Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 227

 

О.Лгийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 7/216-ө тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Л.Бгийн БНХАУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 250,000 долларыг шийдвэр гарах өдрийн Монгол банкны ханшаар тооцож олгохыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0862 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 140 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч О.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Д.М нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0862 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6, Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.6.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Л.Бгийн БНХАУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 250,000 ам долларыг эрүүл мэндийн яамнаас шийдвэр гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 140 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3.О.Лгийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0862 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 140 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хариуцагчийн зүгээс гомдол гаргаж байна.

4. Шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагчийн тайлбар, үндэслэлийг дараах байдлаар үгүйсгэгдэж байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлалд дээр дурдсан асуудлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

5. Аливаа хууль, дүрэм журам хэрэгжих хамгийн чухал зарчим бол тэгш эрхийн зарчим байдаг. Иргэдэд ялгаваргүй тэгш байх зарчмыг үндэс болгож хэрэгжүүлдэг. Энэ ч утгаараа Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.6-д хорт хавдар... зарим эмчилгээ”-ний зардлыг төр хариуцна гэж заасныг хэрэгжүүлэх үүднээс иргэн бүрд адил тэгш хандаж, Засгийн газрын 226 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/206 дугаартай тушаалын хавсралт 2.5.1-д “нийт зардлын 5 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцон”... гэж заасан байхад эмчилгээний зардлыг бүтэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Монгол улсын иргэнд хууль, тогтоомж, дүрэм, журам нэгэн адил үйлчлэх хуулийн заалт зөрчигдөж байна.

6. Манай улсын бүх иргэд эмчилгээний зардлын 5 хувийг төрөөс авдаг энэхүү журам үйлчилдэг. Гэтэл шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.6-д заасныг тайлбарлаж хэрэглэхдээ “...хорт хавдар өвчин бүрийн зарим зардлыг төр хариуцна гэсэн агуулгагүй байна” гэжээ. Тэгэхээр шүүх ямар төрлийн хорт хавдруудын эмчилгээний төлбөрийг төр хариуцах ёстойг шийдвэрлэдэг субьект болсон гэж ойлгогдохоор хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тэгвэл гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж ирсэн иргэдэд олгож байгаа эмчилгээний зардлын 5 хувийг хэрхэн олгож байгаа талаар үндэслэл бүхий тайлбар өгөх хэрэгтэй байна.

7. Мөн магадлалд “Монгол улсын иргэний хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй тул иргэний хэргийн шүүхэд маргаан үүсч 2018 он хүртэл үргэлжилсэн байна.... Дээрх байдлаар нэхэмжлэгч 2014 оноос хойш хүүгийнхээ гадаад улсад  эмчлүүлэх зардлыг гаргуулах талаар эрх бүхий захиргааны байгууллагад хүсэлт гаргаж шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөөр байхад 5 жилийн хугацаанд МУ-ын иргэний эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж, эмчилгээний зардлыг нь шийдвэрлээгүй байна” гэж дурдсан байна.

8. Магадлалд дурдсанаар нэхэмжлэгч нь тухайн асуудлаар 2014 оноос Эрүүл мэндийн яам болон Иргэний шүүхэд хандаж байгаа бөгөөд Иргэний хэргийн шүүхээр гадаад эмчилгээний асуудлаарх маргааныг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байхад Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалд “эмчилгээний зардлын асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. Захиргааны хэргийн шүүх Иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэсэн маргаантай асуудлыг “эцэслэн шийдвэрлээгүй байна” гэж дүгнэж шийдвэрлэдэг зохицуулалт байхгүй харин ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой. Тэрнээс Иргэний шүүхийн шийдвэрийг зөв, буруу, эцэслэн шийдвэрлээгүй байна гэж дүгнэж шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй юм.

9. Харин Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаар албан бичгийг хэрхэн шийдвэрлэх асуудал бол Захиргааны шүүхийн асуудал. Өөрөөр хэлбэл хүчингүй болгох эсэх, захиргааны үйл ажиллагаа, шийдвэр гаргахыг даалгах эрх нь шүүхэд байдаг. Иймд шүүхийн төрийн захиргааны байгууллагын хууль, журмаар зохицуулсан үйл ажиллагаанд хууль буруу тайлбарлан хэрэглэх замаар шууд оролцож, шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүхээс хяналтын гомдлын хүрээнд хэргийг хянаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Л.Б нь БНХАУ-ын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх Цусны эмнэлгийн Эсийн хорт хавдар судлалын хүүхдийн тасагт 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж, цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар өвчний онош тогтоогдсон байх бөгөөд уг өвчний улмаас донороос реципентэд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай, уг өвчин нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар тушаалаар батлагдсан “Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-ын Ж-ийн 20-д хамаарч байгаа, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

12. НэхэмжлэгчО.Лгоос “хариуцагч нь ...тогтоол, журамд заасан бүхий л материалыг бүрдүүлж өгсөөр байхад санхүүгийн дэмжлэг олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэж марган, Эрүүл мэндийн яамны 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө тоот албан бичгийг хүчингүй болгуулах, хүү Л.Бгийн БНХАУ-д эмчлүүлэх эмчилгээний зардлын 250,000 ам.долларыг олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчаас “...журамд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай материалыг бүрдүүлэн дэмжлэг хүсэх боломжтой талаар ...7/216-ө тоот албан бичигт дурдсан. ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэсэн тайлбар гаргажээ.       

13. Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлсон, тухайлбал 4.1.2-т “хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх” гэж заасан бол, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...7.1.5. зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 1.1-д “Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна”, 1.2-т “Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана”, 2.3-т “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан Зөвлөлийн хурлын шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулах”-аар тус тус журамлажээ. 

14. Үүнийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/206 дугаар тушаалаар “Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан байна. Уг журмын 2.5.1-д “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэний эмчилгээний төлбөр төлсөн баримтад үндэслэн тооцоог гаргах ба сүүлийн гүйлгээний өдрийн Монгол банкны гадаад валютын албан ханшаар төгрөгт хөрвүүлэн эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцон, ...Зөвлөлийн хуралд танилцуулна;...” гэж зааснаар, гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэд нь санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлөө, холбогдох баримтын хамт бүрдүүлж Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл /цаашид Орон тооны бус зөвлөл гэх/-д гаргах бөгөөд тус зөвлөл нь иргэдийн өргөдлийг хүлээн авч, улмаар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гадаад улсад эмчлүүлсэн иргэний эмчилгээний төлбөр төлсөн баримт болон бусад шаардагдах баримтад үндэслэн, эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцож олгохоор зохицуулсан байна.   

15. Өөрөөр хэлбэл, Л.Б нь хорт хавдар өвчний улмаас донороос реципентэд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай, уг өвчнийг Монгол улсад эмчлэх боломжгүй, гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай, уг өвчин Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, иймд нэхэмжлэгчО.Л нь дээрх журмын 2.5.1-д заасны дагуу санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлийг, хүүхдийн гадаадад эмчлүүлсэн эмчилгээний төлбөр төлсөн баримт болон бусад баримтын хамт тус яамны дэргэдэх Орон тооны бус зөвлөлд гарган, эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувийг гаргуулан авах эрхтэй, энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “...Аливаа хууль, дүрэм, журам хэрэгжих хамгийн чухал зарчим бол тэгш эрхийн зарчим байдаг. ...Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/206 дугаар тушаалын хавсралтын 2.5.1-д “...нийт зардлын 5 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцон...” гэж заасан байхад шүүх нэхэмжилсэн эмчилгээний зардлыг бүтэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Монгол улсын иргэнд хууль, тогтоомж, дүрэм, журам нэгэн адил үйлчлэх хуулийн заалт зөрчигдөж байна. ...шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.6-д заасныг тайлбарлаж хэрэглэхдээ “...хорт хавдар өвчин бүрийн зарим зардлыг төр хариуцна гэсэн агуулгагүй байна” гэжээ. Тэгэхээр шүүх ямар төрлийн хорт хавдруудын эмчилгээний төлбөрийг төр хариуцах ёстойг шийдвэрлэдэг субьект болсон гэж ойлгогдохоор, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэв.

16. Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, ...бусад эх үүсвэрээс бүрдэнэ”, ...24.6-д “Монгол Улсын иргэний эмнэлгийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна: ...24.6.6. сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ; ...” гэж тус тус зааснаар Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал болон бусад эх үүсвэрээс бүрдэхийг, тус санхүүжилтээр тус улсын дотооддоо эмчлүүлэх шаардлагатай иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайлбал, хорт хавдар зэрэг зарим өвчний эмчилгээг төр хариуцахыг хуульчилжээ.

17. Гэтэл 2 шатны шүүхээс Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.6.6-д заасан заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүх “...тус улсын иргэний эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг, тухайлбал хорт хавдар өвчний эмчилгээний зардлыг төр хариуцахаар заасан” гэж, харин давж заалдах шатны шүүх “...хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэний эмнэлгийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна” гээд 24.6.6-д “сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ” гэжээ. Өөрөөр хэлбэл хорт хавдар өвчний Монголд эмчлэгдэх боломжгүй зарим эмчилгээний зардлыг төр хариуцна гэсэн агуулга юм. Түүнээс бус хорт хавдар өвчин бүрийн зарим зардлыг төр хариуцна гэсэн агуулгагүй байна” гэх зэргээр хуульд үл нийцэх дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын 250,000 ам.долларыг олгохыг хариуцагч Эрүүл мэндийн яаманд даалгаж шийдвэрлэсэн нь буруу, энэ нь дээр дурдсан, Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар хэрэгжүүлэх бодлогод нийцэхгүй байна.

18. Харин, Л.Б нь насанд хүрээгүй, хүүхдийн биеийн эрүүл мэндийн байдал болон нэхэмжлэгч нь 2014 оноос хойш хүүхдийн эмчилгээнд санхүүгийн дэмжлэг хүсэж эрх бүхий захиргааны байгууллагад хандаж ирсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, дээрх журмын ...2.5.1-д заасан “...гадаад улсад эмчлүүлсэн иргэний эмчилгээний төлбөр төлсөн баримтад үндэслэн тооцоог гаргах” гэсэн зохицуулалтыг хэрэглэх нь энэ тохиолдолд, хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагавартай байх тул Л.Бгийн эмчилгээний төлбөр /санхүүгийн дэмжлэг/-ийг холбогдох баримтад нь үндэслэн зохих журмын дагуу 5 хувиар тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

19. Эрүүл мэндийн яамны 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт хариуцагч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

20. Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0862 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч О.Лгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Л.Бгийн БНХАУ-д эмчлүүлэх эмчилгээний төлбөр /санхүүгийн дэмжлэг/-ийг холбогдох баримтад үндэслэн зохих журмын дагуу 5 хувиар тооцож олгохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА