Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2504

 

 А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02150 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 154 925 120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ16/01/09 тоот зээлийн гэрээ байгуулан, манай байгууллагаас 100 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Х ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр шаравын гудамж, 22-3 тоот хаягт байрлах 000380498 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2206005144 дугаарт бүртгэгдсэн 480 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус дүүргийн 2 дугаар хороонд байрлах нэгж талбарын 178015/0050 дугаар бүхий 480 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий эзэмшил газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч зээлээ төлөхгүй байсан бөгөөд зээлээ буцаан төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд сүүлдээ утасны дугаараа өөр хүнд худалдаад, олдохгүй алга болсон. Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусч, Х ХХК-ийн захирал гэх Ж.Дашлхамыг олж уулзахад хуучин хүмүүс нь гадаад руу явсан, зээлийн төлбөрт тооцоод байр, эсхүл газар ав гэх мэтээр хариу өгч байна. Манай байгууллага зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж 100 000 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь үндсэн зээлээс 700 000 төгрөг, зээлийн хүүд 7 149 980  төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 311 400 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 99 300 000 төгрөг, зээлийн хүүд 47 588 820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 036 300 төгрөг, нийт 154 925 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2016 оны 8 сараас эхлэн тус компанийн 50 хувь нийлүүлэгч болон захирлаар ажиллаж байна. Х ХХК-ийн захирал, 50 хувийн хувь нийлүүлэгч Д.Б, 50 хувийн нийлүүлэгч байсан Л.Батсуурь нартай 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний 3.8-д энэ өдрөөс өмнө Х ХХК-ийн нэр дээр өр үүсгэсэн бол Д.Б, Л.Б нар төлж барагдуулна гэж заасан байх тул Х ХХК-д холбогдолгүй. Д.Б, Л.Б нар энэ зээлийг компанид аваагүй, хувийн зориулалтаар бэлнээр авсан гэсэн, энэ талаар А ХХК-иас Д.Б-ыг явахаас нь өмнө уулзаж мэдсэн. Д.Б, Л.Б нар Энэтхэг Улс дахь Монголын элчин сайдын яаманд ажиллахаар 4 жилийн хугацаатай явсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас 154 925 120 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 932 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 932 580 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ж.Д, Д.Б, Л.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд заасны дагуу мөн өдрөөс Д.Б, Л.Б нар банк болон банк бус, бусдад өр зээлтэй бол өөрсдөө төлнө гэж заасныг шүүх харгалзан үзээгүй байна. Мөн нэхэмжлэгч байгууллагаас Ж.Д миний бие ямар ч зээл аваагүй тул үүнийг төлөх боломжгүй. Нэхэмжлэгч нь зээлийг олгохдоо Д.Б, Л.Б нарт бэлнээр өгсөн. Уг мөнгө компанийн данс болон кассанд ороогүй, бүртгэгдээгүй. Хэрэв энэ мөнгө компанийн дансанд орсон бол мөнгөн гүйлгээний тайлангийн эцсийн үлдэгдэл баганын 3.1.1-д бичигдэх ёстой. Өөрөөр хэлбэл компанид биш, Д.Б, Л.Б нар хувьдаа зээл авч, А ХХК-ийн хувьд зээл өгсөн учраас зээлийн гэрээнд бэлнээр олгох гэж тусгасан зээлийн гэрээгээр нотлогдож байна. Д.Бнь зээлийн гэрээний 3 дахь заалтад заасныг мэдэж байсан. Учир нь надтай уулзахдаа энэ талаар ярьсан. Нэхэмжлэгчийн зүгээс Д.Б-ын зээлийг төлөөд компанийн эзэмших хувийг нэмж авах тухай саналыг тавьсан. Харин би мөнгөгүй байгаа учраас чадахгүй, өөр хүний өрийг би төлөхгүй боломжгүй талаараа хэлсэн. Нэхэмжлэгч удаа надаас гуйсан тул би орон сууц, газрыг санал болгосон. Гэтэл нэхэмжлэгч авахгүй гэдэг. Нэхэмжлэгч байгууллага нь мөнгөө авч байвал өөр хэнийг ч хамаагүй өр төлбөрт оруулахад бэлэн. Анх зээл олгохдоо Д.Б, Л.Б нарын орлогыг яагаад судлаагүй зээл өгсөнийг хянаж, үзэж өгнө үү.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Х ХХК-ийн захирал Ж.Д дээрх мөнгийг өмнөх хувь нийлүүлэгчид Д.Б, Л.Б хувьдаа авч хэрэглэсэн тул хариуцахгүй гэсэн татгалзал үндэслэлгүй” гэжээ. Энэ нь компанийн тайлан балансаар нотлогдож байгааг шүүх шалгаагүй. Үүнийг шалгаж өгнө үү. 2016 оны эхний хагас жилийн балансаар компанид ямар ч мөнгө орж ирээгүй болох нь нотлогдож байна. 2016 оны эхний хагас жилд бараа материалын орлого 4 400 000 төгрөг бөгөөд үүнээс өөр орлого ороогүй. Мөн Д.Б, Л.Б нарыг хариуцагчаар татаж өгнө үү. Л.Б нь Энэтхэг Улсад суух Монгол Улсын Элчин сайдын яаманд ажилтнаар ажиллаж байна. миний төлсөн улсын тэмдэгтийн хураамж 932 576 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “А” ХХК, Х ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 154 925 120 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэг талаас “А” ХХК, нөгөө талаас Х ХХК-ийг төлөөлж захирал Д.Б, иргэн Л.Б нар 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар сарын 3 хувийн хүүтэй,18 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцон ЗГ16/01/09 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө БГ16/01/09А дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулж, барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцааг зөвхөн 2 хуулийн этгээдийн хооронд үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

            Хариуцагч Х ХХК-ийн үүсгэн байгуулагч нар Д.Б, Л.Б нь тус бүр 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн эзэмшлийн газар болон өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан А ХХК-иас зээл авах шийдвэр гаргаж, улмаар зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч компанийн эрх бүхий төлөөлөгч Д.Б, иргэн Л.Б нар гэрээний зээлдэгч тал болж гарын үсгээ зурж, баталгаажуулсан бөгөөд зээлийн 100 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-4-11, 16-18, 28-32/

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Д.Бнь тухайн цаг хугацаанд хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлага буюу захирал байсан учир Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийг төлөөлөх эрхээ хэрэгжүүлсэн, харин компанийн хувьцаа эзэмшигч нь компанийг төлөөлж бусадтай хэлцэл хийж, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрхгүй тул Л.Батсуурийг иргэнийхээ хувиар хамтран зээлдэгч болсон гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг А ХХК болон Х ХХК, Л.Б нарын хооронд үүсэж, Х ХХК, Л.Б нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна.

Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч буюу захирал Ж.Д шүүхэд “... 2016 оны 8 дугаар сараас тус компанийн 50 хувийн хувь нийлүүлэгч болсон, өмнөх хувь нийлүүлэгч нартай байгуулсан гэрээгээр компанийн нэр дээр өр үүсгэсэн бол Д.Б, Л.Б нар төлж барагдуулахаар тохирсон, компанид хамааралгүй, ... зээлийг компанид аваагүй, хувийн зориулалтаар авсан гэдэг ...” гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

            Хэрэгт авагдсан баримтаар “Х” компанийн хувьцаа эзэмшигч Л.Б, Д.Бнар Ж.Д-тай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан талууд удаан хугацаанд аж ахуйн болон бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Л.Батсуурь компаниас гарч, Ж.Д-ыг үүсгэн байгуулагчаар бүртгүүлэхээр тохиролцож, улмаар компанийн дүрмээ өөрчлөн, Ж.Д-ыг захирлаар томилсон болох нь тогтоогдож байна. /хх-47-48, 9-24 дүгээр тал/

            Уг хамтран ажиллах гэрээний талууд нь гэрээний 3.8 дахь зохицуулалтаар “... компанийн нэр дээр өнөөдрийн байдлаар байгаа банк болон бусад өр төлбөрийг Б тал дангаараа 2016 онд багтаан төлж дуусгах”-аар тохиролцсон байх боловч дээрх зээлийн гэрээний 5.1.4 дэх заалтаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэсэн баталгаа гаргаж өгсөн учир нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийн хоёр хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэг болох Х ХХК-иас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсгийн “нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардаж болно” гэх зохицуулалтад нийцсэн.

            Хариуцагч тал, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй буруутай талаар болон эргэн төлөлтийн дүнгийн эсэргүүцсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг няцааж чадаагүй байх тул зээлдэгч талыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан буюу зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээр авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Харин шүүх, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо алдаа гаргасныг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

Хэргийн 33 дугаар талд авагдсан зээлийн тооцооны хүснэгтээс үзэхэд хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүүд 3 000 000 төгрөг, мөн сарын 25-ны өдөр үндсэн зээлээс 700 000 төгрөг, 3 дугаар сарын 25-наас 20-ноос 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд зээлийн хүүд 4 149 980 төгрөг тус тус төлжээ. Үүнийг хариуцагчийн гэрээний хугацаанд нийт төлбөл зохих зээлийн үндсэн хүүгээс хасвал 46 493 020 төгрөг төлөх ёстой байна. Өөрөөр хэлбэл үндсэн зээл 100 000 000 төгрөгийн сарын 3 хувийн хүү нь 3 000 000 төгрөг, хариуцагч эхний сарын хүүг хуваарийн дагуу төлсөн, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлээс 700 000 төгрөг төлсөн учир дараа сарын хүүг 99 300 000 төгрөгөөс тооцно. (99 300 000 х 3%) х 17 сар буюу 2016.02.25-ны өдрөөс 2017.07.20-ны өдрийг хүртэл 50 643 000 төгрөг, гэрээнд заасан 18 сарын хугацаанд нийт 53 643 000 төгрөгийн хүү төлөх үүргээс төлсөн 7 149 980 төгрөгийг хасч тооцоход 46 493 020 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл 11 хоногт ногдох хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэж байх бөгөөд хэтэрсэн хугацааны хүүг тооцвол 1 092 300 төгрөг болж байна. /(2 979 000 төгрөг:30 хоног) х 11 хоног/

Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд: Талууд зээлийн гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл хэмжээний талаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу /хх-5 дугаар хуудасны ар тал/ 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс үндсэн зээлийн төлбөрөөс төлөх хуваариа зөрчсөн учир нэхэмжлэгч талын, уг өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү тооцон шаардаж байгааг буруутгах боломжгүй.

Харин шүүх хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон төлбөрийн хуваарьт заасан үндсэн зээлийн үлдэгдлээс тооцохдоо алдаа гаргасныг залруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлд 4 398 996 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул энэ өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардсан өдрийг хүртэл буюу 2016.03.20-ны өдрөөс 2017.07.20-ны өдрийг хүртэл 4 398 996 х 0.6% х 17 сар=448 697 төгрөг, 2016.04.20-ны өдөр 4 530 966 төгрөг х 0.6 % х 16 сар= 434 972 төгрөг, 2016.05.20-ны өдөр 4 666 895 төгрөг х 0.6% х 15 сар=420 020 төгрөг, 2016.06.20-ны өдөр 4 806 901 х 0.6% х 14 сар=403 779 төгрөг, 2016.07.20-ны өдөр 4 951 108 төгрөг х 0.6% х 13 сар=386 186 төгрөг, 2016.08.20-ны өдөр 5 099 642 төгрөг х 0.6% х 12 сар=367 174 төгрөг, 2016.09.20-ны өдөр 5 252 631 төгрөг х 0.6% х 11 сар=346 673  төгрөг, 2016.10.20-ны өдөр 5 410 210 төгрөг х 0.6% х 10 сар=324 612 төгрөг, 2016.11.20-ны өдөр 5 572 516 төгрөг х 0.6% х 9 сар=300 915 төгрөг, 2016.12.20-ны өдөр 5 572 516 төгрөг х 0.6% х8 сар=277 905 төгрөг, 2017.01.20-ны өдөр 5 911 882 төгрөг х 0.6% х 7 сар=248 299 төгрөг, 2017.02.20-ны өдөр 6 089 239 х 0.6% х 6 сар=219 213 төгрөг, 2017.03.20-ны өдөр 6 271 916 төгрөг х 0.6% х 5 сар=188 157 төгрөг, 2017.04.20-ны өдөр 6 460 073 төгрөг х 0.6% х 4 сар=155 042 төгрөг, 2017.05.20-ны өдөр 6 653 876 төгрөг х 0.6% х 3 сар=119 770 төгрөг, 2017.06.20-ны өдөр 6 853 492 төгрөг х 0.6% х 2 сар=82 242 төгрөг, 2017.07.20-ны өдөр 7 059 097 төгрөг х 0.6% х 1 сар 11 хоног =57 884 төгрөг, нийт 4 781 540 төгрөг нэмэгдүүлсэн хүүд төлөхөөс хариуцагчийн төлсөн 2 311 400 төгрөгийг хасахад 2 470 140 төгрөгийн үлдэгдэлтэй байна.  Иймээс хариуцагч Х ХХК-иас үндсэн зээл 99 300 000 төгрөг, зээлийн хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүд 47 585 320 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 470 140 төгрөг, нийт 149 355 960 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Б-ыг хариуцагчаар татахыг хүсчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрээ гаргахаас өмнө шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болох боловч уг ажиллагааг зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүх явуулдаг бөгөөд давж заалдах шатны шүүхэд ийм эрхийг хуулиар олгоогүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэлээ “компанийн тайланд зээл тусгагдаагүй” гэж марган, Х ХХК-ийн 2016 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланг давж заалдах гомдолд заан, нотлох баримтаар хавсаргасан байгаа ч давж заалдах шатны шүүх, уг нотлох баримтыг үнэлж, дүгнэлт өгөх эрхгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүрэгтэй зэрэгцээ анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд тухайн этгээдүүд мэдэж байсан буюу мэдэгдэх боломжтой байсан, шүүхэд гаргах ба мэдүүлэх бололцоотой байсан боловч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй бол уг баримтуудыг  давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй болохыг мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэгт зохицуулж өгсөн. Хэрэв заасан тохиолдолд давж заалдах шатны шүүх тэдгээрийг үнэлэхгүй гэж хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заажээ.

 Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд тэрээр шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх хүсэлтийн дагуу хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгч Ж.Д-ын гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч А ХХК-ийн захирал Г.Б-д эрх, үүрэг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулалгүйгээр шүүх хуралдаанд оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх хэдий тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан Н.А нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр орсон, мөн нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул ноцтой зөрчилд тооцоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 154 925 120 ...” гэснийг “149 355 960 /нэг зуун дөчин есөн сая гурван зуун тавин таван мянга есөн зуун жаран/ төгрөг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 569 160 /таван сая таван зуун жаран есөн мянга нэг зуун жаран/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Х ХХК-иас 932 580 төгрөг” гэснийг “хариуцагч Х ХХК-иас 904 730 төгрөг” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 932 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                       Ч.ЦЭНД