Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 14

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний  өдрийн 139/ШШ2017/00202 дугаар  шийдвэртэй,

Нэхэмжлэгч  *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч    *******т холбогдох 1898000 төгрөг гаргуулах тухай   иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь анх манай ээжээс 2000000 төгрөг зээлсэн байдаг. Би яг хэзээ, хэдэн төгрөг өгч авсныг нь тодорхой сайн мэдэхгүй. Тэгээд ээж шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаад эвлэрээгүй учраас намайг шүүхэд хандаад аваарай гээд гадагшаа явсан. Анх *******т мөнгө зээлэхдээ барьцаагүй, итгээд зээлчихсэн байсан. Тэгээд хариуцагч зээлээ өгнө, өгнө гэж явсаар заримдаа өгөөд заримдаа өгөхгүй явсаар байсан. Энэ төлөөгүй хугацаанд ээж банкны зээлээ ломбарднаас мөнгө зээлээд төлөөд явдаг байсан. Тэгээд сүүлд нь аймгийн холбооны тэнд явж байгаад таараад би чамд барьцаагүй мөнгө зээлсэн баталгаажуулж авъя гээд нотариат орсон гэсэн. Тэгээд ээж хариуцагчтай хэдэн төгрөг өгөх талаар тооцоо нийлээд нотариатын хөлсөө хувааж төлөөд харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Би тэр баримтын дагуу нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ баримт дээр алданги, хүү тооцно гэж гэрээ хийсэн тэрнээс нь бодоод өгсөн мөнгөнүүдийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Анх зээлийн үлдэгдэл мөнгө 1300000 төгрөг, түүний хүү 598000 төгрөг, нийт 1898000 төгрөгийг нэхэмжилсэн. Одоо үндсэн мөнгө 1300000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2015 оны 04 дүгээр  08-ны өдөр Адъяасүрэнгээс 800000 төгрөгийг 10 хувийн хүүтэй гэрээ хийж зээлсэн. Энэ нь миний “Хаан” банкны депозит дансны хуулгаар харагдаж байгаа. Мөнгө зээлэхэд эхний сарын хүүгээ хасаад миний дансанд 720000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 800000 төгрөгийн 10 хувийн хүү болох 80000 төгрөгийг 6 сарын эхээр 2 сарын хүү 160000 төгрөгийг өгч сунгасан. Тэрнээс хойш би сунгаж чадаагүй сараа баримтаар бичиж, мөн сунгасан саруудаа баримтаар бичиж хэрэгт өгсөн байгаа. Тэгээд  2016 оны 03 дугаар сарын  30-нд  нэхэмжлэгчийн ээж ажил дээр ирээд тооцоо хийгээд 2000000 төгрөг болгосон. Би сард 200000 төгрөгийн хүүг төлөх ямар ч боломж байхгүй гэдгийг ойлгуулж, зээлийн хүүгээ 5 хувь болгооч гэхэд 6 хувь болгосон. Зээлийн гэрээ нь анхны зээлийн гэрээгээр явдаг юм байна. Би хуулийн хүнээс зөвлөгөө авсан. Би хүү өгч явж байгаад 6 сард 500000 төгрөг хассан. Хэрэгт өгсөн гэрээ бол анхны гэрээ биш хоёр дахь удаагаа хийсэн гэрээ юм. Би 2000000 төгрөгийн гэрээ хийхдээ ямар ч мөнгө аваагүй, харин би мөнгө  өгсөөр байсан. Би мөнгө өгөхдөө ихэвчлэн дансаар шилжүүлж байсан. Би анхны гэрээгээ хайгаад олсонгүй. Нэхэмжлэгч анх зээлсэн мөнгөө миний тооцооллоор 2 нугалчихсан. Би 2000000 гаруй төгрөгийг өгчихсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгөтэй нь тооцоход 3000000 гаруй төгрөгийг 800000 төгрөг зээлснийхээ төлөө  төлөх гэж байгаа нь миний хувьд асар их хохиролтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******аас 950000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 948000 /есөн зуун дөчин найман мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45300 /дөчин таван мянга гурван зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 27350 /хорин долоон мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 14-ны өдрийн дугаар 139/ШШ2017/00202 шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч ******* миний бие нэхэмжлэгч *******ийн 1898000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* миний бие *******ийн ээж Адъяасүрэнгээс 2015 оны 4 сарын 8-ны өдөр 800000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлсэн. 2015 оны 04 сарын 08-ны өдөр 800000 төгрөгнөөс 05 сарын 08 хүртэлх хүү болох 80000 төгрөг суутгаж миний ХААн банкны данс руу 720000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдаж байгаа. Үүнийг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. Нэхэмжлэгч А. Нандинцэцэгийн ээж нь 2016 оны 03 сарын 30-ны өдөр урьд авсан 800000 төгрөгөнд үндсэн мөнгө болон хүү алданги төлөөгүй гэж 2000000 төгрөгний зээлийн гэрээг хуурамчаар cap бүрийн 6% хүүтэй дахин шинээр зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийсэн боловч бэлнээр болон дансаар ч 2000000 төгрөг аваагүй. Иймээс хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ гэж үзэж байна. 2015 оны 04 сарын 08-аас үндсэн мөнгө болон хүүнд 540000 төгрөг төлсөн байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгч А. Нандинцэцэг нь шүүхэд 1898000 төгрөгийг нэхэмжилсэн шүүх хурал дээр 1300000 гөгрөгийг нэхэмжилнэ гэж хэлсэн үүнийг ч би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ хийснээс хойш 1240000 төгрөг төлсөн байдал Хаан банкны дансны хуулгаар харагдаж байгаа. Нэхэмжлэгч нь шүүх хурал дээр 1300000 төгрөг авна гэж хэлж байхад шүүх шийдвэрлэхдээ 2000000 төгрөгнөөс 1043000 төгрөг хасч тооцсон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Үлдэгдэл 950000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч А. Нандинцэцэг ээжийгээ төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан анх ээж Адъяасүрэнгээс 800000 төгрөг авсан болон түүнд төлж байсан хүүний мөнгө хэдэн төгрөг өгсөнийг мэдэхгүй байгаа. Ингээд хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнээс хойшхи 1300000 төгрөг нэхэмжлээд байгаа. Миний хувьд Адъяасүрэн гэх хүнтэй анх зээлийн гэрээг 800000 төгрөгөнд хийсэн учраас нэхэмжлэгчээр Адъяасүрэнг оролцуулах шаардлагатай байна. Хариуцагч би 2015 оны 4 сарын 28-нд зээлсэн 800000 төгрөг ба түүний хүүд 1880000 төгрөг төлчихсөн байгаа.

Хариуцагч би одоо төлсөн 1880000 төгрөг дээр 1898000 төгрөг нийт 3778000 төгрөг төлөх байдал харагдаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхааран үзээрэй.

Хариуцагч би анх зээлж авсан 800000 төгрөг хүүгийн хамт бүрэн төлж хохиролгүй болгосон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхээс хариуцагч А. Нарангараваас 950000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А. Нандинцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 948000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

гэсэн гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан ******* 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.Адъяасүрэнгээс өгсөн итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, Д.Адъяасүрэн, ******* нарын хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 1898000 төгрөгийг гаргуулах шаардлагад нэхэмжлэгчийн нэрээр бус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрээр иргэний хэрэг үүсгэн,  төлбөрийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид гаргуулан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 болон  нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1898000 төгрөгийн шаардлагаа 1300000 төгрөг болгон багасгасан байхад шаардлагын татгалзсан хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн алдаа гаргажээ.

Анхан шатны шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрээр хэрэг үүсгэн, шийдвэрлэсэн ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулж зөвтгөх эрх зүйн боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 139/ШШ2017/00202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27300/ хорин долоон мянга гурван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                                                 ШҮҮГЧИД                             Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ