Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2551

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Н.О

            Хариуцагч: Б.Б

            Гэрээний үүрэгт 13.966.666 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 05 дугаар сард Н.Обайр хөлслөх тухай зар сонинд өгч зарын дагуу Б.Бтэй холбогдож түүний өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 86 дугаар байрны 86 тоот нэг өрөө орон сууцыг 10.000.000 төгрөг зээлдүүлж, түүний хүү сарын 500.000 төгрөгийг орон сууцны хөлсөнд тооцохоор тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээ, мөн өдрөө сарын  төлбөр 500.000 төгрөг гэж орон сууц хөлслөх гэрээг тус тус байгуулсан. Зээл болон орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2 жилийн хугацаатай байгуулагдаж, гэрээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг  сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Б.Бгийн  орон сууцыг хөлслөн энэ хугацаандаа ашиглалтын бүр зардлыг төлж ирсэн. Орон сууцанд амьдарч байх хугацаанд 2015 онд Төрийн банкнаас хүн ирж Б.Бг зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, орон сууц зээлийн барьцаанд байгаа талаар мэдэгдсэн. Гэрээг цуцлах талаар мэдэгдэхэд Б.Б зээлээ төлж яваа санаа зоволтгүй гэж хариулсан. Зээлийн гэрээний 2 жилийн хугацаа дуусаад мөнгөө авъя гэхэд Б.Б банкны зээл төлөгдөөгүй байна, гэрээгээ дахин нэг сараар сунгая гэснээр зээлийн гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 07-ныг хүртэл сунгасан боловч зээлээ төлөөгүй. Гэтэл Төрийн банкнаас хүн ирж орон сууц хураагдсан өмчлөл нь Н.Огэж хүний нэр дээр шилжсэн талаар хэлсэн. Өмчлөгч нь өөрчлөгдсөн тул 2017 оны 08 дугаар сарын 14-нд байрыг чөлөөлж өгсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан. Хариуцагчийн төлөөлөгчийн ярьж байгаа тайлбарын заримыг нь ойлгосонгүй. Зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргасан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон тул түүнээс хойших хүү 166.666 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хариуцагч Б.Бгээс зээлийн 10.000.000 төгрөгийг, алданги 3.800.000 төгрөгийн хамт нийт 13.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээний нэмэлт өөрчлөлтийг Б.Б санаачлаагүй. Н.Оөөрөө санаачилсан. Иргэний хуулинд хүүнд нь суулгана гэсэн нэр томъёо, нэхэмжлэлийн шаардлага байдаггүй. Б.Б байрандаа 2 жил Н.Оыг ямар ч асуудалгүй суулгасан. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байрыг чөлөөлж өгсөн. Нэхэмжлэгч тал манайхыг сөрөг нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн. Зээлийн гэрээнд хүү алданги гэдгийг оруулсан. Орон сууц хөлслөх гэрээнд хүүг тусад нь бичсэн. Зээлийн гэрээнд орон сууцанд амьдруулах талаар оруулаагүй. Орон сууц хөлслөх гэрээнд зээлийн гэрээний хүүг бичсэн талаар нэхэмжлэгч зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцэл гэж үзье. Иргэний хуулийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн иэлрхийллийг нь тайлбарлавал байр хөлслөх гэрээ гэдэг өөр юм. Орон сууц хөлслөх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Орон сууц хөлслөх гэрээгээр тухайн орон сууцыг ашигласны хөлсийг төлнө. Зээлийн хүүгээр хөлс төлнө гэсэн заалт хуульд байхгүй. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлүүдийн дагуу зээлүүлсэн бол ижил төрлийн тоо, чанар хэмжээний зүйлээр төлбөрийг төлнө гэдэг. Хүүнд нь байр хөлсөлж төлбөрийг төлөхгүй Алдангийн хувьд 50 хувиас хэтрэх ёсгүй байдаг Орон сууц хөлслөх гэрээнд 500.000 төгрөг гэж болно. Зээлийн гэрээгээр 5 хувийн хүү гэж ярих ёсгүй. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 58.1.2-т өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56.4, 56.6-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус болохоор хохироосон хүнээс хохирлоо нэхэмжилнэ. Зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж байна. Зээлийн гэрээ байгуулах үед авсан 10.000.000 төгрөгийг зөвшөөрч байна. Гэхдээ Н.О10.000.000 төгрөгтөө Б.Бгийн өмчлөлийн орон сууцанд амьдарсан. Тэгэхээр зээлийн гэрээ 5 хувийн хүү гэдгээрээ хүчин төгөлдөр бус болж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Онь 2015 оны 05 дугаар сарын 06-нд байр хөлслөн амьдрах гэрээг нотариатаар үйлдүүлэн хууль бус ажиллагааг эхэлжээ.  Зар мэдээ сонинд тус байрыг зээлсэн мөнгөний хүүнд нь эсхүл байра хөлслүүлнэ гэж 2 өөр утгаар мэдээлснийг Н.О овжин ашиглан учир үл мэдэх Б.Бг ашиглан 10.000.000 төгрөгийг зээлдүүлж, орон сууцны хөлслөх гэрээг урвуулан ашиглаж “хүүнд нь” гэдэг үгийг ашиглан 2 жил буюу 27 сарын 500.000 төгрөгөөр суусан боловч хүүнд нь гэсэн хууль бус үгийг иш татан өмгөөлөгчийн хамт дарамталсаар байна. Иргэний хуулийн 56.4, 56.5, 56.6 дахь хэсгүүдэд зааснаар Н.Онь дүр үзүүлж өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийж энэ хугацаанд 10.000.000 төгрөг зээлдүүлсэн нэрээр сарын 500.000 төгрөгийн хөлсөөр 2 жил нэг өрөө байранд суусан. Өнөөдрийн байдлаар 29 сарын төлбөр 14.500.000 төгрөгийн хөлсөөр уг байранд суусан байна. 3.500.000 төгрөг дээр нэмээд 11.000.000 төгрөг нийт 14.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч 3.500.000 төгрөгт тэмдэгтийн хураамж төлсөн тул зээлсэн 10.000.000 төгрөгийг хасаж 3.500.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Анх талуудын хооронд байгуулсан гэрээний зарчмыг гуйвуулсан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний хүү сарын бүрийн 500.000 төгрөг, энэ хүүнд байрандаа суулгая гэснээр талууд тохирсон байдаг. Орон сууц хөлслөх гэрээ нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газр бүртгүүлнэ гэж заасны дагуу гэрээг холбогдох газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр болоогүй. Хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл. Б.Б өөрөө ийм шаардлага гаргаагүй байхад хариуцагчийн төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон эрхийг хэтрүүлж байна. Б.Б байрандаа суулгасан талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  мэдүүлсэн. Орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээний шаардлагууд ижил. Хөлсөлсөн юм бол яагаад 2 жилийн дотор түрээсийн мөнгөө нэхээгүй юм бэ. Хүсэл зоригийн илэрхийллийг буруу тайлбарлаж болохгүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Онь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Б.Бгээс гэрээний үүрэгт 13.966.666 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 13.800.000 төгрөг гаргуулахыг, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Н.От холбогдуулж гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулахыг тус тус шаарджээ.

            Хариуцагч Б.Б, нэхэмжлэгч Н.Онар нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээл болон орон сууц хөлслөх гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх, мөн энэ хугацаагаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо 86 дугаар байрны 86 тоот Б.Бгийн өмчлөлийн нэг өрөө орон сууцыг Н.О2 жилийн хугацаатай хөлсөлж сар бүр 500.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээг тус тус байгуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээл болон орон сууц хөлслөх гэрээ нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Н.О, Б.Б нар 10.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлдүүлж, түүний 1 сарын хүү 5 хувь буюу 500.000 төгрөгийг орон сууц хөлслөсний 1 сарын төлбөр 500.000 төгрөгт тооцохоор тохиролцож энэ тохиролцоог Орон сууц хөлслөх гэрээний 4.2-т нэмэлт нөхцөлөөр оруулж тохирсон, нэхэмжлэгч, хариуцагч нар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ талаар хохирогч, гэрчийн мэдүүлэг өгөхдөө тайлбарласан тул хариуцагчийн төлөөлөгчийн гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар үндэслэлгүй.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заажээ.

            Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд зээлийн гэрээний дагуу 10.000.000 төгрөгийг хүлээн авсаныг зөвшөөрсөн, талууд тохиролцон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 2017 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэл сунгасан  тул хариуцагч Б.Бгээс үндсэн зээл 10.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 27-ныг хүртэл 20 хоногийн алданги 1.000.000 төгрөгийн хамт 11.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 2.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Н.От холбогдуулж орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болж орон сууцыг хөлслөгч Н.О2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн талаар шүүх хуралдаанд талууд тайлбарласан тул нэхэмжлэгч энэ хугацааны орон сууцны хөлсийг төлөх үүрэгтэй байна.

            Хэдийгээр хөлслөгч Н.Онь 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 2017 оны 08 дугаар сарын 14-нийг хүртэл хугацааны хөлсийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний сунгагдсан хугацааны 1 сарын хүү 500.000 төгрөгийг сарын төлөх хөлсөнд хасаж түүнээс 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацааны 67 хоногийн хөлс 1.116.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд олгож, нэхэмжлэлээс 2.383.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс орон сууцыг хөлсөлж байхдаа ашиглалтын зардал төлсөн талаарх баримтыг ирүүлсэнг дүгнэлт өгөх шаардлагагүй, зохигч хоорондоо бичсэн мессежийг хэвлэж ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн дурьдав.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, тэднээс хангасан хэлбэрээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж тус тусад нь олгож  шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Бгээс 11.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.От олгож, үлдэх 2.800.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.367 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 190.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.От олгосугай.

 

3. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Оаас 1.116.200 төгрөг гаргуулж хариуцагч Б.Бд олгож, үлдэх 2.383.800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Оаас 31.339 төгрөг гаргуулж хариуцагч Б.Бд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

                                                               

                

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА