Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/01671

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/01671

 

               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Ч.О

Хариуцагч: ЦУОШГ, 

газрын даргын Б/24 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтанд орж тэнцэн Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2013 оны 07 сарын 05-ны өдрийн 140 дугаартай тушаалаар Б аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалд томилогдон ажилласан. Тэрээр ажил албан үүргээ сайн гүйцэтгэж үр дүнгийн гэрээгээ А, В үнэлгээтэй дүгнүүлсээр ирсэн. Цаг уур орчны газрын даргын 2016 оны 09 сарын 29-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, Б аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 02 сарын 03-ны өдрийн Б/24 дугаартай тушаал гарч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсныг Ч.Онь 2017 оны 02 сарын 24-ний өдөр албан ёсоор хүлээн авч танилцаж ажлаа хүлээлгэн өгсөн. Уг Б/24 дугаартай тушаалыг Ч.Онь хууль зүйн үндэслэлгүй, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь Ч.Онь уг тушаалыг гарсан, гарах гэж байгааг огт мэдээгүй, түүнд мэдэгдээгүй мөн уг тушаалыг гарч байх хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд үргэлжлүүлэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл эмчлүүлсэн. Дээрх тушаал дараах хуулиудыг зөрчиж гарсан гэж үзэж байна.

1.         Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол албан тушаалыг хэвээр хадгална гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нөхцөлд 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээс аль нэгийг огт заагаагүй,

2.         Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэснийг зөрчиж чөлөөлөх тухай аймгийн засаг даргатай зөвшилцөлгүй чөлөөлсөн,

3.         Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 -д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчсөн, сонсох ажиллагааг зохион байгуулаагүй,

Ч.О-г Б аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар зэвсгийн инженерээр томилсон бөгөөд түүний нэг сарын цалинг ТҮ-8 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалаар тогтоож нэг сарын 633.221 төгрөг, ур чадварын нэмэгдэл 20 хувийг олгохоор заасан. Ч.Онь Цаг уур орчны шинжилгээний газрын даргаар ажиллаж байхдаа ТҮ-11 дүгээр зэрэглэлээр цалинжиж нэг сард 920.000 төгрөгийн цалин авдаг байсан тул цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацааны цалингийн зөрүү буюу 2.005.478 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуучлалын сайдын “Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, “Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 2016 оны 09 сарын 02-ны А/32 дугаар тушаал гарсан. Уг тушаалыг хэрэгжүүлэх үүднээс Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 сарын 08-ны А/81 дугаар тушаал гарч “Цаг уур орчны шинжилгээний газрын болон харъяа аймаг хотын албадыг газар болгож”, агентлагийн зохион байгуулалтын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан дээрх хөтөлбөрт тусгасан стратеги зорилт үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэн 2016 оны 09 сарын 29-ний өр А/92 тоот тушаал гарч бүх аймаг хотын албадын дарга нарыг чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан.

Нэхэмжлэгч Ч.О-ийг А/92 тоот тушаалаар Б аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болон Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны даргын түүнийг зэвсгийн инженерээр томилсон 2017 оны 03 сарын 02-ны өдрийн Б/14 тоот тушаалын талаар маргадаггүй, харин түүнийг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 02 сарын 03-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар Б аймгийн, Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн талаар маргаан гаргажээ гэж үзэж байна. Цаг уур орчны шинжилгээний газрын даргын дээрх тушаал нь “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4, “Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 02 сарын 03-ны өдрийн Б/24 тоот тушаал гарах үед Б аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллаж байсан ба энэхүү албан тушаал байхгүй болсныг нэхэмжлэгч Ч.Осайн мэдэж байгаа тул бусдын ажил албан тушаалд буюу газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь өмнө эрхэлж байгаагүй томилогдоогүй ажил албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнтэй холбоотойгоор цалингийн зөрүүг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй. Мөн “Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 02 сарын 03-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай” Б/24 дугаар тушаал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ба тушаалыг хүчингүй болгуулах тусгайлсан шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 “Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан шаардлагын дагуу Цаг уур орчны шинжилгээний газрын 2016 оны 1/480 тоот албан бичгийг бүх аймаг хотын засаг дарга нарт явуулснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 1а/721 тоот албан бичиг ирж зөвшилцсөний улмаас газрын дарга томилогдсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай тушаал, ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалингийн жагсаалт, удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дотоод журам, Аймаг хотын Ус цаг уур, орчны шинжилгээний алба болон газрын дүрэм, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвч батлах тухай тушаал, хавсралтууд,  Аймаг хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны болон газрын дүрэм, Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай газрын даргын А/129 дугаар тушаал, Аймаг Нийслэлийн засаг дарга нарт явуулсан зөвшилцөх тухай албан тоот болон бусад бичгийн баримтыг  шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б/24 дугаар тушаал гарган, Ч.Оюунчимэгийг Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгч Ч.Оуг тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн, орон нутгийн алба нь газар болсон, газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаал байхгүй болсон, өмнө эрхэлж байгаагүй ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэлээ гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараахь үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

1.Анх Ч.Осонгон шалгаруулалтанд орж тэнцэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 140 дугаар тушаалаар Б аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын албан тушаалд томилогдон ажиллажээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаар тушаалаар аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэр, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга нарыг албаны даргаас чөлөөлж, аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсны дотор Б аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Ч.Оорсон байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын А/92 тоот тушаал нь Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2016 оны А/32, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дугаар тушаалыг үндэслэн гарсан байх боловч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2016 оны А/32 дугаар тушаалыг хэрэгт ирүүлээгүй, газрын даргын А/81 дугаар тушаал нь Цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилд томилох, тус газрын орон тоо, цалин хөлсийг зохицуулсан тушаал байна.

Хариуцагчийн тайлбарт Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2016 оны А/32 дугаар тушаал нь “Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” бөгөөд уг хөтөлбөрт харъяа аймаг хотын албадыг газар болгосныг тусгасан ба энэ нь аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний алба татан буугдаагүй, газар болж үйл ажиллагаа үргэлжилснийг нотолж байна.

 Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/129 дугаар тушаалаар аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дүрэм, бүтэц, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг баталж, газрын даргын 2015 оны А/23 дугаар тушаалыг хүчингүй болгожээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/23 дугаар тушаал нь аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дүрэм, бүтэц, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг баталж мөрдүүлж байсан тушаал байна.

Дээрх 2 дүрэм, бүтэц, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг харьцуулж харахад орон нутгийн алба болон газрын гүйцэтгэх ажил үүрэг, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, гол зорилт, үйл ажиллагааны чиглэл (дүрмийн зүйл заалтаараа) яг ижил, дарга гэсэн нэг орон тоо, 3 хэлтэстэй байгаа нь харагдаж байна. Эндээс үзэхэд газрын даргын Б/24 дугаар тушаал гарах хүртэл Ч.Оурьд хийж байсан ажлаа хийж байсан байна.

2.Ажил олгогч өөрийн санаачилгаар Ч.О-ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсгийн баримталсан нь тодорхойгүй байна.

Хариуцагч Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн орон тоо байхгүй болсон гэх боловч ийм орон тоо угаас байгаагүй, ер нь “түр орлон гүйцэтгэх” гэдэг нь газрын даргын үүргийг гүйцэтгэх хугацааны асуудал байх бөгөөд Ч.О-ийг газрын даргаар ажиллаж байсан гэж үзнэ. Орон тоо үгүй болсон гэж үзэж буй бол ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөх байсан ба ийм мэдэгдэл өгөөгүй байна.

3.Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажил үүрэг  Ч.О-ийн гүйцэтгэж байсан албаны даргын ажил үүргийн үргэлжлэл гэдэг нь ажил олгогч нэхэмжлэгчийг албаны даргаас чөлөөлж, аймаг, газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо ямар нэг мэдэгдэл өгөөгүй, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй байдлаар тогтоогдож байна гэж үзнэ.

4.Ажил олгогч нэхэмжлэгчийг өвчтэй байхад нь ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчний учир ажлаас чөлөөлөгдөн эмчлүүлж байсан нь эмнэлгийн хуудас, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна.

5.         Ажил олгогч  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 -д заасан “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчиж түүнд мэдэгдэх, түүнийг сонсох ажиллагааг зохион байгуулаагүй байна.

Ажил олгогч хэдийгээр Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэсний дагуу ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа аймгийн засаг даргатай зөвшилцсөн байх боловч тухайн нөхцөлд аймгийн засаг даргатай зайлшгүй зөвшилцөх нөхцөл мөн эсэх нь эргэлзээтэйн гадна аймгийн засаг дарга газрын даргад өөр хүн санал болгосон нь ажил олгогчийг хууль зөрчихөд хүргэх нөхцөл биш юм.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гарсан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргажээ. Тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гардан авсныг нэхэмжлэгч тайлбарлаж байх ба энэ нь түүний 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсантай тохирч байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Иймд ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлтэй байна.

Ч.О Б аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны даргын 2017 оны 03 сарын 02-ны өдрийн Б/14 тоот тушаалаар “Зэвсгийн инженер”-ээр томилогдон ажилласан байх ба газрын дарга /орлон/ болон Зэвсгийн инженерийн цалингийн зөрүүд 2.005.478 төгрөг нэхэмжилж байна. Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахдаа 920.000 төгрөгийн цалинтай байсан, Зэвсгийн инженерээр ажиллахдаа 759.865 төгрөгийн цалин авч байжээ. Нэхэмжлэгчид цалингийн зөрүүг олгох үндэслэлтэй ба үүний зөрүү нь (920.000-759.865=160.135х7) 1.120.945 төгрөг болж байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 02 сарын 03-ны өдрийн  Б/24 тушаалыг хүчингүй болгон, Ч.Оийг Б аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын (орлон) ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газраас 1.120.945 төгрөгийг гаргуулж Ч.От олгож, нэхэмжлэгчийн цалингийн зөрүүгийн нэхэмжлэлээс 884.533 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд  хариуцагчаас 31.453 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                   

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД