Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00442

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01333 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1700 дугаар магадлалтай,

Б.Бийн нэхэмжлэлтэй

НДЕГт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнхуягийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батнайрамдал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс Эрүүл мэнд, НДЕГын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус газрын даргын Б/100 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс НДЕГын даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/100 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, НДЕГын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж 128/ШШ2018/0512 дугаар шийдвэр гарсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/MA2018/0600 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. НДЕГаас Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй байх тул 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 589 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Албан тоотыг НДЕГын дарга Д.Зоригтод хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш ажилгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс энэхүү нэхэмжлэлийг гаргасан өдөр хүртэлх 10 сарын хугацааны цалин болох 895577+5%*10 /9 403 558 төгрөг /Нийслэлийн захиргааны хэргийн анхан шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг 895577+5%-аар тогтоосон/-ийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0512 дугаар шийдвэртэй холбоотойгоор холбогдох мөнгөн төлбөрийг хариуцагч НДЕГын зүгээс өгч дууссан. Ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага одоогоор хараахан биелэгдээгүй байна. Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 9 403 558 төгрөг нэхэмжилсэн ч нэхэмжлэгч маань өөрөө тус хугацаанд буюу 2018 оны 10, 11, 12 дугаар сард Улсын их хуралд давхар ажиллаж байсан. Тиймээс энэ 3 сарын төлбөрийг төлөх боломжгүй. Үлдсэн мөнгийг 2020 оны төсөвт суулгаж төлөх боломжтой гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01333 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар НДЕГаас 9 403 558 төгрөг гаргуулж Б.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны Б.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг НДЕГт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, НДЕГаас улсын тэмдэгтийн хураамжид 165 406.93 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1700 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнхуяг хяналтын гомдолдоо: НДЕГт холбогдох нэхэмжлэгч М.Б.Бын шаардсан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны мөнгө 9 403 558 /есөн сая дөрвөн зуун гурван мянга таван зуун тавин найман/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01333 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж 1700 дугаартай магадлал гарсныг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0512 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 0600 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг НДЕГын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин олговор НДШ-ийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг НДЕГ биелүүлж ажилласан. Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сараас Улсын Их Хурлын тамгын газарт ажиллаж 2018 оны 10 дугаар сард 864 654.82 төгрөг 11 дүгээр сард 951 120.30 төгрөг 12 дугаар сард 951 120.30 төгрөгийн цалин хөлс авч байсан талаар холбогдох шүүх хуралд дурьдагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б нь орон тооны ажилтнаар ажиллаж байсан байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 08-р тогтоолын 1-д Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д заасан “...орон тооны албан тушаал...” гэдгийг аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагын бүтцэт багтдаг, цалин хөлстэй, тодорхой чиг үүрэг бүхий байнгын шинжтэй ажлын байр гэж ойлгохоор заасан. Тус заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид буюу Төрийн албаны тухай хуулийн 7,8-р зүйлд заасан албан тушаалыг хашиж буй албан хаагчид хамаарах ба төрийн жинхэнэ албан хаагч 15-р зүйлийг зөрчсөн тохиолдолд 26-р зүйлийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалттай. Хариуцагч НДЕГ нь нэхэмжлэгчид олгох 9 403 558 /есөн сая дөрвөн зуун гурван мянга таван зуун тавин найман/ төгрөгийг бүрэн олгох боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 10, 11, 12, дугаар сард орон тооны ажилтнаар Улсын Их Хуралд ажиллаж байсан. Иймд тус хугацааг суутгаад үлдэгдэл мөнгийг 2020 оны төсөвт суулгаж төлөх боломжтой талаар хариу тайлбар, холбогдох гомдолд дурьдсан, Шүүх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлахдаа нэхэмжлэгч Б.Б нь тухайн маргаан бүхий хугацаанд орон тооны ажилтнаар ажиллаж байсанг авч үзээгүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч НДЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26 хүртэлх хугацааны олговор 9 403 558 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй татгалзахдаа “...нэхэмжлэгч нь 2018 оны 10-12 дугаар сард өөр ажил хийсэн...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0512 дугаар шийдвэрээр НДЕГын даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Бийг НДЕГын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговорт олгох 3 761 423 төгрөгөөс татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0600 дугаар магадлалаар хэвээр үлдээжээ.

НДЕГ олговор 3 761 423 төгрөгийг Б.Бт олгосон боловч ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй, ажилгүй учраас нэхэмжлэгч нь цалин хөлсөөр хохирсон хэвээр байгаа тул хариуцагчаас олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01333 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1700 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА