Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/02083

 

 

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/02083

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Д.Э ХХК-д холбогдох

50 083 254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, хариуцагчийн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ө ХХКнь төмрийн худалдаа, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Э.Д.Э ХХК-ийн захирал Р.Дэлгэрхүү нь өөрийн биеэр ирж төмөр материал авах санал тавьсаны дагуу 2014 оны 2 сарын 28-нй өдрөөс эхлээд 2015 оны 7 сарын 3-ны өдрийн хооронд 8 удаа нийт 33 388 386 төгрөгийн материал зээлээр худалдаж авсан. Манай компаниас Э.Д.Э ХХК захирал С.Д-д удаа дараа зээлээр худалдаж авсан барааныхаа үнийг төлөхийг шаардсан боловч элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн.

Хоёр компанийн захирлууд тохиролцсоны дагуу 2016 оны 10 сарын 12-ны өдөр төлбөр барагудуулах гэрээг 1 сарын хугацаатай төлбөрийг төлж барагдуулахаар байгуулсан. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаанд Э.Д.Э ХХК-аас ямар нэгэн төлөлт хийгээгүй ба төлбөр төлөх талаар шаардахад удахгүй мөнгө орж ирнэ гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн ба ямар нэгэн төлөлт хийлгүй манай компанийг хохироосоор байна.

Иймд 2016 ны 10 сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах гэрээний үүргийг хэрэгжүүлэхийг шаардаж үндсэн төлбөр 33 388 836 төгрөг алданги 16 694 418 төгрөг, нийт 50 083 254 төгрөгийг Э.Д.Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үндсэн төлбөр 33 388 386 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба харин аллдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь УБДС ХК-ийн захиалгаар Хангарьд ордны үүүдээр гарсан дулааны шугамыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхэд тус хоолойг авч хэрэглэсэн ба уг ажил нь төсвөөс хэтэрсэн зардал гаргаснаас болж Т.Ө ХХК-ийн мөнгийг өгч чадаагүй өдий хүрсэн. Манай компани олон компаниас их хэмжээний авлагатай боловч авч чадахгүй өдийг хүрсэн төлбөрийн чадвар үнэндээ байхгүй байгаа тул алдангийг өгч чадахгүй байна гэв.

                                                  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Ө ХХКнь хариуцагч Э.Д.Э ХХК-аас төмөр материал худалдсан төлбөр 33 388 836 төгрөг алданги 16 694 418 төгрөг, нийт 50 083 254 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Э.Д.Э ХХК-ийн захирал С.Д үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа ч алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийн боломжгүй байгаа мөн компани хариуцлага хүлээхгүй, Д би хувиараа уг төлбөрийг хариуцна гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо:

Хариуцагч Э.Д.Э ХХК нь Т.Ө ХХК-аас бараа бүтээгдэхүүн буюу барилгын төмөр материалуудыг хэдэн хэдэн удаагийн тохиолдлоор худалдан авч, төлбөрийг дараа төлөх нөхцөлтэй хоорондоо харилцан тохиролцсон харилцаа нь худалдах худалдан авах гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирчон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

Э.Д.Э ХХК-аас бараа материалыг хэд хэдэн удаагийн тохиолдолд буюу гэрээний дагуу хүлээн авч нийт 33 883 386 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Т.Ө ХХК-д төлөх ёстой болох нь Тооцооны авлагын үлдэгдлийн баталгаагаар /10-р хуудас/ нотлогдож байх бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгэхгүй байна.

Дээрх төлбөрийг хугацаа товлон төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах хариуцлага хүлээлгэсэн гэрээ буюу Төлбөр барагдуулах гэрээ-г 2016 оны 10 сарын 12-ны өдөр байгуулж, хэн аль нь гарын үсэг зурсанаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгын өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг зааж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг харилцан тохиролцсон байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ:

Хариуцагч Э.Д.Э ХХК-ийн захирал Д дээрх төлбөрийн үндсэн төлбөрийн талаар маргахгүй, алдангийг зөвшөөрөхгүй байгаа, учир нь компани санхүүгийн хувьд хүндрэлтэй байдал, мөн хувь хүн болох Дэлгэрхүү хариуцна гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч компани худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох бараа материалын төлбөрийг 2016 оны 11 сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээж, энэ үүргээ биелүүлэхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж талууд төлбөр барагдуулах гэрээний 1.4, 5.1-т тус тус тусгаж тохиролцсон байна.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу үндсэн үүрэг 33 388 386 төгрөг болон алднги 16 694 418 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч компани санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа, алдангийг төлөх чадваргүй болсон зэргээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүхээс алдангийг багасгах нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн болно.

Хариуцагч Э.Д.Э ХХК-ийн захирал С.Д уг төлбөрийг компани хариуцахгүй, төлбөр барагдуулах гэрээн дээр компанийн тамга тэмдэг дарагдаагүй гэж тайлбарлаж байх боловч, бараа материалыг Э Ди Эл ХХК-ийн хөрөнгөд зарцуулж, нэрийн өмнөөс худалдан авсан төлөөр нэхэмжлэгч тайлбарлаж, уг гэрээг компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Дэлгэрхүү байгуулж, тухайн үед тооцооны авлагын баталгааг Э.Д.Э ХХК-аас гаргаж байсан зэрэг үйл баримтыг үндэслэн хуулийн этгээд болох Э.Д.Э ХХКүүрэг хүлээн хариуцах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулан түүнд олгох нь хууль нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дүгээр зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Э.Д.Э ХХК-аас 50 083 254 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ө ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д.Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 408 340 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай