Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 15

 

Ж.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны  өдрийн 139/ШШ2017/00201 дүгээр  шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Онцгой байдлын газар хариуцагдах, гэм хорын хохирол  25.994.836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагва, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал, хяналтын прокурор Т.Төмөртулга, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар  оролцов.

Нэхэмжлэгч Ж.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 2004 оноос эхлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 6-7 тоотод оршин суудаг байсан. 2014 оны 08 сарын 30-ны өдөр амьдарч байсан байшин маань галд өртөн эд  хэрэглэл, баримт бичиг юу ч үгүй болж өмссөн хувцастайгаа үлдсэн. Тухайн өдөр байшиндаа гал гарсныг мэдэнгүүтээ холбогдох байгууллагуудад дуудлага өгөхөд Дундговь аймгийн Онцгой байдлын хэлстийн орлогч дарга Бямбадорж ахлагчтай хүмүүс ирсэн боловч ямар ч арга хэмжээ авахгүй, харсаар байтал юу ч үгүй болж шатсан. Хугацаа алдалгүй дуудлага өгсөн байхад холбогдох байгууллага шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авсан бол манайх өдий хэмжээний хохирол амсахгүй байсан. Онцгой байдлын хэлтсийнхэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлаа хийгээгүйгээс болж манайх галд тэр чигээрээ өртсөн гэж үзэж байна. Иймээс Сайнцагаан сумын Үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээний дагуу бидэнд учирсан хохирол болох 35.686.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагва нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 08 сарын 30-ны өдөр манай байшинд  гал гарч бүх эд зүйл галд шатсан. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчдийн хариуцлагагүйгээс болж их хэмжээний хохирол учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд ‘’гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь хариуцагч нэхэмжлэгч талд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ хор хохирол учруулсан байхыг ойлгоно’’ гэсэн байна. Онцгой байдлын газар нь гал гарах үед дуудлагаар очиж ажилласан алба хаагч нар нь ‘’оноолт номерын үүргийг хангалтгүй биелүүлж, хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргасан’’ гэж сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Тэгэхээр ямар ч алдаа гаргаагүй байхад сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй ба энэ нь болгоомжгүй үйлдэл юм. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас тухайн өдөр манай байгууллагын алба хаагчид айлын найранд очсон тэндээс хүмүүс гал гарсан газарт очсон, шаланк холбоход тусалсан гэсэн. Иймээс бид анх Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын 2014 оны 09 сарын 02-ны өдрийн 400 дугаартай эд зүйлд хийсэн үнэлгээний дагуу 35.686.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Харин тухайн өдөр гал гэрийн баруун хэсгээс уугиж эхэлсэн учраас бид гэрийн баруун хэсэгт байсан эд зүйлийг хасч, өмнөх нэхэмжлэлд дурьдагдаагүй, хожим мэдсэн эд зүйлийг нэмж оруулан гэрийн зүүн хэсэгт байсан Онцгой байдлын газрын гал сөнөөгчид хугацаа алдалгүй усаа тавьж гал унтраах ажиллагаагаа хэвийн явуулсан бол бүрэн бүтэн авч үлдэх боломжтой байсан.   Иймд 86 төрлийн эд зүйлсийг ‘’Тэгш сонголт эстимейнт’’  ХХК-ний №140600042 тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчний үнэлгээний дагуу бидэнд учирсан хохирол 25.994.836 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь 25994836 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа  бөгөөд энэ нь Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах  албан хаагч нар гал унтраах дүрмийн дагуу ажиллаагүйн улмаас миний үйлчлүүлэгчид ийм хохирол учирсан гэж үзэж байна. Гал 2014 оны 08 сарын 30-ны өдрийн 1600 цагийн үед гарсан. 16 цаг 50 минутад Онцгой байдлын газарт дуудлага ирсэн байдаг. Онцгой байдлын газар 2-3 минутанд гал гарч буй объектод очсон болох нь нотлох баримтаар болон хэлэлцүүлгийн шатанд хангалттай яригдлаа. Онцгой байдлын газрын ажилчид хийх ёстой ажилаа чанартай сайн хийж гүйцэтгээгүй, дүрэмд зааснаар ажиллаагүй учраас Онцгой байдлын газрын дарга 2014 оны 9 сарын 05-нд  тухайн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан байдаг. Энэ арга хэмжээг үндэслэлгүй гэж арга хэмжээ авагдсан этгээдүүд маргасан зүйл байдаггүй. Арга хэмжээ авсан тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймээс Дундговь аймгийн Онцгой байдлын газар Гал унтраах дүрмийн 5 дугаар бүлгийг зөрчсөн учраас иргэн Ж.Батдэлгэрийнд 25 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Арга хэмжээ авсан тушаалаас үзэхэд тухайн өдөр гал унтраах бие бүрэлдэхүүн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрч байна.  Тухайлбал ажилтан, дэд ахлагч Ууганбаяр гэж хүн тухайн өдөр ажиллах томилгоотой байсан гэдгийг хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбараараа нотолсон байдаг. Гэтэл Ууганбаяр нь бие бүрэлдэхүүнээ чөлөө зөвшөөрөлгүйгээр орхиж явсаны улмаас хохирол үүсэх нөхцөл байдалд нөлөөлсөн гэж үзэж байна. Дундговь аймгийн Онцгой байдлын газарт 16 цаг 51 минутад дуудлага өгч, Онцгой байдлын газар 16 цаг 53 минутад гал гарч байсан объект дээр очиж 17 цаг 17 минутад галыг унтрааж, 17 цаг 53 минутад ангидаа буцаж очсон гэсэн хариу тайлбарыг хэлдэг боловч 17 цаг 58 минутад ангидаа буцаж очсон гэдгийг нотломж болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогддог. Зуны байшин 7 минутад шатаж дуусдаг гэдгийг хариуцагч хариу тайлбартаа хэлдэг. Гэтэл 7 минутаас хэт их буюу бүтэн цаг Онцгой байдлын газар юу хийж байсан гэдэг нь тодорхойгүй байна. Очсон Онцгой байдлын газрын гал унтраах 2 машин нь хоорондоо холбогдож байж үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл очсон гал унтраах 2 машины хоолой шатсанаас болж  нөөц хоолойг нярваас аваад, гал унтраах машины ус дуусч дахин ус сувгийн машиныг дуудан хоолойг  ус сувгийн машинтай холбож ус өгсөн гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Ингээд нөгөө 7 минутад байшин хангалттай шатаад дууссан. Хэрвээ туршилт хийж байгаа шиг журам, дүрмээрээ хурдан шуурхай ажилласан бол энэ айл ийм хэмжээнд хохирол амсчихаад ингээд сууж байхгүй байсан гэж бодож байна. Ингэж хангалтгүй ажилласан гэдэг нь ажилчдын ярилцлагын тэмдэглэлээс харагддаг. Уг тэмдэглэлд ахлах ахлагч Мөнхбат ‘’төв шугамтай холбохоос өмнө галын төөнөлтөнд усны хоолой цоорсоны улмаас ус алдах үед салааны захирагч Одбаяр усыг хаах дохио өгсөн. Усыг хаагаад дахин нөөц хоолойгоор ус сувгийн ус тээвэрлэгч машинтай холбож усыг өгсөн’’ гэсэн тайлбараар тогтоогдож байна. Онцгой байдлын газрын ажлын хариуцлагагүй байдал, 4 нойморын ажилчин Ууганбаяр байхгүй бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээр хангалттай ажиллаагүйгээс иргэн Ж.Батдэлгэрийнд хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн хариу тайлбар зэрэг бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд зааснаар буюу 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар ‘’хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана’’ гэж хуульчилж өгсөн учраас хариуцагчаас гэм хорын хохирол 25.995.836 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Я.Алтанхундага шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд ‘’Гал гарсан даруйд хугацаа алдалгүй дуудлага өгсөн байхад Онцгой байдлын хэлтсийн гал унтраах бүрэлдэхүүн ирээд ямар ч арга хэмжээ аваагүй, ажилдаа хариуцлагагүй хандаж ажлаа хийгээгүйгээс болж харсаар байтал юу ч үгүй шатсан’’ гэдэг. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 6-7 тоотод байрлах хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг Ж.Батдэлгэрийн хашаанд блок хийж байсан  Х.Баярсайхан ард дуу гарах чимээгээр хартал Ж.Батдэлгэрийн зуны модон байшингийн баруун хэсгийн дотор буюу гал тогооны хэсгээс гал гарч байсныг хараад хашааны ард байрлах худгийн ус түгээгч Н.Норовсүрэнд хэлж Норовсүрэн нь 89378589 дугаараас Онцгой байдлын 7059101 утсанд дуудлага өгсний дагуу 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 16 цаг 51 минутад дуудлага өгч д/ч  Б.Одбаяр захирагчтай гал унтраах салааны бие бүрэлдэхүүн 16 цаг 55 минутад уг хаяганд очиж галыг унтраах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд уг зуны байшингийн гал дээврийн хэсгээр цонхоор гадагш тархсан байдалтай байсан байна. Галын тархалтыг 17 цаг 17 минутад зогсоож 17 цаг 53 минутад ангийн байрлалд ирсэн. Гал унтраах үед тухайн хашаанд байсан объектуудын хоорондын зай хэмжээ алдагдсан, тархах орон зай хязгаарлагдмал нөхцөлд /гал гарсан зуны модон байшин, байшингийн урд хураалттай гэр түүний хажууд тээврийн хэрэгсэл, гал гарч буй байшингийн баруун талд 3 метр орчим зайд хажуу айлын жижиг модон байшин/ байлдааны тархалт хийн усны хоолой дэлгэхэд галын төөнөлтийн улмаас  51 мм-ийн 1 ш хоолой галын дөлд төөнөгдөж цоорон ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул салааны захирагч д/ч Б.Одбаяр төв крантыг хаалгаж ажиллагааг зогсоон дахин нөөц хоолой гаргаж ашиглан байрлалаа өөрчилж объектын хойд талаас ус тавьж галыг унтраасан. Тус өдөр цаг агаарын төлөв байдал баруун хойноос чиглэлтэй 4-9 метр секунт салхитай агаарын температур 23-28 градус дулаан байсан. Тухайн үед гал унтраахаар ажилласан салааны бие бүрэлдэхүүн Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2009.12.30-ны өдрийн 508 тоот тушаалын хавсралт, гал унтраах дүрмийн 5 дугаар бүлгийн 94.2-т заасан ‘’Галын хоолой дэлгэх үеийн гал сөнөөгчийн үүрэг’’ зөрчиж 1 ш галын хоолойг галын төөнөлтөд шатааж цоолсон гэх асуудалд 2014 оны 09 сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаал гаргаж арга хэмжээ авсан. Энэ тушаал нь салааны бие бүрэлдэхүүнийг гал түймэр унтраахад буруутгасан асуудал биш, харин оноолт номерийн үүргийг буюу хоолойг зөв байрлуулаагүйн улмаас түлж цоолсон, албаны багаж хэрэгсэлд хайнга хандсан гэдэг үндэслэлээр авсан арга хэмжээ юм. Тухайн үед манай салааны бие бүрэлдэхүүн Гал унтраах дүрэм, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид заасан үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн тул манай байгууллага иргэн Ж.Батдэлгэрийн эд хөрөнгө шатсан, хохирол учирсан гэх асуудалд нь тухайн иргэний өөрөө Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. Манай байгууллагын зүгээс дуудлагын дагуу цаг алдалгүй очиж галыг унтрааж үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Иймд иргэн Г.Лхагвын нэхэмжилсэн 25.994.836 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ж.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Онцгой байдлын газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Иргэн Ж.Батдэлгэр нь гэм хорын хохирол 25.994.836 төгрөгийг нэхэмжилж байгаа. Онцгой байдлын газраар уг гэм хорыг гаргуулах үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтайгаар шүүх хуралдаанд оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Өмнө нь нэхэмжлэгч талаас гаргасан үнэлгээ нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссоор жагсаалт гаргаад үнэлүүлсэн үнэлгээ байсан. Одоо бол Хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн үйлчилгээний ‘’Тэгш сонголт эстимэйнт’’ ХХК гэсэн компаниар үнэлүүлсэн үнэлгээ байна. Уг үнэлгээний 3 дугаар хэсгийн Үнэлгээний талаарх захиалагчийн болон гүйцэтгэгчийн үүрэг хариуцлага гэсэн заалтын 3.2-т ‘’Үнэлгээг Үнэлгээний Олон Улсын Стандарт, Монгол Улсын холбогдох хуулиуд, Засгийн газрын тогтоол, салбарын яамдын журам зэргийг удирдлага болгон үйлчлүүлэгчийн танилцуулсан албан ёсны баримт бичиг, бусад материалуудад тулгуурлан хийлээ’’ гэсэн байна. Үнэлгээг гаргахдаа ийм ийм хууль тогтоомжид заасныг баримталсан гэж хууль дурдсан асуудал байхгүй байна. Зүгээр л тогтоол, журам, стандартыг удирдлага болголоо гэсэн болохоос биш хуулийн нарийвчилсан заалттай гаргасан үнэлгээ байхгүй байна. Нөгөө талаар энэ үнэлгээн дээр тухайн үеийн зах зээлийн ханшаар гэж гаргачихсан. Тухайн үеийн зах зээлийн ханш ямар байсан нь тодорхойгүй. Мөн гэрийн мод том 5 ханатай, шалтай гээд бичигдсэн байгаа. Тухайн үед гал түймэр гарсан талаар Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгаад прокурорт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан саналыг явуулж Дундговь аймгийн Прокурорын газраас 2014 оны 9 сарын 04-нд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрэл зургийн үзүүлэлтээр эд хогшилууд байж байгаа. Тухайлбал хивс, унь, тооно зэрэг гэрт ямар эд хогшил хэрэглэгддэг нь харагдаж байна. Тэгэхээр эд хогшил дахин үнэлэгдээд орж ирж байгаа эсэх асуудал дээр шүүх анхаарна гэж үзэж байна. Хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үед ашиглах боломжтой эсэхийг бид нар үзсэн, тэгээд болохгүй нь гээд хаясан, орхисон гэж хэлсэн. Тиймээс үнэлгээний байгууллага ийм өндөр үнээр үнэлэх ёстой байсан ч юм уу, үгүй ч юм уу гэсэн асуулт гарч ирэх ёстой. Нэхэмжлэгч талаас Онцгой байдлын газрын албан хаагч нар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас манай байшин шатаж дууссан гэж хэлдэг. Хэлэлцүүлгийн шатанд нотломжийн талаар нэхэмжлэгч, хариуцагч тал тайлбарласан байгаа учраас дахин тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Гэрч Одбаярын мэдүүлгийг гол мэдүүлэг болгож нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. 2016 оны 11 сарын 18-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт ‘’3-р асуулт: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ байшинд гал гарсныг мэдмэгц  Онцгой байдлын хэлтэст дуудлага өгөхөд дуудлагаар ирсэн хүмүүс ямар ч арга хэмжээ аваагүй, харсаар байтал юу ч үгүй шатсан гэжээ. Энэ талаар тайлбарлана уу? Хариулт: Тухайн гал дээр очоод үнэлгээ хийсэн. Шатаж байгаа байшин доторх эд хөрөнгө бүрэн шатаад дуусчихсан, аврах боломжгүй, гал гадагшаа дэлгэрсэн байсан учраас ойр тойрондоо байгаа эд хөрөнгийг аврах, галын тархалтыг хязгаарлах, унтраах арга хэмжээ авсан’’ гэж хэлдэг. Тухайн үед салхины хурд ямар байсныг гэрч Б.Одбаяр хэлдэг. Гэхдээ тухайн үеийн салхины хурд ямар байсныг Дундговь аймгийн ус, цаг, уур, орчны шинжилгээний газраас тодорхойлолтыг хавсаргаж өгсөн. Мөн Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2014 оны 09 сарын 05-ны Б/25 гэсэн тушаал дээр бие бүрэлдэхүүн дутуу байсан учраас ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд арга хэмжээ авсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа боловч хариуцагч талаас бие бүрэлдэхүүн дутуу байсан Ууганбаяр нь ямар учраас тухайн үед байгаагүй гэдгийг мэргэжлийн үүднээс ойлгомжтой тайлбарласан гэж үзэж байна. Уг тушаалд ‘’Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2009 оны 508 дугаар тушаалаар баталсан Гал унтраах дүрмийн 5 дугаар бүлэгт заасан’’ гэсэн заалтыг оруулсан. Энэ дүрмийн  5 дугаар бүлгийг бүхэлд нь оруулсан уу, эсвэл аль заалтыг нь оруулсан юм бэ гэсэн асуудал түрүүчийн шүүх хуралдаан дээр яригдсан. 94.2 дахь заалт байгаа. Онцгой байдлын хэлтсийн даргын Б/25 тоот тушаалаар хоолойг дэлгэх ёстой газраар нь дэлгээгүй, шатаж байгаа газар луу шидэж хоолойг шатаасан, түүнээс болж цооролт үүссэн учраас алба хаагчдад арга хэмжээ авсан гэдгийг хариуцагч тайлбарладаг. Түрүүчийн шийдвэр дээр ч гэсэн 508 дугаар тушаалын Гал унтраах дүрмийн талаар тодорхой дурдаж бичсэн байдаг. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн тушаалын заалт дээр анхаарч дүгнэлт хийгээсэй гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч тал баруун байшингаас гал гарсан гэж ярьдаг бол гэрч Х.Баярсайханы мэдүүлэгт ‘’Би ажлаа хийж байсан чинь ард нэг юм дуугараад байх шиг байсан. Эргээд хартал хашааны зүүн хойд талд байрлах Батдэлгэрийн зуны модон байшингийн баруун хэсгээс дотор талаас утаа гарч байгаа харагдсан, би сандраад гүйж очоод хаалганы завсараар хартал дотор тал нь нэл утаа байсан. Тэгэхээр нь би гэрийнх нь цоожийг лоомоор хөшиж онгойлгосон чинь  өөдөөс бөөн гал гарсан. Дотор нь хаана юу шатаж байгаа нь харагдахгүй байсан, түмпэнтэй ус цацаж үзсэн нэмэр болох шинжгүй байсан болохоор хаалгыг нь буцааж хаагаад лоомоор дарж орхиод хойд худгийн эгч дээр очиж утсаар нь дуудлага өгсөн’’ гэж хэлдэг. Нэхэмжлэгч тухайн үедээ Онцгой байдлын Ерөнхий газарт гомдол гаргаж байсан гэх боловч 2014 оны 08 сарын 30-ны өдөр гал гарсан, түүнээс хойш 2016 оны 09 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. Бүхэл бүтэн 2 жилийн хугацаанд Онцгой байдлын газрын буруугаас хохирол учирлаа гэж гомдол гаргаж яваагүй байж яагаад тодорхой хугацааны дараа ингэж гомдол гаргав гэдэгт ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөл байгаа гэж үзэж байгаа. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж иргэн Ж.Батдэлгэрт 25.994.836 төгрөгийн хохирол учирсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг төр хариуцана гэсэн нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Мөн цагдаагийн байгууллагаар шалгаад бусдын буруутай үйлдлээс болоогүй гэж дүгнэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ч тогтоогдохгүй  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Онцгой байдлын газарт холбогдох гэм хорын хохирол 25.994.836 /хорин таван сая есөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.924 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагва давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаадоо: Үүнд: 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай байшинд гал гарч онцгой байдлын хэлтсийг дуудсан. Уг байгууллага цаг алдалгүй ирсэн боловч ирсэнээсээ хойш хйих ёстой үйлдлээ хийхгүй байсаар байгаад манай байшинг /амьдарч байсан байшин/ шатаачихсан. Учир нь тухайн өдөр бэлэн байдалтай байсан бие бүрэлдэхүүн өөрийн бүрэн  бүрэлдэхүүнээрээ  очоогүй ба дэд ахлагч Ууганбаяр гэдэг хүн тухайн өдөр ажиллах томилгоотой байсан хэдий  ч ажлаа таслаад  очоогүй  мөн очсон бие бүрэлдэхүүн Галын дүрэмд заасан зааврын дагуу ажиллаагүйгээс болж манай гэр орон шатаж бид өмсөх ч хувцасгүй хоцорсон юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруутай байна гэж үзсэн атлаа гэм хорын хохирлыг гаргуулахгүй  шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тухайн эд хөрөнгө байсан гэдгийг хангалттай нотлож чадахгүй байна гэж үзсэн байна. Бид эд хөрөнгө албан ёсны  үнэлгээчнээр үнэлүүлж хэргийн матераилд үнэлгээгээ өгсөн. Мөн  Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын үнэлгээ байсаар байхад  эдгээр нотлох баримтыг  яагаад үнэлэхгүй байгааг  ойлгохгүй  байна.  Мэдээж 6 хүнтэй айл гэхэд хамгийн наад зах нь өмсөж байсан хувцас  хунар, унтаж байсан  ор дэвсгэр  хөнжил  гээд  хүний амин хувийн  хэрэгцээтэй байсан эд хөрөнгөө бид нэхэмжилсэн. Ер нь ч манайд нэхэмжлээгүй үлдсэн  эд хөрөнгө  бас их л байгаа.  Манайхыг ямар  ямар эд хөрөнгөтэй байсан талаар гарч болох Бямбаа гэдэг хүн ч мэн хэлдэг. Гэтэл ямар учраас миний нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болсон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий болж чадаагүйг  гэж үзэж  байна.

Мөн шүүхийн  шийдвэрийн үндэслэх хэсэгт  үнэлгээчид 86 нэр төрлийн  эд зүйлийг үнэлэхдээ шинэ эд зүйлийн зах зээлийн  үнэлгээгээр тооцсон нь  хэргийн бодит нөхцөл болон Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй байна гэжээ. Энэхүү 86 төрлийн эд зүйл нь бүгд шинээр үнэлэгдээгүй  тухайн гал гарсан өдөр 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу хичээл эхлэхийн өмнө өдөр байсан. Үүнийг л шинэ эд хөрөнгийн үнэлгээгээр үнэлсэн. Гэтэл шүүх бүрэлдэхүүн яагаад бүгдийг шинээр үнэлсэн гэж байгааг гайхаж байна. өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүн ямар эд хөрөнгийг шинэ нь  ийм үнэтэй хуучин нь ийм үнэтэй гэдгийг яаж бодож шийдвэрлэсэн нь мөн тодорхойгүй байна

Манайх өөрт учирсан хохирлоо хангалттай нотолсон гэж үзэж байгаа. Албан ёсны үнэлгээчний эрхтэй компаниар үнэлүүлж хэргийн материалд өгсөн. Мөн анх гал гарсны дараа хуулийн байгууллага учирсан хохирлыг тогтоосон баримтууд ч хэргийн материалд хангалттай байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зохигчдын хооронд үүссэн маргааныг эрх зүйн үндэслэл болон хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тогтов.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан маргааны үйл баримт, холбогдох нотлох баримтуудыг үндэслэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хууль хэрэглээний үндэслэлийг бүрэн зөв  тодорхойлж чадаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ эргэлзээтэй, нэхэмжилсэн 86 төрлийн эд зүйл нэхэмжлэгчид байсан эсэх нь тогтоогдоогүй”  гэж  хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй болно.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ  нэхэмжлэлийн шаардлагын үнэдслэл, зохигчийн эрх зүйн байдалд зөв дүгнэлт өгөөгүй байгааг цаашид анхаарах шаардлагатай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс прокурорыг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн хувийг гардуулах, тайлбар авах, шүүх хуралдаанд оролцуулах зэрэг ажиллагаа явуулж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 26, 31  дугээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн алдаа гаргасныг магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс төрийн албан хаагчаас учруулсан гэм хорын асуудлыг төрийн байгууллага болох  Дундговь аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн зохих заалтыг баримтлан шийдвэрлэх байтал шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэснийг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт” гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 287924 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун хорин дөрвөн/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Ц.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                        

                              ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                 Т.БЯМБАЖАВ