Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0807/З |
Дугаар | 915 |
Огноо | 2019-12-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 915
2019 оны 12 сарын 19 өдөр Дугаар 128/ШШ2019/0915 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К” ХХК /РД:******/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “К” ХХК нь Х дүүргийн Б дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар 10.1 га газрыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд /хуучин нэрээр/-ын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар 2******* тоот газар ашиглах гэрчилгээг авсан болно.
Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байсан. Манай компанийн зүгээс захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/******* дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0******* дугаар магадлалаар дээрх А/121 дүгээр тушаалаас “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/297 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг сэргээсэн.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглах эрхийг сэргээснээс хойш 20 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дахин хүчингүй болгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/******* дугаар тушаалын 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин ... газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосугай.” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчиж тус компанийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйл, 36 дугаар зүйлд газар ашиглах, газар ашиглуулах шийдвэр гаргах асуудлыг хуульчилж өгсөн. Дээрх А/******* дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчиж сонсох ажиллагаа огт явуулаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг зөрчиж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй болно. Бид Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргасан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1082 тоот мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор гардаж авсан. Сайдын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасныг зөрчиж гомдол гаргах этгээд болон хугацааг заагаагүй.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Т аманд 10 га газар эзэмшдэг байсан. 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/121 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг шүүхэд хандан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/121 тушаалыг хүчингүй болгосон, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/295 дугаар тушаалаар газар ашиглах эрх сэргээсэн. Гэтэл 2019 оны 09 дүгээр сард 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалаар хүчингүй болгосныг мэдэгдсэн.
Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон А/******* тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Явуулсан гэж байгаа ч 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр буюу манай гэрчилгээг сэргээхээс өмнө мэдэгдэл явуулсан тул сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан зүйлийг зөрчиж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй буюу сонсох ажиллагаа явуулаагүй. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т заасныг зөрчиж гомдол гаргах хугацааг зааж өгөөгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаал нь газар ашиглах гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгож, манай эрх ашигт халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, газар ашиглах эрхийг сэргээсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/297 тушаал хүчинтэй байгаа ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжид хязгаарлалтын бүсэд тодорхой нөхцлийг хангасан тохиолдолд газар ашиглуулж болно гэж заасан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан газар ашиглах эрх олгох журам одоог хүртэл хүчинтэй байгаа ба Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох тухай тус журмын дагуу газар ашиглах эрх олгосон Гэтэл одоо хууль зөрчсөн гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 218, 117 дугаар тушаалуудаар баталсан журмын дагуу газар ашиглах эрх олгосон. Иймд одоо буруу хуулийн заалт барьж газар олгосон гэж байгаа нь иргэн, аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Харин нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээд ийм нэхэмжлэл гаргаж байгаа биш. Уг тушаалыг илт хууль бус гэж маргаж байгаа. Илт хууль бус захиргааны актад хөөн хэлэлцэх хугацаа тооцдоггүй ба гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Захиргааны байгууллага нь илт хууль бус захиргааны актыг өөрчлөх эрхтэй.
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бичиг явуулж, очиж уулзахад “танайхыг сэргээх гэж байхад юу яриад байгаа юм бэ” гэсэн. Нөгөөдөр нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр очиход гэрчилгээг сэргээчихсэн тамга дарж баталгаажуулж сэргээсэн тушаалтай нь өгсөн. Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр очиход “гэрээ байгуулах шаардлагагүй. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүчинтэй, энэ гэрээгээр явах ёстой” гэсэн. 5 жилийн хугацаатай гурвалсан гэрээтэй. Гэрээг шинэчлэх асуудлаар очиж уулзахад гэрчилгээн дээр сэргээсэн бичилт хийж өгөөд буцаасан. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны хооронд буюу газар ашиглах гэрчилгээг сэргээсний дараа хашаа барьсан. 8 дугаар сард төлбөрийн зөрүү төлөх гэж очиход цуцалсан гэсэн. Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр очиж хөөцөлдөж яваад 9 дүгээр сард А/******* дугаар тушаалыг гардаж авсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ гэж заасан. Үүний дагуу аялал жуулчлалын баазыг судлаад олгочихоод одоо олгосон нь буруу гэж байна. Гэтэл хуулийн зүйл заалт барьж бидний эрх ашигт халдаж байна. Нэгэнт гэрчилгээ хүчингүй болгочихоод дахин эрх сэргээгдээгүй байхад цуцалсан. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эрх сэргээснээс хойш цуцлах талаар сонсох ажиллагаа хийгээгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэр гарснаас хойш гэрээний үндсэн дээр гэсэн шалгуур тавьдаг. Гэрээ дуусаагүй байсан. Түр отоглохдоо жуулчдыг түр амраах орон байр хэрэгтэй. Манай байгууллагад эрх олгосон анхны шийдвэр болон эрх сэргээсэн шийдвэр нь эрх зүйн ач холбогдолгүй байсан юм шиг үзэж байна. Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэн, аж ахуй нэгж адил тэгш эрхтэй байна гэсэн зарчмыг зөрчсөн. Гарсан цагаасаа хойш шүүхээр маргаантай байгаа ба энэ нь эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* тушаалын “К” ХХК-тай холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Улсын тусгай хамгаалалтай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог.
“К” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат Б, Т аманд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар ашиглах хүсэлт гаргаж, барилга байшин барих зураг төслөө ирүүлснээр хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Б дархан цаазат газрын Т амны хязгаарлалтын бүсэд 10 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалын гол үндэслэл нь сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгүуллагаар батлуулах нь тодорхой юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан урдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин аяпал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр цуцлах иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Ө сонин”-ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар явуулсан, мөн гардуулсан болно.
Иймд дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тушаал хүчингүй болгох тухай А******* тушаал нь хуульд нийцсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын үндэслэл хамаарахгүй. Харин үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байна. Сонсох ажиллагааны хувьд 2019 оны 06 дугаар сард Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны сайт www.mne.mn дээр тавьж мэдээлсэн. ******* дугаар тушаалыг тухайн үед 2019 оны 07 сарын 18-ны өдөр шуудангаар явуулахад хаяг дээрээ байхгүй тул буцаж ирж, дараа нь захиргааны актыг мэдэгдэхээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Ө сонинд нийтэлсэн.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/297 тушаал нь өөр үндэслэлээр сэргэсэн. Тухайн үедээ “газрын төлбөр төлөгдөөгүй болон хоёр жил дараалан газраа ашиглаагүй” гэсэн үндэслэлээр цуцлагдаад шүүхийн шийдвэр гарснаар эрх нь сэргэсэн өөр үндэслэл бүхий захиргааны акт юм.
Маргаан бүхий газрын ойр орчимд байгаа аж ахуй нэгжид мөн л дархан цаазат газарт газар ашиглах эрх аялал жуулчлалын зориулалтаар олгосон. Туйлшруулж нэг дор бүгдийг нь цуцлаагүй. Цуцлаад явж байгаа. Цаашдаа ч цуцлагдах болно. Зэргэлдээ байгаа амралтын газар ажиллуулж байгаа газруудын гэрчилгээ хүчинтэй байгаа. Одоо олгож байгаа асуудлын хувьд бид олгохгүй байх эрх байхгүй. Хуульд олгохоор заасан байгаа. Гэхдээ ингэж эрх олгохдоо дандаа хуульд заасны дагуу түр отоглох зориулалтаар олгож байгаа. Түүнээс биш аялал жуулчлалын зориулалтаар олгохгүй байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан дархан цаазат газар, дурсгалт газар, нөөц газар, байгалийн цогцолборт газар гэж 4 хувааж авч үзсэн байдаг ба зөвхөн байгалийн цогцолборт газар аялал жуулчлалын зориулалтаар зөвшөөрөл олгохоор заасан. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 36 дугаар зүйлийн зохицуулалтын хувьд хоёр аж ахуйн нэгж зэрэг хүсэлт өгвөл шийдэх талаар зохицуулсан зохицуулалт юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар анх нэхэмжлэгч “К” ХХК-д Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Х дүүргийн нутаг дэвсгэрт Т аманд 10 га газрыг 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тусгай хамгаалалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгож, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр газар ашиглуулах гурвалсан гэрээ байгуулсан байна.
Үүнээс хойш тус компани “газрын төлбөрийн итгэлцүүр тогтоосон” дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаартай тогтоолтой марган Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 647 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 745 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 527 дугаар тогтоолоор “дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар маргаан бүхий тогтоолыг түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байдаг.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож, тус компанийн нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар магадлалаар “К” ХХК” нь аялал жуулчлалын цогцолбор бааз барихаар бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, барилгын эскиз зураг хийлгэсэн, газрын төлбөрөө газар ашиглах гэрээнд зааснаар төлж байсан, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “газрын төлбөрийн итгэлцүүр тогтоосон” шийдвэртэй маргаж, тогтоолыг түдгэлзүүлсэн байхад уг тогтоолын дагуу төлбөр төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй” гэж дүгнээд дээрх А/121 дүгээр тушаалаас “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн энэ хүчин төгөлдөр шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд биелүүлж 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/297 дугаар тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг сэргээж, газар ашиглах гэрчилгээний хавсралтад 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “газар ашиглах эрхийг шүүхийн шийдвэр, сайдын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/297 дугаар тушаалыг үндэслэн сэргээсэн” талаар тэмдэглэж, газар ашиглах гурвалсан гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй талаар мэдэгдсэн байдаг.
Гэвч ийнхүү газар ашиглах эрхийг сэргээснээс 20 хоногийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь “байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа явуулж болно” гэсэн хэсгийг баримтлан “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” үндэслэлээр 46 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хавсралтаар хүчингүй болгосон, хавсралтын 30-д нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх анх олгосон сайдын 2014 оны А-******* дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч компанид анх газар ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1 “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалтыг үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу А, Ч, Т, З, Т ам зэрэг газруудад 5 жилийн хугацаагаар аялал жуулчлал, амралт сувилал, шашны цогцолбор, сургалт судалгааны төвийн зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч компанид Х дүүргийн нутаг дэвсгэрт Түргэний аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдан мөрдөгдсөн, энэ хууль нь байгалийн болон түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, судлах зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн байгууллагуудын, тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулдаг, энэ хугацаанд эдгээр зохицуулалтад өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх дээрх шийдвэрээр дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргах үеийн болон одоогийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт өөрчлөгдөөгүй байна.
Энэ хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг “дархан цаазат газар”, “байгалийн цогцолборт газар”, “байгалийн нөөц газар”, “дурсгалт газар” гэж ангилж, дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хувааж, тэдгээрийн дэглэмийг тогтоосон байна. Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор газар нутгийг “дархан цаазат газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтад авдаг бөгөөд Б дархан цаазат газрын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан, нэхэмжлэгчийн 2008 онд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан газар нь Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг”, харин 12 дугаар зүйлийн 5, 9-д зааснаар “дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог” байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга байгууламж барих боломжгүй байна.
Гэтэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой 33 дугаар зүйлийн 1 “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1 “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн зохицуулалтыг үндэслэн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт зааснаар яам нь “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хянан батлах, зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох” эрхтэй бөгөөд энэ хүрээнд Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан, энэ журам нь “дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд болон байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах”-аар байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулах хуулийн болон журмын зохицуулалтаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор иржээ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу Б ам, З ам, Б ам, Х ам, А ам, Н ам, Т ам, Ж ам, Т ам зэрэг газруудад нэхэмжлэгчтэй адилхан нөхцлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг энэ хугацаанд буюу 1996 оноос хойш олгосон, цаашлаад Б дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс нэрийн дор хязгаарлалтын бүсэд суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг холбогдох газар боловсруулж баталсан, улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, барилгажиж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, сууршлын бүс болсон зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага” MNS 6426 : 2013 стандарт батлагдсан, энэ стандартын тусгай хамгаалалттай газар нутагт дархан цаазат газар хамаарахаар нэр томьёонд тусгагдсан бөгөөд стандартын 5.3.3-т байр сууц, байгууламж нь “аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн шинж чанарыг хадгалсан, тухайн орчны байгаль ландшафтын дүр төрхөд нийцсэн, түүхийн соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай байх” гэсэн шаардлагыг тавьж, “барилгын газар дээрх давхар 2 давхраас өндөргүй байна” гэж өндрийн хязгаарлалтыг заасан ч “нийслэлийн төвийн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдах тусгай хамгаалалттай газар нутгийн хил зааг дахь суурин газрын бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламжид давхрын өндрийн хязгаарлалт хамаарахгүй” гэсэн нэмэлтийг Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор оруулсан байдаг.
Энэ хугацаанд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхтэй холбоотой “газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу хуулиар тогтоосон хугацаанд ашиглаагүй, шугам сүлжээний газартай давхцалтай” гэх олон үндэслэлүүдээрх маргаануудыг захиргааны хэргийн шүүх “нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэн” буюу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн, тухайлбал нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-121 дүгээр тушаалаар цуцалсныг дээрх шүүхийн шийдвэрүүдээр хүчингүй болгож шийдвэрлэж, сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/297 дугаар тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг сэргээсэн байдаг.
Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий стандарт тогтоосон Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 48 дугаар зүйлийн 2-т захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн өөрийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход тодорхой хязгаарлалт тавьсан, тухайлбал, “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол хүчингүй болгож болохоор заасан байдаг.
Анх “К” ХХК-д Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “аялал жуулчлал”-ын зориулалтаар 5 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчны сайдын 2014 оны А/******* дүгээр тушаалыг хүчингүй болгож буй сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын үндэслэл нь эерэг үйлчлэлтэй шийдвэрийг хүчингүй болгох хуулиар тогтоосон эдгээр хязгаарлалтад хамаарахгүй байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн төрийн үйл ажиллагаанд итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн хангагдах учиртай. Учир нь эрх бүхий этгээдээс газар ашиглах эрх олгосны дагуу байгуулагдсан газар ашиглах гэрээнд заасан газрын төлбөрт нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 28-нд 16,700,000.00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-нд 3,000,000.00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 19-нд 6,000,000.00 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-нд 6,000,000.00 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-нд 6,000,000.00 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 24-нд 6,000,000.00 төгрөг тус тус төлсөн байдаг.
Түүнчлэн газар ашиглах гэрээнд зааснаар газрын төлөв байдлыг чанарын улсын хянан баталгаанд хамруулсан, газар дээр хэрэгжүүлэх төслийн зориулалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүрэг газар ашиглагч хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн байршлын зургаар нэхэмжлэгч тухайн газартаа барилга байгууламж бариагүй, өөрөөр хэлбэл газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй байхад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5–д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим.
Дээрхээс дүгнэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт, тэр дундаа Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрх олгосон ерөнхий зохицуулалт болох 33, 36 дугаар зүйлийг баримтлан “аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгож, “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам” болон “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага” стандартын “дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс” гэх ойлголтод “дархан цаазат газрын хязгаарлалтыг бүс”-ийг хамааруулан ойлгож, хуулиар тогтоосон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчиж ирсэн, бодит нөхцөл байдалд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах”, “захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх”, “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмуудад нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах газрын хил залгаа болон тухайн байршилд бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь аялал жуулчлалын зориулалтаар амралтын газрын үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэх боломжгүй байна.
Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалыг нэхэмжлэгч компанид “шуудангаар хүргүүлсэн боловч хаягтаа байгаагүй” хэмээн явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг ирүүлсэн ба уг явуулсан бичгийн бүртгэлд тус компанийн нэхэмжлэлд бичигдсэн “Б дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоот” хаягаас гадна тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн “Х дүүрэг, * дугаар хороо, 1-5* тоот” хаяг бичигдсэн, улмаар шуудангийн байгууллагаас буцаагдсан үндэслэлээр өдөр тутмын хувлэл Ө сонины 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн байх тул маргаан бүхий тушаалыг эрх, ашиг сонирхол нь зөрчигдөх этгээдэд хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгахааргүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүргүүлэх агуулга бүхий Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1082 дугаар албан бичгийн хуулбарыг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “хуулбар үнэн” тэмдэг даруулан гардан авсан, энэ хугацаанаас тооцон нэхэмжлэлээ гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүйн дээр нэхэмжлэлийн шаардлагаа “тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохоор тогтоолгох”-оор тодорхойлсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэх үндэслэлийг дүгнэх шаардлагагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” агуулгаар “тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохоор тогтоолгох”-оор тодорхойлсон.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” агуулгаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох дараах үндэслэл байна.
Дээр дурдагдсанаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчид олгогдсон газар ашиглах эрхийг дуусгавар болгосон сайдын 2018 оны А/121 дүгээр тушаалыг анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар магадлалаар “хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон” байх хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “газар ашиглах эрхийг цуцлах” тухай мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны mne.mn сайтад байрлуулсан, өөрөөр хэлбэл газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг шүүх хүчингүй болгосон, газар ашиглах эрхийг сэргээгээгүй байхдаа дахин “газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн” талаар мэдэгдэл гаргасан, энэ мэдэгдлийн дагуу тодруулахаар Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандахад “дээрх мэдэгдлийг тус компанид хамааралгүй” гэж тайлбарлаад шүүхийн шийдвэрийг биелүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/297 дугаар тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг сэргээж, газар ашиглах гэрчилгээний хавсралтад энэ талаар тэмдэглэж олгосон ч ийнхүү сэргээснээс хойш 20 хоногийн дараа 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “хамааралгүй” гэж тайлбарласан мэдэгдлээ үндэслээд А/******* дугаар тушаалаар “газар ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгож, 20 хоногийн өмнөх “газар ашиглах эрх сэргээсэн” шийдвэрээ үгүйсгэсэн байна.
Иймд энэ үндэслэлээр “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1.6, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА