Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2458

 

ТӨ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02083 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ТӨ ХХК-ийн хариуцагч ЭДЭ ХХК-д холбогдуулан гаргасан 50 083 254 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч ТӨ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ТӨ ХХК нь ЭДЭ ХХК-ийн тавьсан саналын дагуу 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 8 удаа нийт 33 388 386 төгрөгийн материал зээлээр худалдсан. Манай компаниас ЭДЭ ХХК-ийн захирал ХХХ-д удаа дараа зээлээр худалдаж авсан барааныхаа үнийг төлөхийг шаардсан боловч элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн. Хоёр компанийн захирлууд тохиролцсоны дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1 сарын хугацаатай төлбөрийг төлж барагдуулахаар төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаанд ЭДЭ ХХК-иас ямар нэгэн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 2016 ны 10 дугаар сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах гэрээний үүргийг хэрэгжүүлэхийг шаардаж үндсэн төлбөр 33 388 836 төгрөг, алданги 16 694 418 төгрөг, нийт 50 083 254 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би үндсэн төлбөр 33 388 386 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “УБДС” ХК-ийн захиалгаар Хангарьд ордны үүдээр гарсан дулааны шугамыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхэд тус хоолойг авч хэрэглэсэн ба уг ажил нь төсвөөс хэтэрсэн зардал гаргаснаас болж ТӨ ХХК-ийн мөнгийг өгч чадаагүй өнөөдрийг хүрсэн. Манай компани өөр олон компаниас их хэмжээний авлагатай боловч авч чадахгүй байгаа тул алдангийг төлөх боломжгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ЭДЭ ХХК-иас 50 083 254 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ТӨ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭДЭ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 408 340 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Улс орны эдийн засгийн хямрал нь барилгын салбарт хүндээр тусаж, манай компани сүүлийн 4 жил хийж гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилт саатаад байгаа тул зээлээр авсан материалын үнийг төлж чадахгүйд хүрээд байна. Иймд алдангийг төлөх боломжгүй байгаа тул алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ТӨ ХХК, ЭДЭ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 50 083 254 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч ЭДЭ ХХК нь ТӨ ХХК-иас 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 33 388 836 төгрөгийн үнийн дүн бүхий төмөр хоолойг шилжүүлэн авснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.  

Зохигчид дээрх үйл баримтын талаар, мөн хариуцагч нь худалдан авсан барааны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй, харин эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийн чадваргүй байгаа учир алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд талууд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч ЭДЭ ХХК нь нэхэмжлэгч ТӨ ХХК-д худалдан авсан барааны үнэ болох 33 388 836 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үл маргах журмаар бүрэн төлж барагдуулах, улмаар гэрээний 5.1 дэх заалтаар хариуцагч тал төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх хариуцлага хүлээхээр тохиролцсон байна.

Дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид барааны үнэ болон алданги шаардах эрх үүсчээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан. Гэвч хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, анзын хэмжээг багасгах талаар үндэслэл бүхий тайлбар, нотолгоог гаргаагүй байна. Талуудын гэрээний 5.1-д заасан зохицуулалтыг үндэслэн алдангийн хэмжээг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 33 388 836 төгрөг х 0,5=166 944 төгрөг /1 өдөр/, үүнийг 273 хоног /9 сар 3 хоног/-оор үржүүлбэл 45 575 761 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан ба нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 16 694 418 төгрөгийн алдангийн хэмжээ нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч ЭДЭ ХХК нь эдийн засгийн чадавхигүй болсон гэх байдлаа баримтаар нотлоогүй учир шүүх харгалзан үзэж алдангийг багасгах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ЭДЭ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

                                              ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                         Ч.ЦЭНД