Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 288

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2-р баг, “Баян хөтөл” гэх газар нутаглах,  Боржигон овгийн  Даваадоржийн Мөнхбаярын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017  оны 6 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч  Д.Мөнхбаяр

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй. Би 1977 оны 7 сараас 1979 оны 7 сар хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргээс ирээд 1983 оны 1 сарын 1-нээс 1992 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд мал маллаж, мал туугчийн ажил хийж байсан. Хөдөлмөрийн дэвтрийг дутуу бөглөснөөс шалтгаалан тэтгэвэрт орж чадахгүй болоод байна. Иймд холбогдох бичгийн баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Д.Мөнхбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Мөнхбаярын хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 172 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Н.Уртнасангийн:“... Д.Мөнхбаяр нь багаасаа сургуулиас гарч мал малласан. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1977 оноос эхлэн 1979 онд цэрэгт явтлаа мал маллаж байгаад 1983 онд цэргээс ирж  Хөгжил нэгдэл компани болох хүртэл мал малласан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Дашнямын: “.. Д.Мөнхбаяр нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1977 оноос нэгдэл тартал тасралтгүй мал малласан. Би тус нэгдэлд 1977 оноос 1990 он хүртэл тасралтгүй мал малласан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Х.Дамдинсүрэнгийн: “..Бид хоёр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд мал маллаж байсан. Би 1977 оноос 1992 оныг дуустал ажилласан. Энэ хугацаанд Д.Мөнхбаяр нь хамт ажиллаж байсныг мэднэ...” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Бадамцэцэгийн: “... Мөнхбаярын аав нь Даваадорж, ээж нь Шар гэдэг хүмүүс байсан. Д.Мөнхбаяр нь энэ айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Аав нь лам хүн байсан. Тэгээд аав нь цээрлээд Банди гэж дууддаг байсан, албан ёсны нэр нь Мөнхбаяр байгаа юм..” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 сарын 8-ны өдрийн 185 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1977 оны 7 сарын 1-нээс 1979 оны 7 сарын 31-нийг дуустал, 1983 оны 1 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан тухай холбогдох баримт байхгүй байгаа тул Даваадорж овогтой Мөнхбаярт холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 6 сарын 9-ний өдрийн 78 дугаартай “ Тус сумын ЗДТГ-ын архив нь 2013.04.11-ний өдөр  “Хөгжил” нэгдлийн 70 данс баримтыг хүлээн авсан.  Тус сумын 2-р багийн иргэн Даваадорж овогтой Мөнхбаярын Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар  ажиллаж байсны 1983-1991 оны  цалингийн карт байсныг хуулбарлан олгов. Ажиллаж байсан бусад оны баримт тус архивын баримтаас олдохгүй байгаа болохыг тодорхойлов.. “ гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 8 сарын 7-ны өдрийн 08/558 дугаартай “ Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдэл нь 1991 оны 3 сарын 13-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд “Хөгжил” хувьцаат компани болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт,

5.Д.Мөнхбаярт хөдөлмөрийн хөлс олгосон Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн 1983, 1984, 1985, 1986, 1988, 1991 онуудын цалингийн карт,

6.Нэхэмжлэгч Д.Мөнхбаярт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1977 оны 11 сарын 14-ний өдөр олгосон “1977 оны 7 сараас 1979 оны 7 сарыг дуустал”, /Даваадорж овогтой Банди гэх нэртэй/ 1984 оны 6 сарын 19-ний өдөр олгосон  “1983 оны 1 сараас 1986 оны 9 сар, 1987 оны 5 сараас 9 сар, 1988 оны 1 сараас 10 сар, 1989 оны 5 сараас 9 сар, 1990 оны 1 сараас 12 сарыг дуустал, Д.Мөнхбаярт 1992 оны 1 сарын 18-ны өдөр олгосон 1991 оны 1 сараас 12 сарыг дуустал” ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд,

7.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 185 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн 1960 оны хүн амын нэгдсэн бүртгэлд Даваадоржийн Мөнхбаяр 01 настай, эрэгтэй, 6 ам бүлээр бүртгэгдснийг тодорхойлов. 1960 оны хүн амын холбогдох баримтыг хуулбараар гаргах хүргүүлэв” гэх тодорхойлолт,

8.Даваадоржийн Мөнхбаяр / ЗП60060114/-ын 005/000915 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, 46 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,

9.Боржигон Даваадоржийн Мөнхбаярын иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар,

10.Д.Мөнхбаярын 741 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэх, 362024 дугаартай Цэргийн батлах,

11.Дундговь аймгийн Намын хороо, ҮЭ-ийн зөвлөлөөс 1986 онд Д.Банди /Д.Мөнхбаяр/-д олгосон “ Мандат”,  Дундговь аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн  хорооноос 1983.03.09-нд Д.Банди /Д.Мөнхбаяр/-д олгосон Дурсамж, Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн ерөнхий хорооноос 1990.02.19-нйи өдөр Д.Банди /Д.Мөнхбаяр/-д олгосон “Сумын энх сүрэгтэн” гэрчилгээ зэрэг баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар Д.Мөнхбаяр нь  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1977 оны 7 сарын 1-нээс 1979 оны 7 сарын 1-нийг хүртэл, 1983 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 19-нийг хүртэл,  Хөгжил ХК-нд 1992 оны 2 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл  малчинаар  ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч  Боржигон овгийн  Даваадоржийн Мөнхбаяр / ЗП60060114/ нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1977 оны 7 сарын 1-нээс 1979 оны 7 сарын 1-нийг хүртэл, 1983 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 19-нийг хүртэл,  Хөгжил ХК-нд 1992 оны 2 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл  малчинаар  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийн Эрдэнэдалай суманд очиж авсны зардалд 11670 / арван нэгэн мянга зургаан зуун далан/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ