Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын гаргасан

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн Боржигон 1-3 тоотод оршин суух, ам бүл 2, ээжийн  хамт амьдардаг, регистрийн дугаар тодорхойгүй, иргэний үнэмлэхгүй,  Булгууд овогт Пүрэвийн Базарваанийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 сарын 5-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Уянга, хүсэлт гаргагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газрыг төлөөлж Дундговь аймгийн Сайнцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус сумын 6-р багийн харъяат иргэн Пүрэвийн Базарваань нь 61 настай эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 1-3 тоотод оршин суудаг. Регистр тодорхойгүй. П.Базарваань нь сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж, ар гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулж, түгшүүр төрүүлэн удаа дараа саатуулах байранд хүргэгдэн ирж, захиргааны арга хэмжээ авагдсан. П.Базарваань нь өөрийн хүсэлтээр архинаас гарна гэдэг боловч үр дүнгээ өгөхгүй байгаа тул ар гэрийн зүгээс архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг гаргасан. Иймд хүсэлтийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгийн комиссын дүгнэлт, багийн Засаг даргын тодорхойлолт, ар гэрийн хүсэлт, тус Цагдаагийн газрын тодорхойлолт зэргийг үндэслэн П.Базарваанийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Базарваань нь сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж, ар гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулж, түгшүүр төрүүлэн удаа дараа саатуулах байранд хүргэгдэн ирж, захиргааны арга хэмжээ авагдсан. Иймд П.Базарвааний ар гэрийн хүсэлтээр  архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газар нь Булгууд овогт Пүрэвийн Базарваанийг албадан эмчилгээнд явуулахаар хүсэлт гаргажээ.

          Булгууд овогт Пүрэвийн Базарваань нь архинд донтох эмгэг өвчтэй, удаа дараа эрүүлжүүлэгдэн нийгмийн хэв журам зөрчиж захиргааны хариуцлага хүлээсэн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийдэг, байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг болох нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн “...П.Базарваань архинд донтох эмгэгтэй, цаашид эмчлүүлэх шаардлагатай...” гэсэн дүгнэлт, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын П.Базарваанийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн иргэн П.Цогтбаяр, П.Алтанцэцэг, Л.Баасансүрэн нарын П.Базарваанийг архины албадан эмчилгээнд явуулахаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, Цагдаагийн газрын мэдээллийн сангаас ирүүлсэн захиргааны зөрчилд холбогдон арга хэмжээ авагдсан талаарх лавлагаа, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 1 сарын 2-ны өдрийн 42/10 албан бичгээр ирүүлсэн “...П.Базарвааний удаа дараа эрүүлжүүлэгдэн нийгмийн хэв журам зөрчиж захиргааны хариуцлага хүлээсэн...” талаарх тодорхойлолт,  Сайнцагаан сумын 6-р багийн Засаг даргын 2016 оны 12 сарын 28-ны өдриийн 190 тоот албан бичгээр ирүүлсэн “...П.Базарваань нь архи тогтмол хэрэглэж орчин тойрныхоо амар амгалан байдлыг алдагдуулдаг...” талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

           Иймд П.Базарваанийг архинд донтох эмгэг өвтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журам зөрчиж байнга архи согтууруулах ундаа хэрэглэж, удаа дараа захиргааны хариуцлага хүлээсэн, сайн дураар эмчлүүлэхээс татгалздаг үндэслэлээр албадан эмчлэх газарт явуулан албадан эмчилж, түүнийг албадан эмчлэх газарт хүргэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Булгууд овогт Пүрэвийн Базарваанийг албадан эмчлэх газарт явуулж албадан эмчилсүгэй.

            2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар П.Базарваанийг албадан эмчлэх газарт хүргэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар шийдвэрийг өвчтэй этгээд эс зөвшөөрвөл шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ