Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч: С.Мөнхгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч: Ш.Ууганбаяр,

Гэрч: Алтан-Ундрах,

Шүүгдэгч: Д.Гантулга, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох эрүүгийн 201625020530  дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшин ширээ суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Рашааны 13-707б тоотод оршин суух, регистрийн дугаар ЛИ89040875, Суваргачин овогт Дугарын Гантулга.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 02 дугаар 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Рашааны 13 дугаар гудамжны 707б тоотод хадам эцэг Б.Алтангэрэлтэй маргалдан улмаас түлхэж унаган хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулга мэдүүлэхдээ: Талийгаачийн ар гэрийнхнээс харамсаж, уучлал гуйж байна. Би энэ хэргийг санаатай үйлдээгүй. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрт хадам дүү Оюун-Эрдэнэ, хүү Ганбаясгалан бид 3 байсан бөгөөд би хүүгээ хичээлд нь явуулах гээд хоол ундыг нь бэлдээд байж байсан. Хадам аав өглөө гэрээс гарч яваад өдөр 13 цагийн үед согтуу орж ирсэн. Надаас түлхүүр асуухаар нь “байхгүй” гэж хэлэхэд “чамд л байгаа, чамаас өөр хэн авдаг юм, битгий давраад байгаарай” гээд намайг янз бүрээр хэлж доромжилсон. Би тухайн үед юу ч хэлэхгүй дуугүй байсан. Тэгээд хадам аав намайг доромжлоод байхаар нь хадам дүү Оюун-Эрдэнэ манай хүүг аваад гарсан. Би түлхүүрийг нь хайгаад ширээний хажууд зогсож байтал хадам аав над руу дайраад босоод ирэхээр нь ширээн дээр байсан хутгыг аваад дайрах гэж байна гэж бодоод сандарсандаа ширээнээс холдуулах гээд түлхчихсэн. Тэгтэл хойшоогоо сандалд тээглээд газар толгойгоороо унасан. Тэгээд хөдлөхгүй байхаар нь ухаан алдсан юм бол уу гэж бодоод “сэрээрэй, сэрээрэй” гэхэд талийгаач толгойгоо барихаар нь босгоод шалан дээр суулгасан. Би босгох гээд хажуу талаас нь сугадаад өргөх гэтэл шалан дээр хоёр хөлөө жийчихээд босохгүй намайг түлхээд байсан. Тэгээд хэвтэхээр нь “гайгүй юм бол уу” гэж бодоод дүүгээ “манай хүүхдийг сургуульд нь хүргээд өгчих” гэж хэлэхэд гараад явсан. Би тэр хоёрыг гаргаж өгчихөөд тамхи татчихаад орж ирэхэд хадам аав унтаж байгаа юм шиг хурхираад байхаар нь “аав босоорой, орон дээр гарч унт” гээд татахад амнаас нь их цус гарсан байсан. Би сандраад урд айл руу гүйж очоод түргэн дуудсан. Тэгээд түргэний эмч ирээд “энэ хүн чинь харвасан байна” гэж хэлэхээр нь түргэний машинтай гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Хадам аав гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороход нь цуг байсан. Би эхнэртээ юу болсон талаар болсон бөгөөд цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаагийн газар очсон гэв.

Мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Б.Энхжаргал /хх-ийн 17-19, 21/, гэрч А.Оюун-Эрдэнэ /хх-ийн 22-24/, гэрч А.Хоролсүрэн /хх-ийн 25, 26/, гэрч А.Алтан-Оргил /хх-ийн 27, 28/, гэрч А.Алтансувд /хх-ийн 29, 30/, гэрч А.Алтан-Ундрах /хх-ийн 31, 32/, гэрч А.Алтанболор /хх-ийн 33, 34/, гэрч Д.Оюунболд /хх-ийн 35, 36/, яллагдагч Д.Гантулга /хх-ийн 114-117/ нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний 2016.03.04-ний ¹3039 дугаартай дүгнэлт /хх-ийн 52/, 2016.04.01-ний ¹494 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-56/, хэрэг учралын газарт болон цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-10/, Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹342 дугаар дүгнэлт, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 121/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 02 дугаар 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Рашааны 13 дугаар гудамжны 707б тоотод хадам эцэг Б.Алтангэрэлтэй маргалдан улмаас түлхэж унаган хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Намайг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гэртээ байхад өчигдөр орой Улаанбаатар хотоос манай дүү Оргил над руу залгаад аав Б.Алтангэрэлийн бие маш муу байна, хурдан яаралтай хүрээд ир гэсэн. Тэгээд шөнө Улаанбаатар хот руу гараад өглөө 07.30 цагт ирсэн. Ирээд гэмтлийн эмнэлэг рүү очиход ах тархиндаа хагалгаа хийлгэсэн, биеийн байдал маш хүнд байсан. Эмчтэй нь уулзахад гадны нөлөөтэй байна, хүнд байна, найдваргүй, ар гэрийнхэнийг нь дуудаж уулзуулах хүн байвал дууд гэж хэлсэн…” /хх-ийн 17-19/

           

Гэрч А.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 26-ны 12.00 цаг өнгөрч байхад гаднаас өвөө нэлээн согтуу орж ирсэн. Тухайн үед гэрт хүргэн ах Д.Гантулга түүний 6 настай хүү бид гурав байсан. Би өвөөгөөс гэрийн түлхүүр асуусан чинь надад байхгүй, би аваагүй Гантулгад байгаа гэсэн. Өвөө гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан. Би тэр үед жижиг өрөөнд байсан. Өвөө Гантулга ахыг “чамд түлхүүр байгаа биз дээ” гэхэд “надад байхгүй”  гээд тэр хоёр маргалдаад байсан. Өвөө Гантулга ахыг “халхын шээс минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод, дайрч давшлаад байсан. Тэр хоёрыг маргалдаад байхаар нь би дүүгээ дагуулаад гарчихсан. Намайг гаднаас эргээд орж ирэхэд Гантулга ах өвөөг цээж рүү нь нэг түлхэж харагдсан. Өвөө хойшоо хүчтэй савж унасан. Өвөөг шалан дээр унахад Гантулга ах өргөөд босгоод суулгасан чинь хамраас нь цус гарсан. Тэгээд буцаагаад хэвтүүлчсэн чинь амнаас нь маш их цус гарсан. Тэр үед би өвөө гээд дуудсан чинь нүдээ нээгээд аниад байсан. Тэгсэн Гантулга ах хажуунаас “босоорой” гэсэн. Өвөө босохгүй хэвтээд байсан. Би дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд эргээд ирэхэд шалан дээрх цусыг цэвэрлээгүй болохоор эвгүй санагдаад цэвэрлээд шалаа угаасан…” /хх-ийн 22-24/,

 

Гэрч А.Хоролсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би талийгаач Б.Алтангэрэлтэй 1974 оноос 2001 он хүртэл гэр бүл болж амьдарсан байсан. Б.Алтангэрэл нь 1953 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, могой жилтэй, тусгай дунд боловсролтой, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтэй. Анх бид 2 гэр бүл болоод суухад архи согтууруулах ундаа хэрэглэх нь гайгүй байсан. Сүүлдээ архи согтууруулах ундааг өдөр өнжихгүй маш ихээр уудаг болсон. Агсам согтуу тавьдаг тавьдаг хамт амьдрах боломжгүй болоод аргагүйн эрхэнд 2001 онд салсан. Сэтгэцийн хувьд цоо эрүүл биш бүдүүн тоймийн хүн. Архи уусан үедээ байнга хэл амаар доромжилж, бага зэргийн зодож нүддэг байсан. Дорнодод байхдаа эрүүлжүүлэх байранд орж байсан. Бараг гудамжны архичин болсон…” /хх-ийн 25-26/,

 

Гэрч А.Алтан-Оргил мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Талийгаач Б.Алтангэрэл нь ээж Хоролсүрэнгээс 2001 онд салсан. Архийг нэлээн уудаг, нэг уухаараа олон хоног үргэлжилдэг. Архи уусан үедээ ширүүн авиртай болчихдог. Зан ааш нь өөрчлөгдөөд байдаг юм. Эрүүлдээ үг дуу цөөтэй. …манай дүү Алтансувд нөхөр Гантулгынхаа хамт энд төрчихөөд байраа түрээслүүлээд Дорнод аймаг руу явсан. 2015 оны 09-р сард Улаанбаатар хотод ирээд байрныхаа түрээсийг дуустал манайд амьдрахаар болсон. Гантулга ажил төрөлд сайн, зан аашийн хувьд гайгүй, архи согтууруулах ундааг манайд байхдаа уудаггүй байсан. Өглөө эрт яваад орой ирдэг байсан. Бусадтай эвтэй байдаг. Манайд байхдаа хэрүүл, зодоон хийж байгаагүй…” /хх-ийн 27-28/,

 

Гэрч А.Алтансувд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Талийгаач Б.Алтангэрэл архийг уухаараа олон хоногоор уудаг. Архи уухаараа хурц хэл амтай, үгээр идэх, өдөх маягтай байдаг. Нас барахаасаа сарын өмнөөс манай нөхөр Гантулгыг хэл амаар доромжилж, өдөж, янз бүрээр хараагаад байдаг байсан. Гантулга дуугүй л гараад явчихдаг байсан. Бид нар сүүлдээ байр түрээсэлж гарах гэж байсан. …Аав архи уухаараа Гантулга руу агсам тавьж хэл амаар доромжлоод байдаг байсан. Гантулга аавын гаргаж байгаа зан авирыг тэвчээд өнгөрүүлдэг байсан. Нэг удаа аав намайг байхад Гантулгыг чамайг унтаж байхад чинь хоолойг чинь хэрчинэ гэж байсан…” /хх-ийн 29-30/,

 

Яллагдагч Д.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ. “…намайг халх үндэстэн болохоор “халхын шээс ш дээ чи” гээд ширээн дээр дараад босоод ирсэн. Тэгэхээр нь би болгоомжгүйгээр ширээн дээрээс хутга аваад босоод надруу дайрах гэж байна гэж бодоод айгаад нүүр рүү нэг удаа түлхсэн. Гэтэл хойшоогоо хүчтэй саваад унасан. Тэгээд ухаан алдсан юм шиг байхаар нь би сандраад босгох гээд 2 гараараа зөөлөн алгадаад сэрээрэй гэсэн. Тухайн үед юм ярилгүй 2 гараараа толгойгоо бариад байсан. Талийгаач унасан газраа хажуу тийшээ хараад хэвтээд байсан. Намайг түлхэх үед Оюун-Эрдэнэ орж ирсэн…” /хх-ийн 114-117/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 04 дүгээр 14-ний ¹342 дугаартай дүгнэлтэд: “…Д.Гантулга нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, хэрэг хариуцах чадвартай, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай…” гэх дүгнэлт /хх-ийн 84/,

 

Шүүгдэгч Д.Гантулгын буруутай үйлдлийн улмаас талийгаач Алтангэрэлийн биед “…чамархай, зулайн яс, хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, олон тооны эдийн дотор цусан хураа, аалзан бүрхүүл доохи тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.03.04-ний өдрийн ¹3039 дугаартай дүгнэлт /хх-ийн 52/,

 

Шүүх эмнэлэгийн 2016.04.01-ний өдрийн ¹494 дугаартай задлан шинжилгээний оношид “…Б.Алтангэрэлийн цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээнд дараах онош тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид тавьсан онош зөв бөгөөд эмчилгээ зөв байна. Эмчилгээ хийснээр талийгаачийн амь насыг аврах боломж муутай. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй...” гэх дүгэлт /хх-ийн 54, 55/ болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Гантулгыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэргийн онол буюу өөрийн байр сууриа тодорхойлохдоо прокуророос Д.Гантулгад Эрүүгийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 хэсэг буюу хүнийг болгоомжгүй алсан…” гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүгдэгч Д.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “талийгаач Д.Алтангэрэл над руу дайрах гэж байсан, шүүгээн дээр байсан хутга авах болов уу гэж бодоод түүний нүүр рүү түлхэж унагасан” гэж мэдүүлсэн хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талийгаачийн зүгээс шүүгдэгч Д.Гантулгын эсрэг бодитой заналхийлсан үйлдэл хийгдээгүй, хутга шүүрч авсан гэх байдал нотлогдоогүй болно. Харин тэдний хоорондын хувийн таарамжгүй харьцаа үүсч улмаар маргалдах явцдаа сандал дээр сууж байхад нь түлхэж унагасан үйлдэл, талийгаач дагзаараа газар мөргөж, “…чамархай, зулайн яс, хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, олон тооны эдийн дотор цусан хураа, аалзан бүрхүүл доохи тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт…” бүхий гэмтэл авч нас барсан хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр нь “гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт хүсэж эсхүл зориуд хүргэсэн байдаг бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “хайхрамжгүй хандах” нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байдгаараа ялгаатай юм.

 

Дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26, 27 дугаар зүйлд заасан ойлголтыг энэ хэрэгтэй холбон авч үзвэл шүүгдэгч Д.Гантулга нь хохирогчид хор уршиг учрахыг мэдэж үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан хохирогчийг түлхэж унаган амь нас аврах боломж муутай гэмтлүүдийг санаатай учруулан зориуд үхэлд хүргэсэн нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзнэ.

 

Хохирогч нас барсан хор уршгийг Д.Гантулга хүсээгүй боловч зориуд түлхэн унагасан түүний дээрх үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулаагүй бөгөөд түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тодруулсаны гадна прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний хүрээнд  шийдвэрлэх боломжтой бөгөөд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Д.Гантулгыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Хэдийгээр хохирогч болон талийгаачийн ар гэрээс гомдол саналгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл болох хүний амь нас хохироосон үйлдэлд гэм хор арилсан гэж дүгнэх боломжгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Гантулгын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.Энхжаргал нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Мөрдөн байцаалтын шатанд талийгаачийн төрсөн хүүхдүүдийг хохирогчоор тогтоолгүй түүний төрсөн дүү Б.Энхжаргалыг хохирогчоор тогтоосон байна. Гэвч шүүх хуралдаанд талийгаачийн төрсөн, том охин болох А.Алтан-Ундрах “Б.Энхжаргал ахыг хохирогчоор тогтоосонтой маргах зүйл байхгүй, бид заавал хохирогчоор тогтоолгох шаардлагагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт заасан “…гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан …бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн хүн эдэлнэ…” гэсэн хуульд дараалалыг заавал баримтлах шаардлагагүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Гантулын урьд цагдан хоригдсон 114 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Суврагчин овогт Дугарын Гантулгыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Гантулгад оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Гантулгын урьд цагдан хоригдсон 114 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Д.Гантулга нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 7. Энэ тогтоолыг гомдол гаргах эрх бүхий этгээдүүд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,              шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

ШҮҮГЧИД                                                                С.ОЮУНЧИМЭГ

                                                                                   

                                                                                                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ