Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга О.Болормаа,

    Улсын яллагч Д.Агар,

    Хохирогч Л.Алтанчимэг,

    Гэрч Г.Баярцэцэг,

    Шинжээч О.Сарангэрэл,

    Шүүгдэгч С.Ганхуяг, түүний өмгөөлөгч Г.Батболд, Ц.Гансүх,

          Шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох 201625010553 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 4 дүгээр гудамжны 94 тоотод Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 60 дугаар байрны 47 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Хул-Адуут овогт Самбуугийн Ганхуяг /РД: ХЗ69082577/,

          2. Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамжны 363 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Баасанжавын Эрдэнэбат /РД: МХ81042919/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          С.Ганхуяг нь 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Эрдэнэбат, Л.Алтанчимэг нарын эрх чөлөөнд халдан, улмаар Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

          Б.Эрдэнэбат нь 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн С.Ганхуягийн эрх чөлөөнд халдан, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбат мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ганхуяг мэдүүлэхдээ: “Би болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлээд явсан. Тухайн хэрэг гардаг өрдөөс өмнө нь хохирогч нь манай эхнэрийг зодож байсан юм. Хэрэг гардаг өдөр хохирогч нь манай эхнэрээр дамжуулаад хамт олноороо караоке орж дуулъя гээд, намайг явах дургүй байхад шахаж, гуйгаад байхаар нь хамт олны эвийг бодоод эхнэртэйгээ аргагүйн эрхэнд караоке явсан. Бид нарын очдог караокед Б.Эрдэнэбатын дүү нь ажилладаг гээд очсон. Энэ хэрэг эхлэх шалтгаан нь хохирогч манай эхнэрийг урьд нь зодож байсантай холбоотой. Тухайн үед манай эхнэр гомдол гаргана гэхээр нь адгийн зарга 10 хоногтой гэж байдаг юм, хамт ажилладаг байж гомдол өгч яадаг юм гэж хэлээд өгүүлээгүй юм. Тэгсэн тэр хэрэг гардаг өдөр хохирогч чи эхнэртээ үг зааж өгөөд эхнэр чинь гомдол гаргасан гээд над руу агсамнаж эхэлсэн. Хохирогч надтай зууралдаад байхаар нь ямар хэцүү юм бэ гэсэн. Тэгтэл хажуунаас Б.Эрдэнэбат орж ирээд юу нь хэцүү байгаа юм гэхээр нь би чамтай яриагүй, цаашаа бай гэж хэлтэл намайг хамар руу мөргөж цус гаргасан. Би явах гэтэл хохирогч надруу дайраад, мөн Б.Эрдэнэбат намайг зулгаагаад байхаар нь хохирогчийг түлхсэн. Намайг явж чадахгүй болтол энэ хүмүүс зодсон. Манай эхнэрийг тохуурхан цүнх, ууттай зүйлийг нь өгөхгүй байсан. Тэр үед миний халаасанд тоолоогүй байсан тухайн өдрийн орлого явж байсан. Тэр мөнгө алга болсон. Мөн цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөх гээд байж байхад надаас илүү хохирсон хүн болж урдуур гүйх шахан орж мэдүүлгээ өгсөн. Би явж чадахгүй болтлоо зодуулаад хүн тулаад явж байж хүнийг хүчтэй өшиглөж чадахгүй. Бусдын өдөөн хатгалага, дайралтанд хариу үйлдэл хийсэн болохоос, догшин авирлаж танхайрсан зүйл байхгүй гэж бодож байна” гэв.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт  хохирогч  Л.Алтанчимэг  мэдүүлэхдээ: “Б.Эрдэнэбат,

С.Ганхуяг болон ажлынхантайгаа караокед суусан. Манай ажлынхан нэг нэгээрээ яваад сүүлд нь Б.Эрдэнэбат, С.Ганхуяг, С.Ганхуягийн эхнэр бид дөрөв үлдсэн. Караокед сууж байхад С.Ганхуяг бид хоёр урдны нэг явдлаас болоод маргасан. Энэ маргаан дуусаад бөөнөөрөө дуулж байгаад С.Ганхуяг гараад явсан. Б.Эрдэнэбат, С.Ганхуягийн эхнэр, бид 3 байж байхад С.Ганхуяг гаднаас орж ирээд шууд Б.Эрдэнэбатыг багалзуурдаж дарж аваад нүүр нүдгүй цохьсон. Б.Эрдэнэбатыг салгах гээд би эхнэртэй нь цуг салгаж чадахгүй, хамгаалагч дуудсан. Хамгаалагч орж ирээд бөөнөөр нь салгаад гадаа гарах гэж байтал С.Ганхуяг намайг шууд толгой тус  газар цохиод би тагтан дээр ухаан алдаж унасан. Ухаан ороход Б.Эрдэнэбат, С.Ганхуяг хоёр барилцаад авчихсан байсан. Би Б.Эрдэнэбатын утсаар цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд С.Ганхуяг эхнэртэйгээ байхгүй байсан. Караоке руу цагдаатай хамт ороход над руу ус цацсан. Цагдаагийн дэргэд намайг өшиглөж авсан. Цагдаагийн байгууллага дээр очиход намайг болон Б.Эрдэнэбатыг цохисон. С.Ганхуягийн хацарт яг яаж гэмтэл учирсаныг мэдэхгүй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Баярцэцэг мэдүүлэхдээ: “Караокед уугаад дуулаад архи би уугаагүй, эхнээс нь дуустал ганц шил пиво уусан. Тэгээд нөхрөө аваад гарах гэтэл Б.Эрдэнэбат саад учруулсан. Тэгээд манай нөхөр Л.Алтанчимэгтэй муудалцахад Б.Эрдэнэбат явж очоод манай нөхөртэй муудалцсан. Тэгээд гарахаар болоод явж байтал Л.Алтанчимэг манай нөхрийн хажуу бөөрнөөс нь цохиод манай нөхөр гараараа гэнэт хойшоо савахад Л.Алтанчимэг ухаан алдаад унасан. Баарны эргэн тойронд нөхрөө хайгаад олдоогүй, бааранд ороод харахад манай хүн хацраа зүсүүлчихсэн сууж байсан” гэв.

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Алтанчимэгийн: “2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 21 цагийн үед “Эко” худалдааны төвд худалдаа наймаа хийдэг Чанцал нөхөртэйгээ, Бадмаа эгч нөхөртэйгээ, Ганхуяг эхнэрийн хамт Эрдэнэбат гэх залуу бид нар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг" нэртэй караоке бааранд хамт орцгоосон юм ... тэр бааранд Ганхуяг эхнэрийн хамт, хажууд нь Эрдэнэбат бид нар үлдээд Чанцал эгчийг яваагүй байхад би Ганхуяг ахтай үл ойлголцсоны улмаас жаахан маргалдаж байгаад эвлэрсэн. Тэгээд тэр хэд явсны дараа бид нар үргэлжлүүлээд дуулж хуурдаад сууж байгаад Ганхуяг ах эхнэрийн хамт явлаа гээд гараад явахаар нь би Эрдэнэбаттай жаахан сууж байгаад явъя гээд сууж байсан чинь Ганхуяг гэнэт гаднаас орж ирээд Эрдэнэбатыг би чамайг алчихъя гээд сууж байсан газар нь заамдаж аваад учир зүггүй толгой тархи руу нь нүдээд зодохоор нь би эхнэртэй нь салгах гэсэн чинь дийлэхгүй байхаар нь би баарны хамгаалагч залууг дуудаж байж Ганхуяг ахыг салгаад гаръя гээд түрүүлээд гарч байсан чинь Ганхуяг ах араас ирээд би тэгвэл чамайг алчихъя гээд зүүн талын гуя руу өшиглөхөөр нь больцгооё гаръя гээд түрүүлээд баарнаас гарсан чинь миний араас миний зүүн талын чамархай хавьцаа Ганхуяг ах гараараа цохьсон чинь би нэг хэсэг ухаан балартаад газар унаад нэг сэрсэн чинь Эрдэнэбатын дүү гээд нэг залуу ирчихсэн намайг сэрээгээд машиндаа суулгахаар нь би цагдаад дуудлага өгсөн, мөн Эрдэнэбат цагдаа дуудсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх.26/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Эрдэнэбатын: “Ганхуяг ахын эхнэрээс бусад нь бүгд архиа хувааж уусан. Тэгээд шөнийн 00 цаг хүртэл тухайн бааранд сууцгааж

байгаад Алтанчимэг эгч Ганхуяг ах нар юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй хоорондоо муудалцаад байсан чинь Ганхуяг ахын эхнэр нь эрүүл байсан болохоор тэр 2-ыг болиулаад баарнаас Ганхуяг ахыг аваад гарсан тэгээд Аптанчимэг эгчтэй бид 2 юм яриад сууж байсан чинь Ганхуяг ах гаднаас эхнэртэйгээ орж ирээд шууд үгийн зөрүүгүй намайг зодож эхэлсэн чинь Ганхуяг ахын эхнэр нь Алтанчимэг эгчтэй нийлээд Ганхуяг ахыг салгах гээд дийлээгүй би тэр үед зодуулаад доор нь дарагдсан зодуулж байсан. Тэгсэн чинь Ганхуяг ах би урд нь цагдаад байсан чам шиг муу бацаан намайг яадаг юм гэх зэргээр нүүрлүү бөгжтэй гараараа цохиод зодоод байсан чинь Аптанчимэг эгч баарны хамгаалагчийг дуудаж оруулж ирээд Ганхуяг ахыг надаас салгасан чинь баарны коридорт Ганхуяг ах Алтанчимэг эгчийг ална гээд дайраад байснаа цохиод авсан тэгээд Аптанчимэг эгч баарны гадаа гарсан чинь Ганхуяг ах Алтанчимэг эгчийг араас нь цохиод ухаан алдуулсан чинь Алтанчимэг эгч газар ухаан алдаад унасан чинь эргээд намайг барьж хоолой боогоод байхаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор Ганхуяг ахтай өөдөөс нь зууралдсан чинь бид хоёр хамт гадаа баарны хажуу талд хураалттай байсан хавтангууд байсан түүнийг мөргөөд давхараараа унаад боссон чинь Ганхуяг ахын зүүн хацарнаас нь цус гарсан харагдсан тэр хавтан нь баарны гадаа хашлага дагуулаад хураасан байсан барилгын материал байсан тэр хавтангийн үзүүр хэсгийг Ганхуяг ах зүүн шанаа хэсгээрээ мөргөөд унасан би тэр үед нь бас баруун шанаагаараа газар унаад байхад баарны хамгаалагч гарч ирээд салгаад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх.28/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч С.Ганхуягийн:  “Алтанчимэгээс залхаж холдоод суусан гэвч хажууд нь сууж байсан Эрдэнэбат гэгч залуу юунд нь залхаад байгаа юм гээд хэлэхээр нь чи хажуугаар нь юу юм гэсэн чинь чамтай яасан ч яадаг юм хэнд архи өгөх нь миний дур гээд холдоод суусан байхад хүрч ирээд заамдаж аваад мөргөөд гарчихъя гэхээр нь би өөдөөс нь түлхээд чи юу яриад байгаа юм чиний хаана чинь юм гэж хэлсэн боловч учиргүй давшлаад гаръя, гараад ир гээд дахин заамдаад татаад байхаар нь аргагүй би босож баарны гадаа гарсан. Тэр үед Эрдэнэбатын биеийн хэсгээс нь архины шил унаж байхаар нь өө энэ архины шилтэй байсан байна шдээ гэж би чанга дуугаар хэлж байсан тэгээд намайг заамдаад чирээд гарах явцдаа хамгаалагч найз нарыгаа уриалан дуудаад байсан чинь хамгаалагч гэх нэг залуу зүүн хажуугаас үгийн зөрүүгүй шанаадаж зүүн хавирга руу өвдөглөж зүүн гуя хөл рүү олон удаа өшиглөж зодсон тэр үед Эрдэнэбат нь миний өмнөөс заамдаж хүзүүнээс зуурч толгойгоороо мөргөөд байсан... би ганцаараа дотогшоо айсандаа орсон байсан дотор ороод хувцсаа харсан чинь цамцны энгэрийн халаасанд байсан өдрийн орлого 200.000 орчим төгрөг алга болсон байсан. Тэгээд цамцны энгэрийн хэсэг урж ханзарсан мөн энгэрийн товч бүгд урагдсан дотуур өмссөн байсан подволк цус ихээр болсон байсан. Мөн гадуур өмсөж байсан ноосон цамц боож унагаах үед ноосон цамцны энгэр заам урагдаж суга нь ханзарсан байсан... би Эрдэнэбат гэх залууг өдөж зодоон хийгээгүй би харин нүүрлүү нь түлхэж чиний хаана чинь цохих юм гэж удаа дараа хэлж байсан” гэх мэдүүлэг /хх.30/,

          Мөрдөн  байцаалтанд  гэрч  Г.Баярцэцэгийн:  “... тэр  үед  би  сандал  дээрээс

нөхрийнхөө хувцсыг аваад эргэтэл Эрдэнэбат манай нөхөр дээр шал согтуу ирчихсэн яаж байна аа гээд хүрч ирээд манай нөхрийг мөргөсөн гэсэн би тэрийг нь хараагүй эргээд харсан манай нөхөртэй заамдаад барьцалдаад авчихсан байсан тэр үед Алтанчимэг нь хүртэл орилж хашгираад байсан тэгээд одоо боль гээд Алтанчимэгтэй би тэр хоёрыг салгаад одоо болио явъя гээд удаагүй байж байсан чинь дахиад Эрдэнэбат манай нөхөр дээр очоод зууралдаад манай нөхөр цааш нь түлхээд хойшлуулаад байсан чинь Эрдэнэбат манай нөхрийн өөдөөс сарвалзаад довтлоод нэг хэсэг салахгүй байж байгаад хамгаалагч орж ирээд тэр хоёрыг салгасан тэгээд хоёр дахь удаа салаад Эрдэнэбат гараад явсан би тэр үед нь‘ өрөөний үүдэнд гаръя гээд зогсож байгаад манай нөхөр өрөөнд буйдан дээр сууж байхаар нь Эрдэнэбат гаднаас дахин орж ирээд энэ юу юм гээд үглээд орж ирээд манай нөхрийн өөдөөс нь очоод барилцаж авсан. Алтанчимэг манай нөхрийн хажуунаас өшиглөж гарын цохиод хачин хачин орилоод байсан чинь манай нөхөр гараараа савсан чинь Аптанчимэг ухаан алдсан дүр эсгээд жүжиглээд бүтэн биеэрээ газар уначихсан” гэх мэдүүлэг /хх.31-32/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч М.Баттулгын: 2 ноймерын өрөөнд орсон хүмүүс зодоон болоод байна гэж хэн нэгэн хэлэхээр нь би дээд давхраас буугаад ирсэн чинь 2 ноймерын манай бармен Оюунгэрэл эгч орчихсон 2 эрэгтэй нь дээр доороо орчихсон зодоон хийсэн бололтой жижиг биетэй залуугийнхаа нүүр амыг майжаад хаясан бололтой зууралдаад байж байхаар нь салгасан тэр үед хажууд нь байсан 2 эмэгтэй хэрүүл хийгээд зогсож байхаар нь тэдгээр хүмүүсийг салгасан чинь бүгд өрөөнөөс гарах гээд хувцсаа өмсөөд намхан биетэй эрэгтэй нь нөгөө өндөр нуруутай эмэгтэйтэй гадаа коридорт зогсож байхад хөгшин бүдүүн настай ах нь араас нь коридорт гарч ирээд нөгөө хоёр луу ална хядна гээд дайраад байсан тэгээд гадаа гарцгаасан чинь бүдүүн залуу нь араас нь гарч байснаа өндөр нуруутай эмэгтэйг цохих шиг болсон чинь тэр эмэгтэй хажуу талаараа газар унасан юугаар цохисныг нь хараагүй нүд ирмэхийн зуурт цохиод унагаасан чинь намхан биетэй эрэгтэй нь чи муу яаж байгаа юм гээд заамдалцаад зууралдаад баарны баруун хойд талын үзүүр лүү хашлага дагаж явж байгаад хоёулаа давхаралдаад хажуугаар унахдаа баарны гадаа хашлага дагуулаад хураасан байсан гипсэн хавтангийн буланг том биетэй бүдүүн залуу нь зүүн талынхаа хацраар мөргөөд унасан би тэр үед нь очоод тэр хоёрыг салгахад бүдүүн залуутай хамт явсан жижигхэн биетэй эмэгтэй нь айгаад байгаа бололтой холоос хараад ойртож чадахгүй болохоор нь би нөхрийг нь нөгөө залуугаас салгаад буцаагаад баарлуугаа дагуулж оруулаад анх байсан өрөөнд оруулж суулгаад та жаахан тайвшир гээд суулгасан... намхан жижиг биетэй залуугийн дүү нь гээд нэг залуу ахыгаа машинтай авахаар ирчихсэн зогсож байсан тэгээд хацраа зүсүүлсэн гэх бүдүүн залуу, түүний эхнэр, гадаа толгойруугаа цохиулсан эмэгтэй нараас өөр хүн байгаагүй мөнгө дээрэмдсэн бүлэглэн зодсон гэдэг нь худлаа би юу болж зодоон хийж байгаа танихгүй хүмүүсийн хооронд орж зодоон хийх вэ харин зодоон хийж байхад нь салгасан” гэх мэдүүлэг /хх.35-38/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Оюунгэрэлийн:  “...тэгээд орсон хүмүүсээс зарим нь  яваад  2  эрэгтэй,  2  эмэгтэй үлдээд байж байсан чинь тэгээд архиа ууцгаагаад

байснаа өрөөнд нь хэрүүл болоод байгаа бололтой шуугиад байхаар нь орсон чинь нэг бүдүүн залуу, нэг намхан жаахан биетэй залуутай зууралдаад буйдан дээр, дээр доороо ороод байхаар нь юу болоод байна наад хоёроо салгаач гэсэн чинь нэг намхан биетэй, бүдүүн залуугийн эхнэр нь бололтой наана нь хараад ойртож чадахгүй хажууд нь согтуу туранхай өндөр хүүхэн орилоод байхаар нь би дээд давхарт ажиллаж байсан хамгаалагчаа дуудсан тэгээд хамгаалагч орж ирээд салгасан чинь тэдгээр хүмүүс хувцсаа өмсөөд гадагшаа гарсан гарахдаа коридорт бүдүүн залуу нь нөгөө намхан залуу руу нь дайраад хажууд нь байсан эмэгтэй орилоод хэрүүл хийгээд байсан тэгээд гадагшаа гарцгаасан би тэр үед нь тээкний ард сууж байсан чинь хэсэг байж байгаад бүдүүн залууг нь гаднаас хамгаалагч Баттулга дагуулчихсан араас нь эхнэр нь орж ирсэн тэгээд буцаад өрөөндөө оруулахад нь би араас нь ороод та нар тохьтой томоотой хүмүүс байж яагаад зодоон хийдэг байна аа гэсэн чинь тэр бүдүүн залуугийн эхнэр нь бололтой жижигхэн хүүхэн нөхөртөө ойртож чадахгүй харин тийм манай нөхөр архи уудаггүй юм гээд ойртож чадахгүй нөхөр нь буйдан дээр суусан харагдсан гэх мэдүүлэг /хх.39-42/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Г.Батбаярын: “... манай найз охин Батаа ах “Хүлэг” нэртэй караокед ажлынхаа хүмүүстэй байна гэж ярьсан архи уусан машинаа барьж чадахгүй байна чи очоод аваад ир гээд орой 23 цаг 40 минутын үед хэлэхээр нь тэр караоке баарыг нь заалгаад ажлынхантайгаа байгаа өрөөнд нь орсон чинь Батаа ах хоёр эмэгтэй хүнтэй сууж байсан тэгснээ Батаа ахын хажууд сууж байсан жижиг биетэй эмэгтэй нь чи гадаа байж бай бид нар юм ярьж байна гээд хөөгөөд байхаар нь би Батаа ахаас машины түлхүүрийг нь аваад гадаа гараад хүлээгээд нилээн суусан боловч гарч ирэхгүй байсан болхоор нь буцаад нөгөө өрөөнд орсон чинь Батаа ах нөгөө 2 эмэгтэй, бас нэг махлаг тарган ах хажууд нь суусан Батаа ах нөгөө махлаг тарган ах, арай тарган эмэгтэй тэр 3 нилээн согтсон бололтой жижиг биетэй эмэгтэй нь тэд нарыг бодвол арай гайгүй намайг орсон чинь нилээн дургүйцсэн шинжтэй чи гадаа хүлээж бай гээд нөгөө 3 нь хоорондоо юм яриад сууж байсан нөгөө хэд баарны үүдэнд гараад ирсэн, махлаг ах нь нөгөө арай намхан эмэгтэйн толгой нүүрэн хэсэгт гараараа цохиж харагдсан, тэгсэн чинь Батаа ах тэр эрэгтэйтэй барилцаж аваад нөгөө эмэгтэй газар түрүүлгээ хараад унасан... Батаа ахыг харсан чинь бид нараас цааш баарны үүдний довжооны хайс дагаад 2-3 метрийн цаана хажуудаа барилгын материал өрсөн байсан эд зүйлсийн хажууд нөгөө том биетэй ах нь Батаа ахын дээр нь гарчихсан зодоод байж байхаар нь би яваад очиход баарны хамгаалагч тэр зодооныг харсан бололтой гараад ирсэн хажуугаас нь салгасан, тэр үед баарны үүдэнд үйлчлүүлж байсан хүмүүс гарч таарладсан бололтой 2-3 хүн та нар болиоч гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.44-46/,

 

          Шинжээчийн 1615 дугаартай дүгнэлт /хх.65/,

          Шинжээийн 400 дугаартай дүгнэлт /хх.79-80/,

          Шинжээчийн 439 дугаартай давтан дүгнэлт /хх.86-87/,

          Хохирогч Ганхуяг цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан баримт /хх.24/,

          Хохирогч Л.Алтанчимэгийг байцаасан тэмдэглэл /хх.26/,

 

          Яллагдагч Б.Эрдэнэбатыг байцаасан тэмдэглэл /хх.28/,

          Гэрч Г.Баярцэцгийг байцаасан тэмдэглэл /хх.31/,

          Хохирогч С.Ганхуягт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл /хх.63/,

          Давтан шинжилгээ хийлгэх тогтоол /хх.76/,

          Шинжээчийн 1613 дугаартай дүгнэлт /хх.78/,

          Б.Эрдэнэбатад шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл /хх.81/,

          С.Ганхуягаас авсан тайлбар /хх.8/,

          Байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх.12/,

          Хэрэг учралын газар хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх.13/,

          Хохирогч С.Ганхуягын эмчилгээний төлбөрийн баримт /хх.15/,

          1609 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.92-93/,

          Торгуулийн хуудасны бүртгэл /хх.135/,

          Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх.136/,

          Улсын яллагчийн эсэргүүцэл /хх.234-236/,

          Яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх.111/,

          Яллагдагчаар татах тогтоол /хх.112/,

          Яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх.113/,

          3/953 тоот Цагдаагийн албан бичиг /хх.124/,

          3/953 тоот албан бичгийн хариу мэдэгдэл /хх.125/,

          Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх.136/,

          Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл /хх.168-169/,

          Сонсгосон ялыг өөрчлөх, нэмэлт оруулах тогтоол /хх.191/,

          Яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх.192/,

          Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл /хх.95-196/,

          Прокурорт гаргасан хүсэлт /хх.210-211/,

          Гэрч Г.Баярцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх.31/,

          Компьютер томографын шинжилгээ /хх.67-70/,

          400 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.79-80/,

          Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл /хх.168/ зэрэг болно.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

          Шүүгдэгч С.Ганхуяг нь 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Эрдэнэбат, Л.Алтанчимэг нарын эрх чөлөөнд халдан, улмаар Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

 

          Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн С.Ганхуягийн эрх чөлөөнд халдан, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Л.Алтанчимэг /хх.26/, Б.Эрдэнэбат /хх.28/, С.Ганхуяг /хх.30/, гэрч Г.Баярцэцэг /хх.31-32/, М.Баттулга /хх.35-38/, Д.Оюунгэрэл /хх.39-42/, Г.Батбаяр /хх.44-46/ нарын мэдүүлэг, шинжээчийн 1615 дугаартай дүгнэлт /хх.65/, шинжээийн 400 дугаартай дүгнэлт /хх.79-80/, шинжээчийн 439 дугаартай давтан дүгнэлт /хх.86-87/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Харин шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн С.Ганхуягийн эрх чөлөөнд халдан, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Хэргийн газрын үзлэг хийгээгүй, С.Ганхуягийн хацрын шархыг хурц иртэй зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхад энэ талаар болон Б.Эрдэнэбатын өврөөс архины шил унасан, С.Ганхуяг нь 200.000 төгрөгөө бусдад дээрэмдүүлсэн, гэрч Г.Батбаяр, М.Баттулга нарын мэдүүлэг нь зөрүүтэй гэх зэрэг байдлыг шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын шатанд Б.Эрдэнэбатыг анхнаас нь өмгөөлөгчтэй оролцуулсан атлаа С.Ганхуягаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах, түүнд хавтаст хэргийн материалыг танилцуулахдаа өмгөөлөгч байлцуулалгүй хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулна гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтыг ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай шүүгдэгч С.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь тус бүр өөрсдийн өмгөөлөгчтэй оролцсон, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ганхуягийн өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжтой, мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.  

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь би С.Ганхуягийг цохиогүй, тэрээр надтай зууралдаж байгаад унахдаа гэмтсэн байх гэх боловч Б.Эрдэнэбатын дээрх үйлдлийн улмаас  С.Ганхуягийн биед уг гэмтэл учирсан болох нь нотлогдсон, мөн шүүгдэгч С.Ганхуяг нь би Б.Эрдэнэбатыг над руу дайрахад нь өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн, түүнийг шалтгаангүйгээр цохиж зодоогүй, танхайраагүй, Б.Эрдэнэбат нь Г.Батбаяр, М.Баттулга нартай хамт олуулаа нийлж намайг зодсон гэх боловч энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч С.Ганхуягыг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалт, 181.2.5 дах заалтын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тэдгээрт зохих ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Ганхуягийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тус гэмт хэргийг үйлдэх үед урьд ял шийтгүүлсэн гэмт хэрэгт ялтайд тооцогдох хугацаа нь дууссан байх учир түүнийг анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч Л.Алтанчимэг, Б.Эрдэнэбат нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

          С.Ганхуяг нь Б.Эрдэнэбатаас 1 сая төгрөг нэхэмжилж байх боловч 168.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдсон, Б.Эрдэнэбат нь С.Ганхуягт 350.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлжээ.

 

Шүүгдэгч С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ганхуяг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дах хэсэг,  283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 293 дугаар зүйлийн 293.2 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Хул-Адуут овогт Самбуугийн Ганхуягийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Баасанжавын Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          4. Шүүгдэгч С.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан С.Ганхуягт хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шүүгдэгч С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ганхуяг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР