Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 19

 

С.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч П.Долгормаа,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 139/ШШ2017/00212 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  С.Мөнхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Дундговь аймаг дахь Нисэх буудалд хариуцагдах Иргэний нисэхийн Ерөнхий газар Дундговь аймаг дахь Нисэх буудлын даргын 2017 оны 01 сарын 02-ны  өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар, хариуцагчийн төлөөлөгч Ж.Мөнхтөр, Б.Солонго, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 оны 09 арын 16-нд Дундговь аймгийн Нисэх буудалд сумлагч машины жолооч албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 01 сарын 02-ны  өдрийн Дундговь аймаг дахь Нисэх буудлын даргын 01 тоот тушаалаар үндэслэлгүйгээр үүрэгт ажлаасаа халагдсан тухайгаа 2017 оны 03 сарын 09-ний өдөр манай гэрт тус Нисэх буудлын жолооч Ганхуяг авчирч өгснөөр мэдсэн. Нисэх буудлын дарга Ж.Мөнхтөр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Иргэний нисэхийн Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.2 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар намайг ноцтой зөрчил гаргасан гэж, мөн Иргэний нисэхийн Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн, ямар ч нотлох баримтгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. 

Иймд Иргэний нисэхийн Ерөнхий газрын Дундговь аймаг дахь Нисэх буудлын даргын 2017 оны 01 сарын 02-ны  өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Мөнхбаярыг Дундговь аймаг дахь Нисэх буудлын дарга Ж.Мөнхтөр нь 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Хариуцагч тал С.Мөнхбаярыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж, мөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалж ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ‘’ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино’’ гэсэн байгаа. Дундговь аймаг дахь Нисэх буудлын дарга хуулийг зөв сонгож хэрэглэж чадаагүй, ажилтан С.Мөнхбаярыг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учраас  ажилд нь эгүүлэн тогтоолгох, 2016 оны 12 сарын 21-нээс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг нөхөн хийлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Аливаа байгууллагын удирдах албан тушаалтан тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэхдээ үндэслэл, түүнийг нотлох баримтаа зөв заасан байх үүрэгтэй. Зөвхөн цагийн бүртгэлийг үзэхээс илүү,  энэ хүн ямар учраас ажилдаа ирэхгүй байна, ямар учраас ажил таслав гэдгийг шалгаж тогтоох гол үүрэг нь ажил олгогчид байсан. Ингэж шалгаад үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай байж уу, үгүй юу гэдгийг тогтоож, өөрөөс нь тайлбар авч, хамт олны хурлаар хэлэлцүүлээд ажлаас нь чөлөөлсөн байсан бол хуульд заасан шаардлагыг хангах байсан. Гэвч ийм арга хэмжээ аваагүй өөрийн эрх хэмжээгээр халсан гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ажил олгогчийн ажил тасалсан гэж байгаа хугацаанд цагдан хоригдож байсан болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ....Тус Нисэх буудалд технологийн болон сумлагч автомашины жолооч, онгоцны техникчээр ажиллаж байсан С.Мөнхбаяр нь 2016 оны 11 сарын 01-нээс 2017 оны 01 сарын 02-ныг хүртэл Нисэх буудлын дарга, удирдлагадаа мэдэгдэлгүй 2 сар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй тасалсан. Иймд С.Мөнхбаярын ажил тасалсан буруутай үйлдлээс болоод нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, аэродромын болон техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдал хангагдаагүйгээс болж техник-технологийн зөрчил, осол аваар гарах нөхцөл бүрдсэн тул үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор шийдвэр гаргасан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... анх С.Мөнхбаярыг орлох ажилтныг түр авсан гэдгийг түрүүнд хэлсэн. Аливаа ажилтныг орлоход тушаал гаргах ёстой байдаг. Тухайн байгууллага нь маш хариуцлагатай байх алба байдаг. Тийм учраас би нэгийг нь ажлаас чөлөөлж, нэгийг нь 40 хувиар цалинжуулж,  нэгд нь сарын үндсэн цалинг нь өгч ажиллуулсан. С.Мөнхбаяр нь 2016 оны 12 сарын 21-нд батлан даалтанд гарчихаад маргааш нь ажилдаа ирээд даргаа би ингэчихлээ одоо ажилдаа оръё гээд ирсэн бол ажиллуулах боломж байсан. Би ажлаас чөлөөлөх тушаалаа 21-нээс хойш хөдөлмөрийн дотоод журмаа зөрчиж 10 хоногийн дараа гаргасан. Бүхэл бүтэн 2 сар ажилдаа ирэхгүй явж байгаа хүнийг ажлаас халахаас өөр арга байхгүй. Иймээс Хөдөлмөрийн хуульд зааснаар С.Мөнхбаяр нь ноцтой зөрчил гаргасан учраас миний бие Монгол Улсын Хөдөлмөрийн хууль болон Улсын онцгой объект хариуцаж байсны дагуу аюултай байдлаас урьдчилан сэргийлж тушаал гаргасан. Ерөнхий газарт энэ хүний талаарх мэдээлэл очиж 5 хоногийн дараа Ерөнхий газраас ‘’энэ хүний асуудлыг яаралтай шийд, гэмт хэрэгт холбогдсон нь байгууллагын нэр хүндийн асуудал, ямар гэмт хэрэгт холбогдсон талаар бидэнд бүх мэдээлэл ирсэн учраас та энэ хүний ажлын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Нисэхийн аюулгүй байдалд ноцтой хүндрэл учруулах буюу ноцтой алдаа гарвал нөхөр дарга та хариуцна шүү’’ гэж удаа дараа хэлсэн учир би шийдвэрээ гаргасан. Төрийн онцгой объекттой, хариуцлагатай байгууллага учраас би гаргасан шийдвэрээ дэмжиж байна гэв. 

 

Анхан шатны шүүх:

           Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнхбаярыг Иргэний нисэхийн Ерөнхий газар Дундговь аймаг дахь Нисэх буудлын технологийн болон цэнэглэгч автомашины жолооч, онгоцны техникчийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний нисэхийн Ерөнхий газар Дундговь аймаг дахь Нисэх буудлаас 5385120 /таван сая гурван зуун наян таван мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгож,

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мөнхбаярын ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг Иргэний нисэхийн ерөнхий газар Дундговь аймаг дахь Нисэх буудалд даалгаж,

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 171311 /нэг зуун далан нэг мянга гурван зуун арван нэг/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг  гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхтөр давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 20-ны өдрийн дугаар 139/ШШ2017/00212 шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.  Уг шийдвэрээр С.Мөнхбаярыг Иргэний нисэхийн ерөнхий газар Дундговь аймаг дахь Нисэх буудлын технологийн болон цэнэглэгч автомашины жолооч, онгоцны техникчийн ажилд  эгүүлэн тогтоож, 5385120 төгрөгийг байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байсан.  Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг ажилтны хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлэн зөвтгөсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь С.Мөнхбаяр 2016 оны 11 сарын 01-нээс 2017 оны 01 сарын 02-ныг хүртэл бүхэл бүтэн 2 сарын хугацаагаар ажил тасалсан. Гэтэл анхан шатны шүүх нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа таслаагүй байна хэмээн дүгнэсэн. Тэрээр гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдан хориотой байсан гэх ба 2016 оны 12 сарын 21-ний өдөр батлан даалтанд гарсан байдаг бөгөөд түүнийг цагдан хориотой байхад Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс албан байгууллага, удирдлагадаа өргөдөл, хүсэлт илгээх, харилцах боломжийг хангаж ажилладаг талаар баримт материал хэрэгт бий.

Ажил олгогчийн зүгээс С.Мөнхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2, Байгууллагын дотоод журмын 3.3.6.2 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл тэрээр цагдан хориотой байх хугацаандаа байгууллага, удирдлагадаа мэдэгдэх, хүсэлт, өргөдөл гаргах, улмаар батлан даалтанд гарснаасаа хойш тушаал гарах хүртэлх 10 хоногийн хугацаанд байгууллагадаа хандах, хориотой байх хугацаанд ар гэрийн зүгээс асуудал хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан атал түүний санаачилгагүй, үл тоомсорлосон  байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан мэтээр авч үзэж байгаад гомдолтой байна. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газар Дундговь аймаг дахь Нисэх буудлын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий тушаал гэж үзэж байгаа ба харин анхан шатны шүүхийн шийдвэрийг  ИХШХШТХуулийн 116.2.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй хэмээн гомдол гаргаж байгаа тул хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн Ерөнхий газрын Дундговь аймаг дахь Нисэх буудлын даргын 2017 оны 01 сарын 02-ны  өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгч С.Мөнхбаярын урьд эрхэлж байсан ажил албан тушаал нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дор дурдсан зөрүүтэй байдлаар томъёологджээ. Тухайлбал:

  1. хөдөлмөрийн гэрээний нөхцөлд “ ажилтны албан тушаалыг технологийн жолооч, сумлагчийн жолооч, онгоцны техникч” /хэргийн 6 дугаар тал/
  2. С.Мөнхбаярын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд “...Технологийн болон цэнэглэгч автомашины жолооч” / хэргийн 5 дугаар хуудас/
  3. нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт “сумлагч машины жолооч” / хэргийн 10 дугаар хуудас/ гэж

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүхээс тодруулаагүй, мөн дээр дурдсан нотлох баримтуудаас гадна нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт өгсөн хөдөлмөрийн гэрээ хугацаагүй, хариуцагчаас гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээний хувь нь 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд нэг үйл баримтын талаарх зөрүүтэй хоёр нотлох баримт байсныг шүүх анхаараагүй байх бөгөөд Хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 118 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

 

Хариуцагчийн эрх зүйн байдал, хуулийн этгээд мөн эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбартаа хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, салбар байгууллага хуулийн этгээдийн эрхгүй гэж маргах бөгөөд Дундговь аймгийн Нисэх буудлын даргыг томилсон Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны 03 сарын 22-ны Б/89 тоот тушаалын хуулбар / хэргийн 19 дүгээр хуудас/ нь  нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хариуцагчийн эрх зүйн байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага  болон хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 115, 118 дугаар зүйлд заасантай нийцээгүй гэж үзэж давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн               167.1.5-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2017/00212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

  2. Хариуцагчийн төлөөлөгчөөс  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

  3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

               ШҮҮГЧИД                            П.ДОЛГОРМАА

                                                              Ц.ОТГОНЦЭЦЭГ