Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2258

 

 

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02258

 

 

Ч.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02338 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МОХН УБТ Н-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-107 тоот тушаалаар Ч.О-гийн хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан.

Б-II-107 тоот тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 23 дугаар зүйлийн а, и, з заалт, Замын ерөнхий инженер н.Мещеряковын удирдан хийсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн.

Ч.О- нь сахилгын зөрчил давтан гаргаагүй. Тэрээр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга, ерөнхий инженерийн ажил албан тушаалд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан. Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг талууд харилцан тохиролцож тусгасан байдаг.

            Ч.О-г буруутгасан үндэслэл нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сайншандаас Олон-овоо өртөө рүү засварын материал ачиж явсан ДГА 59-24 улсын дугаартай Зил-130 Самосвал машин Айраг өртөө орчимд осолдсон осолд буруутгасан.

Гэтэл тус ослын талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 54/06/19 тоот дүгнэлтээр Б.А-ы ослыг “үйлдвэрлэлийн бус ослоор тооцов” гэсэн дүгнэлт гарсан.

Мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр ЗИЛ-130 маркийн 59-24 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг жолоочийн үүргийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэсэн дүгнэлт гаргасан.

Мөн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 30 тоот дүгнэлтийн 4-т амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрсэн байна, 5-д амь хохирогч Б.А нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна гэсэн дүгнэлтүүд, Дорноговь аймгийн Авто тээвэрийн төвийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17/14 тоот шинжээчдийн дүгнэлтээр 59-24 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орсон. Техникийн хяналтын үзлэгт стандартын шаардлага хангаж тэнцсэн гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд Ч.О-г тус осолтой шууд холбоотой байхын зэрэгцээ буруутай гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журмыг биелүүлж ажилласан байтал осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэсэн ямар ч ойлгомжгүй хууль бусаар хэлмэгдүүлж буруутгасан.

Осолдогч Б.А нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өглөө ажилдаа хэвийн ирж, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа авснаар ажилдаа гарсан байдаг бөгөөд Сайншандаас Олон-Овоо өртөө орох замдаа буюу Сайншандаас 170 км хол газарт архи уусан байдаг ба үүнийг хамт явсан ажилтан гэрчилж нотлохын зэрэгцээ дүгнэлтээр мөн тогтоогдсон. Гэтэл осолдогчийн архи уусан маш хариуцлагагүй үйлдэлд шууд буруутгаж, тус осол болон Ч.О- нарын үйлдлүүдийн хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй байхад буруутгасан нь үндэслэлгүй юм.

Ч.О-г буруутгаж буй осол нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан, гэтэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь 1 сар 4 хоногийн дараа бөгөөд энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчсөн.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б-II-107 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.О-г Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 3 834 459 төгрөгийг гаргуулж, үүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр осол болж 2 хүн осолд орсны 1 хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон.

Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 81 тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерийн эзгүйд орлогч дарга-ерөнхий инженер орлон ажиллах ёстой байдаг. Осол гарсан өдөр тус ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер чөлөөтэй байсан бөгөөд Ч.О- орлон гүйцэтгэж байсан.

Уг ослын талаарх шуурхай хурлыг Замын ерөнхий инженер А.Р.Мещеряковын удирдлаган 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр УБТЗ-ын Удирдах газарт хийсэн. Тус хуралд Ч.О- нь биечлэн оролцсон бөгөөд хурал дээр ... ажил удирдагч ажилд гарч байгаа хүн нэг бүрийг үзэж шалгаж ажилд гаргах гэсэн үүрэг өгөгдсөн байдаг талаар ажлын хариуцлага муу байсан... гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Хурлын шийдвэрийн дагуу УБТЗ-ын Даргын Б-П-107 тушаал гарч, Ч.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.О-г урьд эрхэлж байсан буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 4 116 420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Жолооч Б.А нь томилолтоор Сайншандаас Олон овоо зөрлөг рүү ачаа тээвэрлэн ДГА 59-24 улсын дугаартай Зил-130 тээврийн хэрэгслийг жолоодон Айраг өртөө орчим Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2-т заасныг зөрчиж, тээврийн хэрэгслийг онхолдуулсан, ослын улмаас жолооч Б.А нь амь насанд аюултай гэмтэл авч, амь хохирсон талаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлтүүдэд тус тус дурджээ. Мөн энэ ослыг " үйлдвэрлэлийн бус осол" болохыг Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 54/06/19 дүгээр дүгнэлтээр тогтоожээ.” гэж үнэлсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр   гаргасан байна.

Байгууллагын үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын ахлагчаар Ч.О- ажиллаж байсан ба осолдогчийг согтуу байсан эсэх талаарх мэдээллийг мэдсэн байсан бөгөөд уг ослыг "үйлдвэрлэлийн бус ослоор" тооцон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актанд тусгайлан тэмдэглэл үйлдэх байсан тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 54/06/19 дүгээр дүгнэлт мөн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн замын ерөнхий инженер н.Мещеряковын удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэл, УБТЗ-ын даргын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-02 тушаалаар батлагдсан "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм" зэрэг нотлох баримтыг тус тус үнэлээгүй.

Дээрх ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүйгээр шүүх Ч.О-г хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа хангалтгүй өгсөн, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, түүнийг хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан ноцтой зөрчил гаргасан байна гэж үзэх үндэслэлгүй байхад ... ажлаас халсан байна гэж үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

Гэтэл тус анги дээр 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр осол гарч хүний амь нас үрэгдсэн. Уг осолтой холбогдуулан Замын ерөнхий инженерийн удирдлаган доор хийсэн шуурхай хурал дээр тус ангийн удирдлагууд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар хэлэлцсэн бөгөөд орлогч даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг ажил олгогчийн зүгээс гаргасан. Тухайн үед тус ангийн удирдлагуудын зүгээс ажлаа тайлагнаж танилцуулсан талаар ямар нэгэн мэдээ, баримт байдаггүй мөртлөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч МОХН УБТ Н-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б-I-152 тоот тушаалаар тус нийгэмлэгийн Орон сууц ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерээр, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерээр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус тус томилогдон ажиллаж байсан талаар талууд маргаангүй.

 

            Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б-II-107 дугаар тушаалаар ажилтан Ч.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, хөдөлмөрийн гэрээний 2.3, МОХН УБТ Н-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, и, з заалт, Замын ерөнхий инженер Мещеряков А.Р-ын удирдан хийсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн түүнийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр осол гарч жолоочийн амь нас эрсдсэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгч, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг заажээ.

 

            Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт ноцтой зөрчлийн талаар талууд тохиролцсон бөгөөд ажилтан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэн, бүх төрлийн зааварчилгаагаар бүрэн хангаж ажиллуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийг ажил олгогч тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогч тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулна. Зөрчил нотлогдоогүй тул тушаал үндэслэлгүй болно. 

 

            Учир Сайншандаас Олон-овоо зөрлөг рүү ачаа хүргэхээр томилолтоор ажиллахаар явсан ДГА 59-24 улсын дугаартай Зил-130 Самосвал машины жолооч Б.Амарсайханд томилолтын удирдамж, томилолтоор ажиллах үеийн зааварчилгаа /Замын хөдөлгөөний дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааварчилгаа, томилолтоор шугам замд ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа/-г өгч, гарын үсэг зуруулсан /хх 144/, мөн тус 3 дугаар анги нь сар бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу албан хаагчдаа сургалтанд хамруулсан байна.

 

Түүнчлэн жолооч Б.А нь томилолтоор Сайншандаас Олон овоо зөрлөг рүү ачаа тээвэрлэн ДГА 59-24 улсын дугаартай Зил-130 тээврийн хэрэгслийг жолоодон Айраг өртөө орчим явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, тээврийн хэрэгслийг онхолдуулсан, ослын улмаас жолооч Б.А нь амь насанд аюултай гэмтэл авч, амь хохирсон талаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлтүүдэд тус тус дурджээ. Мөн энэ ослыг үйлдвэрлэлийн бус осол болох нь Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 54/06/19 дүгээр дүгнэлтээр тогтоогджээ.

 

            Ажил олгогчоос нотлох баримтаар гаргасан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөрийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн хурлын тэмдэглэл нь эрх бүхий этгээдийн шийдвэр биш байх тул ажилтан Ч.О-г ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцсэн байна.

 

Иймд ажилтан Ч.О-г үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл хугацааны олговорт 4 116 420 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн холбогдох шийдлийг хэвээр үлдээв.

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг анхан шатны шүүх хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 80 813 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                Г.ДАВААДОРЖ

                       

     Э.ЗОЛЗАЯА