Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2017/01317/И |
Дугаар | 1750 |
Огноо | 2017-08-22 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 1750
2017 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2017/01750 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, шүүгч Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:... дүүргийн ...дугаар хороо, .... тоотод оршин суух Ц.Ч-ийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 72.815.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр , прокурор Г.Эсэн, иргэдийн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Монгол Улсын иргэн Ц.Ч нь өөрийн мэдлэг, боловсрол, ажлын туршлага, ур чадвараа үнэлүүлэн, шударгаар хөдөлмөрлөж, ар гэр, ахуй амьдралаа авч явж байсан. Гэтэл түүнийг Авлигатай тэмцэх газраас Х.А-т холбогдох 201301000290 тоот эрүүгийн хэрэгт хамтран оролцсон гэж үзэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 268.2-т заасан хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцон, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар татаж шалгасан байна. Ингээд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 721 тоот шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 787 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр Ц.Ч-дхолбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм. Авлигатай тэмцэх газраас Ц.Ч-ийг хууль бусаар гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа Монгол Улсны Үндсэн хуулиар олгосон халдашгүй, чөлөөтэй байх эрхэд ноцтойгоор халдаж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 327/с тоот шүүгчийн захирамжийг үндэслэн сэжигтнээр 11 хоног, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 283 тоот шүүгчийн захирамжийг үндэслэн яллагдагчаар 45 хоног, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2040 тоот захирамжийг үндэслэн яллагдагч, шүүгдэгчээр 26 өдөр, нийт 82 хоног цагдан хорьж түүний эрх чөлөөг хязгаарласан байна. Тэрээр гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцдаа өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн ээж Д.Э-аар дамжуулан өмгөөлөгч Л.Ононбаяртай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж нийт 10.000.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 19-нийөдөр өмгөөлөгч М.Баяраатай иргэд, байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, нийт 2.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Ч.Шаравнямбуутай өөрийн ээж Д.Э-аардамжуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан нгийт 5.000.000 төгрөгийг тус тус төлжээ. Ц.Ч нь Герман улсад сургуулиа төгсөж ирээд Хас банкинд анх теллерээр ажилд орж богинохон хугацаанд өөрийн чадвараар салбарын захирал болтлоо дэвшиж чадсан хичээнгүй, шударга, чадварлаг залуусын нэг юм. Гэтэл Авлигатай тэмцэх газраас түүнийг үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хүйтэн, чийгтэй газар удаан хугацаагаар цагдан хорьсоны улмаас түүний нойр булчирхай, бөөр тус тус өрөвссөн байна. Боловсролыг нэн тэргүүнд тавьж, шударга хөдөлмөрөөрөө амьдарч байсан тэрээр гэнэт л сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болсноор сэтгэл санааны дарамтанд орсон бөгөөд түүний авга ах цагдан хорих байранд зуурдаар нас барсан, болж буй үйл явдлын улмаас өндөр настай өвөө, эмээ, аав, ээжийнх нь эрүүл мэнд нь байнгын тогтворгүй, эмнэлгийн хяналтанд байсан эхнэр, үр хүүхдүүд нь болж буй үйл явдалд цочирдож, шөнө ч унтаж чадахгүй хар дарж байсан зэрэг нь түүнийг сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Энэ бүгдээс улбаалан тэрээр насан туршдаа эдгэшгүй арьсны псероз өвчтэй болсон бөгөөд өнөөдрийг хүртэл эмчлүүлсээр байгаа. Иймд цагдан хоригдсон нэг хоног тутмыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцон нийт 15.744.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн төлбөр болох 17.000.000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, нотариатын зардал 71.000 төгрөг, нийт 72.815.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Г.Эсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ч , Х.А нарт Авлигатай тэмцэх газраас 201301000290 дугаартай эрүүгийн хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр Ц.Ч-ийг нийт 82 хоног цагдан хорьсон болно. 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай үндэслэл байсан болохоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 721 тоот шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 787 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр Ц.Ч-дхолбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон. Хууль бусаар цагдан хоригдсоны улмаас 15.744.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т зааснаар хохирогч Ц.Ч-дхохирол төлүүлэх эрх үүссэн байна. Гэхдээ нэхэмжлэлд цагдан хоригдсон хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилсэн байна. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 1142.85 төгрөгөөр тооцож байгаа. Тэгэхээр цагдан хоригдсон 82 хоногийн ажлын 8 цагийг 1142 төгрөгт үржүүлж өдрийн 912 төгрөгөөр тооцож 749.709 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Өмгөөлөгчийн зардалд 17.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд бол өмгөөлөгч Л.Ононбаяр нь түүний эх Э-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Хэдийгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч өмгөөлөгчтэйээ уулзах боломжтой байдаг. Тиймээс шууд цагдан хорих байранд очиж сэжигтэн, яллагдагчтай гэрээгээ байгуулах ёстой байсан. Мөн өмгөөллийн хөлсөнд хэдэн төгрөгөөр гэрээ байгуулаад байгаа нь тодорхойгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байхад 11 дүгээр сарын 30-ны өдөр өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийн баримт гарч ирж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Ц.Чнь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баяраа гэдэг өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Шаравнямбуутай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Гэхдээ үйлчилгээний хөлсөө гэрээн дээрээ тусгаагүй байдаг. Өмгөөлөгч нарт мөнгө төлсөн баримт хэрэгт авагдаагүй байсан. Өмгөөлөгч нар өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлсний төлөө авч буй хөлсөө анхнаасаа гэрээн дээрээ тусгаж өгөөгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын дунд үнийн дүнг савлуулах боломж бий болгож байгаа юм. Энэ байгуулсан гэрээнүүд хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд 17.000.000 төгрөг гаргуулах үндэслэл байхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаат нэхэмжлэгч ямар эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол учирсан талаар тодорхой баримт байхгүй байна. 2005 онд 25 настай байхдаа үзүүлж байсан эрүүл мэндийн картыг хэрэгт хавсаргасан байна. Тиймээс хэрэгт эм, тариа авсан баримт, өвчний карт зэрэг хангалттай нотлох баримт бүрдээгүй байна. Шүүхийн практикт сэтгэл санааны хохирол гаргаж байсан тохиолдол байхгүй. Иймд эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй байна. Ц.Ч-аасхурааж авсан эд зүйлийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн нь огт гэм буруугүй гэж үзүүгүйг харуулж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хохирол төлүүлэх эрх үүссэн бол төр хариуцна. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын төсвөөс нөхөн олгохоор заасан тул Засгийн газрын нөөц сангаас 749.709 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, прокурорын тайлбар, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ц.Ч-ийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлгээр зохицуулсан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Ч-ийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, улмаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 787 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Ц.Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Ийнхүү нэхэмжлэгч Ц.Ч-дхолбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн гэж үзэж өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг арилгуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
Учир нь нэхэмжлэгч Ц.Ч нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа нийт 82 хоног цагдан хоригдсон, гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөлөгч Л.Ононбаяр, М.Баяраа, Ч.Шаравнямбуу нараас хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч Л.Ононбаярт 10.000.000 төгрөг, өмгөөлөгч М.Баяраад 2.000.000 төгрөг, өмгөөлөгч Ч.Шаравнямбууд 5.000.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөгийг хууль зүйн туслалцаа авахад төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, өмгөөлөгч нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, өмгөөллийн хөлс төлсөн тасалбар, шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолын хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-5-74/
Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хууль бусаар 82 хоног цагдан хоригдсоны хохирол 15.744.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 17.000.000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, нийт 72.815.000 төгрөг шаардаж нэхэмжилсэнээс зарим хэсгийг хангах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Ч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан... этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасны дагуу цагдан хоригдсон 82 хоногийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцож, 15.744.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 59.3-д заасан зохицуулалтаас дордсон байх тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэсэн болно.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт “цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэж зааснаас үзвэл Ц.Ч-ийн цагдан хоригдсон 82 хоногийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдаж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож, 15.744.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Ц.Ч-долгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д зааснаар гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдсон этгээд бусдаас хууль зүйн туслалцаа авч хөлс төлсөн тохиолдолд тухайн хөлсийг хохиролд тооцох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Ч-ийн ээж П.Э нь 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Л.Ононбаяртай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг тус тус төлсөн, нэхэмжлэгч Ц.Чнь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч М.Баяраатай иргэн, байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч Ц.Ч-ийн ээж П.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Ч.Шаравнямбуутай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг тус тус төлсөн болох нь эрх зүйн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгөн хүлээн авсан тасалбар, хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /хх-75-81/
Хэдийгээр нэхэмжлэгчийн ээж П.Э нь өмгөөлөгч Л.Ононбаяр, Ч.Шаравнямбуу нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан боловч Ц.Ч-дхолбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Л.Ононбаяр, Ч.Шаравнямбуу нар хууль зүйн туслалцаа үзүүлэн оролцож байсан болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол зэргээр тогтоогдож байна.
Иймд өмгөөлөгч нарт төлсөн хөлс 17.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Чнь эд хөрөнгийн бус хохиролд эрүүл мэндэд учирсан хохирол 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэнийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д “эд хөрөнгийн бус хохирол,сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан боловч нэхэмжлэгч Ц.Ч-ийн эрүүл мэндэд 10.000.000 төгрөгийн хохирол учирсныг нотолсон баримт байхгүй, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалтыг Иргэний хуульд тусгайлан заагаагүй тул эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд шаардсан 40.000.000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд холбогдох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байх тул нотариатын зардал 71000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Ийнхүү дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлсний хохиролд 15.744.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 17.000.000 төгрөг, нийт 32.744.000 төгрөгийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Ц.Ч-д олгон, үлдсэн 40.071.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгүүдэд “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Ч-долговол зохих 32.744.000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн Газрын нөөц сангаас 32.744.000 /гучин хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ч-д олгон, үлдсэн 40.071.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ
Ц.ОЮУНБИЛЭГ