Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 161

 

Капитал банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00876/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 978 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч С- овогтой Л-ийн Ө-

         Хариуцагч Б- овогтой Д-ийн А- нарт холбогдох

         “Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр 31.441.417 төгрөг 28 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Капитал банкны захирал А.Ариунболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, М.Ганчимэг нараас:

 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч нар Капитал банктай ЗГ-242 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,0 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 16-р байрны 2 тоот хаягт орших 43,2 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлөх ёстой төлөлтөө 2017 оны 4-р дүгээр сарын 10-наас хойш зөрчиж одоо нийт 4 сарын зээл төлөлт болж 6.164.489,80 төгрөг төлөх байсан боловч нэг ч төлөлт хийхгүй байна. Иймд Л.Ө-той хийсэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож үндсэн зээл 26.774.366 төгрөг хүү 3.872.542,74 төгрөг нэмэгдүүлсэн хүү 774.508.55 төгрөг нотариатын зардал 20.000 төгрөг нийт 31.441.417,28 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ө- Д.А- нараас:

Би Дархан зах дээр 1999 оноос эхлэн торго бөс барааны лангуу ажиллуулж худалдаа эрхэлж байна. Энэ хугацаанд маш олон банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлээ гэрээний хугацаанд тогтмол төлдөг. Сүүлийн жилүүдэд буюу 2015 оны сүүлчээс эхлээд манайхаар үйлчлүүлдэг иргэдийн тоо эрс буурсанаас худалдаа эрхэлдэг лангууны байршлыг захын захиргаа 2016 онд өөрчилж сольсон түрээсийн гэрээний төлбөр 360.000 байсан бөгөөд 810.000 болтол өссөн зэргээс шалтгаалан миний барааны борлуулалт муудсан. Сард лангууныхаа түрээсийн төлбөрийн мөнгийг мөн өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрсэн учраас би “Капитал банк”-аас зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрсэн. Мөн “Төрийн банк”-ны зээлийг төлөх шүүхийн шийдвэр гарсан учирби “Капитал банк”-ны зээлийн төлбөрийг хойшлуулж орлогоосоо шүүхийн шийдвэрийн дагуу “Төрийн банк”-д төлөх ёстой байсан 15.000.000 төгрөгийг төлсөн. Капитал банкнаас авсан зээлээ сүүлийн 4-н сар төлж чадаагүй, банкнаас авсан зээлээ гэрээний хугацаанд төлж дуусгана. Нийт 50.000.000 төгрөг зээлсэн үүнээс 42.335.272 төгрөг хүү алданги нийлүүлээд орон байрыг чинь авна гэж байнга айлгадаг байраа заруулахгүй гэрээний хугацаан дотор буюу 2018 оны 4-р сараас өмнө боломжоороо төлж дуусгана үндсэн зээлээ хуваарийн дагуу төлнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 978 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд  2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ЗГ-242 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Ө-, Д.А- нараас зээлийн төлбөр 29.515.972,4 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.925.444,88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Уянгын хүү” ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл  барьцаа хөрөнгө болох тавьсан улсын бүртгэлийн Ү-2203009288 дугаартай Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо 16 дугаар байрны 2 тоот 43,2 мкв талбайтай орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.158 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ө-, Д.А- нараас улсын тэмдэгтийн хураамж 305.529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Капитал банкны захирал А.Ариунболд давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч Л.Ө- нь Капитал банктай хамтран 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/242 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 50.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Капитал банк нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл болох 26.774.366 төгрөг, үндсэн хүүд 3.872.542,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 774.508,55 төгрөг, нийт 31.441.417,28 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин анхан шатны шүүх буруу тооцоолол хийж үндэслэлгүйгээр хассан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар хариуцагч Л.Ө-, Д.А- нарт холбогдуулж 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ-242 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, үндсэн зээлийн гэрээний үлдэгдэл 26.774.366 төгрөг, хүү 3.872.542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 774.508 төгрөг нийт 31.441.417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчид нь үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ-242 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Ө-, Д.А- нараас зээлийн төлбөрт 29.515.972 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 1.925.444 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч Капитал банк эс зөвшөөрч анхан шатны шүүхийг буруу тооцоолол хийж, нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр хассан нь ойлгомжгүй, зээлийн хүүг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцоогүй тул 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны үед 1.925.444 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргасан боловч одоо гомдлын холбогдох хэсэг болох 1.019.584 төгрөгөөс татгалзаж, үлдэх 905.860 төгрөгт давж заалдах гомдол гаргаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 30.421.832,96 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ-242 тоот зээлийн болон барьцааны гэрээ хийгдэж зээлдүүлэгчээс 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, 50.000.000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн барьцаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр  хорооны 16 дугаар байрны 02 тоотод байрлах 43,2 м/кв талбай бүхий 2 өрөө бүхий орон сууцыг барьцаалж, зээл, хүүний буцаан төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталсан байна.

Зээлдэгч гэрээний дагуу зээл болон хүүний төлбөрийг төлж байгаад 2017 оны 04 сарын 10-наас гэрээний үүргээ тасалдуулсны улмаас зээлдүүлэгч нь талуудын хооронд хийгдсэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэл гаргах үед үндсэн зээлийн төлбөрт 26.774.366 төгрөг үлдсэн, энэ талаар талууд маргаагүй, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “ Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд хийгдсэн гэрээний 3.1.3-т зээлдэгч зээл, зээлийн хүүг зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд төлөгдөөгүй үндсэн зээлийн үнийн дүнгээс үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож авна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч  талаас хариуцагчдыг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан ба урт хугацаатай гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болох бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг дуусгавар болгож байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасантай нийцэж байна.

Шүүх шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтаар талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ-242 тоот гэрээг цуцалсан байх бөгөөд гэрээг цуцлах эсэх нь гэрээний талуудын эрх тул энэ тохиолдолд нэгэнт цуцлагдсан гэрээг шүүхээс дахин цуцалж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-ийг баримталсан нь хэргийн шийдэлтэй нийцээгүй байх тул түүнийг 115 дугаар зүйлийн 115.2.2 болгож зөвтгөх нь зөв.  

Давж заалдах шатны шүүхээс зээлдэгчийн эргэн төлөх тооцооллыг дараах байдлаар хийсэн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 26.774.366 төгрөг, гэрээгээр тохиролцсон 1 сарын хүү 535.487 төгрөг, нэг хоногийн хүү 17.849 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцоход хугацаа хэтэрсэн 130 хоног, нийт төлөх хүү 2.320.445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  гэрээгээр тохиролцсоноор үндсэн хүүгийн 20 хувь буюу 107.097 төгрөг, нийт гүйцэтгэх ёстой үүрэг 29.201.908 төгрөг байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.239.509 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тооцов.

Иймд шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 978 дугаар шийдвэрийн УДИРТГАЛ хэсгийн “115 дугаар зүйлийн 115.2.1” гэснийг “115 дугаар зүйлийн 115.2.2” гэж

Шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын:

“Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ЗГ-242 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Ө-, Д.А- нараас 29.515.972,4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 1.925.444,88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Ө-, Д.А- нараас 29.201.908 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, үлдэх 2.239.509 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 3 дахь заалтын “хариуцагч Л.Ө-, Д.А- нараас улсын тэмдэгтийн хураамж 305.529 төгрөг” гэснийг “303.960 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.758 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ       

                                        ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           Л.АМАРСАНАА