Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

аймгийнсумын р баг, -р байрны  тоотод оршин суух Б овгийн Гын М //-ийн нэхэмжлэлтэй,

 аймгийн сумын -р баг,  байрны  тоотод оршин суух Д овгийн Цын Х //, Б овгийн Дны А // нарт холбогдох 14440000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Ц.Хын, 2015 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 4 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.М

Хариуцагч Ц.Х, Д.А

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д

Шүүгчийн туслах Т.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Х, Д.А нарт 2015 оны 8 сарын 12-ны өдөр бусдаас 10 хувийн хүүтэй 11 сая төгрөг зээлж авч өгсөн. Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд амаар тохиролцож 11 сая төгрөгийн 1 сарын хүү 1100000 төгрөгийг авч үлдэн 9900000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээлийн хүүгээ төлөхгүй хугацаа хэтрүүлээд байхаар нь төлж чадах эсэх дээр эргэлзээ төрж хариуцагч Ц.Хтай 2015 оны 12 сарын 17-нд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа Ц.Х нь хугацаа дууссан иргэний үнэмлэхээр байгуулсан байсан. Анх бол Ц.Хаас 15099900 төгрөгийг нэхэмжилсэн. Сүүлд дахин бодож үзээд хүүнд өгсөн мөнгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад  Ц.Х, Д.А нараас 14400000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэрээнд мөнгө төлөх хугацаа дуусаад төлөгдөөгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцно гэсэн байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгө маань үндсэн мөнгө, алдангийг нэхэмжилж байна. Иймд Ц.Х, Д.А нараас 14400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х бид хоёр анх 2015 оны 8 сарын 12-ны өдөр Г.М, Г.Чнартай уулзаж, “байрны урьчилгаа мөнгө хэрэгтэй байна” гэсэн. 11-ний өдөр бид 11 сая төгрөг зээлэхээр ярилцсан. 12-ны өдөр манайд ирж 10 хувийн хүүтэй мөнгө хүн зээлүүлнэ гэж байна гээд 9900000 өгч, 1100000 төгрөгийг хүүнд авлаа гэж хэлсэн. Түүнээс хойш бид сар бүр 1-2 хоногоор хэтэрдэг байсан хэдий ч  хүүгээ төлөөд явж ирсэн. Одоогийн байдлаар 11300000 төгрөгийг төлсөн байгаа. 12 сарын мөнгийг би хэтрүүлсэн, намайг хөдөө орон нутагт явж байхад Г.М залгаж “зээлийн гэрээ байгуулъя” гэж хэлсэн. Би очиж байгаад гэрээ байгуулах талаар хэлсэн. Гэтэл манай нөхөртэй гэрээг байгуулсан байсан. Манай нөхрийн иргэний үнэмлэхийг нотариатч эргүүлж, тойруулж үзэж байгаад баталж өгсөн байсан. Бид мөнгөө өгч, авах талаар удаа дараа ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. Тэгээд эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчид тухайн үед Г.Мд хүү, алданги авах эрхээ алдана гэж хэлэхэд “би мэдэж байна” гэж байсан. Тэгээд Г.М нь шүүхэд хандсан. Бид удаа дараа үндсэн мөнгө, хүүгээ тохиролцох талаар хэлсэн боловч өөрсдөө тохиролцохгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Г.М нь М гэдэг хүнээс 8 хувийн хүүтэй мөнгө авч бид хоёрт 10 хувийн хүүтэйгээр зээлүүлж дундаас нь ашиг олж байсан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү  гэв.

Нэхэмжлэгч Ц.Хшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.М, Ц.Х нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

- Зээлийн гэрээний 2.3-т “зээлийн хугацаа нь зээлдэгч мөнгийг бэлнээр хүлээн авсан үеэс тоологдоно”, 2.5-д “зээл олгох хугацаа 2015 оны 12 сарын 17-ны өдөр” гэж тус тус заасан байна. Гэтэл талууд гэрээний 2.1-т заасан 11000000 төгрөгийг өгч авалцсан үйлдэл хийгээгүй ба харин дээрх мөнгийг 2015 оны 8 сарын 12-ны өдөр буюу гэрээ байгуулагдахаас 4 сарын өмнө Д.Ад хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбараар хангалттай нотлогддог. Д.Ад зээлсэн мөнгөн дээр Ц.Хтай зээлийн гэрээг нөхөж байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн байна. 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилж батлахдаа гэрээний нэг тал болох Ц.Хын 2014 оны 12 сарын 3-ны өдөр хүртэл хүчинтэй иргэний үнэмлэхийг үндэслэж хийсэн. Энэ нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “нотариатч үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоох бичиг баримтанд үндэслэж хийнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд 2015 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл мөн тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Хын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

- Уг зээлийн гэрээг хийхэд би Ц.Хын гарыг барьж байгаад гарын үсэг зуруулаагүй, хуурч мэхэлж зээлийн гэрээ байгуулаагүй, өөрийнх нь хүсэл зоригийн дагуу байгуулсан бөгөөд хугацаагаа өөрөө хэлж байгуулсан. Заавал 11000000 төгрөгөө тухайн өдөр өгөлцөж авалцсан тухай сөрөг нэхэмжлэл дээр дурдсан байна. Тийм хуулийн заалт хаана байна. Ц.Х өөрөө надад үндсэн 11000000 төгрөг байгаа гэдгээ зөвшөөрч гэрээ байгуулсан. Хугацаа дууссан иргэний үнэмлэхээр зээлийн гэрээ байгуулсан нь нотариатын байгууллагын буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал аман гэрээ хийж өгч авалцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Ц.Х, Д.А нараас үндсэн зээл,  зээлийн гэрээнд заасны дагуу алданги нийт 14440000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Ц.Х нь 2015 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Мгийн үндсэн зээл, зээлийн гэрээнд зааснаар алданги нийт 14440000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор, Ц.Хын 2015 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Учир нь

1.Талуудын шүүхэд гаргасан тайлбараар 2015 оны 8 сарын 12-ны өдөр харилцан тохиролцож 11 сая төгрөг зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. Тухайн мөнгө өгч авсан өдөр талуудын хүсэл зориг нэг байсан буюу нэхэмжлэгч нь 11 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэх, хариуцагч нар нь 11 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх сонирхолтой байсан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн хүү тогтоож болох боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ба энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ. Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ц.Х Д.А нар нь 11 сая төгрөгийг өгч авч зээлийн гэрээ байгуулж, хүү тооцохоор тохиролцсон үедээ зээлийн гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд зээлийн гэрээний дагуу хүү авах эрхтэй байна. Гэтэл талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул 2015 оны 8 сарын 12-ны өдрөөс зээлийн гэрээг бичгээр байгуулах хүртэл буюу 2015 оны 12 сарын 17-ны өдөр хүртэл  хугацаанд хүү авах эрхээ алджээ.

2. 2015 оны 12 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ц.Х нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд хариуцагч Д.А нь энэхүү гэрээг нэхэмжлэгчийн шаардсанаар хүчээр байгуулсан, тухайн өдөр мөнгө өгч аваагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ  гэж тайлбарлаж байна.  Гэвч хэрэгт цугларсан бичгийн баримтаар гэрээний зээлдэгч тал гэрээг бусдын хүч, нөлөөнд автаж байгуулсан байдал тогтоогдохгүй байх бөгөөд мөнгийг өгч, авсан өдрөөс өөр өдөр гэрээ байгуулахыг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Мөн зээлийн гэрээг бичгээр байгуулах үед 2015 оны 8 сарын 12-ны өдөр зээлсэн мөнгийг төлж барагдуулаагүй байсан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн байсан учир гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан байна гэж үзэв. Иймд 2015 оны 12 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ц.Х нарын байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

3. Нэхэмжлэгч Г.М нь үндсэн зээл 11 сая төгрөг, зээлийн гэрээний дагуу тооцсон алданги 3440000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь хүү тооцох зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг мэдэхгүй, харилцан тохиролцож хариуцагч нарт итгээд мөнгийг өгсөн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүрэг гүйцэтгэх дараалал нь эхний ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр байна.  Анх зээлийн гэрээг 2015 оны 8 сарын 12-ны өдөр байгуулж 11 сая төгрөгийг талууд өгч авсан байх ба зээлийн гэрээг бичгээр байгуулах хүртэл хугацаанд зээлдэгч нь хүү авах эрхээ алдсан байна. Иймд 2015 оны 8 сарын 12-оос 2015 оны 12 сарын 17-ны өдөр хүртэл төлсөн 5500000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй байна. Эндээс харахад 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 5500000 төгрөг зээлүүлсэн гэж байгуулсан байх ёстой бөгөөд ингэж байгуулаагүй нь нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, алдангийг нэхэмжлэх эрхээ алдах үр дагаварт хүргэхгүй. Талууд хуульд заасны дагуу тооцооллыг хийж гэрээ байгуулаагүй боловч өөрсдийн сайн дурын үндсэн дээр, эрх үүргээ ухамсарлан зээлийн гэрээг байгуулсан байх тул зээлийн гэрээний үнийн дүнг хуульд зааснаар тооцвол зохих байдлаар тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь талуудын тохиролцсоноор 6 сар байх тул дээрхи зээлийн гэрээ байгуулснаас хойш төлсөн 5800000 төгрөгөөс 3300000 төгрөгийг үндсэн зээл 5500000 төгрөгийн 6 сарын хүүд тооцон хасаж үлдэх  2500000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцов. Ийнхүү үндсэн зээлийн үлдэгдэл 3 сая төгрөг болох ба үүнд зээлийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.6-д /хх-ийн 5-рт/ зааснаар зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувиар алданги төлөхөөр заасны дагуу тооцож үзэхэд 1 хоногт төлөх алдангийн дүн 6000 төгрөг байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 сарын 17-ны өдөр дуусаж түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2016 оны 12 сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд алдангийг тооцож үзэхэд 173 хоногийн алданги 1038000 төгрөг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 3000000 төгрөг, алданги 1038000 төгрөг, нийт 4038000 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Зохигчоос урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Х //, Д.А / нараас 4038000 /дөрвөн сая гучин найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М //-д олгосугай.

2.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ц.Хын 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233450 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг, хариуцагч Ц.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х, Д.А нараас 79558 /далан есөн мянга таван зуун тавин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

      ДАРГАЛАГЧ