Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00466

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00489 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар магадлалтай, 

Б.Дын нэхэмжлэлтэй

ХИСд холбогдох,

ХИСийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ХИСийн ном зүйч, каталогичийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4 656 657 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, түүний оронд өөр хүнийг ажилд авсан ажил олгогчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн,

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1979 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг эчнээгээр төгссөн. 1980 оны 10 дугаар сарын 07-ноос Ховд аймаг дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчийн ажил албан тушаалд томилогдсон. Тус сургуульд 1981 оноос хойш ном зүйчийн албан тушаалд томилогдож мэргэжлээрээ тасралтгүй 39 жил 6 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үе үеийн захирал, албан тушаалтнуудтай ажиллаж байсан. ХИСийн захирал В.Сайнбаярын 2018 оны 03 сарын 29-ны өдрийн Б/81 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, өөрийн эрх хууль ёсны ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Ингээд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай Шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ний өдрийн 55 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоолуудаар эцэслэн шийдвэрлэж намайг урьд ажиллаж байсан ХИСийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилсон. ХИСийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай Ажилд авах тухай тушаал гаргасан. Гэтэл хариуцсан номын сан нь уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж байх ёстой номнууд нь хуудаснууд нь ашиглах боломжгүй дутуу мөн актлагдах номнууд нь гарах зэрэг нь хяналтын явцад тогтоогдсон. Жишээлбэл уншлагын нэгдүгээр танхимд тооллого хийсэн номыг хянахад 4 цагийн хугацаанд 108 ширхэг номны хуудас нь ашиглагдах боломжгүй 10 гаруй ном нь ашиглагдахгүй актлагдах номнууд байсан. Энэ талаар ХИСийн номын сангийн эрхлэгч С.Төгсжаргалд бодит байдлыг үзүүлэхэд удирдлагууд нь дорвитой арга хэмжээ аваагүй. Миний бие ХИСд тасралтгүй 39 жил 6 сар ажилласан. Энэ хугацаанд 2009 оноос хойш номын тооллого хийх асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьсан боловч энэхүү асуудлыг авч хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Мөн ХИСийн номын санч Д.Цоож нь 2012 оны номын тооллогоор 64 ширхэг, 2018 оны тооллогоор 218 ширхэг ном дутсан байдаг. Миний бие ХИСийн номын санг бүрэн тооллогод оруулж, оюутан, багш, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах нь миний гол зорилго юм. Номын сангийн тухай хуулийн 19.1-д номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ном хэвлэлийн тооллого хийх хугацааг номын сангийн төрөл, сан хөмрөгийн хэмжээ, зориулалтаас хамааран тогтоох хуулийг мөрдөж ажилласны төлөө удаа дараа дарамт шахалтанд орж удаа дараа ажлаасаа чөлөөлөгдөж байгаад гомдолтой байна. ХИСийн захирал Б.Нямдорж нь 2019 оны 06 сарын 20-ны Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалсанд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу захирал Б.Нямдорж нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Дээрх Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргахдаа надтай зөвшилцөөгүй. Би Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаартай Шийдвэр гарсан өдрөөс хойш ХИСийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гарч ажилд томилсон өдөр хүртэлх 7 сар 16 хоногийн нийт 5039755 төгрөгийн цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргаад удаагүй намайг ажлаас чөлөөлсөн. ХИСийн захирал 2019 оны 06 сарын 20-ны Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал, ХИСийн дүрэм-ийн 3.15, ХИСийн хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.1, 5.3.8, 5.3.10а дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Ажилтан нь аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-д багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно, Мөн хуулийн 43.1.4 төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож, нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг тухай жилийн төсөвт тусгах, 43.5 төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15 заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас тооцож нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгана. Мөн хуулийн 43.7 Энэ хуулийн 43.1.4, 43.5-д заасан нэг удаагийн тэтгэмж олгох цалингийн дундаж хэмжээ олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно, 2019 оны Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дээд хэмжээ хэтрэхгүй байна гэжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Дыг ХИСийн захирлын Б/133 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилсны дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралтын олговор тооцох журам-ын дагуу ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралт олговорыг тооцон олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, ХИСийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Б.Дт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг тооцон олгосон. Харин нэхэмжлэгчийн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.5, 43.7-д заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт гарахдаа буцалтгүй тусламж нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах ёстой гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. ХИС нь статусын хувьд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байгууллагад хамаарахгүй тул хуулийн дээрхи заалтуудаар харилцаа нь зохицуулагдахгүй болно. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д өндөр насны тэтгэвэрт гарч байгаа албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байхаар зохицуулсан байх бөгөөд доод хэмжээг хуульчлаагүй, нэг удаагийн тусламж олгох журмыг Засгийн газар тогтоохоор хуульчилсан байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан заалтад нийцүүлэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан бөгөөд энэхүү журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00489 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дын ХИСд холбогдох ХИСийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ХИСийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4,656,657 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00489 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ХИСийн ном зүйч, каталогичийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ХИСийн захирал Б.Нямдоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.гэж, 2 гэснийг 3 гэж,3-гэснийг 4 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.5, 172.1, 172.2-т заасан эрх үүргийн дагуу дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэг: магадлалын үндэслэх, тогтоох хэсгийн ”...анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна гэж дүгнэж, түүний ХИСд холбогдох ХИСийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ХИСийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилох ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй’’... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Дыг ХИСийн ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэсэн байх зарчмыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 32.1-д шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.1.3-д тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байтал нэхэмжлэгч Б.Дын хууль ёсны эрхийг өнөөдрийг хүртэл зөрчиж ХИСийн захирал Б.Нямдорж нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар ном зүйчийн ажил албан тушаалд томилсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан. Улмаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 19220511 дугаартай тогтоолыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал миний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйл, 80 дугаар зүйлд заасан эрхийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргасан, - 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлтэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүсэлт гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн170.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.8, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1 92.4,97.1, 100.2, дахь хэсгийн 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болох хуулийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг зөрчиж Захирамж бичгээр гаргаж гардуулж хуулинд заасан гомдол гаргах эрхээр зөрчиж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 153/ТМ2019/00617 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж гомдол гаргах эрхгүй гэж шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийг уншиж танилцуулаад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. 2019 оны 10 дугаар сарын 21-ны хүсэлтэнд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 153/Ш32019/01798 дугаартай шүүгчийн захирамж биелээгүй. Нэхэмжлэгч Б.Дын 2018 он, 2019 оны цалингийн цэсийг бүтнээр гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг эх хувиар гаргуулах Захирамж биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл ХИСийн албан тоотоор хязгаарласанд гомдолтой байна. 2019 оны 10 дугаар сарын 21-ны хүсэлтэнд ХИСийг төлөөлж Сургалт эрхэлсэн дэд захирал ажилтай О.Мөнхжаргалтай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 8-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт хавсаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ...” хүсэлт гаргасан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхээр хангасангүй. Учир нь хариуцагч ХИС нь нэхэмжлэгч Б.Дыг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.1.3-д, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1. байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хуулийг тус тус зөрчсөн гэрээг хавтаст хэрэгт хавсаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д заасан үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулж гэрчээр сургалт эрхэлсэн дэд захирал ажилтай О.Мөнхжаргалыг гэрчээр асуулгах, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, дээрхи гэрээг нэхэмжлэгч Б.Доос тодруулах, гарын үсэг нь мөн эсэхэд эргэлзээтэй нотлох баримтыг хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн байхад анхан шатны шүүх нь захирамжийг бичгээр гаргаж гомдол гаргах эрхээр хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна. Хоёр: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00489 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...ажилтан Б.Дыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх тул ажил олгогчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаал нь үндэслэлтэй байна”...гэх, магадлалын үндэслэх, тогтоох хэсгийн ”...анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна”... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХИСийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-т ажил олгогч нь ажилтантай байгуулсан  хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана, 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэнэ. ХИСийн ажил хүлээлцсэн акт гэх баримтад нэхэмжлэгч Б.Д гарын үсэг зураагүй, акт гарсаныг мэдээгүй өнөөдрийг хүртэл ажил хүлээлцээгүй байна. Энэ нь Б.Дын ажил хүлээлцсэн тухай актаас тодорхой харагдана. Б.Д нь ажил үүргийн хувьд ХИСийн номын санг хариуцдаг. Гэтэл ХИС нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаалыг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гардуулаагүй байж тухайн өдөр ажил хүлээлцсэн акт үйлдсэн бөгөөд нэхэмжлэгч гарын үсэг зураагүйгээр нотлогдоно. ХИСийн захирал Б.Нямдорж нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны Б/133 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.3, 42.1, 43.1, 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал, ХИСийн дүрэм”-ийн 3.15, ХИСийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.1, 5.3.8, 5.3.10а дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Урьд нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ний өдрийн 55 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Дыг ХИСийн ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйл, мөн Улсын дээд шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 36 дугаартай тайлбарт энэ хуулийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор: а/ Түүнийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ б/ Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй, в/ Энэ зүйлийн 120.4-т зааснаар дахин тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гаргахгүй г/ Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд тэдгээрийн талаар маргаж болохгүй д/ Шүүхийн шийдвэрийг сайн дураар болон албадан биелүүлэх эрх үүснэ гэжээ. Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелүүлээгүй байж дахин ХИСийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаал гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гурав: Б.Д нь Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургуулийн ректорын 1980 оны 10 сарын 12-ны өдрийн 71 дугаартай тушаалаар 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар, ХИСд ном олгогч, ном зүйч, каталогочоор ажиллаж байсан нь болох нь Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургуулийн ректорын 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай ажилд авах ба ажил өөрчлөх тухай" тушаалын хуулбар, 2010 оноос 2013 он хүртэл байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Б.Д нь ХИСд нийт 39 жил ажилласан, шүүхийн шийдвэрээр ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон байтал 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай ажилд авах тухай тушаалаар ажилласан хугацааг 43 хоногоор бодож ноогдох ээлжийн амралтыг 6 хоногоор тооцож олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн зөрчсөн эрх зүйн байдлыг нь дордуулсан. 2000 оны Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 166 дугаар тушаалын 2 дугаар хавсралтанд ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага, нэгжид мөрдөгдөж буй ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргах ёстой байтал эрх зүйн байдлыг нь дордуулсан тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Дөрөв: Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1-т ажилтан нь аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй. 2019 оны Төрийн албан тухай хуулийн 60.1 Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дундажаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дээд хэмжээ хэтрэхгүй байна гэжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1 даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчиж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Урьд нь 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгосон 2018 оны Б/81 дугаартай тушаалыг 3 шатны шүүхээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх үндэслэлээр хүчингүй болсон байтал хариуцагчийн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулсан 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн Б/133 дугаартай тушаалыг анхан болон давж заалдах шатны шүүх нь хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан ХИСийн гаргаж өгсөн 2 Хөдөлмөрийн гэрээний 6.1 гэрээ байгуулагч талуудын аль нэг тал нь санал гаргаж, зөвшилцөн тохиролцсоноор гэрээг цуцална гэжээ. Гэтэл ХИСийн захирал Нямдорж нь нэхэмжлэгч Б.Дтой зөвшилцөн тохиролцолгүйгээр 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай Б/133 дугаартай тушаал гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Мөн Б.Д нь хариуцагч ХИСд холбогдуулан ХИСийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ХИСийн ном зүйч, каталогичийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлнэ гэх хуулийн шаардлагыг зөрчсөнд гомдолтой байна. Шийдвэр, магадлалыг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ХИСд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ “ХИСийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ХИСийн ном зүйч, каталогичийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4 656 657 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, түүний оронд өөр хүнийг ажилд авсан ажил олгогчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба  давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхжаргал нь албан тушаалд өөр хүн томилсон 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан, харин ажилд эгүүлэн томилуулах шаардлагаа “...өмнөх шүүхийн шийдвэрээр ном зүйч, каталогичийн албан тушаалд тогтоосон байхад хариуцагч нь каталогичийн албан тушаалд томилоогүй...иймд нэхэмжлэлээсээ татгалзсан, ном зүйч, каталогичийн албан тушаалд эгүүлэн тогтоолгоно...” гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг уг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж алдаатай тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна./хх-169, 170/

ХИС шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, 2019 оны 5 сарын 07-ны өдөр Б.Дыг ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоосон, энэ үед Б.Д 61 настай байсан, хөдөлмөрийн гэрээг 2019 оны 05 сарын 08-наас мөн оны 12 сарын 31 хүртэл хугацаатай байгуулсан атлаа хугацаанаас өмнө 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ.

Ажил олгогч 2019 оны 6 сарын 20-ны өдрийн Б/133 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал, ХИСийн дүрэм-ийн 3.15, ХИСийн хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.1, 5.3.8, 5.3.10а дахь заалтыг тус тус баримтлан, Б.Д нь 61 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэн, ном зүйчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй дээрх тушаалын эрх зүйн үндэслэлийг хоёр шатны шүүх дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй нь буруу болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн. 40.1, 40.1.3-т зааснаар “ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.

Ажилтан 60 нас хүрсэн тохиолдолд ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй  боловч талууд тохиролцвол үргэлжлүүлэн ажиллах боломжтой байдаг тул Б.Дыг 61 нас хүрсэн байхад түүнийг ажилд авсан ажил олгогчийн шийдвэр, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ хууль зөрчөөгүй юм.

Ажил олгогч нь Б.Дыг ажилд эгүүлэн томилсноос гадна хугацаатай гэрээ байгуулсан тул гэрээний үүргээ биелүүлэх ёстой болно. Ажилтан 61 настай болохыг ажил олгогч мэдэж, улмаар хугацаатай гэрээ байгуулсан атлаа “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль ч үндэслэлд нийцээгүй байна.

Харин талууд хөдөлмөрийн гэрээг 2019 оны 05 сарын 08-наас мөн оны 12 сарын 31 хүртэл хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан  2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 843 313 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 5 168 665 төгрөг байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар магадлалын 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00489 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсгийг баримтлан хариуцагч ХИСиас 5 168 665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгож, нэхэмжлэлээс “ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нь ХИСийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА