Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 862

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 03 өдөр           Дугаар 128/ШШ2019/0862          Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Ц.Мөнхзул, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О.Л /РД:**********/,

Хариуцагч: ЭМЯ,

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭМЯ-ны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” 7/216-ө тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Л.Б БНХАУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 250,000 долларыг шийдвэр гарах өдрийн Монгол банкны ханшаар тооцож олгохыг ЭМЯ-нд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, иргэдийн төлөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч О.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЭМЯ-ны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаартай хариу албан бичиг нь: Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төрөөс санхүүжүүлэх 24.6.6-д заасан Цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдартай энэ хуулийн 24.2.6-д заасан бага насны хүүхдэд, эмчилгээний төлбөрийн баримтад тулгуурлах эс үйлдэхүй, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхгүй байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн учраас ЭМС-д холбогдуулан Захиргааны актын үйлчлэл чиглэж буй Л.Б-д /0/1 бүлгийн цустай донороос, хэдий эрт чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээнд орж чадна төдий чинээ үр дүн өндөр байна гэж 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дүгнэлт гаргасан, БНХАУ-ын ЭМШУҮХ-гийн дэргэдэх цусны эмнэлэгт хийгдэх,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсгүүдэд зааснаар Монгол Улсын Засгийн газрын Гадаад оронд эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам батлах тухай 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоол, ЭМС-ын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын иргэн өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтын Ж/20-д заасан донороос реципентэд ясны чөмөг шилжүүлэн суулгах, донорын 453,828,600 төгрөг, эмчилгээний 176,488,900 төгрөг, нийт төлбөрийн 630,317,500 төгрөгийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд зааж зохицуулсны дагуу шийдвэрлэх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гаргахыг даалгах,

Хүү Л.Б-д эцгээс нь удамшиж дамжсан өвчний улмаас ядарч сулдаж, унтамхай болж, өвчиндөө шаналснаар хойд эцэгтээ ад үзэгдэж, эхийнх нь үл хайхрах байдлаас болж, эрсдэлд нөхцөлд орсон, ач хүүгээ аргагүйн эрхэнд хуулийн дагуу өвөө эмээ нь 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үрчлэн авсан энэ хүүхэд, цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар өвчнөөр 7-н сартайдаа оношлогдож, өнөөдрийг хүртэлх хугацаанд онцгой хүнд нөхцөлд амьдарч, эмчилгээний мөнгөгүйгээсээ өвдөж, шаналж яваа нь төрсөн эцгийнх нь дархлаа хариуцдаг хромосом дахь цацраг идэвхт бодисын хор нөлөөнд мутаци болж эрлийзсэн ясны чөмөг, тунгалгийн эсийн халдвар судлал болон зөвхөн төрөлттэй холбоотой шалтгаанаар ген удам зүйн шинжилгээг УНТЭ-ийн цусны эмгэг судлалын клиникт онош нь тодорхойгүй хэвтэн эмчлэгдэж байсан өвчтөний ЭХЭМҮТ-д төрөх урагт эмнэлгийн заалтаар хийх Эрүүл мэндийн тухай хуулийн 281.1 дүгээр зүйлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төр хариуцах 281.1.2, 281.1.3, 281.2, 3.1.5, 36.2-д заасан үр хөндөх, эрүүл мэндийн тусгай эрхийг хэрэгжүүлэх журмыг хуульчилж мөрдүүлээгүйгээс дархлаа хариуцдаг Лөйкоцит-цагаан эс-өнгөгүй, Лимфоцит-цагаан бөөм-бөөмтэй эс гэх мэт монгол хэлнээ орчуулагдаж байгаа эсүүд нь тунгалгийн зангилаа болон гүйлсэн булчирхай, фабрицын уутанцар, сэрээ булчирхайн эрхтнүүдэд бүрэн төлжих чадамжгүй Т-Лимфоцит в-Лимфоцит буюу ясны чөмөг, тунгалгийн бөөмийн холимог эсийн хорт хавдартай ураг, нярайг 2006 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрүүлснээр 0-18 насны хүүхдэд төлбөртэй үйлчилдэг УНТЭ-ийн цусны эмгэг судлалын клиникт талийгаач эцгийнх нь эмчлэгч болон зөвлөх эмч нарын хяналтаар 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 02 дугаар сарын 29-ны өдрүүдэд нярай, балчир насанд нь хийгдсэн шинжилгээний шинжлэгдэхүүний хариуг цусны эмгэг судлалын зөвлөх багш, доктор, профессор, өндөр настан П.Ц гуай уншиж оношилсноор Хурц холимог лейкеми буюу Хурц холимог эсийн хавдар, С аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бага насанд нь хийгдсэн шинжилгээгээр эсийн хорт хавдар буюу Лейкеми өвчин оношлогдож улмаар БНХАУ-ын ЭМШУҮХ-гийн дэргэдэх цусны эмнэлэгт 2014 оны 06 дугаар сарын 25-аас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд мансууруулах төрлийн химийн тодруулагч бодисын тусламжтай Л.Б-г унтуулсан байдалд хийгдсэн хэмт ясны хатгалтын электрон дурангийн цито-молекуль-генетикийн шинжилгээний хариу В.Лимфоцит-ын хэвийн бус эс 36.23%, Т.Лимфоцит сөрөг өөрчлөлттэй эсийн шинжлэгдэхүүний үзүүлэлтээр цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар буюу Mixed Lineage Leukemia өвчний онош батлагдаж, өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй энэ өвчнөөс эрүүл мэндээ хамгаалах, тусламж, үйлчилгээ авах эрх нь зөрчигдсөн Л.Б нь зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журамд зааснаар улсын хэмжээний хүүхдийн тусгай төв, төв эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулах боломжгүй түүний өвчнийх нь талаар ЭМС нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1а/588 дугаар албан бичгийг ЭХЭМҮТ-ийн захирал Э-д хүргүүлсэн боловч хамтарсан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг гаргуулж чадахгүйгээс орхигдуулсан, мөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 141691 дүгээр захирамжаар томилогдсон дээрх мэргэжлийн зөвлөлийн эмч нар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д ...тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн энэ хуулийн 35.1-д эмнэлгийн практикт хэрэглэгдээгүй арга хэрэглэхийг хориглоно гэж зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан зэрэг эс үйлдэхүй нь ЭМС-ын тушаалаар баталсан улсын хэмжээний ХМТТ-ийн оношлогоо шинжилгээний баримтад монгол улсын иргэний эрүүл мэндийн нэр томьёог орос үг, крилл үсгээр бичсэн, 0-18 насны хүүхдийн цусны цагаан эс, цагаан бөөмийн шинжлэгдэхүүний лавлах тоо хэмжээ нь хувийн хэвшлийн болон бүсийн оношлогооны төвийн лабораторийн шинжилгээнүүдтэй зөрүүтэй, улсын хэмжээнд цито-молекуль-генетикийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон хромосом, генетик-удамзүй, эсийн эмгэг судлалын хүүхдийн мэргэжлийн эмч байхгүй зэрэг төрийн гадагш чиглэсэн эрүүл мэндийн талаарх Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д ....шинжлэх ухааны мэдлэг, ололт, ...дэвшилтэт аргад тулгуурлан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, энэ хуулийн 3.1.3-д эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээ, монгол улсын засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт Монгол улсад одоогоор оношлох, эмчлэх боломжгүй байгаа өвчний оношлогоо, эмчилгээг шинээр бий болгох ...жил бүрийн төсөвт мөнгийг нь тусгахыг заасан тусгайлсан зохицуулалтыг Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар ЭМЯ нь зохион байгуулж биелэлтийг нь хангуулаагүй, түүний сайд нь Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.15-д зааснаар эмнэлгийн хэрэгслийн хангамжийн талаарх бодлогыг хариуцаж хэрэгжүүлэх болон мэргэжлийн арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс Л.Б эрүүл мэндэд учирсан бодит үйлдэл тодорхой эрх зүйн үр дагаварт чиглээгүй үйл ажиллагааны явцад энэ хүүхдэд гэм хор учирснаар хариуцлагатай холбоотой эрх зүйн харилцаа үүссэнийг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ гэж дурдаад нэхэмжлэгч нь хууль болон журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд өвчнийг эмчлэхтэй холбогдсон эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг шаардахад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01651 дүгээр тогтоол саад болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ гаргасны дагуу Л.Б өвчнийг эмчлэхтэй холбогдсон хууль болон журамд заасан баримт материалыг бүрдүүлэн ЭМС-ын гарт нь гэж хаяглан хандаж гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д сайд нь ...хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаарх өргөдлийг доод шатны албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө гэж Заасныг Зөрчиж эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  гарын үсэгтэй албан бичгээр хариу өгч шийдвэрлэхгүй орхигдуулсан Энэ хүүхдийн дархлаа бүрэн гүйцэд тогтох арван гуравхан насандаа сэрээ булчирхай уусаж, цусандаа тархах үеэс холимог эсийн архаг үржилтийн явц нь эсийн цочмог хэлбэрт орсноор төрсөн эцэг шигээ Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан амьд явах эрх нь зөрчигдөж болзошгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан Захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн О.Л нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “ЭМЯ-д” гэж хаяглан эмчилгээний төлбөр гаргуулах тухай өргөдөл ЭМЯ-нд ирүүлсэн. Энэхүү өргөдлийг тус яамнаас судалж, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.” гэснийг үндэслэн өргөдлийн хариуг иргэнд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Мөн Засгийн газрын 2011 оны “Журам батлах тухай” /Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам/ 226 дугаар тушаалаар батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүжилт олгох журам”-ын 2.3-т “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан Зөвлөлийн хурлын шийдвэрийг ЭМС-ын тушаалаар баталгаажуулж...” гэсэн байдаг бөгөөд дээрх журмын 1.2-т “Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл ЭМС-ын дэргэд ажиллана” гэж заасан. Үүний дагуу ЭМС-ын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/206 дугаар тушаалаар “Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус баталсан. Засгийн газрын 2011 оны “Журам батлах тухай” /Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам/ 226 дугаар тушаалаар батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүжилт олгох журам”-ын 2.1-т “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"- д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт оруулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина гэж заасан тул тус яамны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай материал бүрдүүлэн дэмжлэг хүсэх боломжтойг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаар албан бичигт дурдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гурав. Иргэдийн төлөөлөгч Л.Д дүгнэлтдээ: “нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ЭМЯны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” 7/216-ө тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Л.Б БНХАУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 250 000 долларыг шийдвэр гарах өдрийн Монгол банкны ханшаар тооцож олгохыг ЭМЯ-нд даалгуулах” гэж тодруулжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

  О овогтой Б нь 2006 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн.  Анх О.Б нь БНХАУ-ын ЭМШУҮХ-гийн дэргэдэх Цусны эмнэлгийн Эсийн хорт хавдар судлалын хүүхдийн тасагт 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн хүртэл 9 хоног хэвтэн эмчлүүлж, “цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар” өвчний онош тогтоожээ.

Мөн УНТЭ-ийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2/1142 дугаартай тодорхойлолтод “...Л.Б нь  12 дугаар сард тус эмнэлгийн цусны эмгэг судлалын тасагт хандсан. Уг өвчтөн анх “хурц лимфобластын лейкеми” гэж оношлогдсон. БНХАУ-д очиж цитогенетикийн болон молекул генетикийн шинжилгээ өгч дээрх онош тодорсон...” гэжээ.

ЭМЯ-ны 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эх хүүхдийн ЭМТ-ийн захиралд хүргүүлсэн 1а/588ө дугаартай албан бичигт “...О.Л өөрийн ач хүү Б-г ...цусны хавдрын шинжилгээ хийлгэж, лейкшми онош тогтоогдсон гээд ЭМС-ын багцаас зургаан зуун сая төгрөг олгохыг хүссэн өргөдлийг ирүүлсэн байна. ... хүүхдийн өвчний талаар сайтар судлан хүүхдийн анагаах ухааны мэргэжлийн зөвлөл, цус судлалын мэргэжлийн зөвлөлийн хамтарсан зөвлөгөөнөөр дүгнэлт гаргаж өгнө үү”  гэж байсан байна.

Монгол Улсын иргэний гаргасан дээрх хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй тул иргэний хэргийн шүүхэд маргаан үүсч 2018 он хүртэл үргэлжилсэн байна.

Ингээд иргэн О.Л ЭМЯ-нд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин “...ЭМС-ын 2017оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалаар баталсан Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтын Ж/20-д заасан донороос реципентэд ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардал 70,000 ам доллар буюу 167.785,100 төгрөг, /0/1 бүлгийн цустай, ясны чөмөгний тохирох донорын төлбөр 180.000ам доллар буюу нийт 599.232,500 төгрөгийг Төрийн сангийн газар, ЭМС-ын төсвийн багцаас гаргаж өгнө үү” гэсэн өргөдөл, түүнд хавсаргасан иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, С аймгийн А сумын  ЭМТ-ийн 2018 оны  03 дугаар сарын 21-ний өдрийн “...Л.Б 11 настай цусны цагаан бөөмний холимог эсийн архаг хорт хавдар оноштойгоор сумын өрх, багийн эмчийн хяналтад байдаг нь үнэн” гэсэн 09 дугаартай тодорхойлолт, С аймгийн А сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “...Л.Б өвчний учир байнгын О.Л-гийн хяналтад байдаг...” гэсэн 133 дугаартай тодорхойлолт, Л.Б Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, БНХАУ-ын ЭМШУҮХ-гийн дэргэдэх Цусны эмнэлгийн Эсийн хорт хавдар судлалын хүүхдийн тасагт “цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар”  өвчний онош зэрэг 23 хуудас материалыг ЭМЯ-нд гаргасан болох нь өргөдлийн бүртгэл хяналтын картаар нотлогдож байна.

ЭМЯ-наас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн О.Л-д  “...ЭМС-ын 2017 оны  жагсаалт, журам шинэчлэн батлах тухай 370 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад донороос реципентед ясны чөмөг шилжүүлсэн суулгах эмчилгээ багтсан...эмчилгээний төлбөрийн баримтад тулгуурлан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг тул холбогдох материалыг бүрдүүлэн ирүүлснээр дэмжлэг үзүүлэх боломжтой” гэсэн утга бүхий  хариуг хүргүүлжээ.

Нэхэмжлэгчээс “... манай улсад энэ өвчнийг оношлох боломжгүй тул БНХАУ-д очиж шилжилгээ хийлгэн, цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар өвчний онош тогтоолгосон..” гэж, хариуцагчаас “...Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтад орсон өвчин эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулан иргэн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтээ гаргана...” гэж маргаж байгаа болно.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын 2.1-т “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтад орсон өвчин эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина” гэж, 2.3-д “санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан Зөвлөлийн шийдвэрийг ЭМСын тушаалаар баталгаажуулна”, 1.2-д “гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ЭМС-ын дэргэд ажиллана” гэж заасан ч  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “ЭМС нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ болон эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлогыг хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1-т “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүн ам үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, шинжилгээ хийж үр дүнг тооцох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн бодлогыг тодорхойлох, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”  бүрэн эрхтэй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ЭМЯ нь  салбарын хэтийн бодлого стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэлийг боловсруулах хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчнөөс сэргийлэхэд чиглэгдсэн ажиллагааг шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгээгүй, тодруулбал цитогенетикийн болон молекул генетикийн шинжилгээ хийх, уг өвчнийг оношлох лаборатори, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байхгүй болох нь УНТЭ-ийн эмч Б.Х-ын “...Улсын нэгдсэн төв эмнэлэгт одоогоор цитогенетикийн болон молекул генетикийн шинжилгээ хийх, донороос реципентэд ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэх боломжгүй...” гэсэн, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирлын “...одоогоор цитогенетикийн болон молекул генетикийн шинжилгээ хийх, донороос реципентэд ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэх боломжгүй” гэсэн тайлбаруудаар нотлогдож байна.

Эдгээр албан бичгүүдэд дурдсанаар Монгол Улсад холимог эсийн цусны цагаан бөөмийн архаг өвчнийг оношлох, тоног төхөөрөмж байхгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хүү Л.Б-г гадаад улсад шинжилгээ хийлгэж, онош тогтоолгосон байх тул хариуцагчаас гаргасан “... улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулж ирэх ёстой...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд “...эмчилгээний төлбөрийн баримтад тулгуурлан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг тул холбогдох материалыг бүрдүүлэн ирүүлснээр дэмжлэг үзүүлэх боломжтой...” гэх агуулга бүхий ЭМЯ-ны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаартай албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн дугаар 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах” үндсэн зарчмын дагуу, 24 дүгээр зүйлийн 24.6-д “Монгол Улсын иргэний эмнэлгийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна”,   24.6.6-д “... хорт хавдар ...”-ын тусламж үйлчилгээний санхүүжилтийг төрөөс олгохоор зааснаар Л.Б нь “цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар” өвчний онош тогтоогдсон тул донорын болон ясны  чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг  хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын 1.2-д “гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ЭМС-ын дэргэд ажиллана” гэж зааснаас үзвэл “дүгнэлт” гаргах нь орон тооны бус зөвлөлийн “эрх” биш “үүрэг” гэдгийг хатуу анхаарвал зохино.

Нэхэмжлэгч 2014 оноос хойш хүүгийнхээ гадаад  улсад эмчлүүлэх зардлыг  гаргуулах талаар эрх бүхий захиргааны байгууллагад хүсэлт гаргаж шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөөр байхад таван жилийн хугацаанд Монгол Улсын иргэний эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж, эмчилгээний зардлыг нь шийдвэрлэхгүй байгаа хариуцагчид Л.Б гадаадад эмчлүүлэх санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, холбогдох баримтыг үндэслэн эмчилгээний зардлыг гаргахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Өвчнийг эмчлэхтэй холбогдсон эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БНХАУ-ын ЭМШУҮХ-гийн дэргэдэх Цусны эмнэлгийн ясны чөмөгний  эс болон бөөм шилжүүлэн суулгах үнэ 483.000 юань буюу 70.000 доллар, донорын төлбөр 1.242.000 юань буюу 180.000 доллар, нийт 250.000 долларыг ЭМЯ-наас шийдвэр гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцон гаргах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6, Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн,  24 дүгээр зүйлийн 24.6, 24.6.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ЭМЯ-ны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Л.Б БНХАУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 250,000 ам долларыг ЭМЯ-наас шийдвэр гаргах өдрийн Монгол банкны ханшаар  тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны   хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  114   дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ

                                              ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

                                              ШҮҮГЧ                                 Д.ОЮУМАА