Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2506

 

 

Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01750 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй,

 

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 72 815 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Прокурор Г.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О,

Прокурор Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Ц.Ч нь өөрийн мэдлэг, боловсрол, ажлын туршлага, ур чадвараа үнэлүүлэн, шударгаар хөдөлмөрлөж, ар гэр ахуй амьдралаа авч явж байсан. Гэтэл түүнийг Авлигатай тэмцэх газраас Х.Анхбаярт холбогдох 201301000290 тоот эрүүгийн хэрэгт хамтран оролцсон гэж үзэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцон, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар татаж шалгасан. Ингээд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 721 тоот шийттэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 787 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийттэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр Ц.Ч-д холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм. Авлигатай тэмцэх газраас Ц.Ч-ийг хууль бусаар гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон халдашгүй, чөлөөтэй байх эрхэд ноцтойгоор халдаж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 327/с тоот шүүгчийн захирамжийг үндэслэн сэжигтнээр 11 хоног, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 283 тоот шүүгчийн захирамжийг үндэслэн яллагдагчаар 45 хоног, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2040 тоот захирамжийг үндэслэн яллагдагч, шүүгдэгчээр 26 өдөр, нийт 82 хоног цагдан хорьж түүний эрх чөлөөг хязгаарласан байна. Тэрээр гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцдаа өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн эх П.Энхтуяагаар дамжуулан өмгөөлөгч Л.Ононбаяртай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж нийт 10 000 000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч М.Баяраатай иргэд, байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, нийт 2 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Ч.Шаравнямбуутай өөрийн эх П.Энхтуяагаар дамжуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан нийт 5 000 000 төгрөгийг тус тус төлжээ. Ц.Чандмань нь Герман Улсад сургуулиа төгсөж ирээд Хас банкинд анх теллерээр ажилд орж богинохон хугацаанд өөрийн чадвараар салбарын захирал болтлоо дэвшиж ажилласан. Гэтэл Авлигатай тэмцэх газраас түүнийг үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хүйтэн, чийгтэй газар удаан хугацаагаар цагдан хорьсоны улмаас түүний нойр булчирхай, бөөр тус тус өрөвссөн байна. Боловсролыг нэн тэргүүнд тавьж, шударга хөдөлмөрөөрөө амьдарч байсан тэрээр гэнэт л сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болсноор сэтгэл санааны дарамтанд орсон бөгөөд түүний авга ах цагдан хорих байранд зуурдаар нас барсан, болж буй үйл явдлын улмаас өндөр настай өвөө, эмээ, аав, ээжийнх нь эрүүл мэнд нь байнгын тогтворгүй, эмнэлгийн хяналтанд байсан эхнэр, үр хүүхдүүд нь болж буй үйл явдалд цочирдож, шөнө ч унтаж чадахгүй хар дарж байсан зэрэг нь түүнийг сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Энэ бүгдээс улбаалан тэрээр насан туршдаа эдгэшгүй арьсны псероз өвчтэй болсон бөгөөд өнөөдрийг хүртэл эмчлүүлсээр байгаа. Иймд цагдан хоригдсон нэг хоног тутмыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцон нийт 15 744 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн төлбөр болох 17 000 000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг, нотариатын зардал 71 000 төгрөг, нийт 72 815 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ч, Х.Анхбаяр нарт Авлигатай тэмцэх газраас 201301000290 дугаартай эрүүгийн хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр Ц.Ч-ийг нийт 82 хоног цагдан хорьсон болно. 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай үндэслэл байсан болохоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 721 тоот шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 787 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр Ц.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон. Хууль бусаар цагдан хоригдсоны улмаас 15 744 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 2-т зааснаар хохирогч Ц.Ч-д хохирол төлүүлэх эрх үүссэн байна. Гэхдээ нэхэмжлэлд цагдан хоригдсон хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилсэн байна. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 1142.85 төгрөгөөр тооцож байгаа. Тэгэхээр цагдан хоригдсон 82 хоногийн ажлын 8 цагийг 1142 төгрөгт үржүүлж өдрийн 912 төгрөгөөр тооцож 749 709 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Өмгөөлөгчийн зардалд 17 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд бол өмгөөлөгч Л.Ононбаяр нь түүний эх Энхтуяатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Хэдийгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч өмгөөлөгчтэйгээ уулзах боломжтой байдаг. Тиймээс шууд цагдан хорих байранд очиж сэжигтэн, яллагдагчтай гэрээгээ байгуулах ёстой байсан. Мөн өмгөөллийн хөлсөнд хэдэн төгрөгөөр гэрээ байгуулаад байгаа нь тодорхойгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байхад 11 дүгээр сарын 30-ны өдөр өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөгийн баримт гарч ирж байгаа нь үндэслэлгүй. Ц.Ч нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр н.Баяраа гэдэг өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Мөн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр н.Шаравнямбуутай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Гэхдээ үйлчилгээний хөлсөө гэрээн дээрээ тусгаагүй байдаг. Өмгөөлөгч нарт мөнгө төлсөн баримт хэрэгт авагдаагүй байсан. Өмгөөлөгч нар өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлсний төлөө авч буй хөлсөө анхнаасаа гэрээн дээрээ тусгаж өгөөгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнийн дүнг савлуулах боломж бий болгож байгаа юм. Энэ байгуулсан гэрээнүүд хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд 17 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ямар эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол учирсан талаар тодорхой баримт байхгүй байна. 2005 онд 25 настай байхдаа үзүүлж байсан эрүүл мэндийн картыг хэрэгт хавсаргасан байна. Тиймээс хэрэгт эм, тариа авсан баримт, өвчний карт зэрэг хангалттай нотлох баримт бүрдээгүй байна. Шүүхийн практикт сэтгэл санааны хохирол гаргаж байсан тохиолдол байхгүй. Иймд эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй. Ц.Ч-аас хурааж авсан эд зүйлийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн нь огт гэм буруугүй гэж үзээгүйг харуулж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хохирол төлүүлэх эрх үүссэн бол төр хариуцна. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын төсвөөс нөхөн олгохоор заасан тул Засгийн газрын нөөц сангаас 749 709 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн Газрын нөөц сангаас 32 744 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ч-д олгон, 40 071 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх Ц.Ч-ийг цагдан хоригдсон 82 хоногийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгөөр тооцож 15 744 000 төгрөг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь "Хөдөлмөр, нийгэм зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоол"-оор нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 000 төгрөгөөр, 1 цагийн үнэлгээг 1142.85 төгрөгөөр тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулиар хүн өдөрт 8 цагаас илүүгүй хөдөлмөрлөх ёстой гэж заасан. Иймд дээрх тогтоолоор тогтоосон 1 цагийн хөлс 1142.85 төгрөгөөр тооцоход нэг хоногийн хөлс 9142.80 төгрөг болно. Нэхэмжлэгч Ц.Ч тухайн үед хөдөлмөр эрхэлж байсан боловч цалин хөлс нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ заахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгт бодон нэхэмжилсэн байдаг. Шүүх үндэслэлгүй хоригдсон 1 хоногийг нэг өдрийн үнэлгээ болох 9142.80 төгрөгөөр үнэлэхэд 749 709.06 төгрөгийг Ц.Ч-д олгох ёстой байтал 15 744 000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийг баримтлан олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Өмгөөлөгч Л.Ононбаяр нь түүний эх н.Энхтуяатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байдаг. Хэдийгээр Ц.Ч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч өмгөөлөгчтэйгээ уулзах боломжтой байсан. Түүний эхтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь энэ хэрэгт туслалцаа үзүүлсэн эсэх нь эргэлзээтэй, өмгөөллийн хөлсөнд хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байхад 11 дүгээр сарын 30-ны өдөр өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдсан байдаг. Мөн Ц.Ч-ийн нэрээр 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч н.Баяраатай, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч н.Шаравнямбуутай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд хөлс тусгагдаагүй, өмгөөлөгч нар өмгөөллийн хөлсөд хэдэн төгрөг авсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 72 815 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Уг хүсэлтийг нэхэмжлэгч гаргахдаа 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шийдвэрлэх үед 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр бус болсон байх бөгөөд шүүх шийдвэртээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол арилгуулах эрхийг зохицуулсан боловч онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх талаар зохицуулагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар заасан ба нэхэмжлэгч нь хууль бусаар баривчлагдаж цагдан хоригдсон тул мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Хуулиар тогтоосон ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох байтал нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлоогүй нөхцөлд шүүхээс Засгийн газрын нөөц сангаас буюу тодорхой бус хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулсан нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар прокурорын байгууллага нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх зүйн байдалтайгаар оролцож байгааг тодруулах шаардлагатай байна.

 

Онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг бүрдүүлэн, үнэлэх журам, явуулах ажиллагаа нь ердийн журмаар гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээс ялгаатай бөгөөд талууд нэхэмжлэл, татгалзлаа гарган, харилцан няцаах зэргээр мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх учиртай.

 

Иймд хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байдлаар шийдвэрлэхэд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ