Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2017/01810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Э ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, давхарт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, А ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,707,337,920 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А, Н.Б. хариуцагчийн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК-тай 2016 оны 02 сарын 02-ны өдөр 0016020215 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,800,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч А ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд үндсэн зээл 1,798,200,000 төгрөг, зээлийн хүү 682,902,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,242,640  төгрөг, нотариатын төлбөр 22,000 төгрөг нийт 2,598,367,000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж 2017 оны 06  сарын 06-ны өдрөөс хойшх хугацааны зээлийн хүү 89,910,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,060,920 төгрөг  нийт 108,970,920 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Иймд А ХХК-аас 2,707,337,920 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн дүүргийн хороо, хороолол  байр хэсэгт байрлалтай  м.кв талбайтай, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн дүүргийн хороо, хороолол  байр хэсэгт байрлалтай м.кв талбайтай, Орон сууц, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А ХХК шүүхэд болон төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Э-тай байгуулсан 16020215 тоот зээлийн гэрээний дагуу 1,800,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд биднээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг оролцуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.707.337.920 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын эдийн засгийн хямралт байдал барилгын салбарт нөлөөлж орон сууцны борлуулалт зогссон, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон зэрэг шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлт удааширч энэ тухай Э-д олон удаа бичгээр хандаж, зөвшилцөх санал тавьсан билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2,521,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

  

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,707,337,920 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А ХХК нь Монгол улсын эдийн засийн хямралт байдал барилгын салбарт нөлөөлсөн тул 2,521,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-тай 2016 оны 02 сарын 02-ны өдөр 1,800,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй,  дүүрэг,  хороолол  байр, хэсэгт байрлах, м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай,  үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000465015 тоот гэрчилгээтэй,   дүүрэг, хороо, хороолол байр, хэсэгт байрлах, м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай,  үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж гэрээ байгуулж зээлийг шилжүүлсэн болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Зээлийг эргэн төлөх хуваарьт  2016 оны 03 сарын 03-ны өдөр хүүгийн төлбөрт 54,000,000 төгрөг, 2016 оны 04 сарын 04-ны өдөр хүүгийн төлбөрт 57,600,000 төгрөг, 2016 оны 05 сарын 03-ны өдөр хүүгийн төлбөрт 52,200,000 төгрөг, үндсэн зээлд 1,800,000,000 төгрөг  төлөхөөр тохирсон байхад  зээлдэгч 2016 оны 4 сарын 13-ны  өдөр 111,600,000 төгрөг, 2016 оны 5 сарын 03 өдөр 50,400,000 төгрөг,2016 оны 06 сарын 30-ны өдөр 1,798,200 төгрөг, 2016 оны 7 сарын 07-ны  өдөр 30,983,040 төгрөг,  23,016,960 төгрөг, 2016 оны 07 сарын 08-ны өдөр 1,798,200 төгрөг, 2016 оны 08 сарын 31-ний өдөр 1,798,200 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдөр 1,798,200 төгрөг нийт зээлийн гэрээний үүрэгт 232,200,000 төгрөг төлсөн тухайд талууд маргахгүй байна.

Зээлдүүлэгч зээлдэгчийн төлсөн 232,200,000 төгрөгөөс үндсэн зээлд 1,800,000 төгрөг, 3 сарын зээлийн хүүгийн төлбөрт 163,800,000 төгрөгийг суутган тооцсон гэж тайлбарлаж байх тул үлдэх 66,600,000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

Хариуцагч А ХХК нь зээлийн гэрээнд заасан 3 сарын хугацаанд зээлийн хүүгийн төлбөр 163,800,000 төгрөгийг хугацаа хэтэрүүлэн төлсөн байх тул зээлийн гэрээний 3.2.1-ийн в хэсэгт зааснаар үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,450,800 төгрөгийг тооцон гаргуулах үндэстэй. 

Нэхэмжлэгч Э ХХК нь 2016 оны 5 сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 сарын 26-ны өдөр хүртэлх 14 сар 20 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 792,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх ба зээлдэгчийн илүү төлсөн 66,600,000 төгрөгийг төлбөрөөс хасаж 725,400,000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч нь гэрээ, өргөдөл, барьцааны мэдэгдэл зэргийг нотариатчаар гэрчлүүлсэн зардал төлсөн болох нь Мөнгөний тасалбар /хх-ийн 4-5 талд/-аар нотлогдож байх тул нотариатын төлбөрт 22.000 төгрөг, үндсэн зээл 1,798,200,000 төгрөг нийт 2,525,072,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй байх тул 182,265,120 төрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.   

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй,   дүүрэг, хороо,  хороолол  байр, хэсэгт байрлах, м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай,  үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй,   дүүрэг, хороо, хороолол  байр, хэсэгт байрлах, м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай,  үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 2,525,072,800 / хоёр тэрбум таван зуун хорин таван сая далан хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 182,265,120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ  биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй,  дүүрэг, хороо, хороолол  байр, хэсэгт байрлах, м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай,  үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй,   дүүрэг, хороо, хороолол  байр, хэсэгт байрлах, м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай,  үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,149,785 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч А ХХК-иас 12,783,314 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.   

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ