Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/307

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч  Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос   Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905009990330 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 33 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн жолооч мэргэжилтэй, .... үсчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн ...  дугаар хороо .... тоотод түр үршин суух, урьд ял шийтгэлгүй.  Б-

 

Холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кристал” нэртэй баарны орчим Г.Ариунзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс  шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

        Хохирогч Г.Ариунзаяагийн “2019 оны 02 дугаар сарын 14-нд манай найз нар болох Энхриймаа, Ичинхорлоо, Алмагүл, Соёлоо нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны “Кристал” гэх нэртэй бааранд 00 цагийн үед ороод тэндээ бид нар 2 шил 0,5 литрийн Соёрхол гэх архи авч уусан. Бид нар тэнд байхдаа мөн хүний нэг нэг шил пиво авч уугаад баар 04 цагийн үед хаагаад гарахаар  болоод гарсан. Тэр үед манай найз нараас Соёлоо, Алмагүл, Ичинхорлоо нар түрүүлээд гарсан юм. Тэгээд би Энхриймаагийн хамт гарч гадаа шорлог зардаг хүн дээр очоод байж байхад Алмагүл би утсаа хаячиж гээд хүрээд ирсэн. Тэгээд утсыг нь хамгаалагч нараас асуугаад байж байхад нэг үл таних хүүхэн тэнд хүн хүнтэй  маргаан хийгээд байсан. Тэгээд би тэр хүүхнийг манай дүүг бааранд газар унагаагаад зодож цохисон гэсэн түрүүлээд гарсан хэдэн охидуудыг тэгэхээр нь би чи миний дүүгийн утсыг авсан юм биш үү гээд хэлсэн. Тэгсэн чинь намайг хулгайч гэж хэллээ гээд үсдээд авсан. Тэгэхээр нь зөрүүлээд үснээс нь атгаад хэрүүл маргаан зодоон эхэлсэн. Тэгээд салаад би зам гарах гээд алхаад явж байсан чинь нөгөө хүмүүс замын тэнд тосож ирээд өө энэ мөн байна гээд Энхриймааг татахаар нь би болиулах гэсэн чинь нэг эрэгтэй нь намайг миний зүүн нүдний орчим гараараа цохиод авсан. Тэгээд би нүүрээ бариад газар суусан. Тэгээд надад нөгөө залуу хэл ам хийгээд байсан. Тэгээд байж байхад аав нь гээд нэг настайвтар ах ирээд салгаад байсан. Намайг тэр ах цамцнаас атгаад байж байх үед нөгөө залуу нь миний энд тэнд гараад намайг цохиод байсан. Тэр үед шөнө орой болсон байсан болохоор би одоо санахад улаан өнгийн цамцтай намхавтар шар залуу нь намайг цохиод байсан санагдаж байна. Тэгээд манай найз бид хоёрыг Номингийн тэндээс нэг машин аав нь барьж ирсэн гээд тэр машинтай нь Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирээд тэр хүмүүс өөрсдийгөө хохирогч гээд байсан. Тэгээд нэг нэгээрээ гарч явж байгаад сүүлд нь манай найз бид хоёр үлдээд тэгсэн чинь хоёрдугаар хэлтсээс нэг машинтай цагдаа нар ирээд төмөр замд байдаг эрүүлжүүлэх оруулсан. Тэгээд тэнд багаж үлээхэд 0,57 хувьтай гарсан. Тэгээд энэ хэлтэс дээр ирсэн. Бид хоёрыг эрүүлжүүлэхээр согтуу биш байна гэж хэлсэн.

          ... одоо надад ямар нэг гомдол санал байхгүй. Бид нар хоорондоо учраа олсон байгаа. ... би хохирлын мөнгө болох 200.000 төгрөг барагдуулж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-28 дугаар хуудас/

 

        Гэрч Энхриймаагийн “... Ариунзаяа гарч ирээд тэгээд унаанд суугаад харья гэж байтал нэг хүүхэн нь бид хоёрыг энэ байна гээд байсан. Тэгсэн нэг залуу бид хоёрыг мөрнөөс татаад тэр баарны үүдэнд байдаг ТҮЦ-ний тэнд аваачаад манай дүүг зоддог хэн бэ гээд байсан. Тэгээд тэр хүүхэн нь манай найз Ариунаатай үсдэлцээд байсан хүүхэн мөн байсан. Тэр хүүхэн гэхдээ энд тэнд хамаг л хүнтэй муудалцаад байсан. Тэгээд байж байхад аав нь гээд нэг хөгшин 60 орчим настай ах боль, боль гэж салгаад Ариунзаяаг чи болиоч гээд алгадаад байсан. Хүү нь гээд 30 гаран насны сахалтай залуу өөрийгөө цагдаа гээд байсан. Тэр харин гараараа чанга чанга цохиод байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4-5 дугаар хуудас/  

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2417 дугаартай:

          “1. Г.Ариунзаяагийн биед баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, уруулын салст, хамар, эрүү, зүүн сарвууны 5-р хуруунд шарх, цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 30 дугаар хуудас/

    

           Яллагдагч Б.Б-ын “... нэг эмэгтэй гэнэт гарч ирээд манай эхнэр Ундрахыг үсдээд авсан. Тэгээд би найз нартайгаа салгаад, тэгээд дүү нь гараад явахаар нь араас нь гараад уулзаад байж байсан чинь нөгөө охидууд араас нь гарч ирээд дахиад үсдэлцээд авсан. Тэгээд салгах гээд нэлээд оролдоод дийлэхгүй байсан. Тэгээд заримыг нь түлхээд мангасдаад тохойлдсон. Тэр хохирогч гээд байгаа Ариунзаяа гэгчийг нэлээд дайраад салахгүй байхаар нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгэж байгаад салгаад харахад нэг махлагдуу хүүхэн байсан. Тэгээд тэр эмэгтэй хороололд та нар барах уу гээд байсан. Тэгээд нөгөө хүүхнүүд салахгүй хэл ам хэрүүл хийгээд салахгүй байхаар нь аав Отгонбаярт утсаар хэлсэн ойролцоогоор 30-40 минут болоод аав ирсэн. Аав ирсэн ч ялгаагүй дайрч давшлаад би тэр үед нөгөө махлаг хүүхэн байсан. Тэрийг 2-3 удаа нүүр рүү нь алгадаж цохисон. Тэгээд нэг юм манай эхнэр Ундрахыг зодсон гээд бид нар тэр хүүхнүүдээс хоёр нь үлдээд бусад нь явсан байхаар нь нөгөө махлаг гэх Ариунзаяа, Энхриймаа нарыг аавтай машинд нь суулгаад явсан.  

          ... Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирээд хүлээлгээд өгөх гэсэн юм. Тэгээд асуутал хоёрдугаар хэлтэст хамаарах асуудал байна гээд бид нар хүлээж байгаад больё гээд гэр лүүгээ явсан юм ... Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарнотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Б.Б- нь  2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кристал” нэртэй баарны орчим иргэн Г.Ариунзаяагийн биед халдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Ариунзаяа “ ... одоо надад ямар нэг гомдол санал байхгүй бид нар хоорондоо учираа олсон байгаа. ... би хохирлын мөнгө болох 200.000 төгрөг барагдуулж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-28 дугаар хуудас/ өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Б- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт, бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ