Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

 

2019          6              18                                            2019/ДШМ/598

 

 

Н.Ед холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Н.Е, түүний өмгөөлөгч Я.Батханд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдулам, түүний өмгөөлөгч О.Одхүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав  даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Есөн-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905001730021 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Нарантуяагийн Е, 1990 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөж талх чихэр” ХХК-д технологич ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр замын 4 дүгээр гудамжны 24в тоотод оршин бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЖН/;

 

Н.Е нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор 2019 оны 1 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр гудамжинд М.Аийг зүүж байсан хүзүүний ороолтоор нь боомилж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Есөн-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Нарантуяагийн Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Енийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 16 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Ейн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Еснийн цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Н.Еэс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардалд 9.676.117 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдуламд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбогдох иргэний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Н.Еэс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Sky маркийн гар утас 1 ширхэг, автобусны карт 1 ширхэг, цагаан өнгийн ороолт 1 ширхэг, ногоон өнгийн гар цүнх 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр буцаан олгож, сэмэрдэс 6 ширхэг, цустай марлыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Н.Е гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр, 0-6 насны 2 хүүхэдтэй, амьдралын түвшин доогуур амьдардаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 16 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Е тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад байгаа ганц хөрөнгө бол газар бөгөөд хохирогч нар авахгүй байгаа. Үүгээрээ хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Есөн-Эрдэнийн өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг үндэслэж үйлдсэн хэрэг болон ар гэрийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгчийн эхнэрийн нэр дээр газар байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид уг газрыг “өгье” гэхээр “авахгүй” гэдэг. Шүүгдэгчийн ганц өгөх зүйл нь энэ газар байдаг. Хохирол төлбөрөө төлөхөө үүгээр илэрхийлээд байдаг. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэхгүй баймаар байна. Хохирол төлбөр барагдуулаагүй. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдуламын өмгөөлөгч О.Одхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Е давж заалдах гомдолдоо хохирол төлбөр төлсөн гэж бичсэн байсан. Хохирол төлөөгүй байгаа. Давж заалдах гомдол дээрээ худал зүйл бичсэн байна. Хохирогчийн ар гэр гомдолтой байгаа. Шүүгдэгч Н.Еэс бодит хохирлыг нэхэмжилж байна. ...” гэв.

 

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.Есөн-Эрдэнийн холбогдсон гэмт хэргийн ялын дээд хэмжээ нь 20 жил, мөн бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг байдаг. Яг энэ гэмт хэрэгт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Н.Е нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор 2019 оны 1 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр гудамжинд М.Аийг зүүж байсан хүзүүний ороолтоор нь боомилж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогджээ.

 

Тухайлбал: шүүгдэгч Н.Есөн-Эрдэнийн “...2019 оны 1 дүгээр сарын 06-ны орой 22 цаг өнгөрөөд 23 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн “Экс-2”-ын хажуугаар явж байхад миний насны согтуу залуу миний урд явж байсан бөгөөд зүүн талын сугандаа хавчуулчихсан байсан жижиг бор өнгийн цүнхний нь оосор тасарчихсан газар чирэгдээд явж байхаар нь араас нь алхаж очоод нөгөө залууд “цүнхний чинь оосор тасарсан байна, янзлаад өгье” гэсэн чинь миний хэлснийг сонссон мөртлөө цаашаа нэг хүнтэй утсаар яриад байгаа бололтой байсан. Тэгсэн тэр утсаар ярьж байгаа хүндээ “энд нэг залуу намайг зодох гээд байна” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм, би чамайг зодох гээгүй биз дээ” гэж хэлсэн чинь урдаас “ална шүү, чи хэн бэ” гээд байхаар нь өөдөөс хараад утсаар ярьж байхад нь хүзүүгээрээ ороосон байсан цагаан өнгийн ороолтны үзүүрээс бариад татаад унагасан чинь куртикных нь зүүн талын дотор халааснаас нь хар өнгийн гар утас, бэлэн мөнгө, автобусны төлбөрийн карт зэрэг гарч ирэхээр нь тэдгээр гарч ирсэн зүйлийг нь авсан чинь нөгөө залуу миний баруун гар луу 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би гарч ирсэн зүйлийг нь аваад алхаад явсан. Тэр үед нөгөө залуу гудамжинд байсан хоёр машины голд дээшээ хараад хэвтэж байсан. Хүзүүгээр ороосон ороолт нь баруун талаасаа гогцоолдоод зүүн талаасаа хоёр үзүүрийг нь гогцоолдсон хэсэгт нь оруулчихсан байхаар нь би ороолтны хоёр үзүүрээс нь барьж байгаад татаж унагаад, баруун талын мөрөн дээгүүр нь ороолтны үзүүр хэсгийг зүүн талын мөр хэсэг рүү нь татаж боосон. Тэр үед талийгаач өөдөөс эсэргүүцэл үзүүлээд 2-3 удаа цохихоор нь энгэрээс нь унасан зүйлийг нь аваад явсан. ...Талийгаачаас авсан 37.000 төгрөгийг эхнэртээ “түлээ аваарай” гээд өгсөн. ...” /1хх 195-197/,

 

гэрч Н.Гантулгын “...манай 246 тоот хашааны баруун хойд талд 3 залуу зогсоод гар утсаараа яриад байсан ба “энд нэг хүн ийм байдалтай хэвтэж байна. Энэ хүн унаад удаагүй юм шиг байна, шээснээс нь уур савсаад байна” гэж хэлэхээр нь би 4 метр орчмын зайнаас харахад манай хашааны баруун хойд талд байрлуулсан цагаан өнгийн Приус 11 маркийн машины хойд гуперын харалдаа дор буюу хашааны ёроолд 30 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...23 цагийн орчим гаднаас ирснээс хойш хашааны гадаа хүн орилох, маргах болон өөр бусдад анзаарагдахаар ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. ...” /1хх 96/,

 

гэрч Э.Гансүхийн “...2019 оны 1 дүгээр сарын 06-ны 21 цагийн үед талийгаач манай гэрт ирээд бид хоёр Гоулд нэртэй 0.75 граммтай 1 шил архийг хоёулаа хувааж уусан юм. ...Тэгээд А миний утас руу залгахаар нь салгаад буцаагаад залгахад А надад хэлэхдээ “миний цүнхийг хүн авах гээд байна” гэхээр нь би “яг хаана юм бэ” гэж асуусан чинь ”Монголын Үндэсний Их Сургуулийн энд байна” гэж хэлэхээр нь “яг наанаа байж бай, одоо очлоо” гэж хэлэх үед Аийн утас нь тасарчихсан. ...Өөрийгөө авч явах чадвартай байсан. ...” /1хх 101-102/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаачийн биед хүзүүнд боолтын ором, баруун гарын сарвуунд зулгаралт, дээд, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүнд үүссэн боолтын ором нь зөөлөн зүйлээр буюу уяа гогцоогоор үүсгэгдэнэ, баруун сарвуунд зулгаралт, дэд, доод уруулд цус хуралт нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь боолтын улмаас амьсгал бүтэлтэнд орж нас баржээ...” гэх 251 дугаартай дүгнэлт /1хх 106-110/, мөн шинжээчийн 459, 451, 464, 01/046, 371, 368, 802 дугаартай дүгнэлтүүд /1хх 114-115, 121-125, 130-131, 137-138, 143-145, 168-169/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-6, 7-12, 21-22/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Есөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Н.Есөн-Эрдэнийн “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 16 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Өөрөөр хэлбэл, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

 

Шүүгдэгч Н.Е нь 2019 оны 1 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр гудамжинд амь хохирогч М.Аийг зүүж байсан хүзүүний ороолтоор нь боомилсоны улмаас хохирогч амьсгал бүтэлтэд орж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Түүнчлэн шүүгдэгчийн “...куртикных нь зүүн талын дотор халааснаас нь хар өнгийн гар утас, бэлэн мөнгө, автобусны төлбөрийн карт зэрэг гарч ирэхээр нь тэдгээр гарч ирсэн зүйлийг нь авсан чинь нөгөө залуу миний баруун гар луу 2-3 удаа гараараа цохисон. ...Хүзүүгээр ороосон ороолт нь баруун талаасаа гогцоолдоод зүүн талаасаа хоёр үзүүрийг нь гогцоолдсон хэсэгт нь оруулчихсан байхаар нь би ороолтны хоёр үзүүрээс нь барьж байгаад татаж унагаад, баруун талын мөрөн дээгүүр нь ороолтны үзүүр хэсгийг зүүн талын мөр хэсэг рүү нь татаж боосон...”, гэрч Э.Гансүхийн “...А надад хэлэхдээ “миний цүнхийг хүн авах гээд байна” гэхээр нь би “яг хаана юм бэ” гэж асуусан...” гэсэн мэдүүлэг, амь хохирогчид учирсан гэмтлүүд зэрэг бусад нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Е өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэж үзнэ.

 

 Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

 

Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчимыг тодруулан заасан.

 

Шүүгдэгч Н.Есөн-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, тэрээр давж заалдах гомдол тайлбартаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нас барснаас учирсан гэм хор болох оршуулгын зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцжээ.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхэд аль нь зохимжтой болохыг цаашид сайтар судалж дүгнэлт хийх шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Есөн-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: