Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол 34 дүгээр байр 39 тоотод оршин суух, 1993 онд төрсөн 24 настай, Дарь овогт Бямбасүрэнгийн Өлзийтөгс /РД-УИ93031025/

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Очир хотхон, 2 давхарт байрлах, “Санни Апрель” ХХК /РД:5449472/

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхжаргал, өмгөөлөгч Х.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Өлзийтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Х.Ариунзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Өлзийтөгс нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Санни Апрель ХХК-д гадаад харилцааны менежерийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2016 оны 11 дүгээр сараас тушаал дэвшүүлэн марктенг борлуулалтын албаны даргын албан тушаалд томилон ажиллуулсан ч энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой гэнэт ухаан алдан унасан ба маргааш нь 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил руугаа залгахад захирал Н.Мөрөн “бие чинь зүгээр юм уу өнөөдөртөө амарчихгүй” гэсэн тул тэр өдөр ажилаагүй буцсан. Харин маргааш нь 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа ирж ажилласан боловч бие дээрдээгүй тул захиралдаа хэлж толгойн зургаа авхуулахаар болсон 01 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлгээр яваад дараагын өдөр ажилдаа очсон. Гэтэл захирал “чамайг ажиллуулахгүй, удахгүй тушаалыг чинь гаргана ирж аваарай, гэсэн тул ахиж ажилдаа очиж чадаагүй. Эмнэлэгт өгсөн шинжилгээгээр тархины усан хаван, венийн судасны цүлхэнт гэсэн онош гарсан ба өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. Б.Өлзийтөгс нь өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хагалгаанд орж одоогоор эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд эмнэлгийн актыг байгууллагад хүргүүлж, өөрөө нэг хувийг канондож авч байсан. Акттай эмнэлэгт байх хугацаанд ажлаас халсан тушаал гараагүй. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр захиралд тусламж хүсэх болон урт хугацааны чөлөө авах тухай өргөдөл, 02 дугаар сарын 24-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай өргөдөл тус тус гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захирал Н.Мөрөнтэй утсаар холбогдоход тушаал чинь гарсан ирж ав гэснээр өөртэй нь уулзан тушаалаа авсан. Ажлаас чөлөөлсөн тушаал 2 сарын дараа гарсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захирал Н.Мөрөн өөрөө чөлөө өгсөн мөртлөө ажил тасалсан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд Б.Өлзийтөгсийг гадаад харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Санни Апрель ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Өлзийтөгс нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Санни Апрель ХХК-нд гадаад харилцааны менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захиралын 17/08 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халах үндэслэл нь иргэн Б.Өлзийтөгс 2017 оны 01 дүгээр сарын 04, 06, 07, 09-ний өдөр ажилдаа ирээгүй, өмнө нь хэд хэдэн удаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан зэрэг болно. Тушаалыг хүний нөөцийн ажилтан 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хөдөлмөрийн хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Утсаар ярьсан тэмдэглэл дахь дуу хоолой Н.Мөрөн захиралынх гэдэг нь тогтоогдохгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад               

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Өлзийтөгс нь хариуцагч Санни Апрель ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Санни Апрель ХХК-ийн захиралын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17/08 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 33.6.3-т заасныг үндэслэн Б.Өлзийтөгсийг гадаад харилцааны менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Шүүх хуралдаанд хариуцагч “Б.Өлзийтөгс 2017 оны 01 дүгээр сарын 04, 06, 07, 09-ний өдөр ажилдаа ирээгүй. Тушаалыг хүний нөөцийн ажилтан 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хөдөлмөрийн хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч Б.Өлзийтөгс нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захирал Н.Мөрөнтэй утсаар холбогдож эмнэлэгт биеэ үзүүлэх талаар мэдэгдэн, 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 09, 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 20, 01 дүгээр сарын 21-нээс 01 дүгээр сарын 28, 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн акттай байсан болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбарласан тайлбар, эмнэлгийн магадлагаа, Тодосгогч бодистой толгойн компьютерт томографийн шинжилгээ, Иргэний эрүүл мэндийн дэвтэр, зүрхний бичлэг хийлгэсэн баримтуудаар тус тус тогтоогджээ.

Хариуцагч тал ажлаас чөлөөлсөн тушаалыг  нэхэмжлэгчид 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэж өгсөн тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарладаг, тушаалыг гардуулсан талаар М.Шинэжаргал гэрчээр мэдүүлсэн боловч тайлбар нь баримтаар нотлогдоогүй,  Б.Өлзийтөгсийг өвчний учир ажлаас чөлөөлсөн эмнэлэгийн магадлагаатай байх хугацаанд буюу амралтын өдөр болох 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөхдөө тушаалд үндэслэлийг заагаагүй, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөний улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгосон нь тодорхойгүй тул захиралын дээрх тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч тал утсанд бичигдсэн ярианы дуу хоолой захирал Н.Мөрөнгийнх биш гэж маргадаг боловч бичлэгт Б.Өлзийтөгс нь компаний удирдах албан тушаалтантай уулзахдаа 02 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан, эмчилгээтэй байсан тул 03 дугаар сарын 24-нийг хүртэл ирж уулзаж амжсангүй, юу болсон талаар хариугаа авах, компаний зүгээс халагдах тушаал гарсан, танилцах талаар мэдэгдсэн бичлэг тул энэ өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 8.11.а-д заасан эмнэлгийн чөлөөтэй байх үед ажилтныг ажлаас чөлөөлж болохгүй, Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа ажилны албан тушаал хэвээр хадгалагдана гэсэн заалтыг тус тус зөрчсөн буруутай байна.

Иймд нэхэмжлэгч Б.Өлзийтөгсийг Санни Апрель ХХК-ийн гадаад харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг түүний №1087482 дугаартай нийгмийн даатгалын дэвтрээс тооцож /1.380.764:3=460.255:22=20.920х157=3.284.440/ 3.284.440 төгрөг  гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 168.350 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Санни Апрель ХХК-наас 67.501 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийтөгсийг Санни Апрель ХХК-ийн гадаад харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

           2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Санни Апрель ХХК-аас 3.284.440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Өлзийтөгст олгосугай.

 

           3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийтөгсийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Санни Апрель ХХК-нд үүрэг болгосугай.

 

           4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, түүний төлсөн 168.350 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Санни Апрель ХХК-наас 67.501 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА