Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00441

 

Ж.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01790 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1775 дугаар магадлалтай,

Ж.Гийн нэхэмжлэлтэй

ЗТНОНӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны ЗТНОНӨААТҮГазарт ажилд орж, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 тоот тушаалаар газрын Захиргаа удирдлага, Хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 тоот тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. Үүнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орох өргөдлөө өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Тиймээс би Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан бөгөөд комиссоос Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/18 тоот шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажилд томилохгүй байна. Иймд намайг хуучин эрхэлж байсан Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилд эгүүлэн томилж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд томилогдсон өдөр хүртэл хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ЗТНОНӨААТҮГазарт даалгаж өгнө үү. Мөн цалин хөлсийг хариуцагчийн төлөөлөгчийн тооцсон дүн буюу 13 729 560 төгрөгөөр тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Г нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 тоот тушаалаар Захиргаа удирдлага хүнийн нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон. Б/25 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөг олгосон. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хувьд хариуцагч байгууллагын зүгээс маргаан байхгүй. Жирэмсний амралттай байсан нь баримтаар тогтоогдож байгаа учир ажилд эгүүлэн тогтоолгох үүрэгтэй. Нэхэмжлэгч өргөдөлдөө 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлын 169 хоног байна. 169 хоногийн мөнгийг цалин хөлсний тооцооны картнаас харахад 2016 оны 7-9 сарын цалинг авсан. 2016 оны 9 сард 3 084 513 төгрөг, ээлжийн амралтын 1 317 113 төгрөгийг хасч тооцсон. Энэ мөнгө орохгүй. Энэ бичилт нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэртэй таарч байна. Тус мөнгийг хасахад 5 468 400 төгрөг болж байгаа бөгөөд 2016 оны 7-9 сарын хоол унааны хөнгөлт 228 000 төгрөгийг хасч тооцоод Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 55 дугаар тогтоолоор баталсан дундаж цалин хөлс бодох журамд зааснаар 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 81 240 төгрөгийг ажлын 169 хоногт тооцоод 13 729 560 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01790 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Гийг ЗТНОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 729 560 төгрөгийг хариуцагч ЗТНОНӨААТҮГ-аас гаргуулан Ж.Гт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ЗТНОНӨААТҮГазарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Ж.Гээс 2190600823006 нэхэмжлэхийн дугаартай улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас гаргуулан Ж.Гт олгож, хариуцагч ЗТНОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжинд 226 598 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1775 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01790 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Тодруулбал нэхэмжлэгч Ж.Г нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр харьяа дүүргийн шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Ж.Гийн хүүхэд асрах чөлөөний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон байдаг. Ж.Г нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр хэтрүүлсэн учир тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Г нь 2019 оны 6 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч ЗТНОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь олговрын хэмжээг, хариуцагчийн тооцоолсноор 13 729 560 төгрөгөөр тогтоохыг маргаагүй байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Ж.Г нь ЗТНОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 тоот тушаалаар Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 тоот тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан байхад ажил олгогч ажилд аваагүй, нэхэмжлэгч нь Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан, уг газраас 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ЗТНОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарт шаардлага хүргүүлсэн үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй байна. Гурав хүртэл насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч чөлөө олгох үүрэгтэй, хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ажил олгогчийн үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус заажээ.

Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон дээрх хуулийн заалтыг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж, Ж.Гийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 13 729 560 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01790 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1775 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА