Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 0145

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Батбаяр

улсын яллагч: Б.Хурц

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Д.Тунгалаг

шүүгдэгч   Б.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бөөн овогт Баярмаагийн Эрдэнэ-Очирт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 201601000134 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бөөн овогт Баярмаагийн Эрдэнэ-Очир, 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд  төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, МИАТ ХХК-ны хяналт мөстөлтийн диспедчерээр ажиллаж байсан, ам бүл 4, ээж, эхнэр, нэг хүүхдийн  хамт Баянзүрх   дүүргийн  4  дүгээр хороо 51 дүгээр байрны 10 тоотод оршин суудаг,ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЙЮ90040353,

 

         Холбогдсон хэргийн талаар:

          Б.Эрдэнэ-Очир нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамалыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

        2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.01 грамм ургамалыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Б.Эрдэнэ-Очир  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 06 дугаар сарын 28-ны өглөө ээлжийн ажлаасаа буугаад Дархан-Уул аймаг руу найзынхаа төрсөн өдөрт яваад буцах замдаа Урьханаас цааш 15 км зайтай зогсоод биеэ засч байтал 2 навч байхаар нь тасдаж аваад явсан. Маргааш нь сонгуулиа өгөх гэтэл иргэний үнэмлэх хэрэгтэй гээд үнэмлэхээ аваад сонгууль өгсөн. Тэгээд гэрийн ойролцоо 805 дугаар ангийн хөл бөмбөгийн талбай дээр уг өвсөө татаж үзсэн. Өөрийн болчимгүй үйлдлээс болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Өөр зүйлгүй гэв.        

         Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 28-ны өглөө босоод Дарханд байх найз Болдоогийн  төрсөн өдөрт нь мэнд хүргэхээр ганцаараа өөрийн эзэмшлийн миний ээж Баярмаагийн нэр дээр байдаг 7584 УНК улсын дугаартай машинтай явсан. Би гэрээс гарахдаа эхнэртэй ажилтай гэж хэлээд гарсан. Тэгээд Дарханаас Улаанбаатар хотруу 15-16 цагийн хооронд гарсан. Замдаа явж байхдаа “ Урьхан” гэдэг газраас Дархан талдаа 15 км орчим газар гэр хоолны газар байхаар нь зогсоод хоол захиалтал 30-40 минутын дараа гарна гэхээр нь би засахаар гараад хойшоо алхаж яваад бие засаад зогсож байтал кино, интернет орчин, high school гэдэг гадаад кинон дээр гардаг мөн хувцас дээр байдаг зураг шиг өвс харагдсан. Тэгэхээр нь би тэр өвс байж магадгүй гээд 2 мөчрийг зулгааж авсан. 2 мөчир нь модны 2 навч шиг л зүйл байсан. Тэрийг аваад машин дээрээ ирээд сандал дээрээ тавиад хоолны газар ортол хоол удах шинжтэй болохоор нь жоохон өвс авсандаа сандраад машиндаа суугаад Улаанбаатар хот руу хөдөөд орой 20-21 цагийн үед ирсэн. Гэртээ шууд амарсан. Авсан өвсөө машины жолоочийн хажуу талын урд сандал дээр тавиад гэртээ орж амарсан. Таргааш нь гэртээ байж байгаад сонгуулийн өдөр байсан учир сонгуулиа өгөх гээд хэсгийн байр дээр очтол оор газар шилжсэн байсан учир нөгөө газар нь очтол иргэний үнэмлэх шаардлагатай гэхээр нь гэрийнхээ гадаа очоод эхнэр хүүхдээ үнэмлэх аваад гараад ир гэж хэлээд хамт явж сонгуулиа өгсөн. Машинд байсан өвс хатчихсан байхаар нь би оролдолгүй суудал доогуураа хийгээд орхисон эхнэр хүүхдийн хамт машины хойд суудалд  суусан болохоор анзаарахгүй байх. Сонгуулиа өгчихөөд эхнэр хүүхэдтэйгээ салхилах гээд  805 дугаар анги гэх газрын хөл бөмбөгийн тамирын талбай дээр очсон. Эхнэр хүүхэд аваад надаас холдоод явахаар нь би машинл байсан жижиг ундааны савыг бөөрөнд нь цоолоод тэрэнд мөнгө шургуулаад дээрээс нь гялгар цас тавиад гялгар цаасан дээр нөгөө хатсан өвсөө тавиад шатааж утааг нь сорж хэрэглэсэн.би ингэж хэрэглэдэг аргыг youtube гэх сайт болон high school гэх киноноос харж байсан болохоор дууриалгаж хийж үзээд туршиж үзсэн юм. тэгээд хэд сороод байж байтал эхнэр ирээд юу татаад байгаа юм бэ гэхээр нь тамхи татаж байна гээд нөгөө савтай зүйлээ хашаа давуудж хаяад эхнэр хүүхдээ машинд суулгаад хөдлөөд гэрлүүгээ явсан. Хөлбөмбөгийн талбайгаас гарах гээд хаалган дээр иртэл цагдаагийн машин тулж зогсоод наанаа зогсож бай гэхээр нь зогстол намайг шалгаад цагдаагийн хэлтэст авчирсан . тухайн үед миний машины арын номер алга болчихсон байсан юм. Тухайн өдөр сонгуулийн өдөр байсан учир албан байгууллагууд ажиллахгүй номероо нөхөж авч чадаагүй юм. уг машиныг ээж маань надад өгөөд дугаарыг нь солино гэж ярьж байснаараа намайг шалгагдаж эхэлснээс хойш 7 хоногийн дараа 9115 УНК улсын дугаартай уг машинд авч өгөөд хуучин дугаарыг Авто тээврийн үндэсний төвд хуруулгасан гэжээ. /хх-ийн

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-н 6-12/

          Б.Эрдэнэ-Очир, С.Номиндалай нараас  асууж авсан тайлбар /хх-н 13-15/

          Илтгэх хуудас : 2016 онй 6 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн /хх-н 16-17/         

        Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 18/

          Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-н 19-21/

        Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /хх-н 24-40/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд : Сэтгэцэд нөлөөт бодис Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.01 грамм Каннабис гэх нэршилтэй бодис, хуйлж ороосон тугалган цаас, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөлбөмбөгийн талбайн хяналтын камерын бичлэгтэй ЭМБ 201601000134-БЗД 4-р хороо гэсэн бичиглэл бүхий DVD-R зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ.  /хх-н 41-42/

          Гэрч Ц.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 75-84 УНК улсын дугаартай ВMW  маркийн автомашин миний эзэмшилд байсан. Миний хүү Эрдэнэ-Очир унаж хэрэглэдэг. Би уг автомашиныг хүнээс авах авлагандаа авч байсан юм. Би автомашиныг авлагандаа аваад дугаарыг солино гэж бодож явж байтал хүү маань ийм хэрэгт холбогдсон. Би хэрэгт холбогдсоных нь дараа би уг дугаарыг 91-15 УНК улсын дугаараар сольсон. 75-84 УНК дугаар нь өмнө уг машинд ашиглаж байсан дугаар байгаа юм гэжээ.   /хх-ийн 43-45/

         Гэрч С.Номиндалай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:.2016 оны 06 сарын 27-ны өдөр Эрдэнэ-Очир ажилтай байсан. Тэгээд маргааш манай найзын төрсөн өдөр болно гэж надад ярихаар хэний төрсөн өдөр юм гэтэл чи сайн танихгүй гэж ярьсан. Тэгээд 2016 оны 06 сарын 28-ны өдрийн өглөө эрт босчихсон усанд орчихоод гарах гэж байхаар нь чи хаачих гэж байгаа юм гэтэл гялс гарчихаад ирье гэхээр нь би гаргаад явуулсан. Тэгээд буцаад ойролцоогоор 20-21 цагийн үед гэртээ ирсэн. Надад ярихдаа найзуудтайгаа явчихаад ирлээ гэсэн. Ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр өдөр хаашаа явсанаа бол надад хэлээгүй, ойрхон салхинд гарчихаад ирлээ гэсэн. өдөр нь би утас руу залгахад утасаа авахгүй байсан…2016 оны 06 сарын 29-ний өдөр  бид 3 өглөө босоод Эрдэнэ-Очир гарч яваад орой гэртээ ирсэн. Тэгээд 21 цаг өнгөргөөд Эрдэнэ-Очир сонгуулиа өгөнгөө хүүхдээ салхилья гээд гарсан. Сонгуулиа өгчихөөд явж байхад гадаа гоё байхаар нь хүүхэдтэйгээ тоглооод явж байтал Эрдэнэ-Очир машиныхаа хаалгыг онгойлгочихсон цаашаа харчихсан нэг юм хийгээд байхаар нь чи юу хийгээд байгаа юм бэ гэтэл юу ч хийгээгүй гэж хэлээд хөдлөөд явтал ардаас цагдаа нар ирээд зогсоогоод шалгасан. Тэр үед Эрдэнэ-Очир тамхи татаж байна гэж бодсон татдагаасаа илүү удаад байхаар нь чи юу хийгээд байгаа юм бэ гэж асуусан юм. урдаас бол хараагүй араас нь харсан. Цагдаа нар ярихдаа тухайн өдөр сонгуулийн өдөр байсан учир камер хянаж байсан Эрдэнэ-Очир камерт харагдсан гэж байсан гэжээ.  /хх-ийн  46-47/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол / хх-н 48/

         Шүүх сэтгэц эмгаэг судлалын 675 тоот дүгнэлт:

         1.Б.Эрдэнэ-Очир нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэх талаар баримт материал үгүй байна.

         2.Б.Эрдэнэ-Очир нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

         3.Б.Эрдэнэ-Очир нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

          4.Б.Эрдэнэ-Очир нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

         5.Б.Эрдэнэ-Очир нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

         6.Б.Эрдэнэ-Очирт мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. /хх-ийн 50/  

          2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 5716 дугаартай шинжээчийн дүгнэлт:

           Шинжилгээнд ирүүлсэн “1” болон “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуула илэрч байна. илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. / хх-ийн 51 хуудас/

         2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5715 дугаартай шинжээчийн дүгнэлт:

         1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Эрдэнэ-Очирын гэх шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг тодорхойлох шинжилгээг хийхэд шинжилгээний дээж хүрэлцэхгүй байна.

         2.Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээг хийхэд доод тал нь 50 мл шаардлагатай байдаг болно гэжээ. /хх-н 55/                 

           Б.Эрдэнэ-очирыг Ц.Баярмаа, С.Номиндалай нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 59-63/  

           Б.Эрдэнэ-Очирыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 64-70/

          Б.Эрдэнэ-очирын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 72/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 73/,хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 85-110/, зэрэг болно.

          Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс өөрийн урьд нь кино, интернэтээс харсан ургамлаа газар ургасан байхыг хараад Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамалыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.01 грамм ургамалыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Б.Эрдэнэ-Очир нь 2016.6.28-ны өглөө өөрийн найздаа төрсөн өдрийн мэнд хүргэхээр Дархан яваад буцах замдаа Төв аймгийн Борнуур сумын нутгаас уг ургамалыг түүж авч машиндаа хадгалж байгаад өөрөө хэрэглэсэн нөхцөл байдал хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Б.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.01 грамм ургамал, хуйлж ороосон тугалган цаас зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт  зааснаар устгах нь зүйтэй.

        Энэ хэргийн улмаас учирсан хохирол тогтоогдоогүй учир шүүх Б.Эрдэнэ-очирыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Энэ хэргийн улмаас битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй байна.

       Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учирсан хохиролгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлын харгалзан хорихоос өөр төрлийн баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүх Б.Эрдэнэ-очирыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй, учир нь  Б.Эрдэнэ-Очирыг зориуд урьдчилан мэдээд очиж түүж авч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Бөөн овогт Баярмаагийн Эрдэнэ-Очирыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан   гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутай болохыг тогтоосугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  192 дугаар зүйлийн  192.1 дэх хэсэгт зааснаар  Б.Эрдэнэ-очирыг 06 сарын хугацаагаар баривчлах  ялаар  шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Эрдэнэ-Очирыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсгэй.

          4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.01 грамм ургамал, хуйлж ороосон тугалган цаас зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт  зааснаар устгасугай.

          5.Энэ хэрэгт  битүүмжлэгдэж  ирсэн зүйлгүй, Б.Эрдэнэ-очир  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус  дурьдсугай.

          6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Эрдэнэ-очирт урьд нь  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан  хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

          7.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Эрдэнэ-Очирт цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН