Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 216/МА2018/00005

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, С сум,  дугаар баг, Нутгийн удирдлагын ордонд байрлах, Г аймгийн Т х нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн С сум,  дүгээр багт байрлах “М к” ХХК-д холбогдох

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00020 дугаар шийдвэртэй,

Татварын өр нийт 11 835 152.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандулам, Э.Шинэжавхлан, хариуцагчийн төлөөлөгч Д.Өнөржаргал, нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г аймгийн Т х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 05 дугаар сарын 02-нд тус хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлсэн Сүмбэр сумын  дүгээр баг  тоот хаягт Хүнсний бөөний худалдаа, хуурай замаар хийгдэх ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй регистрийн дугаартай “М к” ХХК нь 2015-2016 оны үйл ажиллгаанд хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан татварын улсын байцгаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний 320010117 тоот актын төлбөрийг төлөхгүй хууль зөрчсөн болно. Үүнд:

Дээрх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт 2015 оны жилийн эцсийн Нийгмийн даатгалын тайлангаар 7 900 000 төгрөгийг ажилчдад олгосноор тайлагнасан 2015 онд тус татварын хэлтэст ирүүлсэн цалин хөлс болон тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11 маягт/-гаар 5 950 000 төгрөгөөр тайлагнаж, 1 950 000 төгрөгөөр цалингийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 195 000 төгрөгийн нөхөн татвар, 58 500 төгрөгийн торгууль, 42 669 төгрөгийн алданги ногдуулсан.

Дээрх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт 2015 оны жилийн эцсийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-12.1 маягт/-аар 2015 онд 75 973 338 төгрөг, 2016 онд 23 741 455 төгрөг, нийт 99 714 793 төгрөгөөр суутгагчийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 7 597 333 төгрөгийн нөхөн татвар, 2 279 199 төгрөгийн торгууль, 1 662 448.4 төгрөгийн алданги ногдуулж, нийт 11 835 152.2 төгрөгийг төлөхгүй Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь заалтуудыг зөрчсөөр байна. “М к”  ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 32170100006 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэл, татвар ногдуулалт, төлөлтийн тайлан, банкны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэг бусад баримт материалд үндэслэн шалгалт хийсэн.

Шалгалтаар илэрсэн зөрчилд Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний 320010117 тоот актаар 153 855 520 төгрөгийн зөрчилд 15 385 552 төгрөгийн нөхөн татвар, 4 764 124 төгрөгийн торгууль, 2 738 137 төгрөгийн алданги, 2226 төгрөгийн хүү, нийт 22 890 039.2 төгрөгийн төлбөр ногдуулсаныг “М к” ХХК нь дээрх актын тогтоох хэсгийн 1, 3, 4, 5 дахь заалтыг үл зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Гомдлыг Говьсүмбэр аймгийн Т х дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөл хүлээн авч хэлэлцсэн. Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 22, 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл хуралдан шийдвэрлэж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2017/01 дугаар маргаан таслах зөвлөлийн тогтоол гарсан. Уг тогтоолоор дээрх хяналт шалгалтын актаар ногдуулсан нийт төлбөр болох 22 890 039 төгрөгөөс актын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтыг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгож, нийт 11 835 152.2 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги, хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

“М к” ХХК нь Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан бөгөөд дахин гомдол гаргаагүй. “М к” ХХК нь дээрх хяналт шалгалтын актаар ногдуулсан 11 835 152.2 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчаас Татварын ерөнхий хуульд заасан арга хэмжээнүүдийг авсан. Үүнд:

1. 2017 оны 08 дугаар сарын 29, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд захирал Д.Өнөржаргалд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ гэж заасны дагуу 2 удаа татварын өрийг мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд барагдуулахыг мэдэгдсэн.

2. “М к” ХХК-ийн захирал Д.Өнөржаргалд татварын хяналт шалгалтын төлбөрийг барагдуулах талаар утсаар байнга холбогдож ярьж шаардаж байсан. “М к”  ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 55 дугаар зүйлд хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна; 55.1.3-д татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль; 57 дугаар зүйлийн 57.1-д Татварын алба, татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурьдсанаар тогтооно; 57.1.2-т хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног гэсэн заалтуудыг зөрчиж татварын хяналт шалгалтаар ногдуулсан төлбөрийг төлөхгүй өр үүсгэн явсаар байна.

Иймд, Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу “М к” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 320010117 дугаартай татварын улсын байцаагчийн актын 2, 3 дахь хэсэгт заасны дагуу ногдуулсан 11 835 152.2 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “М к” ХХК-ийн төлөөлөгч Д.Өнөржаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4612469 регистрийн дугаартай “М к” ХХК-ийн захирал  Д.Өнөржаргал миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 320010117 тоот актын тогтоох хэсгийн 1, 3, 4, 5-д заасан нийт 22 890 039.02 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг зөвшөөрөөгүй ба 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу хуралдаж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай 2017/01 тогтоолоор актын тогтоох хэсгийн 1, 4, 5 дугаар хэсгийг хүчингүй болгож, актын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийг хэвээр үлдээсэн болно. Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хурлаар актын тогтоох хэсгийн 3-д заасныг тус  аймгийн Татварын хэлтэст хүсэлт гарган зөвшилцөж болно гэсний дагуу аймгийн Татварын хэлтэст хүсэлт гарган Татварын улсын байцаагч Э.Шинэжавхланд өгсөн боловч ямар нэгэн тайлбар өгөөгүй болно. Иймд Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Анхан шатны шүүх: Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4, 26.2-д заасныг  тус тус баримтлан “М к” ХХК-иас татварын өр нийт 11 835 152.2 төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 204312 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт оруулж, шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Өнөржаргал давж заалдах гомдолдоо: Хариуцагч “М к” ХХК-ний захирал Д.Өнөржаргал миний бие нь Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн дагуу Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00020 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шийдвэрийн тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4, 26.2-д заасныг баримталсан нь манай компаний шатахууны зардлыг хувь хүнд олгосон орлого хэмээн үзсэн байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00020 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс “М к” ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 320010117 тоот актаар тогтоосон татварын өр  11 835 152.2 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч  Д.Өнөржаргал нь манай компани нэр бүхий хүмүүсээр дамжуулан авсан шатахууны төлбөрийг тус хүмүүсийн дансаар дамжуулан шилжүүлж, шатахууны төлбөрийг төлсөн, тайлангаар шатахууны зардалд тусган тайлагнасан ба дансны хуулганы гүйлгээний утга дээр “Тээврийн хөлс” гэж алдаатай бичсэн бөгөөд уг алдаан дээр үндэслэн татварын байцаагч акт тавьсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь хэргийн материалаас үзэхэд хариуцагч “М к” ХХК нь 2011 оноос тус аймгийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлэн, хүнсний бөөний худалдаа, хуурай замаар хийгдэх ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг, 4612469  регистрийн дугаартай аж ахуйн нэгж буюу хуулийн этгээд болох нь тус аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл /хх-1-3/, татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах комиссын тогтоол /хх-5/, татварын улсын байцаагчийн акт, түүний хавсралт /хх-9-13/, татвар төлөгчийн карт /хх-14/, татварын тооцооллын жагсаалт /хх-46/, “М к” ХХК-д татварын өр барагдуулах талаар гардуулсан баримт бичгийн жагсаалт /хх-16/, мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай мэдэгдэх хуудсууд /хх-17,19/, хариуцагчийн тайлбарт дарагдсан тамга /хх-27/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Мөн хариуцагч Д.Өнөржаргал нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ  хариуцагч “М к” ХХК, захирал нь Д.Өнөржаргал гэж заасантай маргаагүй, үүнийг үгүйсгэж мэтгэлцээгүй, энэ талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй, өөрөөр хэлбэл ИХШХШТХууийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ хэргийн хариуцагч нь “М к” ХХК бөгөөд  төлөөлөгчөөр захирал Д.Өнөржаргал  оролцсон нь хууль зөрчөөгүй байна.

Тус аймгийн Татварын хэлтэс нь  хариуцагч “М к” ХХК-ний 2015-2016 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж,  уг шалгалтаар илэрсэн зөрчилд нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 320010117 тоот улсын байцаагчийн актаар 15 385 552 төгрөгийн нөхөн татвар, 4 764 124 төгрөгийн торгууль, 2 738 137.20 төгрөгийн алданги, 2 226 төгрөгийн хүү, нийт 22 890 039.20 төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр тогтоосон байна. /хх-9-13/

Хариуцагчийн төлөөлөгч Д.Өнөржаргал нь дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч тус аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд  гомдол гаргаснаар тус Маргаан таслах зөвлөл нь 2017 оны 06 дугаар сарын 22, 27-ны өдрүүдэд хянан хэлэлцээд Татварын Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1,45.2,47 дугаар зүйлийн 47.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1,12.1.9, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 19-ны өдрийн 320010117 тоот актын тогтоох хэсгийн 1,4,5 дах хэсгийг хүчингүй болгож, актын 3 дах буюу 2015 оны жилийн эцсийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар 75 973 338 төгрөгөөр суутгагчийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд ногдуулсан нийт 11 538 980,41 төгрөг (7 597 333 төгрөгийн нөхөн татвар, 2 279 199 төгрөгийн торгууль, 1 662 448,41 төгрөгийн алданги)-ийн төлбөр тогтоосон заалтыг хэвээр үлдээж, улмаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогч талууд хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ. /хх-5-8/

Хариуцагчийн төлөөлөгч Д.Өнөржаргал тайлбартаа тус аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2017/01 дугаартай тогтоолыг хүлээн авсан гэж тайлбарласан, энэ талаар маргаагүй, харин тогтоолд дурдсан хугацаанд дээд шатны Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй байх тул энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр болсон байна.

 “М к” ХХК нь татвар төлөгчийнхөө хувьд  Монгол улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6,  26 дугаар зүйлийн 26.1.4, 26.2, 26.3-т тус тус  зааснаар татвараа үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд төлөх, зөрчлийг арилгах  талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх, татварын орлогыг олгох тухай бүрт ногдуулах, суутгасан татварыг төсөвт шилжүүлэх зэрэг  үүрэгтэй байсан ба дээрх хуулиудад заасан үүргээ биелүүлээгүйгээс татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 11 835 152.20 төгрөгийг төлөөгүй болох нь  хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн тус аймаг дахь Татварын хэлтэс 2017 оны 4 сарын 19-ны өдрийн 320010117 тоот актын тогтоох хэсгийн 2, 3  дахь заалтуудад заасны дагуу ногдуулсан нийт 11 835 152.20 төгрөгийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчөөгүй байна.

Мөн хариуцагч нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон татварыг хувь хүнд олгосон орлого биш шатахууны зардал гэж тайлбарлах боловч энэ нь хэргийн 9-13 дугаар талд авагдсан  улсын байцаагчийн актаар тогтоогдоогүй буюу  суутгагчийн орлогыг дутуу тайлагнаж  тээврийн хөлс гэж олгосон нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.1.4, 26.2, 26.3, 27 дугаар зүйлийн 27.2-т тус тус  заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр  татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ...манай компаний шатахууны зардлыг хувь хүнд олгосон орлого хэмээн үзэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00020 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Өнөржаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204312 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.