Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2232

 

 

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02232

 

 

М.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02778 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ц-ид холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 552 636 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Номингэрэл

Хариуцагч: Ц.Ц-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Ц-той зээлийн гэрээ байгуулан 9 500 ам.долларыг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нэг сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хуваарийн дагуу төлбөр хийхээр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусгавар болсон, зээлдэгч нь 3 600 000 төгрөгийг төлсөн.

Иймд зээлийн үндсэн төлбөрт 9 500 ам.долларыг 2444.95 төгрөгөөр тооцож, 23 227 025 төгрөг, зээлийн хүү 3 925 611 төгрөг, нийт 23 552 636 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлэл нь харьяаллын бус, өөр хаягаар ирсэн. Харьяаллын дагуу шийдвэрлэх ёстой.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн гэх 9 500 ам.доллар зээлдүүлсэн гэрээ нь ямар ч үндэслэлгүй, албан хүчээр хийлгэж, гарын үсэг зуруулсан гэрээ юм.

Нэхэмжлэгч М.Ж-тай анх бизнесийн хамтын ажил эхлүүлсэн бөгөөд ямар ч бэлэн мөнгө аваагүй, харин ч би өөрөө мөнгө өгсөн. Бизнес маань тодорхой цаг хугацааны дараа ашгаа өгөх тул уг нэхэмжлэлийг шүүхэд хандах шалтгаан гэж үзэхгүй байна. Миний тайлбар нь бүгд нотлох баримттай тул уг дарамт шахалтанд хийсэн гэрээг хүчингүй гэж үзэх үндэслэлтэй байгаагаа илэрхийлж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-оос 22 054 961 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ж-д олгож, нэхэмжлэлээс 1 497 675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 275 713 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Ц-оос 268 224 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ж-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Би М.Ж-өөс ямар ч бэлэн мөнгө аваагүй болно.

2015 оны 07 дугаар сард хамтран бизнес эрхлэхээр шийдэж гэрээг амаар байгуулан тоног төхөөрөмж худалдан аван 5 жилийн хугацаанд үр ашгаа өгөх ажлыг эхлүүлсэн билээ. Уг тоног төхөөрөмжийг худалдан авахад 50-иас дээш хувийн хөрөнгө болох 8 000 ам.доллар, мөн 3 600 000 төгрөгөөр би хөрөнгө оруулсан болно.

Үүнээс 3 сарын дараа М.Ж- нь ээж болон эхнэр уурлаад байна хэмээн хамтарч ажиллахаас татгалзан өөрийн оруулсан мөнгийг үйл ажиллагаа жигдэрч ашгаа өгөхөөр буцаан өгөөрэй гэсэн. Үүнээс хойш М.Жаргалтөгс надаас хүүгийнхээ оруулсан мөнгийг нэхэж эхлэсэн. Үйл ажиллагаа нь тодорхой хугацааны дараа ашгаа өгөх байсан тул би тийм хэмжээний мөнгийг нэг дор өгөх боломжгүй байсан.

Иймээс тодорхой хугацаанд бага багаар барагдуулж явсан билээ. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр М.Ж нь нөхрийн хамт ажил дээр маань ирж тоног төхөөрөмжийг байгаа эсэхтэй танилцаж, ажлын бүх тоног төхөөрөмжийг зургаар баримтжуулж нэгэн гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан юм. Уг гэрээнд 9 500 ам.долларыг бэлнээр авсан, хүүтэй төлөх заалтууд байсан. Ажлынхаа хөрөнгийг алдахгүйн тулд уг гэрээнд арга буюу гарын үсэг зурсан. Би тухайн үеийн ханшаар нийт 19 000 000 төгрөг гаргуулж, үүнээс 3 600 000 төгрөг М.Жаргалтөгсөд төлсөн билээ.

Анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа харьяаллын хувьд зөрчигдсөн, мөн ямар ч бэлэн мөнгө аваагүй, шахалтанд гарын үсэг зурсан гэрээ, мөн намайг мөнгө авсан гэх нотлох баримт байхгүй, анхнаасаа 5 жилд ашгаа өгөх бизнес байсан гэдгийг тайлбарт дурьдсан болно.

Иргэний хэргийн анхан шатны шүүх уг тайлбарыг үл харгалзан, шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэж нэг удаа залгасан байсан, хоёр минутын дараа эргүүлэн залгахад утсаа аваагүй бөгөөд би тэр дугаарыг шүүхээс залгасан гэж мэдээгүй. Иймд би шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд төлбөрийг одоогийн ханшаар тооцон хүү, алдангийг нэмж тооцон 22 054 961 төгрөгийг надаас гаргуулан авах шийдвэрийг гаргасныг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь хэтэрхий нэг талыг баримтлан харьяа дүүрэг, нотлох баримт, мөнгөн дүн зэргийг үл харгалзан нэхэмжлэгчийн талд ашигтай шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд уг хэргийг харьяаллын дагуу Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв, харилцан адил тэгш эрхийн дагуу, нотлох баримтыг үндэслэн тус 22 054 961 төгрөгийн мөнгөн дүнд бодит үнэлгээ гарган миний төлөх ёстой 15 400 000 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 552 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Ц.Ц-ийн зүгээс нэхэмжлэгчид хандан “2015 оны 7 дугаар сараас эхлэн кино камер түрээсийн үйлчилгээг үзүүлэхээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд М.Ж 10 000 ам.доллар, Ц.Ц 7 500 ам.долларыг тус тус нийлүүлж камер худалдан авсан боловч ашиг олж чадахгүй байсан учир М.Ж-д 10 000 ам.долларыг буцаан төлөхөөр болсон бөгөөд уг мөнгөн дүнгээс 1 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 19 000 000 төгрөгийг сард 2 хувийн хүүтэй зээлж, барьцаанд студийн тоног төхөөрөмжүүдийг барьцаалан зээлийн гэрээ байгуулахад бэлэн байна” гэсэн агуулга бүхий хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бичсэн байна. /хх 12/

 

            Мөн талууд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 9 500 ам.долларыг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаатайгаар, нэг сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тоног төхөөрөмжүүдийг барьцаалжээ. /хх 6-11/

 

Зээлийн гэрээ болон хариуцагч Ц.Ц-ийн бичсэн хүсэлтийг харьцуулан дүгнэвэл талууд хамтран ажиллах гэрээг зээлийн гэрээний үүргээр сольсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2 дахь хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүсэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч нь төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх гэрээ байгуулсан өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.долларын ханш 2287,3 төгрөгөөр тооцон гэрээний үндсэн төлбөрийг 21 729 350 /9500 ам.доллар Ч 2287,3 төгрөг/ төгрөгөөр тооцсон нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчөөгүй гэж үзлээ. Учир нь энэ талаар нэхэмжлэгч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн уг асуудлаар дүгнэлт өгөөгүй болно.

 

Зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 9 сар 26 хоногийн хүүг 4 257 925 төгрөг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгчийн тодорхойлсноор 3 925 611 төгрөгөөр тооцож, нийт хариуцагчийн үүрэг болох 25 654 961 /21 729 350+ 3 925 611/ төгрөгөөс түүний төлсөн 3 600 000 төгрөгийг хасч, үлдэх 22 054 961 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагчид 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний 89110479 дугаарын утас руу удаа дараа залгаад холбогдож чадаагүй тул шүүхэд мэдүүлсэн хаягийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлсэн ба хариуцагч тус хаягт бүртгэлгүй тухай тус хорооны тодорхойлолт ирсэн байх бөгөөд мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хуралдааны товыг хүргэсэн гэж үзэн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсныг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Түүнчлэн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүх харьяаллын дагуу хүлээн авсан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.1.3-т тухайлан заасан нөхцөл байдал үүссэн, иргэний хэрэг үүсгэхдээ харьяалал зөрчсөн нь тогтоогдсон бол талуудын хүсэлт тайлбарыг авч шүүх хэргийг хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад өөр шүүхэд шилжүүлж болно. Хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэхтэй холбоотой энэхүү асуудал нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд шүүх дээрх асуудлаар хэргийг шилжүүлээгүй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэн шийдвэр гарсан байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хоорондын харьяалал зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй болно.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 121 600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА