Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/02338

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/02338

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... тоотод оршин суух, ... овогт Ч.О /РД: ЦГ69080141/-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж ..., Т.Зт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Зийн даргын 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б-II-107 тоот тушаалаар Ч.Огийн хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Б-II-107 тоот тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт, Т.Зийн дүрмийн 23 дугаар зүйлийн а, и, з заалт, Замын ерөнхий инженер Мещеряковын удирдан хийсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байдаг.

 

Нэхэмжлэгч Ч.О нь сахилгын зөрчил давтан гаргаагүй. Ч.О нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга, ерөнхий инженерийн ажил албан тушаалд 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Тус гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг талууд харилцан тохиролцож тусгасан байдаг. Тус сахилгын ноцтой зөрчлүүдээс хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчиж хүнд болон бүлэг осол гаргасан, түүний улмаас хүний амь үрэгдсэн, түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчлийг буруутгах үндэслэл болгосон гэж нэхэмжлэгч тал үзсэн. Хариуцагч тал тус тушаалын үндэслэл болон тушаах хэсгийн агуулгын талаар бодитой хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй болно.

 

Ч.Ог буруутгасан үндэслэл нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Сайншандаас Олон-овоо өртөө рүү засварын материал ачиж явсан ДГА 59-24 улсын дугаартай Зил-130 Самосвал машин Айраг өртөө орчимд осолдсон осолд буруутгасан. Гэтэл тус ослын талаар Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 54/06/19 тоот дүгнэлтээр Б.Амарсайханы ослыг үйлдвэрлэлийн бус ослоор тооцов гэсэн дүгнэлт гарсан. Мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр ЗИЛ-130 маркийн 59-24 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Амарсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг жолоочийн үүргийн 2.7.а-д заасан Жолооч согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 30 тоот дүгнэлтийн 4-т амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрсэн байна, 5-д амь хохирогч Б.Амарсайхан нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна гэсэн дүгнэлтүүд, Дорноговь аймгийн Авто тээвэрийн төвийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №17/14 тоот шинжээчдийн дүгнэлтээр 59-24 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт 2017 оны 4 дүгээр 28-ны өдөр орсон. Техникийн хяналтын үзлэгт стандартын шаардлага хангаж тэнцсэн гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд Ч.Ог тус осолтой шууд холбоотой байхын зэрэгцээ буруутай гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журмыг биелүүлж ажилласан байтал осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэсэн ямар ч ойлгомжгүй хууль бусаар хэлмэгдүүлж буруутгасан. Осолдогч Б.Амарсайхан нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өглөө ажилдаа хэвийн ирж, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа авснаар ажилдаа гарсан байдаг бөгөөд Сайншандаас Олон-Овоо өртөө орох замдаа буюу Сайншандаас 170 км хол газарт архи уусан байдаг ба үүнийг хамт явсан ажилтан гэрчилж нотлохын зэрэгцээ дүгнэлтээр мөн тогтоогдсон. Гэтэл осолдогчийн архи уусан маш хариуцлагагүй үйлдэлд шууд буруутгаж, тус осол болон Ч.О нарын үйлдлүүдийн хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй байхад буруутгасан нь үндэслэлгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажлаас халах гэсэн заалтыг мөн үндэслэл болгосон. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 29 дүгээр зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан байтал Ч.Огийн гэм буруу, зөрчлийн шинж чанарыг тогтоосон дүгнэлт шийдвэр байхгүй, осолтой шууд шалтгаант холбоотой үйлдэл байхгүй байхад буруутгасан нь хуулийн тус зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Ч.Ог буруутгаж буй осол нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гарсан, гэтэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь 1 сар 4 хоногийн дараа бөгөөд энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь заалтыг зөрчсөн.

 

Иймд тус тушаалын үндэслэх нь хэсгийн хамгийн чухал заалтууд нь хууль тогтоомжийн шаардлагыг хангахгүй байхын зэрэгцээ хууль бусаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Б-II-107 тоот тушаалын тушаах нь хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр осол гарч жолоочийн амь нас эрсдсэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгч, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга, ерөнхий инженер Ч.Од 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж тусгасан. Осолдогч Б.Амарсайхан нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өглөө өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурсан бөгөөд албан томилолтоор явах удирдамжид Замын хөдөлгөөний дүрэм болон Техник ашиглалтын дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн зааварчилгааг мөрдөж ажиллах талаар үндсэн үүрэг даалгавар өгөхийн зэрэгцээ томилолтоор шугам замд ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилга мөрдөх талаар үүрэг өгөгдсөн байдаг.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-т Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ. гэж заасан. Гэтэл тус автомашины осол нь үйлдвэрлэлийн ямар ч хүчин зүйлд өртөөгүй талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээс тодорхой харагддаг. Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 54/06/19 тоот дүгнэлтээр үйлдвэрлэлийн бус осол гэж мэргэжлийн хөндлөнгийн байгууллага дүгнэлт гаргасаар байтал ажлаас халах тушаалд үйлдвэрлэлийн осол гэж тусгаж байгаа нь илт хууль бус болохын зэрэгцээ Ч.Ог буруугүй болохыг нотолж байна. Ч.О нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд тус хугацаанаас хойш ажилгүй байсан хоног нь 52 болно. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно. гэж заасан бөгөөд Ч.Огийн цалин хөлс нь 2017 оны 3 дугаар сард 1,556,751 төгрөг, 4 дүгээр сард 1,563,251 төгрөг, 5 дугаар сард 1,525,594 төгрөг буюу 1 сарын дундаж цалин 1,548,532 төгрөг болох бөгөөд 1 сарын ажлын дундаж хоног нь 21 тул 1 өдрийн цалин нь 73739.6 төгрөг болох бөгөөд ажилгүй байсан хугацааны нийт олговор нь 3,834,459 төгрөг болно.

 

Иймд Т.Зийн даргын 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б-II-107 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Ог Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 3,834,459 төгрөгийг гаргуулж, үүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Мын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ч.О нь 1992 оноос хойш Барилга орон сууцны 3 дугаар ангид мастер, хэсгийн дарга, хэсгийн ерөнхий инженер, орлогч даргаар өнөөдрийг хүртэл Улаанбаатар Төмөр замд ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Ч.О ажилдаа хариуцлагатай байсан эсэхтэй бид маргаагүй. 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр осол болж 2 хүн осолд орсны 1 хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Энэ ослын талаар Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангиас томилогдсон комисс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ослын актыг Ч.О ахлан дүгнэлт гарсан байдаг. Мөн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Улаанбаатар төмөр замын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм мөрдөгддөг. Энэ дүрмийн дагуу осолд орсон жолооч өөрийн буруутай үйлдэл болох тухайн үед архи уусан байсан гэдгийг ослын актад тусгаагүй гэж ахлах байцаагч буруутгасан байдаг. Ажлаа гүйцэтгэж явахдаа тухайн осолд орсон 2 хүн архи уусан, согтолтын зэрэгтэй байсныг ослын дүгнэлтэд тусгаагүй байдаг тул үйлдвэрлэлийн бус ослыг актад үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн эцэг нь өвчтэй гэсэн шалтгаанаар чөлөө аваад явсан байдаг. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн үүргийг барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 81 дүгээр тушаалаар эзэнгүй байгаа ажилтны ажлыг түр орлон гүйцэтгэх албан тушаалын жагсаалтыг баталсан байдаг. Үүгээр ерөний инженер-орлогч захирал орлон гүйцэтгэх ёстой байсан тул Ч.О хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Энэ ослын дагуу мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслээд Замын ерөнхий инженерийн удирдлага дор 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дүрмийн дагуу шуурхай хурлыг Улаанбаатар төмөр замын удирдах газар хийсэн байдаг. Энэ хурлын тэмдэглэлээс харахад өөрийн ажил үүрэгтэй холбоотой алдаа гарч байсан талаар нэхэмжэлгч мэдүүлэг өгсөн байдаг. Нэхэмжлэгч Ч.О хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор заасан үүргээ биелүүлээгүй тул ажлаас халах шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн хуулийн дагуу албан тушаал бууруулах гэдэг заалт байдаггүй тул сахилгын ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр тасалбар болгохоор 6 дугаар сарын 0-ны өдөр тушаал гарсан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.О нь Т.Зийн даргын 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б-II-107 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,834,459 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Хариуцагч Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. Үүнд:

Нэхэмжлэгч Ч.О нь Орос-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б-I-152 тоот тушаалаар тус нийгэмлэгийн Орон сууц ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерээр 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс, мөн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерээр 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан эхэлсэн. Улаанбаатар Төмөр зам-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б-II-107 дугаар тушаалаар түүнд 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр осол гарч жолоочийн амь нас эрсдсэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгч, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженер Ч.Од 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Ч.Од сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 131 дүгээр зүйл ийн 131.1-т Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., 131.1.3-т ажлаас халах;, Хөдөлмөрийн гэрээний 2.3-т Т.Зийн дүрэмд ... ажилтан нь аваарь сүйрэл, ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан, гаргах нөхцлийг бүрдүүлсэн, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчиж, хүнд болон бүлэг осол гаргасан, түүний улмаас хүний амь үрэгдсэн, түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй, ... гэжээ.

Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Ч.Од Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр осол гарч жолооч /Б.Амарсайхан/-ийн амь нас эрсдэж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгч, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгажээ.

Нэхэмжлэгч Ч.О нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерийн үүрэгт ажлыг тус ангийн даргын 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 81 дүгээр тушаалын хавсралтын дагуу гүйцэтгэж ажиллахдаа Сайншандаас Олон-овоо зөрлөг рүү ачаа хүргэхээр томилолтоор ажиллахаар явсан ДГА 59-24 улсын дугаартай Зил-130 Самосвал машины жолооч Б.Амарсайханд томилолтын удирдамж, томилолтоор ажиллах үеийн зааварчилгаа /Замын хөдөлгөөний дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааварчилгаа, томилолтоор шугам замд ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа/-г өгч, гарын үсэг зуруулсан, мөн тус 3 дугаар анги нь сар бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу албан хаагчдаа сургалтанд хамруулдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Жолооч Б.Амарсайхан нь томилолтоор Сайншандаас Олон овоо зөрлөг рүү ачаа тээвэрлэн ДГА 59-24 улсын дугаартай Зил-130 тээврийн хэрэгслийг жолоодон Айраг өртөө орчим явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /жолоочийн үүрэг/-ийн 2.7.а-д заасан жолооч согтууруулах ундаа ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно., мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.2-т Жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг онхолдуулсан, ослын улмаас жолооч Б.Амарсайхан нь амь насанд аюултай гэмтэл авч, амь хохирсон талаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлтүүдэд тус тус дурджээ. Мөн энэ ослыг үйлдвэрлэлийн бус осол болохыг Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 54/06/19 дүгээр дүгнэлтээр тогтоожээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэвэл Ч.Ог хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгсөн, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, түүнийг хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байхад Улаанбаатар Төмөр замын дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3-т заасныг зөрчиж, Ч.Ог үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул нэхэмжлэгч Ч.Ог Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ч.О нь тус ангийн орлогч дарга-ерөнхий инженерээр ажиллаж байхдаа сард 1,585,576 төгрөг, нэг өдөр 76,230 төгрөгийн цалин олговор авдаг байсан нь түүний цалингийн тодорхойлолтоор тогтоодож байна. Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгсөн өдөр болох 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэл буюу 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 54 хоног /ажлын/ ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4,116,420 төгрөгийг /54х76,230=4,116,420/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

            Орос-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б-II-107 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлага болохгүй шаардлагын үндэслэл болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ог урьд эрхэлж байсан буюу Т.Зийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт хариуцагч Т.Зээс 4,116,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Од олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР