Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 9

 

 

 

 

 

 

 

 

 

                               Т.Б-, Б.Ц-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Т.Б-,

нарийн бичгийн дарга Л.Оргил нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1491 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн эсэргүүцлээр Т.Б-, Б.Ц-нарт холбогдох эрүүгийн 1806031651079 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.Ц-, Т.Б- нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын
4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Дэлгэрэх” зочид буудалд байсан А.Чойжилын 1.467.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-8” загварын гар утсыг хулгайлж, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ц-, Т.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц-, Т.Б- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-, Т.Б- нарыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-, Т.Б- нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-, Т.Б- нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын саналыг үндэслэн шүүх Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд
заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” үндэслэлийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг тус тус тусгайлан хуульчилж өгчээ. Т.Б-, Б.Ц-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэснийг зөрчин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1491 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг тус тус тусгайлан заасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуулийг хэрэглэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.  

 

Шүүгдэгч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй. Б.Ц-бид хоёрын хооронд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Ц-, Т.Б- нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын
4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Дэлгэрэх” зочид буудалд байсан А.Чойжилын 1.467.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-8” загварын гар утсыг хулгайлсан болох нь:

 

хохирогч А.Чойжилын: “...хот руу ирээд “Дэлгэрэх” буудлын 204 тоотод орсон. Майдар, Отгоо хоёр дахиад 2 шил архи авч үргэлжлүүлж уусан бөгөөд буудлын өрөөнд байхад Цэнд нь миний утсыг аваад “хүнтэй яриад өгье” гээд хажуу талын өрөө рүү орсон. Батцэцэг бас хүнтэй яриад байсан бөгөөд нэг мэдсэн чинь алга болчихсон, араас нь гарсан боловч байгаагүй. Явлаа гэж хэлээгүй. Араас нь залгаж, мессэж бичихэд утсаа авахгүй байсан. Алдсан “Самсунг Эс-8” загварын хар өнгийн гар утсыг 2018 оны 2 дугаар сард “Теди” төвөөс 1.400.000 төгрөгөөр худалдаж авсан” /хх-13-14/,

 

гэрч Л.Майдархүүгийн: “...Налайхаас 2 хүүхэнтэй хамт хот руу явсан. ...хотод ирээд замдаа хоол идээд Дэлгэрэх зочид буудал орсон. Буудалд ороод дахин 1 шил архи аваад ууцгаасан. ...нөгөө 2 хүүхэн архи уухгүй гээд пиво уугаад байсан. ... тэр 2 хүүхэн Чойжилын утсыг аваад утсаар яриад байсан чинь нөгөө 2 хүүхэн байхгүй болчихсон бөгөөд Отгоогийн утсыг ширээн дээрээс Цэнддолжин нь аваад гарсан. Ингээд Отгоогийн утсыг аваад гарахаар нь би Отгоод утсыг чинь нөгөө 2 хүүхэн аваад гарчихлаа гэсэн чинь Чойжил өмднийхөө хармааг тэмтэрч үзээд миний утас байхгүй байна ш дээ гэж хэлсэн. ... гараад харахад нөгөө 2 хүүхэн байхгүй байсан. Налайхаас ирж явахад тэр 2 эмэгтэй ээлжлээд утсыг нь аваад яриад байсан. Буудал дотор Батцэцэг нь Чойжилд наалдаад салахгүй байсан. Батцэцэг нь л авсан байх гэж бодож байна” /хх-18/,

 

гэрч Ж.Отгонбаатарын: “...Буудалд ороод Чойжил, Майдар бид 3 хөзөр тоглоод, Майдар бид хоёр 1 шил архи хувааж уусан. Харин нөгөө 2 хүүхэн 1, 1 шил пиво авхуулаад нээх их уухгүй байсан. ... Чойжил нөгөө 2 хүүхэнтэй хамт нөгөө өрөө рүү хальт орчихоод гарч ирсэн. Чойжил гарч ирээд удаагүй байтал нөгөө 2 хүүхэн гараад явчихсан. Тэгсэн Майдар намайг “нөгөө 2 хүүхэн чинь чиний утсыг бариад гарчихлаа” гэсэн чинь Чойжил “миний утас бас байхгүй байна” гэж хэлсэн. Ингээд утас аваад гарсныг нь мэдээд утас руугаа залгасан чинь миний болон Чойжилын утсыг салгачихсан байсан. Батцэцэг миний гар утсыг хулгайлсан зүйл байхгүй” /хх-19/,

 

шүүгдэгч Б.Ц-гийн яллагдагчаар өгсөн: “Би тэр гар утсыг өөрийн биеэр гардаж аваагүй. Дараа нь тэр утасны эзэн нь Батцэцэгт “наад утсаа авчихаад өгчих” гээд мессеж бичихэд нь би Батцэцэгт “буцаагаад өгчих” гэж хэлсэн чинь “нэгэнт өнгөрсөн” гээд байсан. Батцэцэг надтай ярилцах үед нь би “наад хүмүүс чинь хоёуланг нь олчихно ш дээ” гэсэн чинь “наад гурав чинь юу мэддэг юм” гээд байсан” /хх-36/,

 

шүүгдэгч Т.Б-ийн: “2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Дэлгэрэх” зочид буудлаас хамт байсан хүнийхээ гар утсыг нь хармаанаас нь хулгайлж аваад зарчихсан. Энэ хэрэгтээ гэмшиж байна. Тэр залуучууд уур хүргээд байхаар нь авчихсан юм” /хх-40/,

 

“Дамно” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Samsung S-8 маркийн гар утсыг 1.467.000 төгрөгөөр үнэлэв” дүгнэлт /хх-24/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотлож чадсан байх ба шүүгдэгч Т.Б-, Б.Ц-нарыг бүлэглэж бусдын хөрөнгийг хулгайлсан гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Т.Б-, Б.Ц-нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Чойжилд 1.467.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Б- нь хохирогч А.Чойжилд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч А.Чойжил “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-14/ гэдгээ илэрхийлсэн байх тул гэм хорын хохирол арилсан гэж дүгнэсэн байна. Мөн шүүгдэгч нар анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгч Т.Б- нь 3 сартай жирэмсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Т.Б-, Б.Ц-тус бүрийг тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Прокурор И.Ариунсанаа “... Т.Б-, Б.Ц-нарт тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг аригласан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнссэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.  

 

Иймд давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1491 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор И.Ариунсанаагийн бичсэн “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” талаарх эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

Прокурор нь эсэргүүцэлдээ “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” талаар тусгасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, шүүгдэгч Б.Ц-гийн нэрийг Б.Должинцэрэн гэж буруу бичсэн байх тул цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхаарах шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1491 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-, Т.Б- нарыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Т.Б-, Б.Ц-нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-, Т.Б- нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-, Т.Б- нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ