Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2019/01895

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж, байрны  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овгийн Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, “Н” ХХК / регистрийн дугаар 5995752/-д холбогдох

Хөрөнгө оруулалт болох 9,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

9,000,000 төгрөгийг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэгт суутган тооцох, хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч Г.Т /РД: /-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний явцад үүссэн алдагдал болох 31,869,500  төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Хын шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Т надтай хамтарч ажиллах санал тавьсаны дагуу махны бизнесийг хамтран эрхэлж ашгаа тэнцүү хувааж авч байхаар тохиролцсон. 2016 оны 09 дүгээр сарын 27 болон 28-ны өдөр хоёр удаа мах хүргэж өгсний дараа “Н” ХХК нь эргэлтийн хөрөнгөгүй болсон тул би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз Д.Чээс 4,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж аваад “Н” ХХК-нд эргэлтийн хөрөнгө болгон зээлдүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын дунд гэхэд мөн л компанийн эргэлтийн хөрөнгө дутагдаж эхэлсэн. Тиймээс гадаадад ажиллаж амьдардаг дүүгээсээ 2000 ам.доллар зээлж авсан бөгөөд компанийн хувьцаа эзэмших зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Н” ХХК-ийн Голомт банк дахь 1415104539 тоот дансанд 4 000 000 төгрөгийг “Г.Тын хөрөнгө оруулалт” гэж байрлуулсан юм. Түүний дараа 1,500,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмж зээлэн “Н” ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд оруулсан. Д.Х 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болон 07-ны өдрүүдэд энэхүү 1,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нь хүүтэй нь, мөн өмнө авсан зээл болох 4,500,000 төгрөгт тооцогдох хүүгийн хамт буюу нийт 1,746,000 төгрөгийг Д.Чэд буцаан төлсөн бөгөөд үлдсэн 500,000 төгрөгийг нь өмнөх зээлтэй нь нийлүүлж Д.Чэд төлөх нийт зээлийн хэмжээг 5,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Эдгээр нь 2017 оны 02 дугаар сараас эхлэн “Н” ХХК нь сар бүр Д.Чэд 200,000 төгрөгийн хүү төлж байснаар батлагдана. Өөрөөр хэлбэл энэ үйл баримтаар Г.Т би 5,000,000 төгрөгийг “Н” ХХК-д эргэлтийн хөрөнгө болгож оруулсан, оруулсан эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр нь Д.Чээс мөнгө зээлж оруулсан болохыг нотолж байгаа юм. Д.Чэд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5027679041 тоот дансанд нь зээлийн гэрээний үүрэг болох 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас улсын бүртгэл болон дүрэмд өөрчлөлт оруулж миний нэрийг “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг шаардсан. Би тус компанид хөрөнгө оруулснаар компанийн ажиллагаа тогтвортой болж, “Н” ХХК нь өөрийн компани мэт үзэж амралтын болон баяр ёслолын өдрүүдэд ч амрахгүй ажиллаж, санхүүгийн болон гэрээтэй холбоотой бүх л бичиг баримтыг бэлтгэж байсан. Гэвч Улсын бүртгэлийн байгууллагад компанийн дүрмийг бүртгүүлэхдээ компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй тул цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Иймд “Н” ХХК-д оруулсан 9,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Н” ХХК, гүйцэтгэх захирал Д.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х миний бие Г.Ттай 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс махны бизнесийг хамтран эрхэлж ашиг, алдагдал, зардлаа тэнцүү хувааж авч байхаар амаар тохиролцон хамтран ажиллаж эхэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хүчит шонхор” ХХК-ийн олон нийттэй харилцах албаны дарга Л.Цэдэнтэй мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулж, нийт 60153 кг үхрийн махыг килограмыг нь 5,000 төгрөгөөр тооцон, нийт 300,765,000 төгрөгний үнэ бүхий махыг хүлээн авч, “Молор менежмент” ХХК-ийн зооринд байршуулан зарж борлуулан мөнгийг тухай бүрд нь шилжүүлэн тооцоо нийлэх ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд гарах тээврийн зардал болон “Хүчит шонхор” зах дотор байрлах махны лангууны түрээс 1 сарын 900,000 төгрөг, павильоны түрээс 1,250,000  төгрөг, 2 худалдагч, 1 ачигч зэрэг ажиллах хүчний зардал буюу цалин зэргийг “Н” ХХК хариуцан ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 60153 кг махыг зарж борлуулж дууссан ба энэ ажлыг Г.Т өөрөө хариуцан гүйцэтгэж байсан. Ингээд Санхүүгийн тооцоолол гаргахад нийт 42,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан тооцоо гарсан. Гэтэл энэ үед Г.Т нь Хүний эрхийн үндэсний комисст ажилд орохоор болсон гэдэг шалтгаанаар ажлаа орхин намайг өр төлбөртэй үлдээгээд явсан.  “Хүчит шонхор” ХХК-ийн Л.Цэдэн даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт болох 42,000,000 төгрөгийг яаралтай төлөх шаардлагатай болох үед Г.Т нь төлөлцөхгүй гээд орхиод явж байсан. Бидний өдөр тутмын хөтөлж байсан санхүүгийн тооцооллын бүртгэлээс үзэхэд Г.Тд бэлнээр буюу хувийн хэрэгцээнд нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 9,132,400 төгрөгийг өгч байсан тооцооллыг и-мэйлээр явуулсныг Г.Т нь хүлээн зөвшөөрөөд 2 тийш салсан. Г.Т нь бизнес эхлэх үед компани ашигтай болон алдагдалтай ажиллах үед ашиг ба эрсдэлийг хамтдаа туулах хамтрагч байна гэж анхнаасаа аман тохиролцоогоор ажлаа эхлүүлсэн мөртлөө алдагдалтай ажилласан гэх тооцоо гарах үед хамтдаа төлөлцөх ёстой 42,000,000 төгрөгнөөс төлөлцөөгүй. Хүчит шонхор” ХХК-тай байгуулсан мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу 42,000,000 төгрөгний алдагдалыг Д.Х миний бие өөрийн хувийн Приус-20 маркийн автомашиныг 8,000,000 төгрөгт, ХААН банкнаас авсан цалингийн зээл болох 12,000,000 төгрөг, өөрийн 9911-тэй утасны дугаарыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж 10,000,000 төгрөг, Голомт банкны кредит картны зээл болох 5 000 000 төгрөг, нагац эгч болох н.Эрдэнэчимэгээс хүүтэй зээлсэн 10,000,000 төгрөгөөр тус тус 42,000,000 төгрөгийн алдагдалаа төлсөн. Уг зээлүүд нь цаг хугацааны хувьд болон Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. Дээрх зээлүүдийг одоог хүртэл хүүгийн хамт төлж байна. Иймд Г.Т нь хамтран ажиллах гэрээний дагуу хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ашиг алдагдал, өр төлбөр, зээлийн эргэн төлөлтийг оруулсан хөрөнгөөрөө хамтран хариуцах учраас 9,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сараас Г.Т, Д.Х нар “Н” ХХК-тай хамтарч махны бизнес эрхэлж ашгаа хувааж авахаар тохиролцон хамтарч ажилласан. Г.Т нь нийт 9,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бусдаас зээл хэлбэрээр авч, компанийн дансанд мөнгөө 2 хувааж хийсэн. Бид махны худалдааны тооцоогоо өдөр, сар тутамдаа тооцож, “Н” ХХК-ийн ня-бо Г.Баяржаргалаар дүгнүүлж байсан. Энэ нь Г.Т, Д.Х нарын и-мэйл хаягт тодорхой байна. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээнээс гарснаар, хамтын үйл ажиллагааг биелүүлэх боломжгүй болсон. Г.Тд зээл хэлбэрээр, мөн бараа материалаар өгсөн тооцоог хийхэд 9,132,400  төгрөг гарсан. Г.Т үүнийг мэдэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Хүчит шонхор” ХХК-ийн албаны дарга Л.Цэдэнтэй байгуулсан “хөрөнгө итгэмжлэх” гэрээний дагуу авсан 300,765,000 төгрөгийн үнэ бүхий 60153 кг махыг борлуулж, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо гаргахад 42,000,000 төгрөгийн алдагдал гарч, өр үүссэн. Энэ өр төлбөрийг “Н” ХХК төлж барагдуулсан. Хамтын үйл ажиллагааны явцад гарсан энэ алдагдлыг Г.Т хамтран хариуцах үүрэгтэй байсан. Гэтэл Г.Т нь өртэй гэдгийг мэдээд, өр хамтран төлөх үүргээ биелүүлээгүй, өөр ажилд орох шалтаг заан зугтаагаад явсан. Тухайн үедээ мөнгө, төгрөгөө нэхээгүй. Иймд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 479 дүгээр зүйлийн 479.4, 479.5, 479.6-т тус тус зааснаар Г.Тын нэхэмжилж байгаа 9,000,000 төгрөгийг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэгт суутган тооцуулж, бидний хамтын ажиллагааг дуусгавар болсонд тооцож өгнө үү гэжээ.

  

Нэхэмжлэгч Г.Т сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй. Анх Д.Хтай махны бизнес эрхлэхээр тохиролцож махаа зочид буудлын ресторанд нийлүүлсэн. Хувь хүн,  ресторанд мах нийлүүлэх боломжгүйн улмаас “Н” ХХК-ийн нэрээр нийлүүлэх болсон. Миний хувьд анхнаасаа хөрөнгө нийлүүлж, хамтран ажиллах санал тавиагүй, зөвхөн хариуцагчийн үйл ажиллагаанд нь туслах, компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болох, цалин хөлс, ногдол ашиг авах л сонирхолтой байсан. Би тус компанийн ажилтны хувиар махны ажилд оролцож байсан ба махнаас яаж ашиг гаргаж болох вэ? гэдэг тооцооллыг гаргаж байсан. Надад захиран зарцуулах эрх байгаагүй, Л.Цэдэнтэй байгуулсан “хөрөнгө итгэмжлэх” гэрээний дагуу авсан 300,765,000 төгрөгийн махыг борлуулахад ашиг гарахгүй байсан. Тухайн гэрээнд Д.Х гарын үсэг зурсан тул гэрээний харилцаа надад ямар ч хамааралгүй. Тэгээд ч Д.Х маш их хэмжээний мөнгийг хувийн зээлэндээ төлж байсныг би сүүлд мэдсэн. Би “Н” ХХК-ийг эргэлтийн хөрөнгөгүй гэхлээр нь өөрийн найз Д.Чээс 5,000,000 төгрөг зээлж компанид хөрөнгө оруулалт хийсэн нь хувьцаа эзэмшигч болох зорилготой л байсан. Д.Х нь анхнаасаа намайг тус компанийн хувьцаа эзэмшигч болгоно гэж ажиллуулсан, мөн компанийн эргэлтийн хөрөнгө дутагдсаны улмаас надаас мөнгө зээлж, зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй байгаа үйлдлүүд нь Иргэний хуулийг зөрчиж байна. “Н” ХХК-ийн захирал Д.Хын нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга, компанийн санхүүгийн тооцоолол зэргээс харахад Д.Х өөрөө компаниа ажиллуулж, Г.Тыг компанийн ажилтнаар ажиллуулж байсан. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цалин гэж 1,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Г.Т надад өгсөн гэх 9,123,400 төгрөгийн ихэнх нь бензин болон машины тос солиулах, ачигчийн олон мах хүргэлтийн зардал болох нь харагдана. Зээлсэн мөнгөө буцаан төлж байсан ба эдгээрийг буцаан өгөөгүй мэтээр тэмдэглэн надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, суутган тооцох үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х нэхэмжлэлдээ: Г.Т, “Н” ХХК, Д.Х нар 2016 оны 09 дүгээр сард мах борлуулах ажилд хамтарч ажиллахаар тохиролцсоны дагуу ажлаа эхэлсэн. Тохиролцооны дагуу “Н” ХХК нь өөрийн компанийн нэр, данс, худалдааны хэрэгсэл болох лангуу, павильон, мах хадгалах зоорийг, Д.Х миний бие  3,718,000 төгрөгийг мах борлуулах бэлтгэл ажилд зориулж, хөргөгч хөлдөөгч, жин хэмжүүр, тоног төхөөрөмж зэргийг, Г.Т нь 9,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсанаар бид хөрөнгө, хүч хөдөлмөрөө нэгтгэж, махны бизнест хамтран ажиллаж ашиг, алдагдлаа тэнцүү хариуцахаар тохирсон. Бид Хүчит шонхор захын олон нийтийн албаны дарга Цэдэн гэх хүний 60153 кг махыг борлуулж, ашиг гаргаж авахаар болж Г.Т махыг жинлэн хүлээн авч, “Н” ХХК-ийн нэр дээрх түрээсийн гэрээтэй зоорь, павильонд хадгалж, худалдан борлуулсан. Уг махыг борлуулахад хүн хүч дутагдсан ба лангуун дээр 2 худалдагч, 1 ачигч, мах шулагч хөлслөн өдөр тутам ажиллуулж байсан. Мах борлуулах ажил 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 2017 оны 04 дүгээр сарын 08 хүртэл үргэлжилж дууссан бөгөөд тооцоогоо гаргахад 42,000,000 төгрөгийн алдагдал гарсан. Хамтран ажиллаж байх хугацаанд Г.Т нь 9,132,400  төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар авсан гэх тооцоо гарсан. Үүнийгээ Г.Т өөрөө мэдэж байгаа. Г.Тын хөрөнгө оруулсан 4,500,000 төгрөгийн зээлийн хүүг би өөрөө болон “Н” ХХК-иас төлж байсан. Миний хувьд 42,000,000 төгрөгийн өр төлбөрөө өөрөө төлж дуусгасан. Энэ нь ХААН банкны дансны хуулгаас харагдана. Бидний хамтын үйл ажиллагаа бодиттой хэрэгжиж дууссан. Г.Т өөрийн оруулсан 9,000,000 төгрөгийн хөрөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Г.Т нь хамтран ажиллахад ямар байдалтай ажилласан, ямар хэмжээний ашиг алдагдалтай байснаа тооцон үзсэн байх. Иймд Г.Таас хамтран ажиллах явцад түүнд өгсөн 9,132,400 төгрөг, зээлийн хүүд төлсөн 1 746 000 төгрөгийг, мөн Л.Цэдэнтэй байгуулсан хөрөнгө итгэмжлэх гэрээгээр 60153 кг мах авч хамтран борлуулсанаас үүссэн алдагдал 42,000,000 төгрөгийн 50 хувь болох 21,000,000 төгрөг, нийт 31,869,500  төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

 

Г.Т бие даасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Хын бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Х бидний хооронд хамтран ажиллах гэрээ анхнаасаа байгуулагдаагүй. Харин “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохоор хөрөнгө оруулалт хийж ашиг олох зорилготойгоор компанийн дансанд “Г.Тын хөрөнгө оруулалт” гэж 4,000,000 төгрөгийг, дараа нь компани эргэлтийн хөрөнгөгүй болсон учир 5,000,000 төгрөгийг бусдаас зээлж мөн компанид хөрөнгө оруулсан, энэ нь нотлогдоно. Харин Д.Хтай хамтран ажиллаагүй. Анх 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Корпорэйт” зочид буудалд мах нийлүүлэхэд нийлүүлэгч нь хувь хүн байж болохгүй, харин компани байх шаардлагатай гэсэн үүднээс “Н” ХХК-ийн нэр, харилцах данс, тоног төхөөрөмж хэрэгтэй байсан.  Д.Х 2017 оны 03 дугаар сард “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон боловч, намайг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй, миний оруулсан 9,000,000 төгрөгийг өгөхөөс татгалзсан. Анх махны бизнес эхлүүлэхэд миний зүгээс ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө оруулах талаар тодорхой тохиролцсон зүйл байхгүй. Харин Д.Х нь уг бизнесээ эхлүүлэхээсээ өмнө мах нийлүүлэх гэрээний загвар хийлгэхээр надтай уулзаж байсан. Тэрээр удирдлагын академид суралцаж байсан тул түүний эзгүйд би бизнесийг нь зогсоохгүй, мах хүргэх ажилд нь туслах гэрээ хэлцлийг компанийн өмнөөс байгуулах зэргээр тусалж байсан. Өөрийн найз Д.Чээс зээлж өгсөн мөнгийг буцаан төлнө гэж тохиролцсон байсан учраас “Н” ХХК-д 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.Тэнгэрийн шонхор ХХК-ийг төлөөлж Л.Цэдэн, Д.Х нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээ” байгуулсан ба үүнийг би анхнаасаа зөвшөөрөөгүй, надад хамааралгүй. Уг гэрээнд “Н” ХХК нь хэд хэдэн сарын турш павильон үнэ төлбөргүй ашиглах, махны лангуу хямд үнээр түрээслэх, 12,000,000 төгрөг хүүгүй зээлэх зэрэг тохиролцоог гэрээнд тусгасан байдаг. Энэ нь зөвхөн Д.Х, “Н” ХХК-д л ашигтай байсан байна. Дээрх хөрөнгө итгэмжлэх гэрээнд Д.Х өөрөө гарын үсгээ зурсан байдаг. Иймд Д.Х өөрийн гаргасан шийдвэр, гэрээний үүрэг хариуцлагаа өөрөө хүлээх нь үүргийн эрх зүйн харилцааны үндсэн зарчим билээ. Мөн хамтран ажиллах явцад Г.Тын хувийн хэрэгцээнд  9,132,400 төгрөг өгсөн гэж буцаан шаардаж байгааг зөвшөөрөхгүй байна. Д.Х болон бидний хооронд харьцаж байсан мэйл хаягт байсан экселийн файлд үндэслэн тооцоо бодсон ба уг тооцоо баталгаажуулалтгүй, тухайн файлууд байнга өөрчлөгдөж байдаг, нотлох баримтад тулгуурлаагүй тул тооцооллыг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм. Иймд бие даасан гуравдагч этгээдийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Т  нь хариуцагч  “Н” ХХК -д холбогдуулан хөрөнгө оруулалт болох 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Тд холбогдуулан 9,000,000 төгрөгийг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэгт суутган тооцох, “Н” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х нь Г.Тд холбогдуулан хамтран ажиллах гэрээний явцад үүссэн алдагдал болох 31,869,500  төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед, 24,876,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 6,993,100 төгрөгөөр багасгажээ. 

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч “Н” ХХК-иас хөрөнгө оруулалт 9,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох зорилгоор 4,000,000 төгрөг, тус компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр зээлдүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэвч намайг хувьцаа эзэмшигчээр бүртгэхээс татгалзаж, зээлдүүлсэн мөнгийг эгүүлэн төлөхөөс татгалзсан тул хөрөнгө оруулсан 9,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа  боловч, нэхэмжлэгчтэй хамтран ажиллах тохиролцоотой байснаа үгүйсгээгүй ба нэхэмжлэгчээс хөрөнгө оруулалтаар 9,000,000 төгрөг хүлээн авсан тухайд маргаагүй байна.

Д.Х нь Г.Тд холбогдуулан 24,876,400 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар хамтран ажиллах явцад үүссэн алдагдлын 3/1 хувьд ногдох хэсэг гэж тодорхойлжээ.

            Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал хамтран ажиллах санал  тавьсаны  дагуу саналыг хүлээн зөвшөөрч “Н” ХХК-тай хамтран ажиллаж махны бизнес хамтран эрхэлж, ашгаа тэнцүү хувааж авч байхаар тохиролцсон “ гэж шүүхэд  нэхэмжлэл /хх-ийн 1 тал/ гаргасан байна.

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заажээ.  

Хамтран  ажиллах  явцад  Д.Хын бусадтай байгуулсан мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу хүлээн авсан 60153 кг махыг худалдан борлуулах ажил 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд мах худалдан борлуулах тооцоог гаргахад 42,000,000 төгрөгийн алдагдал өр төлбөр үүссэн эсэх асуудлаар талуудын хооронд маргаан үүсэж, улмаар Г.Т хамтран ажиллах гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Тухайн мах борлуулах ажилд гэрээний талууд оролцсон байх Хк ХХтодорхой ба тээврийн болон ажиллах хүчний зардал, Хүчит шонхор зах дотор байрлах махны лангуу, павильоны түрээсийн зардал зэргийг “Н” ХХК хариуцаж байсны зэрэгцээ тодорхой хэмжээний зардал гарган ажилласан тухайд талууд маргаагүй.

Гэрээний талууд махны бизнес эрхэлж, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Г.Т нь тухайн махны бизнес эрхлэх зорилгоор 9,000,000 /10,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг буцаан авсан гэх/ төгрөг, “Н” ХХК нь өөрийн компанийн нэр, харилцах данс, үйл ажиллагаагаар, Д.Х нь 3,718,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө  гарган хамтран ажиллахаар тохирсон гэж үзэхээр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу хамтран ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагджээ.

Иймд махны бизнес хамтран эрхэлж, ашгаа тэнцүү хуваах зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцсон талуудын тохиролцоо, хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иймд Г.Т, “Н” ХХК, Д.Х нарын хэн аль нь хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Г.Т нь хөрөнгө оруулж, хамтран махны бизнес хийхээр тохирсон нь хамтран ажиллах нөхцөл бөгөөд талуудаас оруулсан хөрөнгө оруулалт буюу хураамж  нь хамтын үйл ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө юм.      

Г.Тын нэхэмжилж буй 9,000,000 төгрөг нь хэргийн оролцогч нарын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна.

Хариуцагч “Н”  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч нэхэмжлэгчтэй хамтран ажиллах тохиролцоотой байсныг үгүйсгээгүй ба нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг хамтын үйл ажиллагаанд ашигласан, алдагдалтай ажилласан, хөрөнгө оруулалтыг буцаан төлсөн гэх тайлбарыг гаргаж, сөрөг шаардлагаар нэхэмжилж буй 9,000,000 төгрөгийг бусдын өмнө хүлээсэн үүрэгт суутгах, хамтын ажиллагаа дуусгавар болохыг тооцуулна” гэх тайлбарыг гаргажээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.            

Хамтран ажиллах гэрээнд “удирдлагын бүтэц, эрх үүрэг, гэрээг дуусгавар болгох үндэслэл, ашиг алдагдлыг хуваарилах, дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах” зэрэг асуудал тусгагдсан байх ёстой боловч амаар байгуулагдсан энгийн хэлбэрийн гэрээнд дээрх асуудал бүрэн хэмжээгээр тусгагдах боломжгүй, дээрх асуудлын тухайд талууд тодорхой тохиролцоо хийгээгүй байх нь гэрээг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй.

Зохигчид хамтран ажиллахаар харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүйгээс гадна талуудын тусгайлан тохиролцоогүй асуудлаар хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, 477.3 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна”, 477.4 дэх хэсэгт “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна”, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна”, 478.12 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэх зохицуулалтыг үндэслэж, хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзвэл тухайн төрлийн гэрээ дуусгавар болсны эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн гэрээний харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан байна.

 

Нэхэмжлэгч Г.Т 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээнээс гарснаар талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон, энэ тохиолдолд 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх заалтанд зааснаар зохигчдын хоорондох хамтран ажиллах гэрээ хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон шалтгаанаар дуусгавар болсон гэж үзэж дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг баримтаар тогтоогдсон хэмжээгээр талууд тэнцүү хариуцах нь зүйтэй.

 

Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт баримтаар авагдсан ХААН  банкны депозит дансны хуулгаар “Н” ХХК болон Д.Х нар Г.Тын өмнөөс зээлийн хүүд 2,406,000 төгрөг төлсөн байх тул Г.Тын оруулсан хураамж болох 9,000,000 төгрөгөөс 2,406,000 төгрөг хасаж үлдэх 6,594,000 төгрөгийн хэмжээгээр талууд хариуцлага хүлээх учир хариуцагч “Н” ХХК-иас 3,297,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,703,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Сөрөг нэхэмжлэл болон Бие даасан шаардлага

гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Тд холбогдуулан 9,000,000 төгрөгийг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэгт суутган тооцох, “Н” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х нь Г.Тд холбогдуулан хамтран ажиллах гэрээний явцад үүссэн алдагдал болох 24,876,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 6,993,100 төгрөгөөр багасгажээ.

 

Хариуцагч “Н” ХХК /тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Наранчимэг нь Д.Хын эх нь/ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х нар хоорондоо хамаарал бүхий этгээдүүд байх бөгөөд тухайн хамтран ажиллах гэрээний нэг тал болж оролцсон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн  480 дугаар зүйлийн 480.3.Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна”,480.4.Хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ” гэж заажээ.

 

        Д.Х, Г.Т нарын хооронд харилцаж байсан и-мэйл хаягт дах эксел файл дах санхүүгийн тооцоолол, тэдний хооронд цахим шуудангаар дамжуулан явуулж байсан баримт хувийн тооцооны дэвтэрт бичигдсэн тооцоог бодит байдалд нийцсэн, хөдөлбөргүй баримт гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

          Хамтран ажиллах гэрээний талууд тус гэрээний үүргийн биелэлтийг дүгнээгүй, хамтран ажиллах гэрээгээр бусдын өмнө хүлээсэн үүргийг хэрхэн хуваарилах талаар тохиролцоогүй, түүнчлэн хамтын ажиллагаанд хэн ямар үүрэг оролцоотой байсан, хүлээсэн үүргийг талууд ямар хэмжээгээр биелүүлсэн талаарх тооцоо, тайланг гаргаагүй байна.

 

Иймд “Н” ХХК-ийн сөрөг шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Хын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х нь нурууны мэдрэлийн  үрэвсэл, нурууны булчин чангарч удаан хугацаагаар явах, зогсох, суух боломжгүй тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр гаргаж, Эмнэлгийн магадлалгаа хавсарган ирүүлсэн байх ба хүсэлтийг хангах үндэслэлгүй.

 

Учир нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1456 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00980 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Тус шүүх хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч захиргааны чөлөө авсан үндэслэлээр хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дахин хуваариласан байна.

 

Шүүх 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан байх ба 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр,  2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд хариуцагч “Н” ХХК-ийн захирал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х өвчтэй үндэслэлээр тус тус хойшилсон бөгөөд хариуцагч “Н” ХХК-ийн захирал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Хын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг шүүх удаа дараа хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан хугацаа дуусч байна.

 

 

Хариуцагч “Н” ХХК-ийн захирал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байх тул түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.12 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 3,297,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгож нэхэмжлэлээс 5,703,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2, 478 дугаар зүйлийн 478.11, 478.12  дах  хэсэгт заасныг баримтлан Г.Таас 9,000,000 төгрөгийг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэгт суутган тооцох, “Н” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Хын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Таас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөг, хариуцагч “Н” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,070 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,300 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 67,702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Тд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 182/ШЗ2018/09081 дугаар шүүгчийн захирамжаар авсан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

5. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ