Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Э.Үнэнсайхан,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Ч.Зд холбогдох 1806044781185 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүрлүүд овгийн Ч-н З, 1978 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт /Баянзүрх дүүргийн .............. тоотод оршин суух бүртгэлтэй/, Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ................./,

Ч.З нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Халдвартын эмнэлгийн орчим иргэн Л.Нын жолоодон явсан 78-58 УНХ улсын дугаартай “Тоёота Приус 11” загварын автомашины салхины шилийг чулуу шидэн хагалж, их гэрлийг нь өшиглөж гэмтээсний улмаас 460.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно.”, 3 дахь хэсэгт “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллагын болон шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаа, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн эд мөрийн баримтын талаархи мэдээллийг тусгана.”, 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;” гэж тус тус заасны дагуу хохирлын үнэлгээг хуульд заасан журмын дагуу үнэлж, тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзэв. Тодруулбал:

Хэрэгт “Ашид Билгүүн” ХХК-ийн гаргасан хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ гаргаж ирүүлсэн байх боловч дээрхи хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу томилоогүй, хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 100.000 төгрөгөөр шил солиулсан гэх баримт, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...одоо хагарсан шилээ 100.000 төгрөгөөр солиулаад хийлгэсэн” гэж мэдүүлж байгаа зэргээс хөрөнгийг үнэлэхдээ ямар байдлаар хохирлын тооцоог тооцсон нь тодорхойгүй буюу эд зүйлийг үнэлэхдээ адил төстэй эд зүйлстэй харьцуулан үнэлгээ хийж, улмаар эд зүйлсийг хэрхэн үнэлсэн талаарх эх сурвалжаа үнэлгээндээ дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заасны дагуу хохирлын үнэлгээг хуульд заасан журмын дагуу үнэлсэний эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Ч.Зд холбогдох эрүүгийн 1806044781185 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ч.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж дүгнэлт гаргуулдаг.

Хөрөнгийн үнэлгээний хуульд заасны дагуу үнэлгээний мэргэжлийн байгууллага нь өөрийн мэдээллийн сантай байдаг бөгөөд үнэлгээ хийлгэх гэж буй хөрөнгийг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны зах зээлийн үнэ ханшийн дундаж ханшаар тооцож үнэлгээг тогтоодог. Үнэлгээний байгууллага нь тухайн үнэлүүлж буй хөрөнгийг зах зээлийн доод үнээр, эсхүл хямд олдох боломжтой гэсэн байдлаар хандаж бага үнээр тогтоох огт боломжгүй. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр 160.000 төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгийг тухайн хохирогч нь аль нэг хямд зарагдаж байгаа худалдааны газрыг өөрөө хайж, олж улмаар худалдаж авах эсхүл худалдаалагдаж буй бодит үнээс нь үнэ буулгаж хямдруулж авах зэрэг зах зээлд чөлөөтэй худалдаа хийх эрх нь нээлттэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хавтаст хэрэгт цугларсан үнэлгээний байгууллагаас тогтоосон хохирлын үнэлгээ болон хохирогчоос хэрэгт хавсаргасан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Мөн анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээний тайлан болон хохирогчийн худалдаж авсан баримт хооронд зөрүү гарч байгаа нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байна гэж дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах эрх хэмжээ шүүхэд олгогдсон байтал өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр үнэлгээг дахин  гаргуулах асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн  гүйцэтгэх боломжгүй  гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.З тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч Ч.Згийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гарахаас өмнө хохирогч автомашины шилийг солиулсан байдаг. Шилний баримт нь 100.000 төгрөг байдаг бөгөөд хэрэг гарсны дараа шилийг дахин 100.000 төгрөгөөр солиулсан байдаг. Үнэлгээгээр уг шилийг 160.000 төгрөг гэж үнэлж байгаа нь зах зээлийн дундаж үнэлгээ юм. Их гэрлийг мөн энэ байдлаар үнэлсэн.  Энэ гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардаж байгаа. Хохирлийн хэмжээ нь 300.000 төгрөгт хүрэхгүй бол зөрчлийн хэргээр шийдэгдэнэ. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал эргэлзээтэй асуудлаар дордож байна. Их гэрэл хагарсанд үнэлгээ нь мөн эргэлзээтэй. Нүдээрээ харж, зураг дарснаар шинэ хугарал байсан гэж үздэг. Нүдээр харахад шинэ, хуучин хугарал гэдгийг дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Заавал урьдчилсан хэлэлцүүлэг хийж гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлж хэргийг буцаана гэсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл хохирогч гэм буруугийн шүүх хуралдаан дээр үнэлгээг багасгаж хэлсэн. Шүүх үнэлгээнээс шалтгаалж ял өөрчлөгдөх зэрэг нөхцөл байдал үүсэх тул нотлох баримтыг тал бүрээс цуглуулна гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Згийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай асуудлаар мөрдөгчийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт гаргах, эдгээр нь тодорхойгүй бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл дүгнэлт эргэлзээтэй бол шүүх нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр даалгах зэрэг ажиллагааг талуудын хүсэлтээр шүүхийн шатанд гүйцэтгэж болох бөгөөд шинжээчээс мэдүүлэг авах ажиллагааг хэрхэн явуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.8, 27.11, 35.21 дүгээр зүйлүүдэд тодорхой заасан байх тул шүүгдэгч Ч.Зд холбогдох эрүүгийн хэрэгт дахин шинжээч томилох, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ч.Зд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Зд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Ч.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ