Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1491

 

 

 

 

2018            10               30                                                    2018/ШЦТ/1491

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

 

Улсын яллагч И.Ариунсанаа,

 

Шүүгдэгч Б.Ц,

 

Шүүгдэгч Т.Б түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, Т.Б нарт холбогдох эрүүгийн 1806031651079 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Шүүгдэгч Б.Ц Т.Б нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх зочид буудалд байсан А.Чын 1.467.000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси эс 8 загварын гар утсыг хулгайлж, бага

хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч

Т.Б, Б.Ц нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч А.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Б нь хүнтэй утсаар чинь яръя гээд миний утсыг аваад хажуу талын өрөөр рүү орсон. Б хүнтэй яриад байсан бөгөөд нэг мэдэн чинь алга болчихсон байсан. Ингээд араас нь гарсан боловч байгаагүй, явлаа ч гэж хэлээгүй. Араас нь залгаж, мессеж бичсэн боловч утсаа авахгүй байна лээ. Миний утсыг хэд хэдэн удаа утсаар чинь яръя гээд авсан. Тэгээд авчихаад буцаагаад өгсөн эсэхийг санахгүй байна. Тэр 2 над руу нялуурч тэвэрч авсан нь үнэн. Тэр үед авсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Гэрч Л.Майдарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Нөгөө 2 хүүхэн Чын утсыг аваад утсаар яриад байсан нэг мэдсэн чинь нөгөө 2 хүүхэн байхгүй болчихсон. Ч өмднийхөө хармааг тэмтэрч үзээд миний утас байхгүй байна ш дээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Гэрч Ж.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Ч нөгөө 2 хүүхэнтэй хамт нөгөө өрөө рүү хальт орчихоод гарч ирээд удаагүй байж байтал нөгөө 2 хүүхэн гараад явчихсан. Тэгсэн Майдар нөгөө 2 хүүхэн чинь миний утсыг бариад гарчихлаа гэсэн чинь Ч миний утас бас байхгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19/

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн БЗ1-18-569 дугаартай:

2018 оны 02 дугаар сард Тэди төвөөс худалдаж авсан Самсунг эс-8 маркийн гар утас 2018 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаар 1.467.000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байна гэх үнэлгээний тайлан /хх-ийн 23-24/

 

Шүүгдэгч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Тэр өдөр Бийн найзынд сууж байсан чинь Б рүү Отгоо гэх залуу залгасан. Налайхаас бид хоёрыг ирж авхаар болсон. Ингээд 14 цаг болж байхад Бийн найз Отгоо нь 2 залуутай хамт бид хоёрыг ирж аваад бид нар тавуулаа хот руу яваад Нарантуул захын ойролцоо буудалд орсон. Ингээд нөгөө гурван залуу архи уухуу гэхээр нь уугаагүй. Б бид хоёрыг унтая гээд дайраад байсан. Бид 2 зөвшөөрөөгүй. Нэг нь архины шилээр толгойг чинь хагалана гээд дайраад байсан. Ингээд сонин зан гаргацгаагаад байхаар нь Б бид 2 ярилцаад утсыг нь аваад явчихъя гэж тохироод Б нөгөө утасны эзэн бүдүүн залуугын хажууд очсон. Тэр утасны эзэн бүдүүн залуу нилээн согтсон байсан. Б хажуугаар нь хальт хэвтэснээ гараа хармаа руу нь явуулаад утсыг нь аваад урт түрийтэй гуталныхаа түрүүнд хийгээд хоёулаа гаръя гээд гарсан. Ингээд буудлаас гараад бид 2 Налайх ороод Бийн найз залуугынд хоноод маргааш нь Теди ороод Б таньдаг хүнээрээ утсыг нь 250.000 төгрөгөөр заруулсан. Ингээд тэр мөнгөнөөсөө надад 50.000 төгрөг өгсөн.

 

Би хажууд нь хэвтэж байгаад хармаанаас нь авхыг харж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

Шүүгдэгч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2018 оны 04 сарын 04-ны өдөр манай найз Отгоо надруу залгаад уулзая гээд Ц бид хоёрыг Налайхаас ирж авсан. Отгоо 2 залуутай хамт явж байсан. Ингээд бид 5 налайхаас гараад Улаанбаатар хотод ирсэн. Нарантуул захын ойролцоо байдаг Дэлгэрэх зочид буудалд 2 өрөөтэй буудалд орсон. Ингээд буудалд архи уугаад утасны эзэн бүдүүн залуу намайг нөгөө хүнгүй өрөөрүүгээ дагуулж ороод надтай унтая гэхээр нь би зөвшөөрөөгүй. Ингээд гарж ирээд сууж байтал өөр нэг туранхай залуу нь миний хөлнөөс татаад нөгөө өрөөрүүгээ оруулах гээд чирээд байсан. Тэгээд би уурлаад тэр өрөөрүү нь ороогүй. Тэр туранхай залуу нь шил барьж дайраад Отгоо голоор орж болиулсан. Ингээд Ц бид 2 үүд хэсэгт нь юм ярьж сууж байгаад утсыг нь авах уу гээд хоорондоо ярилцаад би тэр бүдүүн залуугын хажуугаар нь хэвтээд Ц тэр бүдүүн залууг үнсэж байх хооронд нь би халааснаас нь гар утсыг нь аваад шууд буудлаас гарсан. Тэндээс гараад Ц бид 2 шууд налайх явсан. Маргааш нь хотод буцаж орж ирээд Теди төв ороод 1 хүнээр сэлбэгэнд 250.000 төгрөгөөр зарсан. Намайг оролдоод 1 нь шил бариад дайраад байхаар нь уур хүрээд авчихсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/

-хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 53-55/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-31/ шүүгдэгч Т.Бийн жирэмсэн гэсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ц Т.Б нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх зочид буудалд байсан А.Чын 1.467.000

 

төгрөгийн үнэ бүхий самсунг галакси эс 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч Б.Ц, Т.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Ц, Т.Б нарын дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Ц, Т.Б нарт ял оногдуулахад гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж үйлдэснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд,

 

харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүгдэгч Т.Б нь 14 ниделтэй жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хөтөч карт, ургийн эрт үеийн эхо оношлогооны дүгнэлтээр тогтоодсон.

Шүүгдэгч нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, торгох ял оногдуулахад биелэгдэх боломжгүй, мөн жирэмсэн эмэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй гэх хуулийн шаардлагыг хангаж болон тэдний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь хохиролыг төлж барагдуулан хохирогчийн гомдол нэхэмжлэлийг барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг арилсанд тооцон Б.Ц, Т.Б нарыг бусдад төлөх төлбөхгүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ

 

хэрэглэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Иовогт Б, Ц овогт Тийн Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Т.Б нарыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц, Т.Б нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Т.Б нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын саналыг үндэслэн шүүх Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.Ц, Т.Б нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас
 

хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ