүүлээд автобусанд сууж 3 дугаар эмнэлгийн буудлаас дамжсан. Нисэхийн байрны буудал дээр ирээд найз Төртогтохоор тосуулаад гэртээ ирсэн. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 х/

            “...Миний өмнөх ослын үлдэц гэвэл баруун хөлний шагай хэсгээр л гэмтсэн. Харин хөлний хурууны хугарал бол Баярсайханд зодуулсны улмаас үүссэн. Тухайн үед гэртээ байж байхад Баярсайхан ирээд намайг дуудаж гаргаад надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед би гомдолгүй гэсэн бичгэн дээр  гарын үсэг зуруулж байгаа юм байх гэж бодоод уншаагүй шууд гарын үсэг зурчихсан. Тэр хүсэлтийг би өөрөө ч бичээгүй, Баярсайхан хүнээр бичүүлж авчирсан юм. Надад одоо ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 х/   

             

2.Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тухайн үед би байгаагүй болохоор яг юу болсон талаар мэдэхгүй. Тэр өдрийн өмнөх өдөр нь Баярсайхан бид 2 ээжийнх нь гэрт ирж хоносон юм. Тэгээд би ажилдаа явж, Баярсайхан үлдсэн юм. Тэгсэн орой нь Баярсайхан надад Цэцгээ /хохирогч Х.Баярцэцэг/ эгчтэй муудалцаад хэдэн үг хэлээд хэдэн удаа цохиод авчихлаа гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/ 

 

3.Гэрч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би тэр өдөр эмээ дээрээ ирээд цай уучихаад эмээг гадаа салхиуулахаар гарсан. Тэр хооронд маргалдаж зодолдсон асуудал болсон юм шиг байна лээ. Би тэр талаар сүүлд мэдсэн. Намайг орж ирэхэд ямар нэгэн зодуулсан зүйл анзаарагдаагүй, эгчийгээ лифтэнд суулгаад өгчих гэхээр нь суулгаж өгсөн. Өмнө нь осолд ороод хөлөө бэртээж байсан болохоор доголж явдаг юм. Тийм учраас би сайн анзаараагүй, надад зодуулсан талаараа юм яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 х/

  

4. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6249 тоот акт:

   1/ Х.Баярцэцэгийн биед баруун хөлийн тавхай 4, 5 зүүн хөлийн тавхай 4-р хурууны угийн шивнүүрт далд хугарал, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2/ Дээрх гэмтэл нь бусдад зодуулснаас үүсэх боломжтой.

            3, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            5/ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            6/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-ийн 25 х/

 

5.Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хоёр хөлийн тавхайн хоёр байрлалын рентген зургийг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч С.Чулуунсүхээр уншуулахад баруун хөлийн 4, 5 дугаар хуруу нь зүүн хөлийн 4 дүгээр хурууны угийн шивнүүрт ташуу зөрөөгүй хугаралттай гэж тогтоогдсон. Энэ нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл юм. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сандал нь мохоо зүйлд хамаарна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28, 69 х/

 

          6. Шүүгдэгч Х.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

            “...Манай эгч Х.Баярцэцэг надтай хэрүүл хийгээд чи намайг хамаатнуудад мууллаа гэх утгатай юм яриад байсан. Тэгээд цаад талын өрөөнд ороод сандал дээр суухаар нь би сандалтай нь түлхээд унагаачихсан юм. Тэгээд сууж байсан сандалыг нь аваад дээрээс нь 5-6 удаа цохьсон. Би гэхдээ дээрээс нь цохихдоо нүүр лүү нь болон толгой руу нь цохиогүй. Манай эгч хоёр хөлөө гэмтээж байсан. Хоёр жилийн өмнө машинд мөргүүлж байсан гэдэг юм. Тэгээд би хөл рүү нь бас цохиогүй. Тэгсэн чинь манай эгч би буруугаа ойлголоо. Эгч нь буруу амьдарч байсан байна. Эгчийгээ битгий зодооч гэсэн. Тэгээд бид хоёр ярилцаад би өөрийнх нь болохгүй байгаа талаар ярьж өгсөн. Тэгээд бид хоёр нэг цаг хэртээ яриад суусан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 х/

 

           7. Шүүгдэгч Х.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

            “...2016 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө би ээжийгээ хараад гэрт нь байсан. Манай аав нас бараад 49 хоноогүй байсан. Манай эгч Баярцэцэг нь архины хамааралтай хүн байгаа юм. Аавыг нас барснаас хойш 20 гаран хоног архи уугаад ирэхгүй байж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө гэрт орж ирээд ааш авир гаргаад байсан. Манай ах дүү нар Баярцэцэг эгчийг сурагладаггүй, харьцдаггүй хүмүүс байдаг. Баярцэцэг гэрт орж ирээд хэрүүл хийгээд загнаад байхаар нь би нөгөө өрөөнд оруулж байгаа түлхэж унагаагаад сандлаар 5-6 удаа цохьсон. Би тархи толгой, хөл рүү нь цохиогүй, зузаан гуя, гар руу нь цохьсон. Тэгээд би эгчтэйгээ 1 цаг гаран ярьж сууж дотроо онгойлгосон. Би эгчдээ ээж аавыг зовоож байна гэж хэлсэн. Их зодоон болоогүй. Тэгээд дүүг ээжийг тэрэгтэй түрээд гаднаас орж ирэхээр нь эгч зөрөөд гараад явсан. Хөлөнд үүссэн хугарал гэмтлийг би учруулаагүй. 2 хоногийн дараа архи ууж явж байгаад гэмтээсэн байх.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

8. Хохирогч Х.Баярцэцэгийн гэрэл зураг /хх-ийн 47-52 х/

9. Эд мөрийн баримтаар тооцож, эрүүгийн хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 74 х/ ...пивор сандал...

110 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 х/

11. Шүүгдэгч Х.Баярсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-44 х/

12. Хохирол төлсөн тухай өргөдөл /хх-ийн 63,64 х/ ...330.000 төгрөг...

13. Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70 х/ зэрэг болно.

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Х.Баярсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41-58 тоотод төрсөн эгч Х.Баярцэцэгтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар Х.Баярцэцэгийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

            Хохирогч Х.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Баярсайханд чи битгий мөнгөний хэрүүл хийгээд бай, аавын 49 хоног өнгөрөөгүй байна, түүний дараа энэ асуудлыг яръя гэж хэлээд цаад өрөөнд ороод компьютер дээр суутал ардаас орж ирээд намайг газар байсан хуванцар сандал аваад дээрээс маань цохиод байсан. Тэгээд би ор руу гараад баруун гар талаараа дараад хэвтсэн чинь зүүн талаас сандалаар цохиж зодож эхэлсэн. Тэгээд байж байтал манай ээж дүү хоёр орж ирээд намайг зодохоо больсон. Ер нь миний 2 хөл, 2 гарыг сандлаар цохьж зодсон. Тухайн үед 4 мөч маань хавдартай, хөхөрсөн байсан. Баруун хөлийн чигчий, ядам хуруу хугарсан, зүүн хөлийн ядам хуруу хугарсан. Энэ гэмтлийг Баярсайхан учруулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 68 х/

 

Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баярсайхан надад Цэцгээ /хохирогч Х.Баярцэцэг/ эгчтэй муудалцаад хэдэн үг хэлээд, хэдэн удаа цохиод авчихлаа гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/ 

 

Гэрч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр эмээ дээрээ ирээд цай уучихаад эмээг гадаа салхиуулахаар гарсан. Тэр хооронд маргалдаж зодолдсон асуудал болсон юм шиг байна лээ. Би тэр талаар сүүлд мэдсэн. Намайг орж ирэхэд ямар нэгэн зодуулсан зүйл анзаарагдаагүй, эгчийгээ лифтэнд суулгаж өгсөн. Өмнө нь осолд ороод хөлөө бэртээж байсан болохоор доголж явдаг юм. Тийм учраас би сайн анзаараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 х/

  

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6249 тоот акт:  Х.Баярцэцэгийн биед баруун хөлийн тавхай 4, 5 зүүн хөлийн тавхай 4-р хурууны угийн шивнүүрт далд хугарал, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулснаас үүсэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ба шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт/ хх-ийн 25 х/

 

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хоёр хөлийн тавхайн хоёр байрлалын рентген зургийг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч С.Чулуунсүхээр уншуулахад баруун хөлийн 4, 5 дугаар хуруу нь зүүн хөлийн 4 дүгээр хурууны угийн шивнүүрт ташуу зөрөөгүй хугаралттай гэж тогтоогдсон. Энэ нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл юм. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сандал нь мохоо зүйлд хамаарна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28, 69 х/

 

          Шүүгдэгч Х.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Манай эгч Х.Баярцэцэг надтай хэрүүл хийгээд чи намайг хамаатнуудад мууллаа гэх утгатай юм яриад байсан. Тэгээд цаад талын өрөөнд ороод сандал дээр суухаар нь би сандалтай нь түлхээд унагаачихсан юм. Тэгээд сууж байсан сандалыг нь аваад дээрээс нь 5-6 удаа цохьсон. Би гэхдээ дээрээс нь цохихдоо нүүр лүү нь болон толгой руу нь цохиогүй. Тэгсэн чинь манай эгч би буруугаа ойлголоо. Эгчийгээ битгий зодооч гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 х/

 

           Шүүгдэгч Х.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Баярцэцэг гэрт орж ирээд хэрүүл хийгээд загнаад байхаар нь би нөгөө өрөөнд оруулж байгаа түлхэж унагаагаад сандлаар 5-6 удаа цохьсон. Би тархи толгой, хөл рүү нь цохиогүй, зузаан гуя, гар руу нь цохьсон.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Х.Баярсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

            Харин шүүгдэгч Х.Баярсайхан болон түүний өмгөөлөгч Т.Баярбат нарын гаргасан “...хохирогч Х.Баярцэцэгийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг Х.Баярсайхан учруулсан нь баримтаар тогтоогдохгүй байна, хохирогч Баярцэцэг нь уг гэмтлийг хэрэг болохоос өмнө авсан эсхүл  хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа архи ууж яваад гэмтсэн гэмтэл байх боломжтой. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн санал, хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

             Учир нь, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг тогтвортой буюу Х.Баярцэцэг нь хохирогчоор хоёр удаа мэдүүлэг өгөхдөө Х.Баярсайханаас өөр хэн нэгэнд зодуулж гэмтсэн талаар мэдүүлээгүй ба харин Х.Баярсайханд юугаар, хэрхэн яаж зодуулсан, ямар гэмтэл авсан, хэрхэн яаж харьсан талаараа тодорхой мэдүүлсэн нь гэрч Д.Оюунчимэг, Б.Чинзориг нарын мэдүүлгүүдээр, мөн хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтойгоос гадна уг гэмтлийг авсаны дараагаар гишгэж явах боломжтой талаар дүгнэж, тусгасан шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтын эх сурвалжтай байна.

            Түүнчлэн хохирогч Х.Баярцэцэг 2015 оны 2 сард баруун хөлийн шагайн орчмоор хугарч гэмтэж байсан талаар мэдүүлсэн нь түүний 00822 дугаартай өвчний түүхэнд бичигдсэн оноштойгоо тохирсон төдийгүй Х.Баярцэцэг нь өөрийн дүү Х.Баярсайханд зодуулснаас хойш өөр хэн нэгэнд зодуулсан талаар, эсхүл өөрөө согтуурсан үедээ 2 хөлөөрөө юм өшиглөж гэмтэл авсан тухай баримтгүй тул шүүгдэгч Х.Баярсайхан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан санал нь дээрх баримтуудаар үгүйсгэгдсэн болно.

            Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч хангах боломжгүй юм.

Шүүгдэгч Х.Баярсайхан нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ий 41 х/ -аар тогтоогдсон болно.

          Шүүгдэгч Х.Баярсайханд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, харин эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон  ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овогт Хуучааны Баярсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Х.Баярсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Баярсайханд 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Х.Баярсайханд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар сандал 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Баярсайханыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны  өдрөөс эхлэн тоолсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Баярсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.АЛТАНЦЭЦЭГ