Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 07

 

2019            01             09                                              2019/ДШМ/07

 

А.М-д  холбогдох эрүүгийн хэргийг   

шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах тухай

                                                                                                                                       

             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.Айжуу,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Мд холбогдох, эрүүгийн 1819000000042 дугаартай хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ж.Айжуугийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт  Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын .....тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, мөн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Тавантолгой овогт А-ийн М /РД:ЕЭ8703...../-д холбогдуулан  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэж, шүүгдэгч А.М нь Д.Ч-той бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 1-107 тоот хашаанд байрлах иргэн Л.О-ын гражийн цоожийг лапатак төмрөөр эвдлэн нэвтэрч, 33 кг 500 грамм ноолуур хулгайлан түүнд 3182500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.М-д 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд одоо хорих байгууллагад ял эдэлж байна.

А.М нь дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын ...... тоот хохирогч Б.Н-ийн  байнга амьдрах 2 давхар орон сууцны цонхны шилийг хагалан нэвтэрч, 200000 төгрөгийн үнэ бүхий Панасоник маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогдон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт эрүүгийн 1819000910164 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаж байна.

А.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэр гарсны дараа илэрч Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт эрүүгийн 1819000910164 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд түүний үйлдсэн хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэх, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хэргийг нь шүүхээр шийдвэрлүүлэх, яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуульд зааснаар ялыг хүндрүүлэн сонсгож, хэргийг нь шалгах шаардлагатай байгаа тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж прокурорт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-гийн 2018.03.28-ны өдөр Отгонбаярын агуулахад орж 38.5 кг ноолуур хулгайлсан үйлдэлд нь шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулсан. Яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хэргийг шийдвэрлүүлэх гэсэн мөртлөө яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдуулан ялыг хүндрүүлэн сонсгоно гээд байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хохирлын хэмжээнд зурагтны 200000 төгрөг нь тооцогдохоор боловч зөрчлийн үйлдэлтэй тохироод байгаа юм уу, үүнийг прокурор гэмт хэрэг гэж үзээд байгаа нь үндэслэлтэй юм уу. Мөн дээрмийн хэргийг ярьж байна. Дээрмийн гэмт хэргийн талаар хэргийн материалаас харсан. Мг дээрмийн хэрэгт холбогдуулаад татчихсан. Мөнхболд гэдэг хүн бид 3 явж байгаад ингэсэн гэж хэлдэг. Ганцхан гэрчийн мэдүүлэгтэй. Цонх хагалж орсон гэдгийн хувьд Мг Цагдаагийн байгууллага дээр 2 хонуулсан байдаг. 30-31-ний шөнө хулгай хийсэн гэж хэлээд байгаа. Баримтлаад байгаа зүйл нь шинжээчийн дүгнэлт байдаг. Энэ нь шилэн дээр гарсан гарын хээ нь тохирч байна гэж үзээд байна. Тэр шилэн дээр гарсан гарын хээ нь тохирч байгаагаар энэ хулгайн гэмт хэрэг төгс тохирч байна гэж үзэх үндэслэл болох юм уу. Болохгүй байх. Та болохоор эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр гэж хэлээд байгаа  мөртлөө хүндрүүлж ял сонсгоё гэж байна. Дээрдүүлж, хүндрүүлж байгаа гэдэг нь ямар учиртай юм бэ. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээ 2 руу нь оруулах гээд байгаа юм уу, эсхүл хүндрүүлсэн нөхцөл байдлаа нэмж зүйлчлэх гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. М нь одоо 8 сар хоригдсон байгаа. Цагаан сараар гарчих байх гэсэн учраас тэр үед нь шалгаж болохгүй юм уу гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүхээс “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцээд    Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал эрүүгийн 1819000000042 дугаартай хэрэгт ялтан А.М нь Д.Чинболдтой бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 1-107 тоот хашаанд байрлах иргэн Л.Отгонбаярын гражийн цоожийг лапатак төмрөөр эвдлэн нэвтэрч, 33 кг 500 грамм ноолуур хулгайлж, 3182500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 2018-05-22-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.  

Прокурорын “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянуулж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг үндэслэн Аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байгаа эрүүгийн 1819000910164 дугаартай хэргийг хянаж үзэхэд А.М нь  дээр дурдсан 1 жил хорих ял шийтгүүлсэн цаг хугацаанаас өмнө буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 2-91 тоот хохирогч Б.Н-ийн байнга амьдрах 2 давхар орон сууцны цонхны шилийг хагалан нэвтэрч, 200000 төгрөгийн үнэ бүхий Панасоник маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ба энэ хэрэгт тэрээр гэм буруутайд тооцогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” тохиолдол нь өмнөх тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхийг мөн хуульд тодорхой зохицуулжээ.

Мөн А.Мд холбогдох 1819000910164 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг нь 2018-05-22-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хангаж Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолын А.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 1819000000042 болон 1819000910164 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2, 41.1 дүгээр зүйлийн 1, 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА