Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2334

 

 

 

 

 

 

 

 

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02551 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох, гэрээний үүрэгт 13 966 666  төгрөг гаргуулах үндсэн, түрээсийн төлбөрт 3 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.О-ын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2015 оны 05 дугаар сард зарын дагуу Б.Б-тэй холбогдож түүний өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 86 дугаар байрны 86 тоот нэг өрөө орон сууцыг 10 000 000 төгрөг зээлдүүлж, түүний сарын хүү болох 500 000 төгрөгийг орон сууцны хөлсөнд тооцохоор тохиролцож, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээг тус бүр 2 жилийн хугацаатай байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг  сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Орон сууцанд амьдарч байх хугацаанд Төрийн банкны мэргэжилтэн нь Б.Бг зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, орон сууц зээлийн барьцаанд байгаа талаар мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад мөнгөө авъя гэхэд Б.Б банкны зээл төлөгдөөгүй байна гэснээр гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан боловч зээлээ төлөөгүй. Гэтэл Төрийн банкнаас “орон сууц хураагдсан, өмчлөл нь н.Одбаяр гэж хүний нэр дээр шилжсэн” гэж хэлсэн тул 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр орон сууцыг чөлөөлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон тул зээлийн хүү 166 666 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хариуцагч Б.Бгээс үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 3 800 000 төгрөг, нийт 13 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Иргэний хуулинд зээлийн хүүд орон сууцанд суулгана гэсэн нэр томъёо байдаггүй. Б.Б нь 2 жилийн хугацаанд орон сууцандаа Н.О-ыг байлгасан. Орон сууц хөлслөх гэрээнд хүүг тусд нь бичсэн. Орон сууц хөлслөх гэрээнд зээлийн гэрээний хүүг бичсэн талаар нэхэмжлэгч зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал орон сууц хөлслөх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Орон сууц хөлслөх гэрээгээр тухайн орон сууцны ашиглалтын зардлыг төлнө. Зээлийн хүүгээр хөлс төлнө гэсэн заалт хуульд байхгүй. Орон сууц хөлслөх гэрээг 500 000 төгрөгөөр тохирсон бол зээлийн гэрээгээр 5 хувийн хүү төлөх үндэслэлгүй тул гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг авсан, гэхдээ Н.О нь Б.Бгийн өмчлөлийн орон сууцанд амьдарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.О нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 56.6 дахь хэсгүүдэд зааснаар Н.О нь дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийж, 10 000 000 төгрөг зээлдүүлсэн нэрээр сарын 500 000 төгрөгөөр 2 жилийн хугацаанд нэг өрөө байрыг хөлсөлсөн. Нэхэмжлэгч нь нийт 29 сарын хугацаанд 14 500 000 төгрөгийн хөлсөөр уг байранд суусан байна. Иймд нэхэмжлэгчээс зээлсэн 10 000 000 төгрөгийг хасч, 3 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Зээлийн гэрээний хүү сар бүр 500 000 төгрөг бөгөөд талууд зээлийн хүүд орон сууцанд амьдрах талаар тохирсон байдаг. Орон сууц хөлслөх гэрээ нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ гэж заасны дагуу гэрээг холбогдох газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл. Хариуцагч нь дээрх шаардлагыг гаргаагүй байхад хариуцагчийн төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон эрхийг хэтрүүлж байна. Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бол яагаад 2 жилийн хугацаанд түрээсийн төлбөр нэхээгүй юм бэ. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгээс 11 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.От олгож, үлдэх 2 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 367 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 190 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.От олгож, 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Оаас 1 116 200 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Бд олгож, үлдэх 2 383 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Оаас 31 339 төгрөг гаргуулж хариуцагч Б.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: Шүүгч нь хэрэг үүсгэхгүй, нэхэмжлэл хүлээн авсан талаар болон нэхэмжлэлд илт үндэслэлгүй худлаа зүйл бичигдсэнийг гэрээтэй тулгаж үзэх, зээлийн болон орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус зэргийн талаар ярихад тайлбар сонсохгүй гээд зогсоосон. Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 39, 42.7, 42.11, 43.4, 42, 198.2, 202.2, 202.8, 202.9, 202.11, 202.12, 202.13 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Шүүх санаатайгаар хувийн сонирхлоор хууль бус гэрээний заалтуудыг нэгдмэл нэг болгосноор 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн Нотариатч Ундрахын баталсан зээлийн гэрээнийн 2.5 дахь “... үндсэн зээлээ хүүгийн хамт хугацааны эцэст төлнө” гэх заалтыг бүрхэгдүүлж улмаар үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 12 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөг төлөх заалтыг орхигдуулсан.

Хүү, алданги нэхэмжлэх хэсгийг шүүх өөрөө үгүйсгэсэн мөртлөө хариуцагчаас 1 000 000 төгрөгийн хүү гаргуулсан нь хууль зөрчиж байна. Хүү, алданги тооцох үндэслэлтэй гэж үзвэл зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээнүүд бие биеэ үгүйсгэнэ.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл шүүх зээлийн хүүг мөнгөөр нь гаргах үүрэгтэй. Мөн хариуцагчийн орон сууц хөлслөх гэрээний сарын төлбөр 500 000 төгрөг, нийт 28 сарын хугацаанд төлөх 14 000 000 төгрөгийг Н.Оаас  гаргуулах талаар үндэслэх, тогтоох хэсэгт дурдаагүй, хэт нэг талыг баримталсан. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д “нөгөө талын үүргээ гүйцэтгэх эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, үгүйсгэсэн, зээл болон орон сууцны гэрээ байсаар байтал хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Гэрээний 3.3-т зээлдэгч “... зээлийн гэрээний хугацааг сунгуулж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрөө санаачлан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан.  Нотариатч нь хариуцагчийн хүсэлтээр гэрээг баталсан нь үгсэн хуйвалдсан хууль бус ажиллагаа болохыг анхаарна уу.  Хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцаа 28 сарын хугацаатай, сарын 500 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгөөр хөлслүүлсэн, үүнээс хүүгүй зээлдүүлсэн 10 000 000 төгрөгийг хасч, 4 000 000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь  хэсэгт зааснаар хариуцагчид олгох боломжтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч  Н.О нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 966 666 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн төлбөрт 3 500 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, хариуцагч нь зээлийн хүүд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны 86 тоот 1 өрөө орон сууцыг 2 жилийн хугацаатай, сарын 500 000 төгрөгөөр нэхэмжлэгчид хөлслүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн болон орон сууц хөлслөх гэрээг тус тус 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, зээлийн гэрээний хугацааг  2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгасан байна.

 

Талууд орон сууц хөлслөх гэрээний 4.2-т “... харилцан тохиролцсоны улмаас Н.Оаас авсан 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүд дээрх байранд суулгах гэрээг 2 жилийн хугацаатай байгуулав ...” гэж бичиглэл үйлдэж, орон сууц хөлслөх гэрээний хөлсийг зээлийн гэрээний хүүд орлуулан төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй ба уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх болон 57, 58, 59, 60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагч нь гэрээний зүйлийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд дээрх орон сууцанд амьдарч байсан үйл баримт тогтоогдсон, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан зээлийн болон орон сууц хөлсөх гэрээний үүргийн харилаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

 

Хариуцагч тал орон сууц хөлслөх гэрээнд стандарт нөхцлийг тусгаагүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг боловч  орон сууц хөлслөх гэрээнд хамаарах хуулийн заалтыг гэрээнд тусгаагүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд талуудын хооронд гэрээний үүрэг үүснэ.

 

Талууд зээлийн болон орон сууц хөлслөх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь зээлийн мөнгийг буцаан төлөөгүй, нэхэмжлэгч нь орон сууцыг хугацаа хэтрүүлж буюу 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт “орон сууц хөлсөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасан тул хөлслүүлэгч нь мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг хөлслөгчөөс  шаардах эрхтэй боловч талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хугацаа хэтрэлттэй холбоотойгоор нэхэмжлэгч нь хүү, алданги, хариуцагч нь хохирол шаардах эрхээ алдана.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 1 000 000 төгрөг, нэхэмжлэгчээс орон сууцны  хөлс 1 116 200 төгрөгийг тус тус гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02551 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “232 дугаар зүйлийн 232.6” гэснийг хасч, “11 000 000 гэснийг 10 000 000” гэж,

2 дахь заалтад “190 950” гэснийг “174 950” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгийн түрээсийн төлбөрт 3 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод  үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 000 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                ШҮҮГЧИД                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                      А.МӨНХЗУЛ