Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 22

 

М.Борхүүхэний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Н.Насанжаргал,  Ерөнхий шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2017/00315 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Борхүүхэний нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргад холбогдох  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2017.06.05-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, суутгагдсан цалин 71123 төгрөг гаргуулах, 1-р улиралын үр дүнгийн урамшуулалд олгогдох мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны  10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Борхүүхэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, хариуцагчийн төлөөлөгч Р.Мөнхтогтох, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

  Нэхэмжлэгч М.Борхүүхэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага,  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 оны 12 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж Монгол Улсын Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль, дүрэм журмыг чанд мөрдөн ажиллаж ирсэн. Гэтэл Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтох нь 2017 оны 06 сарын 05-ны өдөр Б/14 тоот захирамжаар надад ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Аймгийн Засаг даргын А/03 тоот захирамжийг удирдлага болгон Аймгийн Засаг даргын А/65 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн  сахилгын шийтгэл ногдуулж сарын үндсэн цалинг 10 хувиар 3 сарын хугацаатай бууруулж сахилгын арга хэмжээ авсныг эс зөвшөөрч байна. Сумын Засаг дарга Р.Мөнхтогтох нь миний үндсэн цалингийн 10 хувиар 3 сарын хугацаагаар бууруулж сахилгын арга хэмжээ авахдаа ямар хуулийн заалтыг  хэрхэн зөрчсөн, ямар алдаа гаргасан талаарх үндэслэлээ заалгүй, үл ойлгогдох хууль бус захирамж гаргасанд гомдолтой байна. Уг захирамжийг гаргахдаа Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэнгийн гарын үсэгтэй ‘’Санал дүгнэлт хүргүүлэх тухай’’ гэсэн албан бичиг болон Аймгийн Засаг даргын А/65 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас гэгчийг танилцуулсан бөгөөд  уг илтгэх хуудсанд сумын Засаг даргын зүгээс 1-р цэцэрлэгийн эрхлэгчид сахилгын арга хэмжээ авах талаар заагаагүй, харин зөвлөн тусалж хамтран ажиллах талаар дурдсан байхад надад сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Илтгэх хуудас нь 2017 оны 05 сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд түүнд ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга нарын болон зарим гишүүдийн гарын үсэггүй баримтыг үндэслэн сахилгын арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д ‘’...Буруутай этгээдэд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна’’ гэж хуульчилсан бөгөөд сумын Засаг дарга надад зөрчил илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн байхад илтэд хууль зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байх тул сумын Засаг даргын 2017.06.05-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, суутгагдсан цалин 71123 төгрөг гаргуулах, 1-р улирлын үр дүнгийн урамшуулалд олгогдох мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаартай сахилгын шийтгэлийг шийдвэрлэх хүртэл хугацааны /7, 8 дугаар сарын цалингийн 10 хувь болох 142.246 төгрөг, амралтын мөнгөний зөрүү болох 16.165 төгрөг/ нийт 158.411 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сар бүр ажлын төлөвлөгөөгөө гаргаад сардаа тайлангаа танилцуулж сар бүр 15 хувиар бодож үр дүнгийн урамшуулал олгодог. Улирлаар 45 хувийн урамшуулал олгодог. 1-3  сарын үр дүнгийн урамшуулал нь нэг сарын 106.576 төгрөг буюу 3 сараар бодоход нийт 320.053 төгрөг, 6-8 сарын цалингийн 10 хувь нь 213.369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16.165 төгрөг, 1-р улирлын үр дүнгийн урамшуулал 320.053 төгрөг, нийт 549.587 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Цэцгээ, өөр 2 хүний хамт манай цэцэрлэг дээр 3-р сард ажилласан. Ажлын хэсэг ажиллах үед илтгэх хуудсанд дурьдагдсан зөрчлүүд манай дээр гарсан байсан гэжээ.

Хариуцагч Р.Мөнхтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Борхүүхэнд дараах үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан болно.

  1. Аймгийн засаг даргын А/03 тоот захирамжид аймгийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажилд томилох, ажлаас халах, чөлөөлөхөөс бусад Аймгийн Засаг даргын эрх үүргийг сумдын Засаг дарга нарт шилжүүлсэн.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.
  3. Сайнцагаан сумын 1-р цэцэрлэг дээр 2017 оны 03 сарын 07-ны өдөр багш нар хараа хяналтгүй хүүхдийг удаан хугацаагаар орхиж, үе тэнгийн хүчирхийлэл үйлдсэн ноцтой зөрчил гарсан учраас аймгийн Засаг даргын А/65 тоот захирамжаар байгуулагдсан  Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 сарын 10-ны өдөр байгуулагдан, 2017.05.25-ны өдрийн 7/539 тоот албан бичгээр цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж хүүхэд хамгаалалын чиглэлээр хариуцлагагүй ажиллаж, алдаа дутагдал гаргасан эрхлэгчдэд ажлын хариуцлага тооцож ажиллах тухай албан бичгийг ирүүлсэн болно.
  4. 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Борхүүхэнд Аймгийн засаг даргын 7/359 тоот албан бичгийг танилцуулж сахилгын арга хэмжээ авах тухай сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, ярилцлага хийсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар уг зөрчил гарсанаас хойш 3 сарын дотор, илрүүлснээс хойш 10 хоногийн дотор сахилгын арга хэмжээг сумын Засаг даргын 2017.06.05-ны өдөр Б/14 тоот захирамжаар авсан.

Ажлын хэсгийн дүгнэлтээр байгууллагын хүүхэд хамгаалалтын бодлогын хэрэгжилтийн талаар 2016-2017 оны хичээлийн жилийн хүүхэд хамгаалах бодлогын төлөвлөгөөгүй, хүүхэд хамгааллын бодлогыг ил тод байрлуулаагүй, багш, ажилчдын ёс зүйн гэрээ байгуулаагүй, эцэг эх асран хамгаалагч нарт байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг сурталчилж байгаагүй, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны дарамт, үл хайхрах, ялгаварлах үе тэнгийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн сургалт үйл ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалж буй талаар багш нар хараа хяналтгүй хүүхдийг удаан хугацаагаар орхиж үе тэнгийн хүчирхийлэл үйлдсэн ноцтой зөрчил гаргасан, багшийн сургалтын үйл ажиллагаа явуулж байх үед бусад багш ажиллагсад чөлөөтэй орж ирэн сэлгүүцэн хүүхдийн анхаарал сарниулж буй нь удаа дараа давтагдсан, камерын урдуур таазнаас чимэглэл өлгөж халхалсан гэх мэт зөрчлүүдийг гаргасан байна. Энэхүү зөрчлийг илрүүлсэн гэсэн бичиг баримт нь 5 сарын 25-нд надад ирсэн. Би 6 сарын 5-нд буюу 10 хоногийн дотор сахилгын шийтгэлийг ноогдуулж ажилласан.  Иймд сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Борхүүхэнд авсан сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 315 дугаар шийдвэрээр:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Чимэд овогт Маамын Борхүүхэн /ЗИ69091008/-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож,  6,7,8 дугаар сарын цалинг 10 хувиар бууруулсан зөрүү болох 213.369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16165 төгрөг, нийт 229.534 төгрөгийг хариуцагч Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтохоос гаргуулан  нэхэмжлэгч М.Борхүүхэнд олгож,

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан ”Төрийн өмчийн сургуулийн  өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын  багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар хариуцагч Р.Мөнхтогтохоос 2017 он 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшил 320.053 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Борхүүхэнд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар М.Борхүүхэнд олгох 6,7,8 дугаар сарын цалинг 10 хувиар бууруулсан зөрүү болох 213.369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16.165 төгрөг,  2017 он 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшил 320053 төгрөг, нийт 549.587 төгрөгнөөс  нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувиар суутгаж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтоход үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Борхүүхэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.602 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас  87.337 төгрөг гаргуулж 75.602 төгрөгийг нэхэмжлэгч М.Борхүүхэнд, 11.735 төгрөгийг төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Мөнхтогтох давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2017.08.29-нйи өдрийн 315 дугаартай  шийдвэрийг эс зөвшөөрч хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

1.“Аймгийн засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байх боловч 2017 оны 05 сарын 25-нд аймгийн засаг даргын илтгэх хуудаст 7 гишүүн гарын үсэг зураагүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16-д “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэсэн заалт зөрчигдсөн байна” гэжээ.

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 сарын 25-ны 7/539 тоот санал дүгнэлт хүргүүлэх тухай албан бичигт хүүхэд хамгааллын чиглэлээр хариуцлагагүй ажиллаж, алдаа дутагдал гаргасан эрхлэгчдэд ажлын хариуцлагыг тооцож ажиллах нь зүйтэй гэсэн саналыг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэнгийн гарын үсэгтэй тоотыг үндэслэн арга хэмжээ тооцсон болно.

2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгт ажлын хэсэг шалгалтыг 2017 оны 3 дугаар сард хийж зөрчлийг илрүүлсэн боловч 2017 оны 6 дугаар сарын 5-нд Сайнцагаан сумын засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг зөрчсөн байна гэжээ.

Аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 10-ны өдрийн А/65 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, албан бичгээр миний нэр дээр 2017 оны 05 сарын 25-ны 7/539 тоот албан бичгийн хавсралтаар ирсэн болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулинд  заасны дагуу 05 сарын 25-нд гарсан дүгнэлтээр хуанлийн 10 хоногийн дараа буюу 06 сарын 05-нд сумын засаг даргын захирамжаар хариуцлага тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 29-нйи өдрийн 139/ШШ2017/00315 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

             Нэхэмжлэгч М.Борхүүхэн нь сарын үндсэн цалинг 10 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын арга хэмжээ авсныг эс зөвшөөрч Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны Б/14 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 6 сарын цалингаас хасагдсан 71.123 төгрөг, 1-р улирлын урамшуулалд олгогдох мөнгийг нөхөн гаргуулж Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх   шаардлагыг Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтоход холбогдуулан гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгч М.Борхүүхэнд авсан сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж маргасан байна.   

 

          М.Борхүүхэн нь  сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг шүүхэд шууд  гаргасан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-дэх заалтыг зөрчсөн байхад анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчжээ.

            Мөн үр дүнгийн  гэрээний урамшил нэхэмжилсэн шаардлагад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримтгүй байхад ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болохыг дурьдах нь зүйтэй. 

            Иймд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг буцааж, ”... хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана” гэсэн хуулийн шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь.

                           

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2017/00315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл  гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлсөн 75602  төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж  нэхэмжлэгч М.Борхүүхэнд олгосугай.

3. Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ОТГОНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                         Н.НАСАНЖАРГАЛ

                                         Т.БЯМБАЖАВ