Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2017/02613/И |
Дугаар | 102/ШШ2017/02799 |
Огноо | 2017-10-24 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/02799
2017 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/02799 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С компанид холбогдох,
411 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “” ХХК-д харуул хамгаалалтын ажилд орж уг байгууллагад 11 сар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Уг байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэвч уг байгууллага миний цалин болох 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 17 гарааны цалин 561 000 төгрөгийг өгөхгүй байсаар 5 дугаар сард 150 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 411 000 төгрөгийг өгөхгүй 7 сар болж байна. Иймд үлдэгдэл цалин болох 411 000 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө нь хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна. Манай компани нэхэмжлэгчийн үлдэгдэл цалин болох 150 000 төгрөгийг түүнд өгсөн. Үүнээс өөр үлдэгдэл төлбөр байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн Ц.О нь ажлаас халагдах өргөдлөө 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж өгсөн бөгөөд уг өргөдөлдөө цалингийн талаар дурдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны хөлс 411 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...хөлсийг бүрэн төлсөн, нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч Ц.О харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллуулахаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан үйл баримт, мөн нэг гарааг буюу нэг өдрийн хөлсийг 33 000 төгрөг байхаар тогтож, хариуцагч нь дээрх хугацааны үлдэгдэл хөлсөнд 150 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна энэ талаар маргаагүй байна.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон дээрх үйл баримтаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тохиролцсон ажил, үйлчилгээ болох хамгаалагчийн ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагчид нэхэмжлэгчийн ажилласан нэг гараанд буюу нэг өдрийн хөлсөнд 33 000 төгрөг төлөх үүрэг тус тус үүссэн байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээт байгууллагад харуул хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тэдний хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгчийг хариуцагч харуул хамгаалалтын ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй нь нотлогдож байх тул хариуцагчийн “...Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөлс шаардах хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Харин хөдөлмөрлөх гэрээгээр тодорхой ажлыг гүйцэтгэж буй этгээд нь ажил олгогч талын ажилтан болж захирах захирагдах харилцаа үүсдэг бол хөлсөөр ажиллах гэрээний оролцогч талууд бие даасан байр суурьтай байдаг ба гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш, харин ажиллах үйл ажиллагаа өөрөө байдаг байна. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг ба талуудын шүүхэд гаргасан тайлбараар талуудын хооронд дээрх харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Талууд хөлсөөр ажиллах гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй байх бөгөөд гэрээний хугацааг тогтоогоогүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас гарах тухай хариуцагчид өргөдөл гаргасныг хариуцагч үгүйсгээгүй нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т “гэрээний хугацааг тогтоогоогүй тохиолдолд гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно” гэсэнтэй нийцэж байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар талууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2017/11074 дүгээр, мөн оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2017/13482 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацааны буюу 2017 оны рапортын дэвтэр болон цагийн бүртгэлийн дэвтэрийг, мөн нэхэмжлэгчийн ажиллаж байх үеийн 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар дуусталх хугацааны цалингийн цэсийг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд 1 ширхэг, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх рапортын дэвтэрийг ирүүлсэн байна. Хариуцагч нь “уг дэвтэрээс өөр рапортын дэвтэр болон цалингийн цэс хариуцагч байгууллагад байхгүй” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байна гэж үзэв. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагчаас үлдэгдэл хөлс 411 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 411 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК ХХК-иас 411 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12 980 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН