Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/02150

 

 

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/02150

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 154 925 120 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б түүний өмгөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр №ЗГ16/01/09 тоот зээлийн гэрээ байгуулан манай байгууллагаас 100 000 000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээлсэн билээ. Зээлийн гэрээний барьцаанд Х.Б ХХК-ийн өмчлөлийн ХУД-ийн 2-р хороо, Үйлдвэр Шаравын гудамж, 22-3 тоот хаягт байрлалтай №000380498 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2206005144 дугаарт бүртгэгдсэн 480м.кв үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус компанийн Хан-Уул дүүрэг, 2-р хороонд байрлах нэгж талбарын 178015/ 0050 дугаар бүхий 480 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий эзэмшил газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч зээлээ төлөхгүй байсан бөгөөд зээлээ буцаан төлөхийг удаа дараа шаардаж, хугацаа өнгөрч, боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд сүүлдээ утасны дугаараа зарж, олдохгүй алга болсон болно.

Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2017 оны 7 сарын 20-ны өдөр дуусч, Х.Б ХХК-ийн захирал гэх Д гэдэг хүнийг олж уулзахад хуучин хүмүүс нь гадаад явсан. Зээлийн төлбөрт тооцоод байр эсхүл газар ав гэх мэтээр хариу өгч байгаа болно.

Манай байгууллага зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж 100 000 000 төгрөгийг 2016.01.20-ны бэлнээр хүлээлгэн өгсөн болно.

Иймд төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 99 300 000 төгрөг, зээлийн гэрээний 2.1.4-т заасны дагуу зээлийн хүү 47 588 820 төгрөг, мөн гэрээний 2.1.5-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 8 036 300 төгрөг, нийт 154 925 120 төгрөгийг төлөөгүй тул манай компанийг хохиролгүй болгож, нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн Н.Д гэдэг хүнтэй зээлтэй холбоотой асуудал яригдахгүй. Хариуцагчаар Х.Б ХХК байгаа. Энэ асуудлаар холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөхөд компанийн удирдах зөвлөл буюу төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, өөрсдийнх нь хүсэлтүүд хавтаст хэрэгт хангалттай байгаа. Хэрэгт хавсаргасан гэрээ байдаг. Гэрээтэй холбоотой асуудлууд тухайн 2 этгээдийн хоорондын асуудал байгаа тул манай зээлийг төлөхөд хамааралгүй. Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй нөхцөлд барьцаанд эд хөрөнгө байгаа учраас үүргийн гүйцэтгэлийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцааны эд зүйлээс гаргуулах боломжтой гэж үзэж байгаа. Х.Б ХХК-ийн захирлын хувьд өөрийнх нь гараар хийсэн бичгүүдийг нотлох баримтын шаардлага хангуулаад хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Нүхтийн аманд байрлах 1200 мкв юм уу, түргэний аманд байгаа газар гээд янз янзын газруудыг авах боломжтой гэсэн шаардлага тавиад байгаа нь энэ хүнээс хамаарах бас боломжтой гэж үзэж байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Б ХХК-ийн захирал Ж.Д би 2016 оны 8 сараас эхлэн тус компанийн 50 хувь нийлүүлэгч болон захирлаар ажиллаж байна. Х.Б ХХК-ийн захирал байсан, 50 хувь нийлүүлэгч Баасанжаргал, 50 хувь нийлүүлэгч байсан Батсуурь нартай 2017 оны 7 сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний 3.8 дугаар заалтанд энэ өдрөөс өмнө Х.Б ХХК-ийн нэр дээр өр үүсгэсэн бол Б, Б нар төлж барагдуулна гэж заасан тул Х.Б ХХК-д холбогдолгүй болно. Б, Б нар энэ зээлийг компанид аваагүй хувийн зориулалтаар бэлнээр авсан гэсэн. Энэ талаар А ББСБ ХХКсайн мэдэж байгаа бөгөөд Б-тай явахаас нь өмнө уулзаж мэдэж байсан болно. Б, Б нар Энэтхэг улс дахь Монголын элчин сайдын яаманд ажиллахаар 4 жилийн хугацаатай явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Х.Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний 2016 оны 1 сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ16/01/09 зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 99 300 000 төгрөг, зээлийн хүү 47 588 820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 036 300 төгрөг, нийт 154 925 120 төгрөгийг төлөөгүй тул түүнээс гаргуулахыг хүсэж, хариуцагч Х.Б ХХК-ийн захирал Ж.Д нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, өмнөх захирлууд уг зээлийг авч хувьдаа ашигласан бөгөөд манай компани уг төлбөрийг хариуцахгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч А ББСБ нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдээр нотлогдож байна./ 12-13-р хуудас/

Иймд талуудын хооронд байгуулагдсан 100 000 000 төгрөгийг 18 сарын хугацаанд 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалттай зээлсэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №ЗГ16/01/09 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байна.

Дээрх зээлийн гэрээний барьцаанд Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр /17042/ Шаравын гудамж 22/3 тоот 480 м.кв талбайтай Ү-2206005144 улсын бүртгэлийн дугаартай аж ахуйн зориулалттай газрыг барьцаалсан бөгөөд гэрээнд зааснаар зээлдүүлэгч А ББСБ ХХК зээлдэгч Х.Б ХХКд зээлсэн 100 000 000 төгрөгийг бэлнээр олгож, Х.Б ХХК-ийн нэрээр уг мөнгийг хүлээн авсан болох нь хэргийн 32 дугаар хуудаст авагдсан орлого, зарлагын баримтуудаар нотлогдож байна.

Иймд хариуцагч Х.Б ХХК-ийн захирал Ж.Д дээрх мөнгийг өмнөх хувь нийлүүлэгчид Д.Б, Л.Бнар хувьдаа авч хэрэглэсэн тул хариуцахгүй гэсэн татгалзал үндэслэлгүй бөгөөд Д.Б нь тухайн үед гүйцэтгэх захирал байсан /54-55-р хуудас/ тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.5 дахь хэсгүүдэд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан.

Мөн хуулийн этгээдийг төлөөлөн зээлийн гэрээг хийсэн Д.Б, Л.Б нар компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан болохыг хариуцагчаас нотолж чадахгүй байх тул өөрийн хөрөнгөөр хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзнэ.

Хариуцагийн зүгээс Д.Б, Л.Б нартай 2016 оны 7 сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд компанийн нэр дээр өр үүсгэсэн бол барагдуулна гэж тохирсон гэх боловч уг А ББСБ ХХК-ийн шаардлагын хувьд тэд нь үүрэг хүлээх этгээд биш тул энэхүү гэрээний улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.1.2, 2.1.3-т заасан хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилж байгаа нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны төлбөр тооцооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно., 24.3-т заасан Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэсэнтэй тохирч байна. Мөн гэрээний хугацаа 2017 оны 7 сарын 20-нд дууссан хэдий ч 31-ний өрийг хүртэлх хүү нэхэмжилсэн нь дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 3. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэнтэй нийцэж байх бөгөөд мөн хариуцагчийн төлсөн нийт 10 161 440 төгрөгийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасч үлдэх 99 300 000 төгрөгийн үндсэн зээл, үндсэн хүү 47 588 820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 036 300 төгрөгийн тооцоо зөв байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тайлбараа өгсөн, шүүх хуралдаанд суух шаардлагагүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х.Б ХХК-аас 154 925 120 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б ХХК-аас 932 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.