Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00477

 

О.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1891 дүгээр магадлалтай, 

О.Нын нэхэмжлэлтэй

ИНЕГт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, НБУГын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, дутуу олгогдсон цалин 602 196 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгч О.Нын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Н, түүний өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Н би нисэхийн салбартай амьдралаа холбоод 39 жил болж байна. Намайг 2014 оны 6 дугаар сард ЧХОУНБЗаар томилогдон ажиллаж байхад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/198 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас чөлөөлсөн. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан бөгөөд дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/01377 дугаартай шийдвэрээр намайг ЧХОУНБЗын ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ЧХОУНБЗын ажилд намайг 2015 оны 5 сарын 08-ны өдрийн Б/93 тоот тушаалаар авч, 2015 оны 5 сарын 08-ны өдрийн Б/94 тоот тушаалаар ажлаас чөлөөлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлсэн тул би дахин шүүхэд хандсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6791 дүгээр шийдвэрээр намайг мөн л ЧХОУНБЗын ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 19 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. ИНЕГ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр миний докторын сургалтын төлбөрөөр барьцаалж, аргагүй байдалд намайг оруулж байгаад 2017 оны 01 сарын 23-нд шүүхийн шийдвэрийг өөр агуулгаар хэрэгжүүлэх эвлэрлийн гэрээ надтай байгуулсан. Эвлэрлийн гэрээний 2 дах хэсэгт О.Ныг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулж, тогтмол ажлын байраар хангах ба өмнөх цалин хөлсний сүлжлээр 6 сарын хугацаанд олгохоор талууд харилцан тохиролцов гэж заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст бодлогын зохицуулалтын мэргэжилтнээр томилсон. Үүнийхээ дараа Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 151 дүгээр тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийсэн нэрээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 7 сарын 23-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар уг ажлаас чөлөөлж, 2018 оны 8 сарын 01-ний өдрөөс буюу намайг ээлжийн амралттай байхад цалин хөлсийг минь бууруулан Иргэний нисэхийн ерөнхий газрын салбар болох НБУГт Нисэх буудлуудын төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт, бичиг боловсруулалтын мэргэжилтнээр шилжүүлэн томилсон. О.Н би Иргэний нисэхийн хяналт НҮ-ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 151 дүгээр тушаал нь хууль бус байх тул хүчингүй болгуулах, мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын хууль бус үйл ажиллагааг шүүмжлэн дарга Л.Бямбасүрэнг ажлаас халуулах гомдлыг ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2018 оны 11 дүгээр сарын 12 болон 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд уг ТББ-ын тэргүүний хувьд хүргүүлсэн. Үүний хариуд надад удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн шалтгаар НБУГын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар миний цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргасан гомдлын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ИНЕГт шалгалт хийж, 2019 оны 01 сарын 22-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад шалгалтын дагуу зөвлөмж хүргүүлсэн байдаг. Үүний хариуд дахиад надад удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн шалтгаар НБУГын 2019 оны 01 сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар миний цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл өгсөн. Түүнээс хойш би ямар нэг зөрчил гаргаагүй байхад НБУГын 2019 оны 4 сарын 10-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажлаас халсан байна. Намайг ажлаас халсан тушаалыг би хууль бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхэд гомдлыг гаргаж байна. НБУГ нь Иргэний нисэхийн ерөнхий газрын салбар байгууллага бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан тул салбарыг нь биш, Иргэний нисэхийн ерөнхий газрыг хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж байна. Миний нэг сарын дундаж цалин хөлсийг 2 003 000 төгрөг гэж байгууллагаас тогтоосон болно. Иймд намайг НБУГын төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12 212 783 төгрөг гаргуулж, НБУГаас надад үндэслэлгүй ногдуулсан сахилгын арга хэмжээнүүд болох НБУГын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, энэхүү тушаалуудаар надад учруулсан цалин хөлсний хохирлыг тооцон нөхөн олговрыг олгуулах, миний 2018 оны 9, 10-р саруудын цалин хөлснөөс үндэслэлгүй хассан нийт 602 196 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: НБУГ нь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2018 оны 7 сарын 04-ний өдрийн 151 дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 сарын 05-ны өдрийн А/560 дугаартай зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар тус тус шинээр байгуулагдсан. Ийнхүү НБУГ нь шинээр байгуулагдаж бүтэц, орон тоо нь батлагдсан хэдий ч дээрх тушаалуудаар НБУГад харьяа алба, нэгжүүдийн ажилтнуудын томилох, чөлөөлөх эрх олгогдоогүй ба энэхүү эрх нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/565 дугаартай дүрэм батлах тухай тушаалаар НБУГын дүрмийг баталж, уг дүрмээр харьяа алба, нэгжүүдийн ажилтныг томилох, чөлөөлөх эрх олгогдсон. Иймд О.Нын нэхэмжлэлд дурдсан НБУГ нь Иргэний нисэхийн ерөнхий газрын салбар байгууллага бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан тул салбарыг нь биш, Иргэний нисэхийн ерөнхий газрыг хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/00201 тоот тогтоолыг биелүүлэхээр О.Нтай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №04/17 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний 2 дах хэсэгт О.Ныг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулж, тогтмол ажлын байраар хангах ба хөдөлмөрийн дотоод журмын 3.3.5 дах хэсэгт заасны дагуу өмнөх цалин хөлсний сүлжлээр 6 сарын хугацаанд олгохоор талууд харилцан тохиролцов гэжээ. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/24 дүгээр тушаалаар О.Ныг Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст бодлогын зохицуулалтын мэргэжилтнээр ажилд авсан байна. Иймд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цалин хөлсийг минь бууруулан тасгийн мэргэжилтнээр томилсон гэдэг нь үндэслэлгүй юм. НБУГа нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар тус тус Нисэх буудлуудын төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтэн О.Над сахилгын шийтгэл тушаалаар ногдуулсан. Улмаар НБУГа 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б/133 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр О.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан. НБУГа О.Над хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тушаалаар 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тусдаа тогтоогдсон зөрчлүүд гаргасан тул энэ дээр дурдсан Улсын Дээд шүүхийн тогтоолд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. О.Н нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон тул 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, мөн ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон тул Б/35 дугаар тушаалаар тус тус сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. ИНЕГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1.1 дэх заалтад заасны дагуу ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан, албан хаагч нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 9 дэх хэвлэлийн 3.6.1.6, 10 дах хэвлэлийн 3.4.1, 3.4.3-т заасан. Мөн ажилтан, албан хаагч нь үйл ажиллагаандаа захирах, захирагдах ёсыг сахин биелүүлж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байх нийтлэг ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгох үүрэгтэй /Хөдөлмөрийн дотоод журам 9 дэх хэвлэлийн 3.6.1.6, 10 дах хэвлэлийн 3.4.10/. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Мөн тогтоолын 15.4.1-т давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараар хэтрээгүй байна гэж тайлбарласан. Энэ тайлбар нь давтан гаргасан зөрчилд тооцогдох, мөн уг зөрчлүүдийн хоорондох хугацаанаас хамаарч давтан гаргасан гэдэг үндэслэлд хамаарахыг тайлбарласан тайлбар юм. Иймд нэхэмжлэгчийн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 363 дугаар тогтоолын 15.4-т заасан үндэслэлийг зөрчсөн байгаа тул намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг гэрчлэх бас нэг нотлох баримт болж байна гэсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн нь дээр үүсэх харилцааг зохицуулахад оршдог. Нэхэмжлэгчийн дурдсан хууль тогтоомж, иргэний нисэхийн багц дүрмийг, холбогдох үйл ажиллагааны заавар, журмуудыг болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын баримт бичгүүдийг, стандарт зөвлөмжүүдийг ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжүүд дагаж мөрдөн ажилладаг. Гэхдээ энэхүү байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, эрх зүйн актуудаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг зохицуулахгүй. Нэхэмжлэгчийн тайлбарт ... Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-д..., 3.4.3-д ... заасан байдаг гэж ээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-д байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дүрэм, журам, заавруудыг гаргаж мөрдүүлнэ гэж заасан нь ажил олгогчийн эдлэх эрх юм. Харин 3.4.3-д байгууллагад мөрдөгддөг дүрэм, журам, зааврыг баримталж ажиллана гэсэн нь ажилтны хүлээх үүрэг юм. НБУГын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн НБУГын баримт бичгийн хяналтын журам батлах тухай А/14 дугаартай тушаалаар баримт бичгийн хяналтын журмыг баталж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд авагдсан үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар /баталгаажсан хуулбарыг хавсаргав/-ын 2-т ажилтнуудын ажлын цаг бүртгэлд газар дээр нь биечлэн очиж шалгах, хяналт тавин ажиллах гэсэн үүрэг даалгаврыг ИНЕГ болон түүний алба салбаруудад өгсөн. Энэ дагуу НБУГын нэр бүхий ажилтны ажлын цаг ашиглалтад хийсэн үзлэгээр Нэхэмжлэгч О.Н ажлын байрандаа байгаагүй нь тогтоогддог. Нэхэмжлэгч талаас үүрэг даалгаврын хуудас болон тодорхойлолтыг хууль эрх зүйн хувьд шаардлага хангаагүй гэж тайлбарт дурдсан байна. Эдгээр баримтыг журамласан, дагаж мөрдөх шинжтэй, маягт болгон баталсан эрх бүхий байгууллагын шийдвэр байдаггүй бөгөөд ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжүүд Монгол Улсын баримт бичгийн стандартыг баримтлан үйлддэг. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.3.5-д хуралдааны тэмдэглэл хөтлөхдөө техник хэрэгсэл ашиглаж болно. Хэрэв хуралдааны тэмдэглэлийг эх бичлэгтэй тулгаж нягтална гэж заасны дагуу хавтаст хэргийн 150-153 дугаар хуудсанд авагдсан НБУГын төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн бичлэгийг хийж тэмдэглэлтэй тулгаж, үйлдсэн байна. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын бусад үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хооронд үүсэх харилцаанд бусад төрлийн харилцааг хамаатуулж, тайлбар гаргасан нь үндэслэл муутай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Элжигэн овогт Ойдов О.Ныг ИНЕГ Төрийн өмчит ААТҮГазрын НБУГын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, НБУГ-ын даргын 2018.12.19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019.01.29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 50-д зааснаар ИНЕГ Төрийн өмчит ААТҮГазраас О.Нын урьд авч байсан дундаж цалин хөлсний олговор, нэмэгдэл хөлсөнд нийт 7 695 738 төгрөг /7 093 548 +602 190/-ийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч О.Нын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ИНЕГ Төрийн өмчит ААТҮГазарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 716 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18 716 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1891 дүгээр магадлалаар  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 081.81 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг давж заалдах журмаар хянасан магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. 1/ Магадлалын 10 дугаар талд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зарим нотлох баримтыг шаардлага хангаагүй байхад үнэлсэн нь буруу болсон гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн шаардлага хангаагүй гэж үзсэн нотлох баримтууд нь хариуцагч талаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын эсрэг татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд өгсөн баримтууд юм. Хариуцагч нь татгалзлаа нотлож чадаагүй, ажлаас халсан тушаал хууль бус гэдэг нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон тул шүүх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангасан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаагийн хувьд хариуцагчийн гаргаж өгсөн тэдгээр нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хэрэгт байгаа бусад нотлох баримтуудад үндэслэн хэргийг буцаахгүйгээр эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ёстой байсан гэж дүгнэсэн нь хариуцагч талын татгалзлаа өөрөө нотлох үүргийг үгүйсгэсэн явдал болсон. 2/ ИНЕГ-ын НБУГ-ын даргын 2018-12-19-ний өдрийн Б/155 тооттушаал болон2019- 01-29-ний өдрийн Б/35 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. А/ Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 8 дугаар талд “...зэрэг ажлыг зохион байгуулж заавар, журмыг боловсруулан төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн даргадаа танилцуулах атал саналаа өгөв гэж ажлаа тайлагнасан нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул” гэсэн дүгнэлт хийж, НБУГ-ын даргын 2018-12-19-ний өдрийн Б/155 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Ажил олгогч 2018-12-19-ний өдрийн Б/155 тоот тушаалдаа нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан нь үүрэг даалгаврын хуудас, хурлын тэмдэглэлүүд, удирдлагын тодорхойлолтоор нотлогдсон гэж тодорхой бичсэн байхад шүүх талуудын маргаж байгаа зөрчилд нь хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь алдаа болсон. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс уг тушаалд бичигдсэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018-12-05-ны өдрийн Үүрэг, даалгаврын хуудас нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох учиргүй талаар хариуцагчийн төлөөлөгчтэй мэтгэлцсэн. Уг үүрэг, даалгаврын хуудас нь хариуцагч байгууллагад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журам болон албан хэрэг хөтлөлтийн заавар, журамд тухайн байгууллагад хэрэглэгдэхээр заагдаагүй, апбан ёсны баримт бичиг биш байсан. Уг үүрэг, даалгаврын хуудсаар нэхэмжлэгчийг 2018-09-11-2018-12-04-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын дэлгэрэнгүй тайлангаа 3 цагийн дотор бичиж өгөхийг шаардсан нь мөн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл болсон. Хөдөлмөрийн дотоод журмын 2.9.3.1-т “Ажилтан нь ажлаа жилээр төлөвлөнө. Ажилтны төлөвлөгөөг нэгжийн дарга батална”, 2.9.3.2-т “Ажилтны гүйцэтгэсэн ажил, үр дүмг нэгжийн дарга сар бүр дүгнэж, үр дүнгийн урамшуулал олгоно” гэж эаасны дагуу нэгжийн дарга буюу НБУГа нэхэмжлэгчийн ажлыг сар бүр дүгнтж, тайлан авсан байхад өнгөрсөн 3 сарын хугацаанд хийсэн ажлын тайланг дахин бичиж өөрт нь өгөхийг шаардсанаараа тасгийн дарга нь хөдөлмөрийн дотоод журмын 2.9.3.2-т заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч уг хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзсан. Мөн дэд даргын удирдсан 2018-12-04-ний өдрийн хуралд шалтгаангүйгээр оролцохоос татгалзсан тухай тайлбар гаргаж өгөхийг даалгасан нь үндэслэлгүй ба дэд даргын удирдсан гэх 2018- 12-04-ний өдрийн хурал огт болоогүй, зарлаагүй, надад мэдэгдээгүй тул түүнд нь тайлбар бичих шаардлагагүй байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх тушаалд бичигдсэн зөрчлийн талаар биш, харин миний хийсэн ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын тайлангаас харахад ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа бүрэн гүйцэтгээгүй байна гэсэн агуулгаар дүгнэсэн нь энэ хэрэгт хамааралгүй асуудлаар хийсэн, ойлгомжгүй дүгнэлт болсон. Б/ Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Н нь гадагш ажлаар явах тухайгаа гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт тэмдэглээгүй болох нь тогтоогдсон тул ИНЕГ-ын НБУГ-ын даргын 2019-01 -29-ний өдрийн Б/35 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна гэжээ. Уг тушаалд надад сахилгын шийтгэл хүлээлгэхдээ “Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, мөн ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан нь жилийн төлөвлөгөө, хурлын тэмдэглэл, удирдлагын тодорхойлолт, болон гадуур ажлын бүртгэлийн дэвтэр дэх тэмдэглэл, цаг ашиглалтад үзлэг хийсэн нэр бүхий ажилтнуудын тайлангаар тус тус нотлогдсон” гэж бичсэн. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.7.2-т “Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтан, албан тушаалтанд шууд удирдлагын тодорхойлолт, нотлох баримтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэлийг ИНЕГ-ын даргын болон салбар нэгжийн даргын тушаалаар ногдуулна” гэж заасны дагуу тасгийн дарга 2019-01-24-ний өдөр тодорхойлолт бичсэн боловч уг тодорхойлолтдоо намайг ямар үүрэг, даалгаврыг биелүүлээгүй талаар тодорхой дурдаагүй, мөн намайг гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан талаар юу ч дурдаагүй болно. Ажил олгогч нь ийм зөрчил гаргасан тул танд сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж надад урьдчилан мэдэгдээгүй, надаас тэдгээр зөрчлийн талаар тайлбар аваагүй болно. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас гаргаж өгсон, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудад үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй болсон. Хариуцагчийн тэдгээр баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэж дүгнэх ёстой байсан. 2/ Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэхдээ 2019-04-11-нээс 2019-09-13-ны өдрийг хүртэл ажлын 109 хоног байгааг 108 хоног гэж буруу тооцсон байх тул дутуу тооцсон 1 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 65,681 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж өгнө үү. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

О.Н нь ИНЕГт холбогдуулан, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, сахилгын шийтгэл ногдуулсан НБУГ-ын даргын 2018.12.19-ний өдрийн Б/155, 2019.01.29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, цалин хөлсийг нөхөн гаргуулах, 2018 оны 9, 10 сарын цалингаас үндэслэлгүй хассан 602 196 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй, татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

1.Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцээгүй тул хүчингүй болгоно. Энэ талаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан, хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг хүлээн авахаас татгалзах, зөрчлийг залруулах ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх илрүүлсэн, хуулиар тавигддаг шаардлагад нийцээгүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болохгүй нь үндэслэлтэй боловч бусад баримт болох НБУГын дүрэм, /хх-28-32/, хөдөлмөрийн гэрээ /хх-38-40/, ажлын байрны тодорхойлолт /хх-109-111/, ажлын тайлан /хх-112-115/, хариуцагчийн тодорхойлолт, албан бичгүүд, шүүх хуралдаан дээр гаргасан зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжтой байх тул магадлалыг хуулийн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байв. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн аргаар олдсон, хуульд заасан хэлбэртэй байх ёстой ба үүнийг зөрчсөн баримт байгаа боловч хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны үйл баримт тогтоогдож байгаа нөхцөлд ноцтой зөрчил гэж үзэхгүй юм.

Нөгөө талаар, гадуур ажлын цагийн бүртгэлийн дэвтэр, ажлын цаг ашиглалтад үзлэг шалгалт хийсэн тайлан, шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг даалгавар гэсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч зохигч талууд “гадуур ажлаар явахад бүртгүүлэх журам”, “ажил тасалсан эсэх”, зарим ажилтны “тодорхойлолт” гэсэн бичмэл баримтын агуулга, үндэслэлээр мэтгэлцсэн, маргаагүй уг үйл баримтыг үнэлэх боломжтой болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. О.Н нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Нисэх буудлуудын  удирдах газарт баримт, бичиг боловсруулалтын мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажил олгогчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 тоот тушаалаар ажлаас халагджээ.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1 дэх заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.5.5.1, НБУГын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг баримталж, О.Н нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж заасан байна.

Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, анхан шатны шүүх уг хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогч 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар 3 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг О.Над ногдуулсан атлаа уг 2 зөрчлийг давтан гаргасан гэж үзэж, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн тул ажилд эгүүлэн тогтоох талаар шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийсэн гэж үзнэ.

3. Харин анхан шатны шүүх Иргэний нисэхийн ерөнхий газрын НБУГын 2018 оны Б/155, 2019 оны Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  үндэслэлгүй болсон, ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон гэж үзсэн нь хэрэгт байгаа баримтад тулгуурлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасныг зөрчсөн байна. 

Нэхэмжлэгч О.Ныг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэж 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тушаалаар 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар, мөн ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан гэж үзэж 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар 3 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ. /хх-ийн 4,5/

Ажилтны гаргасан зөрчил, зөрчил гаргасан цаг хугацаа тодорхой, тогтоогдсон байх ёстой байхад үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй гэж ерөнхий байдлаар ажилтныг буруутгаснаас гадна ажил таслаагүй байхад гадуур ажлаар явсан тухай бүртгэлийн дэвтэрт бичээгүй гэж үзсэн нь зөрчил гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байжээ. Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг нотолж, тогтоосны үндсэн дээр сахилгын арга хэмжээг авах учиртай бөгөөд ажилтнуудаар тодорхойлолт гаргуулах замаар нотлох нь зохимжгүй болно.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэгч нь дээрх зөрчлийг гаргасан байдал тогтоогдоогүй байна.

Иймд О.Над сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны Б/155, 2019 оны Б/35 дугаар тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож уг тушаалын дагуу суутгасан 975 752 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах нь зүйтэй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 1 171 700 төгрөгөөс 1 209 200 төгрөг, 1 230 200 төгрөгөөр тус тус шат дараалан нэмэгдсэн нь НБУГын санхүүгийн хэлтсээс гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон /хх-123/, үүний дагуу буцаан гаргуулах суутгалын хэмжээг тогтоов.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх дундаж цалинг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцож, олговор 7 093 548 төгрөг, 2018 оны 9, 10 дугаар сард олгох ёстой үр дүнгийн нэмэгдэл хөлс 602 190 төгрөг нийт 7 695 738 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцжээ. Уг мөнгөн дүн дээр хуульд нийцээгүй тушаалын дагуу цалингаас суутгасан 975752 төгрөгийг нэмж, нийт 8 671 490 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, 46.2-т зааснаар ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 –д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1891 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар НБУГын 2018.12.19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019.01.29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, О.Ныг ИНЕГ Төрийн өмчит ААТҮГазрын НБУГын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дах заалтад “...7 695 738 төгрөг /7 093 548 +602 190/...гэснийг ...8 671 490...гэж, тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 716 төгрөгийг буцаан олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                                   П.ЗОЛЗАЯА